О.Чингүүн: Их жанжин Д.Сүхбаатар судлалыг бие даан хөгжүүлэх хэрэгтэй



Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 132 жилийн ой удахгүй тохионо. Үүнтэй холбогдуулан Стратеги академийн ахлах судлаач, улс төр судлаач О.Чингүүнтэй ярилцлаа.

-Д.Сүхбаатарын мэндэлсний ойн хүрээнд танай академи ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?

-Стратеги академи Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө тэмцэж, хувь нэмрээ оруулсан түүхэн хүмүүсийг судалдаг. Үүнд дотроо их жанжин Д.Сүхбаатарын Монгол Улсын тусгаар тогтнолд оруулсан хувь нэмэр, Ардын армийг байгуулахад түүний оруулсан гавьяа зүтгэлийг манай академи дэлгэрүүлэн судалж ирлээ. Энэ удаад Д.Сүхбаатар жанжны үйл хэргийг дэлгэрүүлэх, таниулан сурталчлах зорилгоор эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байна.

-Та залуу судлаач. Их жанжин Д.Сүхбаатартай хэзээнээс “танилцав”. Тухайн үед ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

-Анх ерөнхий боловсролын сургуулийн сурагч байхдаа Монголын түүх хичээлээр Д.Сүхбаатар жанжны түүхтэй танилцаж, эх оронч хүмүүний үйл хэргийг биширч байлаа. Тэр үед би 13, 14 настай өсвөр насны хүүхэд байсан. Тэр цаг үеэс эхлээд  Д.Сүхбаатар жанжны үйл хэрэг, эх орондоо оруулсан гавьяаг уншиж, эх орноо хамгаалах, хайрлах нь Монголын үнэт зүйл юм байна гэсэн ойлголттой болж байсан.

-Улс төр судлаачийн хувьд аль талаас нь  судалж байна вэ?

-Д.Сүхбаатар жанжныг Монгол Улсын үнэт зүйл гэдэг талаас нь судалж байгаа. Бидэнд монголчуудыг нэгтгэх өв хэрэгтэй. Чингис хаан бол монголчууд биднийг нэгтгэдэг. Тэгвэл XX зуунаас хойш орчин үеийн тусгаар тогтносон Монгол Улсыг байгуулахад аугаа гавьяатай  хүн бол их жанжин Д.Сүхбаатар юм. Д.Сүхбаатар жанжин  залуугаасаа улс төрд идэвхийлэн зүтгэж, “Монголын үнэн” сониныг санаачлан байгуулж байсан хүн. Энэ нь зөвхөн цэрэг, армийн салбараар хязгаарлагдахгүй Монголын оюун санааны салбарт хувьсгал хийснийг нь илтгэж буй хэрэг.

-Яагаад Д.Сүхбаатар жанжныг судлах болсон бэ?

-Би оюутан байхдаа тэнхимийнхээ багш нараас зөвлөгөө авдаг байлаа. Монгол Улсын сэтгэлгээний түүх  хичээлээр Д.Сүхбаатар жанжны үйл хэргийг багш нар маань бидэнд дэлгэрүүлж, ярьдаг байсан юм. Хоёрдугаар дамжаандаа “Д.Сүхбаатар жанжны Монголын түүхэнд оруулсан хувь нэмэр” сэдвээр судалгаа хийж бие даалтаа хамгаалж байв. Үүнээс хойш Монголын түүхийн нэг хэсэг болсон энэ хүний талаар түлхүү уншиж, судлах болсон.

-Судлаач хүний хувьд  Д.Сүхбаатар жанжны Монгол Улсын түүхэнд оруулсан хувь нэмрийг тодорхойлохгүй юу?

-Д.Сүхбаатар жанжин бол Монгол  Улсыг институцжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан. Монгол Улс арми, Үндсэн хууль, эзэн хаант, парламент, Засгийн газартай байх засаглалын элементүүдтэй байх ёстой. Үүнд Д.Сүхбаатар жанжин бүгдэд нь гар бие оролцож, хувь нэмрээ оруулсан. Бүх цэргийн яамны анхны жанжин байлаа, Богд хааныг залахад, Хиагтыг чөлөөлж ялалт байгуулахад, Засгийн газраа байгуулж, сайн ноён Намнансүрэнг томилсон гээд бүх үйл хэргийн тэргүүн эгнээнд явж байсан хүн.

-Өмнөх судалгаануудыг уншиж, танилцаж байхад ямар  бүтээл  өөрт тань илүү ойр тусаж байсан бэ?

-Д.Сүхбаатар жанжны талаар бичсэн ном, тэр дундаа социализмын үеийн бүтээлүүд маш чанартай байдаг. Ялангуяа 1960-1980 оны хооронд  сониноос гадна олон ном хэвлэгдсэн байна. Үүн дотроо Д.Сүхбаатар жанжинтай ойр ажиллаж байсан хүмүүсийн ярилцлага байдаг. Тухайн ярилцлагуудаас Д.Сүхбаатар жанжин ямар үг хэлдэг байсан, ямар үйл хөдлөл гаргадаг байсан, биеэ хэрхэн авч явдаг байсан талаар дурдсан байдаг. Мөн гаднын улсуудтай хэрхэн харилцдаг, ямар өндөр боловсролтой байсныг ч олж мэдэх боломжтой.

