Төгсбуянтын зурхайгаар сар шинийн баяр гуравдугаар сарын 1-нд буюу шинийн хоёрноос эхэлнэ. Харин Азийн бусад улс орны хаврын баяр Шар зурхайн тооллоор нэгдүгээр сарын 29-нд шинийн нэгэн тохиож буй юм.
Монголчууд бид Төгсбуянтын зурхайн тооллыг эртнээс мөрдөж ирсэн. Харин энэ жилийн Цагаан сарын шинийн нэгэн тасарч, шинийн хоёрноос золголт эхэлж байгаад олон нийт эргэлзэж байгаа юм.
Тиймээс хүмүүсийн эргэлзээг арилгах мэдээллийг ШУА-ийн эрдэмтэн, судлаачид өглөө. Тэд цаг тооны бичгийн тооцооллын эцэслэн шийдсэн судалгааны бүрэн эх хувийг Гандантэгчэнлин хийдийн лам хуврагуудад энэ сарын 21-нд гардуулсан юм. Одоогоос 20 гаруй жилийн өмнө буюу 2002 онд Засгийн газрын шийдвэрийн дагуу ШУА-ийн дэргэд эрдэмтэн, судлаач, зурхайч, лам хуврагаас бүрдсэн Ажлын хэсэг байгуулан энэхүү судалгааг хийж байжээ. Ингэснээрээ цаашид ч төр, шашин аль аль нь Төгсбуянт зурхайг дагаж мөрдөхөө баталгаажуулсан байна.
Түүх сөхвөл хаврын тэргүүн сарын шинийн нэгэн 1944 онд тасарч байсан байна. Зурхайч, академич, эрдэмтэд Төгсбуянтын зурхай, орчин цагийн шинжлэх ухаанд үндэслэн гаргасан тооцооллоо ямар нэгэн байдлаар зөрчилдөөгүй болохыг бататган тайлбарлаж байна. Ингээд Монголын Бурхны шашны төв-Гандантэгчэнлин хийдийн хамба, гэвш болон ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн академич, эрдэмтдийн тайлбарыг хүргэе.
С.Гантөмөр: Төгс буянтын зурхай бол монголчуудын оюуны бүтээл
/Гандантэгчэнлин хийдийндэд хамба, гавж/
-Дэлхийн олон улсад өөр өөрийн он тоолол байдаг. Ялангуяа Азийн улс орнуудад сарны хөдөлгөөнд түшиглэсэн олон янзын зурхай бий. Үүн дунд монголчууд бид Төгсбуянтын зурхайгаараа ондоошдог. Төгсбуянтын зурхай бол нэгдүгээрт, монголчуудын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг. Хоёрдугаар, монгол хүний оюуны бүтээл. XII жарны гал туулай жил буюу 1687 онд анх ламын гэгээн Лувсанданзанжанцан зурхайн бүтээлээ туурвиж байсан. XIII жарны гал туулай жил буюу 1747 онд түүхч, одон оронч, гүн ухаантан, Сүмбэ хамба Ишбалжир Төгсбуянтын зурхайн ёсыг монгол орны газар зүйн байршилтай тааруулж зурах ёсыг гаргаж ирсэн. Үүний дараагаар Цахар гэвш Лувсанцүлтэм, Сэрдэг гэгээн Лувсанжамц гээд үе үеийн зурхайч, лам, хуврагууд энэхүү одон зурхайг чухалчлан зурж ирсэн байдаг. Манжийн үед ч Монголын хүрээ хийдүүд энэхүү зурхайгаа зурж, шашин номынхоо зан үйлийг хийж явсан. 1911 онд Богд хаант Монгол Улс байгуулагдаж, Монголын тусгаар тогтнолыг сэргээн мандуулж, цаг тооны бичгээ Төгсбуянтын зурхайгаар явуулна гэдгийг албан ёсоор зарласан байдаг. Цаашлаад сүүлийн жилүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ШУА зурхайн ёсыг судлах Ажлын хэсэг ажилласнаар их бүтээлийг гаргажээ. Энэ нь бүтээл бол ирээдүй хойч бидэнд маш үнэтэй зүйл боллоо. Монголчуудын сарны хоногийг тооцдог тооцоолол нь орчин үеийн шинжлэх ухааны компьютерийн тооцоололтой 100000/1 хувиар зөржээ. Энэ нь маш нарийвчлалтай тооцоолол байсныг харуулж байна. Төгс буянтын зурхай нь сарыг шинийн, хуучны гэж хоёр хувааж, 15 хоногийн нарийвчлалтай явдаг. Тухайн үед сарны харагдах байдлыг тооцоолон гаргадаг. Сар нэг байдал дээрээ үзэгдэх нь нарны хоногоор тооцоолоход хоёр хоног давахцдаг. Зарим үед сарны байдал маш хурдан өнгөрөх нь нарны хоногоор нэг хоног ч хүрдэггүй. Үүнийг бид сарны хоног тасарлаа гэдэг.
