Ардын язгуур урлаг, соён гэгээрүүлэгчдийн сод бүтээл “Хөвсгөлийн их ай”-д эгшиглэлээ


Цааны сүрэг бэлчиж, цаатан охид бүжиж, Гавьяат жүжигчин Б.Даариймаа дархад дуугаа хадааж, урианхай зоны “Арвагар хээрийн салхи” морин хуурнаа эгшиглэж, “Сэрүүн сайхан хангай”  уртын дуу түрлэг нэмнэ.

Даяарын амгалан

            нутагтаа дуулан,

         хуурдан жаргасан

Дархад, цаатан,

       урианхай нь гурван

    цагийн дуурьсгалтай.

Халуун элгэн нутгаа

           хайрлан дээдлэн

                          дуулсан

Халх, хотгойд, буриад

          нь дөрвөн зүгийн

                      таталтай...

хэмээн Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын дарга Ж.Даваадамдин хөгжим бүжгийн үндэс, соён гэгээрүүлэгчдийн өлгий “Хөвсгөлийн их ай”  тоглолтыг нээлээ.


Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Баасанжавын нэрэмжит Хөвсгөл аймгийн  Хөгжимт драмын театрынхан “Хөвсгөлийн их ай”  тоглолтоо “Улаанбаатар палас”-ын их танхимд  есдүгээр сарын 29-нд хийв. 

Дархад  дууны ая нь ганган, үг нь оновчтой, цэц сайтайн онцлог нь хөг аялгадаа байдаг гэдэг. Үнэхээр Гавьяат жүжигчин Б.Даариймаагийн дархад дуунууд хөдөөгийн уул талаар дуу хадаан яваа мэт сэтгэгдэл төрж, баясан цэнгүүлэв.  Урианхай бүжгийг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Чилхаажавын нэрэмжит бүжиг ангийн уран бүтээлчид толилууллаа.

Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын хөгжим ангийг Монголын хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч Ж.Жаргалсайхангүйгээр төсөөлөхийн аргагүй. Түүний “Арвагар хээрийн салхи”-ийг морин хуурын дөрвөл хуурдлаа.

Хөвсгөлийн тайгын зон олны аж амьдралыг харуулсан  “Том цаатан”  бүжгийг 1959 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин Лувсангомбо  дэглэж, тухайн үеийн Бүх ард түмний ардын их наадмаас алтан медаль,  Лувсангомбо гуай энэ бүтээлээрээ гавьяат цол хүртсэн түүхтэй.

Энэ тоглолтоор “Дархадын хурд” бүжгийг сэргээн тавьжээ. Түүх сөхвөл,  Оросын баатар цагаан хаан  Хөвсгөл нутгийн цагаан загасыг зооглодог байжээ. Үүний тул Оросын Баатар цагаан хаанд хүргэх зоогийг дархад цагаан адуугаар тээдэг байсан байна. Цагаан хааны дэргэдэх эрдэмтэд дархад цагаан адууны бяр чадлыг гайхан судалж үзсэнээр бусад адуунаас илүү онцгой, тэсвэр тэвчээртэйг олж мэдсэн байдаг. Үүнээс  “Дархадын хурд”  дан хөгжмийн бүжгийг сэдэвлэсэн дэглэсэн байдаг.


Хөвсгөл зоныг бөө мөргөлгүйгээр төсөөлөхийн аргагүй. “Хөвсгөлийн их ай”-д тоглосон шинэ шийдэл бүхий нэг хэсэг нь “Тэнгэрийн дуудлага”  бөөгийн бүжгэн жүжиг. Бөөгийн олон онгод, дүрүүд галаас хэрхэн  гардаг, улаач нь ямар байдаг, онгод орохдоо өөр өөр дүрээр ирдэг гэх мэт ойлголтуудыг энэ бүжгэн жүжигт шингээн илэрхийлснийг үзэгчид сүсэглэн үзэв.

Ийнхүү “Хөвсгөлийн их ай” тоглолтын эхний хэсэгт  Хөвсгөлийн зургаан үндэстэн, ястны  эртний угсаа гарвал, үүх түүхээ шингээсэн ардын язгуур урлагийн сонгодог бүтээлүүдээ дэлгэлээ.

Хоёрдугаар хэсэгт “Хөвсгөлийн их ай” саваас төрөн мэндэлж, Монголын урлагийн тэнгэрт өөрсдийн нэрийг, судрыг, аялгуу эгшгийг тамгалсан,  соён гэгээрүүлэгчдийн сод бүтээлүүдээс  толилуулав.

Хөвсгөл аймаг 23 сумтай. Хөвсгөлийн газрын зургийг 23 сумаа төлөөлүүлэн  эрдэнийн жимс болгон тодотгон  бэлгэдсэн соёлын мод тайзнаа харагдана. Үүгээрээ  Хөвсгөл бол  соён гэгээрүүлэгчдийн өлгий гэдгээ дархалжээ.


Тоглолтын хоёрдугаар хэсэг  XX  зууны манлай дуу  “Халуун элгэн нутаг”-аар эхэллээ. Монгол хүн бүрийн зүрхэнд эгшиглэдэг зууны манлай дууны үгийг   Хөвсгөл аймгийн Арбулаг сумын уугуул, нэрт соён гэгээрүүлэгч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бадраа тэрлэсэн билээ.  Энэ дуу төрсөн түүх “Түмний нэг”, “Хүний мөр”  киноноос үүдэлтэй. Тэгвэл “Түмний нэг” киног Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ  сумын уугуул, XX зууны манлай найруулагч, Ардын жүжигчин, Төрийн шагналт Д.Жигжид найруулан түмний хүртээл болгосон байдаг. Зууны манлай дууг “Хөвсгөлийн их ай”-гаар Баянзүрх сумын уугуул,  ДБЭТ-ын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Б.Монголхүү дуулж өргөн барив. Нэрт кино найруулагчийн гэргий Д.Бадамсүрэн энэхүү тоглолтод хүрэлцэн ирж, шимтэн үзэж, баярын нулимс  дуслуулан суугаа харагдсан.   Сэтгэл нь хөдөлсөн үзэгчид “Халуун элгэн нутаг”-ийг суудлаасаа босож, зүрхэн тушаа гараа тавин, хүндэтгэлтэйгээр хамтдаа дууллаа.