-Д.Сүхбаатар жанжны боловсрол, сэтгэлгээний салбарт хийсэн хувьсгалын талаар залуустаа хэрхэн хүргэх вэ?

-МАН, Ардын засаг төрийг үүсгэн байгуулагчдын нэг Д.Сүхбаатар ядуу ард Дамдины хүү болж төрсөн.  Д.Сүхбаатар багадаа харц ардын хүнд бэрх амьдралыг биеэр туулан, бусдад зарагдаж зах дээрээс мах үүрэх, мод түлээ зөөх, улаа нэхэх зэрэг ажил хийж ар гэрийнхээ ядуу амь зуулгад тусалдаг байсан талаар түүхэнд дурдсан байдаг.  Д.Сүхбаатарын балчир ахуйд ард олны хүүхдийг сурган хүмүүжүүлэх улсын сургууль байсангүй. Харин эцэг нь хүүгээ эрдэм номтой хүн болгохыг хичээж 1907 онд гүн С.Жамъянд шавь оруулан монгол бичиг, тоо заалгаснаар гэрийн боловсрол эзэмшсэн. Тиймээс бичиг үсэг сурах  чухал гэдгийг бага наснаасаа ойлгосон хүн. Ингээд багаасаа монгол, кирил бичгийг гүнзгий эзэмшсэн байдаг.  Мөн Ардын хувьсгалын үед Орос улс руу сонгогдож явсан хүн. Ингэхдээ Эрхүү хотод “Монгол үнэн” сонины анхны хэвлэлийг бэлтгэн гаргасан. Тиймээс монголчуудад монгол бичиг, кирил бичиг хэрэгтэй гэдгийг өөрийн эзэмшсэн гэрийн боловсролоор дамжуулж багаасаа ойлгосон байна. Д.Сүхбаатар жанжны туулсан амьдрал нь өөрөө өнөөгийн залууст сургамжтай түүх байгаа юм.

-“Үнэн” сониныг санаачлагч нь их жанжин Д.Сүхбаатар. Харин мэдээлэл технологи хөгжсөн өнөө үед хүүхэд, залуус сонин унших гэхээсээ интернэтэд дурлах болжээ. Сонин  уншихын ач тусыг залуус хэр мэдэрдэг бол?

-Сонин бол эрдэм, мэдлэгийн сан. Сонин устаж алга болохгүй, хадгалагдаж байдаг. Өнөөдөр номын сангуудаас эхлээд улсын архивт ч сонины шарласан хуудас түүх өгүүлэн хадгалагдаж байна. Сонин бол бүх иргэдэд нээлттэй. Монгол хүн гэдэг хэн бэ, өнгөрсөн хугацаанд, ардчиллын үед, өнөөдөр бид хэн бэ гэдгээ мэдэхийн тулд сониныг зайлшгүй унших шаардлагатай. Учир нь, сонин өөрөө түүх судлал, нийгмийнхээ тусгал болж, гол гол баримт ыг шингээсэн эрдэнэсийн сан. Өөрсдийнхөө тухай түүхэн мэдээлэлтэй болохын тулд сонин унших хэрэгтэй.

-Танай академиас гаргасан “Анхны долоо” ном байдаг. Энэ номд Д.Сүхбаатар жанжны үйл хэргийг хэрхэн дурдсан байдаг бол?

-Монгол Улсын үнэт зүйл юу вэ гэдгийг “Анхны долоо” номдоо тусгахыг зорьсон. “Анхны долоо” бол Монголын ард түмний үнэт зүйл мөн. Яагаад үнэт зүйл болсон бэ гэдгийг намтар судлалд тулгуурлан хийсэн. Ингэхдээ Догсомын Бодоо, Солийн Данзан, Дамдины Сүхбаатар, Дамбын Чагдаржав, Дансранбилэгийн Догсом, Хорлоогийн Чойбалсан, Д.Лосол нарын түүхэн замнал болон архивт хадгалагдаж үлдсэн түүхэн  ном, товхимлоос судалж,  үйл хэргийг нь хамт үргэлжлүүлж байсан хүмүүс, судлаачидтай ярилцаж, намтруудыг нь бичсэн.

-Өнгөрсөн жил МАН-аас Д.Сүхбаатар анимейшн гаргасан. Залуус, хүүхдүүдэд их жанжин Д.Сүхбаатарын үйл хэргийг таниулахад энэ анимейшн хэр үр дүнгээ өгсөн бэ?

-Орчин үеийн хүүхэд залууст Д.Сүхбаатар жанжны үйл хэргийг хэрхэн сонирхолтой байдлаар хүргэх вэ гэдэг асуудал урган гарч, олон талаас нь хэлэлцсэн. Ингээд МАН-ын зүгээс  их жанжин Д.Сүхбаатарын тухай анимейшн бүтээвэл хүүхэд, залууст илүү хүрэх юм байна гэж шийдсэн. Ингээд Д.Сүхбаатар жанжныг хувь хүн  талаас нь дүрслэн хүргэсэн. Анх Ардын армид яаж элссэн, гэргийтэйгээ хэрхэн ханилсан гээд бага наснаас нь жанжин хүртэлх амьдралын түүхийг харуулсан анимейшнийг цувралаар бүтээсэн. Үүнийг хүүхэд багачууд маань сонирхон үзэж, сайхнаар хүлээж авсан.

-Д.Сүхбаатар жанжны амьдрал бол бүхэлдээ XX зууны Монгол Улсын  тусгаар тогтнолын түүх гэдгийг хойч үедээ тайлбарлан таниулах залуу судлаач  хэр олон байдаг вэ?

-Д.Сүхбаатар жанжны хувийн амьдрал нь тухайн үеийнхээ нийгэм, цаг үеийг харуулдаг. XX зуунд монголчууд 1911 оны хувьсгал, 1921 оны тусгаар тогтнол, 1924 оны Анхдугаар Үндсэн хуулийг мэдье гэвэл Д.Сүхбаатар жанжны амьдралтай танилцах хэрэгтэй. Монгол Улсын тусгаар тогтнол хаанаас эхтэй,  гаднын дарангуйллаас хэрхэн салж, тусгаар тогтносон, хувьсгалыг яаж хийж, ялалт байгуулсан, хүрээ хотыг хэрхэн байгуулсан гээд түүхэн үйл явц Д.Сүхбаатар жанжны амьдралтай нягт холбоотой. Цаашид монгол хүн ардчиллын баталгаатай, дархлаатай байя гэвэл Д.Сүхбаатар жанжныхаа талаар ойлголт, мэдлэгтэй байх ёстой.

-Их жанжны үйл хэргийг няцаан ярих тохиолдол мэр сэр гардаг. Үүнд ямар байр суурьтай ханддаг вэ?

-Өнөөдөр Д.Сүхбаатар жанжныг улс төрийн хувьд талцах “бай” болгож байна. Учир нь, Монгол Улс өнөөдөр олон намын тогтолцоотой, ардчилсан нийгэм байгуулаад байгаа. Гэтэл их жанжин Д.Сүхбаатарыг зөвхөн Монгол Ардын Намын хүн гэж үзэж, сөрөг хүчнүүдийн зүгээс үйл хэргийг нь харлуулахыг оролдсон үзэгдэл гарах болсон. Тиймээс  Д.Сүхбаатар жанжны талаар дагнасан судалгаанууд одоогийн байдлаар сайн хөгжихгүй байна. Мөн түүх, архив, улс төр судлалын хүрээнд  Д.Сүхбаатар жанжныг судлах асуудал тусгаар тогтнол, анхны долоо болон социализмын үеийн түүх гэдэг томоохон сэдвүүд дор дарагдаж үлдэх гээд байдаг  хандлагатай. Гэтэл жанжин Д.Сүхбаатар бол Ардын арми байгуулалцсан жанжин, Орос улс руу анх томилогдож явсан, Цэргийн яамны анхны сайд,  “Монголын үнэн” сониныг санаачлагч хүн. Тиймээс Д.Сүхбаатар жанжин тусдаа  судалгааны салбар болох шаардлагатай.


Н.Энхбат

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №003/24630/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж бай… Өчигдөр
Н.Учрал: Амьдрахад ая тухтай “Ухаалаг дүүрэг”-ийг цогцлоохын төлөө ажи… Өчигдөр
Их хурал иргэдийнхээ саналыг хүлээн авч, ард олон алдагдсан ордуудынха… Өчигдөр
Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлж байна! Өчигдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна Өчигдөр
Монгол Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох Ерөнхийлөгч… 2025/04/10
“Халуун бороо” нээлтээ хийнэ 2025/04/10
Ж.Эрхэмбаатар: Дэлхийн худалдааны дайны эрсдлээс Монголыг худалдааны х… 2025/04/10
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ 2025/04/10
Хүүхэд шуугисан их өргөөний эзэд “Дурсамж уулзалт” хийлээ 2025/04/10
“In Da Huree” тоглолт болно 2025/04/10
“UB food”: Өнөөдөр Гандантэгчинлэн хийдийн лам нар ширмэн тогоонд гури… 2025/04/10
Улаанбаатарт 12 хэм дулаан байна 2025/04/10
Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн 2025/04/09
Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөн… 2025/04/09
Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн талаар танилцууллаа 2025/04/09
Мартин Чунгонг: Монгол Улсын Их Хурал хүн төвтэй хууль, эрх зүйн орчны… 2025/04/09
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/04/09
Улаанбаатарт 17 хэм дулаан байна 2025/04/09
Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна 2025/04/08