А.Батцэнгэл: Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн тасарсан нь сарны гүйдэлтэй холбоотой
/Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл, олон нийт хариуцсан тэргүүлэгч, гэвш/
-Энэ жилийн Цагаан сараар хаврын тэргүүн сарын шинийн нэгэн яагаад тасарсан бэ?
-Монголчууд бид модон могой жилийн Сар шинийн баярыг аргын тооллын гуравдугаар сарын 1, билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн хоёронд тэмдэглэнэ. Энэ нь сарны хөдөлгөөнтэй холбоотой. Ирэх 100 жилд хаврын тэргүүн сарын шинийн нэгэн гурван удаа тасрах тооцооллыг гаргасан. Үүнд ямар ч эргэлзээ байхгүй.
-Шар зурхай, Төгсбуянтын зурхай хоёрын ялгаа юу вэ?
-Бид эрт үеэс Төгсбуянтын зурхайг сонгож ирсэн. Хэдийгээр манжийн үед албан ёсоор Шар зурхайг хөтөлдөг байсан ч ард иргэд Төгсбуянтын зурхайгаа давхар авч ирсэн. Энэ нь Монгол газар зүйн байрлалтайгаа нийцэж байгаа учир орхигдуулаагүй байна. Цагаан сар бол урин цагийн хаврын баяр. Гэтэл ирэх долоо хоногт Монгол орны хэмжээнд хүйтэрнэ. Харин бусад улс оронд дулаарахаар цаг агаартай байна. Богд хаант улс байгуулагдан тусгаар тогтнолоо зарласан цагаас эхэлж монголчууд Төгсбуянтын зурхайг албан ёсны он, цагийн тооллоор дагаж, мөрдөж ирсэн байдаг.
Төгсбуянтын зурхайг сарны гүйдлийг тооцоолж гаргадаг. Сар зарим үед хурдан гүйдэг, зарим үед удаан гүйдэг. Сар хурдан гүйсэн үед өдөр тасраад, удаан гүйсэн үед өдөр давхарддаг. Энэ тооцоолол нь астрономийн тооцооллоор 100 мянгад таардаг. Тиймээс энэ нь шинжлэх ухааны тооцооллоор ч батлагдаж байна. Уламжлалаараа ч, орчин үеийн шинжлэх ухааны тооцооллоор ч Төгсбуянтын зурхай нь монголчуудад, Монголын газар нутагт тохиромжтой юм. Төр нь ч, Буддын шашин нь ч аль аль талаасаа Төгсбуянтын зурхайд нэгдэж байна.
-Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн тасарна гэдэг тухайн жилдээ ямар нэг эерэг, сөрөг нөлөө бий юү?
-Энэ бол он цагийн тооллоороо жам ёсны дагуу явж байгаа байгалийн үзэгдэл. Бид өвөл хүйтрэхээр эмзэглэдэггүй. Жам ёсоороо л болж байна гэдэг. Үүнтэй л адил. Он цагийн тооллоор, шинжлэх ухааны судалгаатай тооцооллоор гарсан зүйлд бид “Шинийн нэгэн тасарлаа” гэж эмзэглэх хэрэггүй. Шинийн нэгэн тасарснаар асуудал тулгарах зүйл байхгүй.
Л.Бямбажаргал: Төр засаг, Гандантэгчэнлин хийд нэг ойлголттой байгаа
/ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэмтэн, Гавьяат багш, физик/
-Төрийн хэрэг хар зурхайгаар, түмэн олон Шар зурхайгаар гэх Төгсбуянт зурхайн ёсыг дагаж ирсэн. Монгол Улс сэргээн мандаад, 1911 онд Богдын лүндэн гараад, төрийн хэрэг Төгсбуянт зурхайн ёсоор явж эхэлсэн. Энэ уламжлал тасралтгүй үргэлжилсээр өнөөдрийг хүрч байгаа юм. Энэ жилийн Цагаан сар шинийн хоёрноос эхэлж байгаад эргэлзэх зүйлгүй. Төр засаг, Гандантэгчэнлин хийд нэг ойлголттой байгаа.
