Социал демократ Монголын залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Нийгмийн ардчилал залуучуудын сангийн гүйцэтгэх захирал Б.Цэлмэгийг ярилцлагын зочноор урилаа. Түүний удирдан үйл ажиллагаа явуулж буй сангийн санхүүжилт, гүйцэтгэлийн тусламжтайгаар боловсрол, эрүүл мэндийн салбарт шаардлагатай төслүүдийг хэрэгжүүлсэн нь өдгөө үр дүнгээ өгч байна. Нийгмийн ардчилал залуучуудын сангаас санхүүжүүлэх төслийг дөрөв дэх жилдээ зарлаж буй бөгөөд энэ жил боловсрол сэдвийг сонгожээ.
-Залуучууд сайн дураараа нэгдэн үүсгэн байгуулсан сан гэдэг нь оноож өгсөн нэрнээсээ ойлгомжтой юм. Та бүхэн сангаа байгуулаад удаж байна уу?
-Социал демократ Монголын залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн шийдвэрээр 2021 оны наймдугаар сард Нийгмийн ардчилал залуучуудын санг үүсгэн байгуулсан. Төсөл хөтөлбөрөө зарлахаас өмнө шаардлагатай бусад ажлаа цэгцэлснээр 2022 оноос үйл ажиллагаагаа эхлүүлж байв. Манай сан ашгийн бус, нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага. Удирдах зөвлөлдөө долоон гишүүнтэй төдийгүй хөндлөнгийн мэргэжилтэн, судлаачийн байр суурийг сонсож шийдвэрээ гаргадаг. Ямар сэдэвтэй төсөл сонгон шалгаруулахаа хамтдаа ярилцаж байгаад шийддэг тогтолцоотой. Энэ зарчмаар 2022 онд анхны төслөө зарлахдаа сэдвээр нь эрүүл мэндийг сонгосон. Үйл ажиллагаа явуулсан анхны жил байсан учраас СДМЗХ-ны гишүүдийн хүрээнд төслийн сонгон шалгаруулалтаа зарласан юм. Анхны ажил байсан болохоор залуусын оролцоо идэвхээс бүхий л зүйл шалтгаалах байлаа. СДМЗХ 21 аймаг, есөн дүүрэгт салбар холбоотой үе тэнгийн залуучуудыг нэг малгайн дор нэгтгэж чадсан төрийн бус байгууллага. Өргөн цар хүрээтэй энэ нэгдэл нь манай сангаас зарласан төслийн мэдээлэл хэрэгтэй хүнд нь хүрэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Улс орон даяар эрүүл мэндийн сэдэвтэй төсөл зарласныг түгээж, сонирхсон хүмүүст шаардлагатай мэдээллийг хүргэж чадсан. Үүний үр дүнд манай санд цөөнгүй төсөл ирж бид тэдгээрээс хоёрыг нь сонгон санхүүжүүлж байв.
-Төсөл хэрэгжүүлэхдээ хүн бүрийн оролцоог хангахад анхаарч ажилласан гэж ойлголоо. Сонгон шалгаруулалтад оролцож байгаа хүмүүс дунд орон нутгийнхны эзлэх хувь ямархуу байсан бэ?
-Сайн байсан. 2022 онд шалгарсан төслийн нэг нь Хөвсгөл аймгийнх. СДМЗХ-ны Хөвсгөл аймаг дахь салбар холбооноос аймгийнхаа Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн хүлээн авахыг тохижуулах төсөл ирүүлсэн нь шалгарсан. Төрөх газар, тэнд ажиллаж байгаа хүмүүс ая тухтай орчинд шинэ хүнээ өлгийдөн авч, ажиллах ёстой. Тиймээс тэнд шаардлагатай байгаа асуудлыг төслийн хүрээнд шийдвэрлэж байв.
Тухайн жил манай сангаас санхүүжүүлсэн хоёр дахь төсөл нь видео контент хэлбэртэй. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн хэмжээнд анхны тусламж хэрхэн үзүүлэх тухай цуврал видео контент хийх төсөл байлаа. Гудамж талбай хаа нэгтээ явахад яаралтай тусламж хэрхэн үзүүлэх тухай мэдлэг, мэдээлэл бидэнд байдаггүй. Хэрвээ хэн нэгэн нь энэ талаар мэддэг бол учирч болох эрсдэлийг сэргийлэн арга хэмжээ авч чадна. Үүнийг бодолцож бид хоёр дахь төслөө шалгаруулсан. Ингэж төсөл зарласан анхны жилээ хоёр ажлыг сонгон санхүүжүүлж амжилттай дуусгасан. Ялангуяа контентыг нийгмийн сүлжээнд байршуулсан нь олон хүнээс хандалт авч хэрэгтэй хүндээ хүрсэн гэдэгт итгэлтэй байна.
Сурагчдын экологийн боловсролд хөрөнгө оруулалт болох төслийг Булган аймагт хэрэгжүүлсэн
-Коронавируст цар тахлын дараа эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл олон нийтэд зайлшгүй шаардлагатай байсан учраас та бүхэн энэ сэдвийг сонгон төслөө зарласан байх. Тэгвэл дараагийн жил нь аль салбарт анхаарлаа хандуулав?
-Тухайн үед нийгэмд тулгамдсан асуудлын нэг нь яахын аргагүй боловсрол байсан. Манай сангийнхан ч энэ асуудалд анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж төслийн сэдвээ болгосон. Төслөөрөө дамжуулан орон нутагт хүрч ажиллахаар зорьсон юм. Өмнөх төслөөс ялгаатай нь энэ удаа оролцогчдыг СДМЗХ-гоор хязгаарлаагүй. Сангаас хэрэгжүүлэх хоёр дахь төслөө олон нийтийн дунд зарлахад залуучууд идэвхтэй оролцож 70 орчим төсөл ирсэн. Тэдгээрээс шүүгчдийн бүрэлдэхүүн 40 орчмыг нь сонгосноос эхний шатны шалгаруулалтын дараа 10 төсөл тунаж үлдсэн.
Хоёрдугаар шатыг ярилцлага хэлбэрээр зохион байгуулдаг. Төсөлд оролцогч орон нутагт оршин суудаг бол онлайнаар ярилцлагадаа оролцох боломжтой. Энэ зарчмаар орон нутгаас төсөл ирүүлсэн хүмүүстэй уулзалт, ярилцлага хийсэн. Улмаар Булган аймгаас төсөл ирүүлсэн оролцогч шалгарч санхүүжилт авч байв. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад экологийн боловсрол олгох төслийг хэрэгжүүлэх газар нь Булган аймгийн Гурванбулаг сумын сургуулийнх нь хажууханд оршдог. Мөн энэ ажилд мэргэжлийн хүн зөвлөн тусалсан нь үр дүнд ихээхэн нөлөөлсөн. Тэр хүн сургуулийн багш, мэргэжилтэн, сурагчдыг хамруулсан сургалт зохион байгуулсан нь ногоон төглөө цаашид бие даан авч явахад дэм болох юм. Энэ төслийг хэрэгжүүлсний үр дүнд сурагчид экологийн боловсролыг зөвхөн онолын түвшинд бус төгөлд ургаж байгаа бут сөөг, ногоон ургамал, хүнсний ногоог ашиглан биетээр судална. Зарим тохиолдолд өөрсдөө тарьж туршлагажсан. Ногоон сонгино, төмс, байцаа, хулуу зэрэг хэрэглээний ногоогоо бие даан тарьж, түүнийг нь сургуулийн гал тогоонд хүүхдүүдийн хоол хийхэд ашигласан бүтээмжтэй төсөл болж чадсан.
-Өнгөрсөн онд хэрэгжүүлсэн төсөл эрүүл мэндийн сэдэвтэй. Хүүхдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх нярай, багачуудын эмчилгээнд хяналт тавих, яаралтай тусламж үзүүлэхэд цаг хэмнэх төхөөрөмжийг төслийн хүрээнд шийдвэрлэснийг харсан. Энэ төслийн талаар танилцуулж болох уу?
-Таны хэлж байгаа нь 2022-2024 оны хооронд хэрэгжүүлсэн төслийн нэг нь. Манай сангаас БНХАУ-ын Энхтайван хөгжлийн санд хүсэлт тавьсны дагуу хүүхдийн эрүүл мэндэд нэн шаардлагатай төслийг хамтран хэрэгжүүлэхээр болсон. Үүний дагуу өнгөрсөн онд гурван төсөл эхлүүлснээ дуусгаж холбогдох хүмүүст хүлээлгэн өгөөд байна.
Төсөл хэрэгжүүлсэн эхний газар нь Яармагт байрлах Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв. Энэ эмнэлэг долоон давхартаа Эрчимт эмчилгээний тасагтай. Уг тасагт Төв хяналтын систем нэн шаардлагатай байсныг төслийн хүрээнд шийдвэрлэсэн. Уг төхөөрөмжийн тусламжтай Эрчимт эмчилгээний тасагт байгаа хүүхдүүдийн биеийн байдлыг нэг дор хянах боломжтой. Энгийнээр сувилагчийн хүлээн авах цэгээс хүүхдүүд ямар байгааг мэдэж болно гэсэн үг. Эрчимт эмчилгээний тасагт өмнө нь Төв хяналтын системгүй. Хүүхэд бүр тус тусын мониторингтой байсан. Хүүхдэд ямарваа нэгэн асуудал үүсэхэд дохиолол ирнэ. Асуудал нь олон өрөөний алинд нь хүүхдийн мониторинг дуугарч байгааг мэдэх боломжгүйгээс эмчилгээ хийх цаг алдах эрсдэлтэй байсан юм. Эрчимт эмчилгээнд хүүхдийн амь нас минут, секундээр хэмжигддэг тул эмчилгээг цаг алдахгүй хийх нь чухал. Төв хяналтын системийн тусламжтай өвчтөн бүрийн биеийн байдлыг нэг дор хянах боломжтой болж байгаа учраас эрсдэлийг багасгана. Түүнчлэн уг төслийн хүрээнд тохижуулах ажлуудыг хийсэн. Эмнэлгийн барилга шинэ хэдий ч дотоод зохион байгуулалт нь зарим талаараа дутмаг эсвэл тохиромжгүй байх талтай. Үүнд анхаарал хандуулж зарим өрөөний дотоод зохион байгуулалтыг өөрчлөхийн зэрэгцээ хүчилтөрөгчийн хоолойтой болгосон. Сувилагчийн хүлээн авах хэсгийн зай стандарт хэмжээнээс өөр байсныг шинээр тохижуулан заслаа. Түүнээс гадна эмч, сувилагч нар хуралдаж суух орчныг бүрдүүлж, эмийн сангийн шүүгээ, агуулах суурилуулан өгөхийн зэрэгцээ дулаан уур амьсгал оруулах өнгийг сонгон тохижуулахдаа ашигласан. Тэндхийн гарын угаалтуур заавал хүний оролцоотой, хүрч байж ус гаргах зохицуулалттай байсныг автомат болгон халдвараас урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлсэн.
-Хоёр дахь төслөө хаана хэрэгжүүлсэн бэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд ажилласан. Өмнөх эмнэлгийн адил шинэ барилгатай ч төхөөрөмж дутмаг, зохион байгуулалт үйл ажиллагаатай нь тохирдоггүй, тааруухан тохижилттой байв. Төслийн хүрээнд бид 270 ам метр буюу нийтдээ таван өрөөг тохижуулсан.
Тэнд хүүхдүүд эцэг, эхчүүдтэйгээ хамт сургалтад суух, сэтгэл зүйчтэйгээ уулзахын тулд хүлээдэг том заалтай. Гэтэл заалны шал нь пильта хэвээр. Тусгай хэрэгцээт хүүхдүүд тус төвийг зорин ирдэг учраас шалан дээр унаж, бэртэж гэмтэх эрсдэлтэй. Тиймээс бид хамгийн түрүүнд шалыг зориулалтын дрожоор бүрж орчин нөхцөлд нь таарсан сандал ширээгээр тохижуулсан. Эцэг, эхчүүдэд сургалт ороход шаардлагатай смарт дэлгэц авч байршуулав. Түүнчлэн хүүхдүүдийн тоглоом, ном, будгийн харандаа гээд төслийн хүрээнд хийх боломжтой бүхий л ажлыг хийсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн багш нар олон цагаар ажиллах шаардлага үүсдэг. Тиймээс тэдний ажлын байрын тохижилтод анхаарсан. Ширээ сандал солихоос эхлээд аль болох тав тухтай орчныг бий болгож өгөхийн төлөө хичээн төслөө гүйцэтгэсэн юм.
Эдгээрээс бусад өрөө нь хэмжээгээр бага ганцаарчилсан уулзалт хийдэг. Тэнд дуу тусгаарлах хавтан болон бусад жижиг эд хэрэгслийг нэмж авсан. Мөн хүүхдүүд хоол хийхэд суралцдаг гал тогооны өрөөтэй. Түүнийх нь аюулгүй байдлыг ханган тодорхой хэмжээнд тохижуулан өгсөнд багш, эцэг, эхчүүд талархан хүлээн авч байв.
-Аутизмтай хүүхдэд зориулсан цэцэрлэг Монголд ховор. Нийгмийн ардчилал залуучуудын сан тэдгээр хүүхдэд хүрч ажилладаг газрыг сонгон төслөө хэрэгжүүлсэнд талархах хүн олон байсныг дурдах зөв болов уу?
-2024 онд хийсэн гурав дахь төслөөрөө бид аутизмтай хүүхдүүдийг хүлээн авдаг цэцэрлэгийг сонгон ажиллалаа. “Аутизм Монгол-Анд ” төрийн бус байгууллага дэргэдээ “Анүүлэн Азжаргал” цэцэрлэгтэй. Тухайн цэцэрлэгт багш ажилтнууд сургалтдаа ашиглаж чаддаггүй хоёр өрөө байсны нэг нь дасгал хөдөлгөөнийх. Хүүхдийн бие бялдрыг хөгжүүлэх зориулалттай, хэмжээний хувьд томдоо орох заал байв. Бид тухайн өрөөнд хүүхдийн хөдөлгөөнийг дэмжсэн зүйлсийг авч тохижуулсан. Жишээ нь, хананд авирах, алхаж гүйх зориулалттай замыг тавьж өгсөн. Багш ажилчдын сургалтдаа хэрэглэдэггүй нөгөө өрөө нь мэдрэхүйн өрөө нэртэй. Өмнөхөөс хэмжээний хувьд арай бага энэ өрөөг агуулахын зориулалттай ашиглаж байсан. Түүнийг өөрчлөн зориулалтын мэдрэхүйн тоглоомоор тохижуулсан. Аутизмтай хүүхдийн зарим нь хэт мэдрэг байдаг. Тэдгээр хүүхдэд тайвшрах орон зай шаардлагатай бөгөөд мэдрэхүйн өрөөг тийм нөхцөлд ашиглах зориулалттай. Аль эсвэл мэдрэхүйн сул хөгжилтэй бол энэ өрөөнд багштайгаа хичээллэдгээрээ ач холбогдолтой. Аутизмтай хүүхдэд зориулагдсан цэцэрлэг Монголд ховор. Тиймээс энэ цэцэрлэгийг Улаанбаатар хотын өнцөг булан бүрээс хүүхдүүд зорин ирдэг. Энэ төслийн хамрах хүрээ, хэрэглээ шаардлагаараа ихээхэн ач холбогдолтой. Ингэж бид төслүүдээ амжилттай хэрэгжүүлж үр дүнгээ эхнээс нь харж байна. Цаашид ч тодорхой өөрчлөлтүүд гарах байх гэсэн хүлээлттэй байна. Саяхан Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн Эрчимт эмчилгээний талаар, төслийн хүрээнд тавьсан Төв хяналтын системийн ач холбогдлын тухай тэндхийн эмч мэргэжилтнүүд телевизийн мэдээнд ярилцлага өгсөн гэсэн. Томуу, томуу төст өвчин ид дэгдсэн үед хэвтэн эмчлүүлэх хүүхэд олон байдаг тус тасгийн эмч нар Төв хяналтын системийн ач холбогдлын талаар ярьсныг сонсоод баярлаж байлаа.
Төсөл сонгон шалгаруулах ажилд хөндлөнгийн хүмүүсийг заавал оролцуулдаг
-Байгуулагдаад удаагүй ч томоохон ажлуудыг санхүүжүүлжээ. Цаашид ч нийгэмд тустай олон төслийг хэрэгжүүлэхэд туслах байх. Сонирхон асуухад, төсөл шалгаруулах шүүгчдийн бүрэлдэхүүнд хөндлөнгийн хүнийг оролцуулдаг уу?
-Хөндлөнгийн хүнийг заавал оролцуулдаг. Энэ нь миний баримталдаг зарчмын нэг нь. Олон хүний тусламж дэмжлэгээр хийж, хэрэгжүүлж байгаа ажлыг гүйцэтгэхдээ асуудлыг олон талаас нь харж, боловсруулж, дүгнэдэг байх ёстой. Тэгэхгүй хэт их нэг зүйлд баригдвал хязгаарлагдмал байдалд орно. Дээр нь мэргэжлийн хүний үгийг сонсох өөр байдаг. Энэ зарчмаараа төсөл бүрд хөндлөнгийн хүмүүсийг оролцуулдаг. Өөрөөр хэлбэл, төсөл сонгон шалгаруулах шүүгчдийн бүрэлдэхүүнд Нийгмийн ардчилал залуучуудын сангийн төлөөлөл, хөндлөнгийн буюу мэргэжлийн хүмүүсийн харьцаа эн тэнцүү гэж ойлгож болно.
-Нийгмийн ардчилал залуучуудын сан төсөл хэрэгжүүлэх санхүүжилтээ хэрхэн бүрдүүлдэг вэ?
-Сангийн гол зарчмуудын нэг нь ил тод байдал. Гүйцэтгэх захирлынх нь хувьд үүнд маш их ач холбогдол өгдөг. Хэний ч хардлагыг төрүүлэх байдал үүсэх ёсгүй гэж боддог. Бүх ажлыг зарчмын дагуу хариуцлагатайгаар хийж, гүйцэтгэхийг хичээдэг. Санхүүжилтийн хувьд цэвэр хандиваар бүтдэг. Анхны төслийн санхүүжилтээ СДМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдийн хандиваар хэрэгжүүлсэн. 2023 оны төслүүдийг мөн л ийм байдлаар зохицуулсан. Сангаас хандив бүрдүүлэх, үйл ажиллагаандаа оролцуулахад зориулан сэдэлжүүлэх зүйл хийдэг. Тухайлбал, манай сан хандивлагчдын Хүндэт ханатай. Тусгаар тогтнолын ордны нэг давхарт байрлах Сошиал хауст Хүндэт хана бий. Өөрөөр хэлбэл, тэр хүнийг алдаршуулах зорилгоор тухайн хананд нэрийг нь байршуулдаг. Хувь хүн гэлтгүй байгууллагууд хандив өгдөг. Үүн дээр нэмээд бид хүндэт хандивлагчийн энгэрийн тэмдэгтэй. Үйл ажиллагаа, тайлан болгондоо тэдгээр хүмүүсийг дурдаж алдаршуулдаг юм.
-Танай сан үйл ажиллагаандаа зорилго нэгтэй гаднын байгууллагуудыг татан оролцуулах, гадаадад ажиллаж амьдарч байгаа монгол залуусын оролцоог хангах чиглэлээр ямар ажил зохион байгуулж байна вэ?
-Өмнө нь хэлсэнчлэн манай сан байгуулагдаад удаагүй. Өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаагаа жигдрүүлэх, байр сууриа олоход гол анхаарлаа хандуулж ирсэн. Харин одоо үйл ажиллагаагаа эхлүүлж байсан үетэй харьцуулахад ажил жигдэрч байна. Туршлагын хувьд БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангаас дэмжсэн гурван төслийн ард гараад удаагүй байна. Тиймээс цаашид СДМЗХ-ны дэргэд байгуулагдсан болохоор холбооны ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүдтэйгээ ярилцсаны үндсэнд сангийн гадаад бодлогоо хэрхэн хэрэгжүүлэхээ төлөвлөөд явна.
-Төслөө боловсруулан ирж байгаа оролцогчоос гадна танай сангаас тодорхой судалгаануудыг хийж төслийн сэдэв, сэдвийн хүрээнд аль нэгжид илүү хүрч ажиллахыг тодруулдаг болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Тодорхой хэмжээний судалгаа явуулж байж нийгэмд ямар асуудал тулгамдаад байгааг мэднэ. Ямар байдлаар шийдвэл илүү оновчтой байхыг тодорхойлон гаргана. Улмаар шийдвэрийг Удирдах зөвлөлийн хүрээнд хэлэлцэн гаргадаг.
-Төсөл санаачлагч хэрэгжүүлсэн ажилдаа хяналт тавих үүрэгтэй юү?
-Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төсөл бүр хариуцсан хүнтэй. Хэдийгээр хэрэгжүүлж дууссан ч тэдгээр хүмүүстэй харилцаа холбоотой байгаа. Тухайлбал, Булган аймагт хэрэгжүүлсэн төслийн санаачлагч нь тэр нутгийн хүн. Тиймээс одоо хүртэл хараа хяналтаа тавиад явж байгаа гэж ойлгож болно. Төслөө хэрэгжүүлж дууссаны дараа ногоон төгөлөө сургуульд нь хүлээлгэн өгнө. Цаашид Булган гэлтгүй бусад аймгийг ногоон төгөлтэй болгох ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаагаа илэрхийлсэн.
Бид энэ жил томоохон төсөл хэрэгжүүлэхээр зорьж байна
-2025 онд хэрэгжүүлэх төслийн сэдэв тодорхой болсон уу?
-Бид жил бүр өөр өөр сэдэв сонгохын оронд нэг асуудлыг барьж авъя. Түүнийг шийдвэрлэхийн тулд даацтай ажил өрнүүлж нэг жил гэж баригдалгүйгээр төслөө санхүүжүүлэхээр ярилцаж байна. Бодлогын өөрчлөлтөөр, мөн СДМЗХ-ноос боловсролд анхаарал хандуулж төслийн сэдэв болгохоор тогтоод байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотоор хязгаарлагдахгүй үндэсний хэмжээний төсөл хэрэгжүүлнэ. Үндэсний хэмжээнд ямар асуудал зонхилж байгааг тогтоож түүнд чиглэсэн төсөл хэрэгжүүлэх юм. Нийслэл, дүүрэг, баг, хороо бүрийн тулгамдсан асуудал ондоо. Тиймээс бид судалгаандаа анхаарал хандуулан ажиллаж байна.
-Сангийн хэтийн зорилго юунд чиглэж байна вэ?
-Нийгмийн ардчилал залуучуудын санг залуучуудыг идэвхжүүлэх, тэднийг нийгмийн ажилд оролцоотой байлгах зорилготойгоор үүсгэн байгуулсан. Тэдгээр зорилгодоо хүрнэ гэсэн итгэл надад бүрэн дүүрэн байдаг. Яагаад гэвэл, залуучуудад тулгамдаж байгаа асуудлын ихэнхийг нь шийдвэрлэх боломжтой гэж бодож байна. Хамгийн гол нь бид ажлаас хойш суухгүй, хэн нэгэн эхлүүлэхийг хүлээж цаг алдахгүйгээр чадах зүйлээ хийх хэрэгтэй. Мэдээж бидний чадал хүрэхгүй улсаас зайлшгүй оролцоо шаардсан ажил бий. Гэхдээ чадах зүйлээ олж түүнийгээ хийж хэрэгжүүлэх нь хамгийн чухал гэж бодож байна. Үүнд залуучуудыг уриалан дуудах, сэдэлжүүлэх ажил дутуу байгаа юм болов уу гэж боддог.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №003/24630/
Сэтгэгдэл (9)