Тайзнаа Монгол Улсын Ардын жүжигчин А.Долгор “Бодлын цагаан хун”-гаа эгшүүлэхэд танхимд үзэгчид чих тавин, сонсоцгооно. Энэхүү дууны үгийг Хөвсгөл аймгийн Арбулаг сумын уугуул, дууны шүлгийн нэрт төлөөлөгч Д.Амгалан зохиосон байдаг. Яруу найрагч Д.Амгалан Монголын нийтийн дууны урлагт өөрийн өнгийг тамгалсны нэг  нь 1990 оны Морин хуур наадмын тэргүүн бүтээл  “Бодлын цагаан хун” билээ.

Хөвсгөл аймгаас төрөн гарсан урлаг, соёлын нэрт төлөөлөгчдийн нэг, Ардын жүжигчин Ч.Мөнхшүр нутгийнхаа тоглолтод хүрэлцэн ирж, ая дуугаа өргөж байгаадаа сэтгэл их догдолсон харагдсан. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын уугуул, Ардын жүжигчин Ч.Мөнхшүр энэхүү тоглолтод үндэсний хувцсаараа гангаран ирсэн нь жаатай, жавхаатай гялалзаж харагдана. Тэрбээр “Манай нутгийн  яруу найрагч Нямдоржийн шүлэг, миний шавь Мөнхзулын ая урын сангийнх нь бахархууштай уран бүтээл “Тэнгэрийн тамга”-аа та бүхэндээ өргөн барья” гэлээ.


Хөвсгөлийн уугуул уран бүтээлчдийн зохиосон, хүн бүрийн сонсох дуртай “Хөвсгөлийн их ай”-д  “Дэлгэр мөрөн”, “Хоймор сайхан нутаг”, “Орь залуу нас”, “Гайхмаараа”, “Богдон уулын сүндэл”, “Хайрын тэнгэр диваажин”, “Тэнгэрийн тамга” гээд сод бүтээлүүд эгшиглэв.

“Хөвсгөлийн их ай” тоглолтод Хөвсгөл аймгийн Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн тэргүүн Ц.Цэцэнзориг “Мянган бээрийн алсаас миний, бидний нутгийн уран бүтээлчид нутгийнхаа зургаан ястны язгуур урлагийн тоглолтыг үзүүлэхээр зорин ирсэнд баяртай байна. Нутгаа гэсэн сэтгэлтэй хүмүүс Монгол Улсаа хөгжүүлнэ. Та бүхэндээ сайн сайхныг хүсье” хэмээв.

Ийнхүү Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Баасанжавын нэрэмжит Хөвсгөл аймгийн  Хөгжимт драмын театр үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойд зориулсан  “Хөвсгөлийн их ай”  тоглолтоо Хэнтий, Дорнод, нийслэлийн Багануур дүүргийн иргэд, ард олонд тоглосон юм. “Хөвсгөлийн их ай” тоглолт энэ сарын 4-6-нд Сүхбаатар, Замын-Үүд, Говьсүмбэр аймагт үргэлжилнэ.

Н.Энхлэн


Эх сурвалж: Монголын үнэн сонин №037/24616/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ээвэр газар 18 цагийн өмнө
Б.Загдсамбар: СӨХ газрын зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам талбай… 18 цагийн өмнө
Олныхны их дууч 18 цагийн өмнө
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, гишүүд “Пес… 19 цагийн өмнө
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 609 иргэний мэдүүлгийг хянан … 19 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллаг… 21 цагийн өмнө
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлнэ 21 цагийн өмнө
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, гишүүд БХЯ, ЗХЖ… 22 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 23 цагийн өмнө
МАН-ын бүлэг: Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын мэдээл… Өчигдөр
Г.Дамдинням: МҮХАҮТ-ын эрх зүйн зохицуулалтыг шинэчилснээр төрөөс бизн… Өчигдөр
Тосон зургийн мастер С.Рэнцэн агсны бүтээлүүдийг толилуулна Өчигдөр
У.Отгонбаяр: Нөхцөл байдал, тэдгээрийн уялдаа холбоог нарийвчилсан тоо… Өчигдөр
​ Монгол Улс ШХАБ-д байр сууриа бататгаж, Монгол, Туркменистаны хооро… Өчигдөр
Дэлгэцийн шинэ бүтээлүүд “Улаанбаатар” кино наадамд цойллоо Өчигдөр
Раскольниковыг тархинд минь амьдруулсан Ц.Гомбосүрэн Өчигдөр
Гэр хорооллын айл өрхүүд гал алдахгүй, өвлийг өнтэй давна Өчигдөр
"Нямбуугийн Нямдорж-90" эрдэм шинжилгээний бага хурал боллоо Өчигдөр
Х.Тамираа: Бүх сургууль хоёр ээлжээр хичээллэх боломжийг бүрдүүлж байн… Өчигдөр
Монгол бүжгийн хэмнэл зохиогч Өчигдөр