УИХ: Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж, Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв



УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.11.03) нэгдсэн хуралдаан 10 цаг 04 минутад эхлэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Хууль санаачлагч хэлэлцүүлгийн аль ч шатанд санаачилсан хууль, тогтоолын төслөө татан авч болно” гэж, 20.3-т “Энэ хуулийн 20.1, 20.2-т заасны дагуу хууль, тогтоолын төслөө татан авах тохиолдолд тухайн төсөл нь хэлэлцүүлгийн аль шатанд байгаагаас үл хамааран хууль санаачлагч хууль, тогтоолын төслөө татан авах үндэслэлээ тусгасан албан бичгийг Улсын Их Хуралд ирүүлэх бөгөөд Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд энэ тухай танилцуулснаар хууль санаачлагч хууль, тогтоолын төслөө татан авсанд тооцно” гэж заасан байдаг.

 Энэ дагуу Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаагийн ирүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслөө татан авч байгаа талаар мэдэгдсэн албан бичгийг танилцуулсан.

   Хуралдааны эхэнд Ерөнхийлөгчөөс 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн, Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, энэ талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулав.  Довчинсүрэнгийн Ганзориг өөр ажилд томилогдож байгаатай холбогдуулан албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.8, Зэвсэгт хүчний тухай хуулийн 11.1.10 дахь заалтыг үндэслэн Сүнрэвийн Ганбямбыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг танилцуулж байгааг дурдав.

   С.Ганбямба нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн, 1983-1993 онд Нийслэлийн 33 дугаар дунд сургууль, 1993-1997 онд Цэргийн их сургуульд “Артиллерийн команд-тактик”-ийн мэргэжил эзэмшин цэргийн ухааны бакалаврын зэрэг, 2007-2009 онд Батлан хамгаалахын удирдлагын академид “Стратеги-тактик, команд штаб”-ын мэргэжил эзэмшиж, цэргийн ухааны магистрын зэрэгтэй, “Онцгойлох үнэлгээтэй” тус тус төгссөн байна.

   2017-2019 онд Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын академийг “Төрийн цэргийн аюулгүй байдал” мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд одоо Үндэсний батлан хамгаалах их сургуулийн докторантурт суралцаж байгаа аж.

   Бригадын генерал С.Ганбямба нь Бүгд Найрамдах Турк Улсад 2003 онд “Энхийг сахиулах ажиллагааны анхан шатны дамжаа”, 2006 онд “Батальоны захирагчийн дамжаа”,  2014 онд Канад Улсад “Англи хэлний анхан шатны дамжаа”-г тус тус дүүргэжээ. 1997-2000 онд Зэвсэгт хүчний 120 дугаар ангид салааны захирагч, 2000-2001 онд Зэвсэгт хүчний 120 дугаар ангид батарейны захирагч, 2001-2006 онд Батлан хамгаалахын их сургуулийн Ахлагчийн сургуульд ротын захирагч, 2006-2007 онд Зэвсэгт хүчний 327 дугаар ангид артиллерын дарга, 2009-2012 онд Батлан хамгаалахын удирдлагын академийн Цэргийн стратегийн тэнхимд багш, ахлах багш, 2012-2013 онд  Батлан хамгаалах яаманд тасгийн дарга, ахлах мэргэжилтэн, 2013-2017, 2019-2020 онуудад Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газарт Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн дарга, 2020-2021 оны 9 дүгээр сар хүртэл Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, 2021 оны 9 дүгээр сараас Зэвсэгт хүчний Жанжин штабын 1 дүгээр орлогч даргаар томилогдон ажиллаж байгаа хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулсан. 

   Мөн 2010-2011 онд Афганистан улсад Артиллерийн сургалтын хөдөлгөөнт багийн 11 дүгээр ээлжийн багийн захирагчаар үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Цэргийн их сургууль, Батлан хамгаалах удирдлагын академи, ОХУ-ын Жанжин штабын академийг төгсөж, цэргийн боловсролын хувьд оператив-стратегийн түвшинд ажиллах шаардлагыг бүрэн хангаж байгаа бөгөөд Зэвсэгт хүчний анги байгууллага, Цэргийн сургууль, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон Цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагад шат дараалан ажилласан дадлага, туршлагатай, энхийг дэмжих ажиллагаанд цэргийн багийг удирдан оролцсон, Зэвсэгт хүчинд тасралтгүй 29 жил албаа нэр төртэй хааж буй тэргүүний дээд офицер гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцууллаа. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо уг саналыг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, гишүүдийн олонх Сүнрэвийн Ганбямбыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг дэмжжээ.

   Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, С.Одонтуяа, Ц.Туваан, Б.Баярсайхан нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүдийн зүгээс цэргийн алба хаагчдын хангамжийн талаар тодруулж, томилгоогоор орон нутагт очиж ажиллаж байгаа алба хаагчдын орон сууцны асуудлыг анхаарах, хугацаат цэргийн алба хаагчдыг ар гэрийнхэнтэй нь тогтмол холбоотой байлгах, Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооноос Зэвсэгт хүчний жанжин штабт хүргүүлсэн чиглэлийг анхаарч ажиллах, зэвсэгт хүчний салбараас тэтгэвэрт гарсан ахмадууддаа чиглэсэн нийгмийн хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлэх, 1000 оюутан хамруулдаг байсан “Оюутан цэрэг”  төслийг ирэх жил 100 оюутан хамруулахаар бууруулсныг анхаарч, холбогдох талуудтай хамтран ажиллах саналыг хэлж байв.

   Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-т “Нэгдсэн хуралдаан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсон нууц санал хураалт явуулж, дүнг Улсын Их Хурлын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчид бичгээр мэдэгдэнэ” хэмээн заасан байдаг бөгөөд энэ дагуу нууц санал хураалт явуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 62 гишүүний 42 нь буюу 67.7 хувь нь Сүнрэвийн Ганбямбыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг дэмжлээ. Санал хураалтын энэхүү дүнг Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчид бичгээр мэдэгдэхээ илэрхийлсэн.

Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

   Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Өнөрболор танилцуулав. Төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд зарчмын зөрүү санал гаргаагүй гэв.

   Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, М.Оюунчимэг, О.Цогтгэрэл, С.Одонтуяа, Б.Баттөмөр нар асуулт асууж, Сангийн сайд болон Засгийн газрын гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан. Ийнхүү хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.

   Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.

   Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн 101 хууль, Улсын Их Хурлын 6 тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын 2022 оны 10 дугаар сарын 13, 14-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон бусад Байнгын хороодод шилжүүлсэн. Төсвийн байнгын хороо 2022 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн хуралдаанаараа дээрх хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулжээ. Ингээд Улсын Их Хурлын Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах хуулийн төслүүдийг хэлэлцэн  санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаа ирүүлснийг дурдав. Улсын Их Хурлын даргын 2022 оны 151 дүгээр захирамжаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд тус ажлын хэсгээс хууль, тогтоолын төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг боловсруулжээ. Төсвийн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсгийг үндэслэн хууль, тогтоолын төслийг зүйл бүрээр нь хэлэлцэхдээ холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэсэн байна.

   Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн “…Ирээдүйн өв санд хуваарилах хувь 2023 онд 0, 2024 онд 25, 2025 онд 45, 2026 оноос 65 байна.” гэснийг “…Ирээдүйн өв санд хуваарилах хувь 2023 онд 0, 2024 онд 65 байна.” гэж өөрчлөхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуулын ажлын явцад туршилтын журмаар олборлосон ашигт малтмалын төрөл, тоо хэмжээг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлж, зөвшөөрөл авсны үндсэн дээр худалдан борлуулж болох бөгөөд бүртгүүлсэн мэдээллийг татварын байгууллагад тухай бүр хүргүүлж, АМНАТөлбөрийг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй нэгэн адил төлж, тайлагнана” гэсэн саналыг мөн дэмжсэн байна.

   Түүнчлэн Гүйцэтгэх засаглал дахь хяналтын тухай хуулийн төслийн нэрийг “Засгийн газар дахь хяналтын тухай” хэмээн өөрчилж, “улсын төсвийн санхүүжилттэй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, арга хэмжээнд гүйцэтгэлийн хяналт, шалгалт хийсэн бол төсвийн хяналтын сонсгол явуулна” гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. “Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн 2 дахь заалтын 1 дэх заалтыг “улсын төсвөөс санхүүжүүлж, хэрэгжүүлэхээр Төсвийн тухай хуульд тусгаж, батлагдсан төсөл, арга хэмжээний төсөвт өртгийн нэмэгдлийг төрийн аудитын байгууллагын  дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн төсвийн хуульд тусган шийдвэрлэх” гэж өөрчлөх, төслийн 2 дахь заалтад “төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн бараа, ажил үйлчилгээний худалдан авалт, хөрөнгө оруулалт, татвар төлөлт, өр төлбөр, хүний нөөцийн мэдээллийг тухайн хуулийн этгээдийн цахим хуудаст ил тод, нээлттэй байршуулах, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн борлуулалт, экспортын гэрээг татварын нэгдсэн системд бүртгүүлэх, бүртгүүлээгүй тохиолдолд бүтээгдэхүүнийг экспортод гаргахгүй байх, борлуулалт болон худалдан авах нууц гэрээг Улсын Их Хуралд танилцуулах, ЭМДСанд үүссэн өр, төлбөрийг 2023 оны төсвийн жилд өр төлбөр үүсэхгүйгээр барагдуулах арга хэмжээ авах” гэж нэмэх саналуудыг мөн гишүүдийн олонх дэмжсэн хэмээн санал, дүгнэлтэд дурдсаныг Ц.Сандаг-Очир гишүүн танилцууллаа.

   Ийнхүү Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлж, Төсвийн байнгын хорооны дээрх санал, дүгнэлтийг танилцуулснаар чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Н.Нягт


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 1 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 3 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 4 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 4 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 4 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 4 цагийн өмнө
SDY Calling you... 4 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 4 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 5 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 5 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 5 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22