Хуучнаар бол билгийн тооллыг хуульд оруулаагүй байсан юм. Одоо Хөдөлмөрийн тухай хуульд орж, нийтээрээ амрах баяр ёслолын өдөр гэх мэт асуудлууд гараад байна. Тиймээс энэ асуудалд эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай болсон.
Хэрэв шинийн нэгний өдөр тасарвал хоёр хоногт нь амрах асуудал үүснэ. Эсвэл шинийн нэгэн хоёр өдөр давхардвал дөрвөн өдөр амрах асуудал тулгарна. Тиймээс Цагаан сар хэдийд эхэлнэ, тэр өдрөөс гурван өдөр амрах тухай асуудал 2003 онд шийдэгдсэн.
Ж.Даваасамбуу: Малчид Төгсбуянтын зурхайгаар цаг тооллоо хэмжиж ирсэн
/ШУА-ийн ФТХ-гийн захирал, доктор, академич/
-Хорвоогийн бүх хөдөлгөөнийг дэлхий эргэж байгаа 24 цагтай тааруулна гэдэг маш хүнд. Яагаад монголчууд Төгсбуянтын зурхайг хэрэглэж ирсэн бэ. Цаг тооны бичиг нь “тэнгэр”-т байсан учир малчдад амархан байсан юм. Жишээлбэл, өнөөдрийн нар, өчигдрийн нарыг ялгахад хэцүү. Харин өчигдрийн сар, өнөөдрийн сар хоёр бол илтэд ялгаатай. Харин малчид сарны үйл хөдлөлийг ажиж, цаг тооллоо тохируулан явж ирсэн.
Х. Цоохүү: Төгсбуянтын зурхай астрономийн тооцоололтой таардаг
/ШУА-ийн ФТХ-гийн ЭША, доктор, профессор, Гавьяат багш/
-Одоогоос 22 жилийн өмнө аль зурхайгаар явах вэ гэдэг асуудал төр, засгийн хэмжээнд яригдсан. Энэ үед Засгийн газраас тогтоол гаргасан байдаг. Ингээд Шар зурхай, Төгсбуянтын зурхай ярьдаг зурхайчдыг ажлын хэсэгт оруулсан. Энэ үеэс Төгсбуянтын уламжлалт зурхайг мөрдөх зөвшилцөл, тохиролцоонд хүрсэн байдаг. Сүүлийн жилүүдэд Төгсбуянтын зурхайг ямар нэг асуудалгүй мөрдөж ирсэн. Харин энэ удаад шинийн нэгэн тасарсантай холбоотой зурхайн асуудлаар маргаан гарч байна. Төгсбуянтын зурхай орчин цагийн астрономийн тооцоололтой яг таардаг. Онолын физикч хүний хувьд Төгсбуянтын зурхайгаа мөрдөх нь зүйтэй гэж харж байна.
Х.Намсрай: Монголчууд бид Төгсбуянтын зурхайгаа дагах нь зөв
/Дэлхийн нэрт физикч, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, академич/
-Энэ жилийн Цагаан сарын шинийн нэгэн тасарч байгаа нь монгол орны байршилтай холбоотой. Дэлхийн улс орнууд ахуй амьдралтайгаа холбож зурхайн тооллоо зохицуулдаг. Азийн улс орнуудын хаврын баяр өөр өөрсдийн зурхайн цагалбараар явдаг. Манай улс Төгсбуянтын зурхайгаа дагадаг. Шинийн нэгэнд хүйтэн байх уу, цас орох уу, тэнгэр цэлмэг байх уу гээд байгалийн үзэгдлийг урьдчилан хэлэхэд хэцүү. Харин уламлалт зурхайгаараа хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг тооцоолон гаргаад нийтээрээ золгох нь зөв. Гандантэгчэнлин хийдээс гаргасан Төгсбуянтын зурхайгаа мөрдөх нь зөв.
Н.Энхлэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №003/24630/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна