Альфа эмэгтэй



Италийн хэт үндсэрхэг намыг арав хүрэхгүй жилийн дотор баруун жигүүрийн тэргүүлэгч болтол хүчирхэгжүүлсэн улстөрч бол Жоржиа Мелони. Улсынхаа Ерөнхий сайдын албыг залгамжилсан тэрбээр Брюсселийн үндсэн бодлого тодорхойлогчдын нэг болжээ. Түүнийг  Атлантын далайд цэцэглэн хөгжиж буй радикал  үзлийг дэлгэрүүлэгч,  Европын улс төрийг хэт баруунжуулах давлагааны тэргүүн эгнээнд зогссон удирдагч хэмээдэг. Италийн Ерөнхий сайдаар сонгогдоод цагаачлал, ЛГБТК+ эрх зэрэг анхаарал татсан сэдвээр шүүмжлэлд өртөх бодлого баримталж ирсэн. Түүний танхим дэлхийн хоёрдугаар дайны дараах Италийн хамгийн тогтвортой Засгийн газраар нэрлэгдэж байна. Учир гэвэл, сүүлийн 30 жилийн хугацаанд Италид Засгийн газар нь 20 удаа солигдсон.  Эдгээр Засгийн газрын “амьдрах дундаж хугацаа” нь ердөө  1.6 жил байв.

Хэт үндсэрхэг улстөрч

Мелонийн ээж Сицилийн уугуул, Аманда Кинг гэх нууц нэрээрээ алдартай зохиолч юм. Харин аав нь хар тамхи зөөвөрлөсөн хэргээр ял эдэлж байжээ.  Ромын ажилчдын хороолол буюу Гарбателлад өссөн тэрбээр алдартай дуучин болох, Майкл Жексонтой уулзахыг багаасаа мөрөөдсөн гэдэг.  Жоржиа Мелони 1992 онд 15 настайдаа “Италийн нийгмийн хөдөлгөөн” намын залуучуудын жигүүрт элссэн байна. Уг консерватив улс төрийн хүчнийг 1946 онд Бенито Муссолинийн хуучин хамтрагчид үүсгэн байгуулсан. Америго Веспуччийн нэрэмжит Ромын академийг хэл шинжлэлийн чиглэлээр төгссөн Мелонийг ангийнхан нь онц сурлагатан байсан гэж дурсдаг. Хичээлийнхээ хажуугаар асрагч, бармен хийж санхүүгийн тухайд ээжээсээ хараат бус амьдарч байв. Нийгмийн идэвхтэй тэрбээр “Өвөг дээдэс” оюутны хөдөлгөөнийг үүсгэн байгуулж, боловсролын шинэчлэлийн төслийг эсэргүүцжээ. Улмаар “Үндэсний альянс” намын оюутны холбоог даргалав. Энэ бол “Италийн социалист хөдөлгөөн”-ий үндэс суурин дээр байгуулагдсан шинэ нам байлаа.  Дарангуйлагч Бенито Муссолинийг  “Ард түмнийхээ сайн сайхны төлөө бүхнийг хийсэн” хэмээн тодорхойлж, ахмад улстөрчдийг гайхшируулсан юм.  Тэрбээр 1998 онд тус намаас Ром мужийн зөвлөлд сонгогдож, залуучуудын бодлогын хороонд ажиллажээ. Мелони 2004 онд намынхаа залуучуудын жигүүрийг тэргүүлэв. Ингээд  2006 оны сонгуульд Төлөөлөгчдийн танхимд (Италийн парламентын доод танхим) сонгогджээ. Тэрбээр 2008-2011 онд Сильвио Берлусконийн Засгийн газарт Залуучуудын асуудал эрхэлсэн сайдаар томилогдов. Бүгд найрамдах Итали улсын түүхэнд хамгийн залуу буюу 31 настайдаа сайдаар томилогдсон нь Европын холбооны орнуудад алдарших эхлэл байлаа. Тухайн үеийн ажиглагчид эрс, шийдэмгий залуу бүсгүйг “Берлусконийг залгамжлагч”, Италийн баруун төвийн хүчний шинэ удирдагч гэж таамагласан нь алдаагүй. Постфашист улс төрийн хүчин гэж тодорхойлдог “Италийн ахан дүүс” намаас 2013 онд Төлөөлөгчдийн танхимын сонгуульд өрсөлдөв.  Мелони 2014 оны гуравдугаар сард намын  удирдлагыг гартаа авлаа. Тэр үед Берлускони “Урагшаа, Итали” нам байгуулснаа зарласан юм. 2022 оны парламентын ээлжит бус сонгуулиар Мелони өөрийгөө ард түмний нэр дэвшигч хэмээн танилцуулж, Ромын ажилчин ангийнхан дунд өссөн, ядуу амьдарч байснаараа имиж бүрдүүлжээ. Кампанит ажлынхаа үеэр ажилгүйдэл, гэмт хэрэг,  баян ядуугийн ялгааг арилгахад анхаарал хандуулахаа амлав. “Бурхан, эх орон, гэр бүл” уриан дор мөрийн хөтөлбөрөө либерал үзэлтнүүдийн эсрэг чиглүүлж, цагаачлалыг эсэргүүцэж, ижил хүйстнүүдийн иргэний холбоог “чимхсэн” юм. Үүний зэрэгцээ Украиныг дэмжсэн нь барууны үзэлтэй улстөрчийн хувьд санаанд багтамгүй явдал боллоо.  Ингээд 2022 оны сонгуульд “Италийн ахан дүүс” 44 хувийн саналаар ялалт байгуулсан ч олонхын суудал авсангүй. Эвслийн дотоод санал зөрөлдөөн Засгийн газрыг байгуулах ажлыг удаа дараа хойшлуулсны эцэст Мелони Ерөнхийлөгч Сержио Маттареллад сайд нарын жагсаалтаа танилцуулан, танхимаа бүрдүүлэв. Италийг 20 жил удирдсан дарангуйлагч Бенито Муссолинигоос хойш 79 жилийн дараа хэт барууныхан засгийн эрхэнд гарсан нь энэ байлаа.

 “Мелони загвар”

Уламжлалт улстөрчид улам бүр түгээмэл болж буй хэт үндсэрхэг үзлийг сөрж зогсох, хааж боож хүрэхгүй байна. Мөн Мелонитой Европын тавцанд өрсөлдөх удирдагчдын карьер ерөнхийдөө дуусаж байгаа нь түүний нэр, нөлөөг улам бүр бэхжүүлж байгаа юм. Засгийн эрхэнд гарснаасаа хойш  үзэл суртлын зангилаа бодлогуудад анхаарал хандуулуулжээ. Италийн анхны эмэгтэй Ерөнхий сайдын мөрийн хөтөлбөр, засаглал уян хатан бус эршүүд бодлогоороо онцгойрдог учир сэтгүүлчдээс “Альфа эмэгтэй” хочийг авчээ.  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг дэмжигч намуудтай эвсэн Засгийн газар байгуулж Европын томоохон зүтгэлтнүүдийн дургүйцлийг төрүүлсэн. Мелони үр хөндөлт, хүйсийн чиг баримжаагаа өөрчлөхийг хүчтэй эсэргүүцдэг. “Өнөөдөр эрэгтэй, эмэгтэй хүн гэж нэрлэгдэх эрхийг мэс засал, захиргааны аль ч журмаас илүү хамгаалах ёстой. Бие махбодод илэрхийлэгддэг зарчмыг өөрчлөх шаардлагагүй" гэжээ. Түүнийг фашист, арьс өнгөөр ялгаварлагч гэж шүүмжилсэн “Плацебо” хамтлагийн ахлагч Брайан Молкогийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан. Европын холбооны удирдагчид Мелонийн Италид иргэний эрх чөлөө алдагдаж байгааг буруутгахын оронд улсын дотоод асуудал хэмээн байр сууриа илэрхийлдэггүй. Гэхдээ хатагтай Ерөнхий сайд холбоотнууддаа сайн талаа ч харуулж чаджээ. Унгарын Орбаныг Украинд 50 тэрбум еврогийн тусламж үзүүлэхийг ятган,  Брюсселийн магтаалыг хүртэж, багийн чадварлаг тоглогчийн дүр төрхөө баталгаажуулсан юм. Мелонийн өсөлт  цагаачлалын хямралтай давхцаж байгаа бөгөөд Европын холбоог  мухардлаас гаргах хатан ухаанаа харуулаад амжсан билээ. Энэ нь цагаачдад үгүй гэж хэлэхгүй, гэхдээ тэднийг нутаг дэвсгэр дээрээ үлдээхгүй байх шийдэл. Түүнийг “Итали улс цагаачдыг хүлээж аваад,  хилийн чинадад байгуулсан хуаранд байршуулна” хэмээхэд дүрвэгсдийн хөлд дарагдсан италичуудын магнай тэнийн баярлав. Ингээд бичиг баримтгүй цагаачдыг баривчлах ажлыг аутсорсинг хийх зоригтой төлөвлөгөө гаргажээ.  Гэхдээ Германы Олаф Шольц тэргүүтэй Европын зүүн төвийн удирдагчид “Мелони загвар”-ыг таашаагаагүй юм.

Атлант дамнасан зорилго

Дональд Трамп Цагаан ордны тэргүүнээр дахин сонгогдсон нь Мелонид улам их эрч хүч өглөө. Гэхдээ Унгарын Виктор Орбан шиг Флорида дахь Мар-а-Лаго цогцолборт олонтаа зочилж, Трамптай нягт харилцаатай байдаггүй. “Италийн ахан дүүс” нам  АНУ-ын Бүгд найрамдахчуудтай ойрын холбоо тогтоохоор эрмэлзэж байгаа юм. Вашингтонд болсон Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен тэргүүтэй  төв үзэлтнүүд урилгагүй хоцорсон.  Харин Италийн Жоржиа Мелони, Их Британийн Найджел Фараж,  Францын Эрик Земмур зэрэг барууны популист төлөөлөгчид зочдын жагсаалтад багтжээ. Трамп Мелонийг “Европыг шуурганд автуулсан гайхалтай эмэгтэй” гэж нэрлэжээ. Мелони Трампын ойрын холбоотон болох технологийн тэрбумтан Элон Масктай сайн харилцаатай байдаг. Ажиглагчид  оны өмнөхөн Италийн Ерөнхий сайдыг “Трампын радар”-т  харагдах болоогүй дутуу үнэлсэн. Тэгвэл өнөөдөр улс төрийн салхи Мелонийн талд үлээж байна. Франц, Германы удирдагчид хүчирхэг тоглогчийн байр сууриа алдсан. Эрх мэдлийн хоосон орон зай Италийн Ерөнхий сайдад өөрийгөө харуулах боломж. Хамгийн гол нь Жоржиа Мелони хэт барууны үзэлтнүүд, либерал ардчилсан удирдагчдын хооронд гүүр болж чадсан юм. Түүний хэтийн зорилго Атлантын далайг дамнан, Европын холбоо, НАТО-г чиглэж байна. Ромд хэн эзэн суухаас үл хамааран Италийг Вашингтон мэддэг гэсэн улс төрийн хэлц  бий.  Гэхдээ Итали улс  хэт баруун руу  хазайсан нь Европын холбоог сандаргасан. Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд тус холбооны гишүүн орнуудад төв үзэлтэн, социалистууд засгийн эрхийг барьсан. Иймд шинжээчид Италийн хэт барууны үзэлтнүүд Брюсселийн эгнээг дотроос нь хагалах уу, евро бүсээс гарахаар завдаж байна уу, эсвэл Европын холбооноос өрх тусгаарлах уу  гэсэн олон таамаглал дэвшүүлсэн. Хэдийгээр тус улс Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 137 хувьтай тэнцэх хэмжээний өртэй ч улс төрийн орчин нь ер бусын тайван байна. Эдийн засгийн гүн хямралд автаж, асар их өрийн дарамтад орж, түүхэнд үзэгдээгүйгээр өссөн инфляц, хүн амын насжилт гэх мэт олон асуудал тулгарчээ. Ер нь, Италийн бодлого чиглэл Мелони засгийн эрхэнд хэр удаан байхаас хамаарна. Италийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал Натали Токчи “Мелони Европын төлөө ажиллахгүй, өөрийнхөө төлөө хүчин зүтгэнэ. Европын нөлөө сулрах эсэх түүнд огт хамаагүй” гэжээ.   Европын холбооны гурав дахь том улсын байр суурь хэрхэн өөрчлөгдөхийг АНУ анхааралтай ажиглаж байна. Үзэл санааны хувьд ойролцоо хоёр намтай хамтран эвсэл байгуулсан Мелонийн хувьд тогтвортой удаан ажиллах боломжтой. Ерөнхий сайдын тангараг өргөснийхөө дараа “Та мөрөөдлөө биелүүлсэн үү” гэх асуултад “Би дуучин болохыг хүссэн ч сонсгол муу, волейболын шигшээ багт тоглохыг хүссэн ч өндөр биш, Майкл Жексонтой уулзахыг хүссэн ч тэр нас барсан. Эргээд бодоход хүүхэд насныхаа мөрөөдлөө биелүүлж чадаагүй” гэж хариулжээ.

Х.Эрдэнэзаяа

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №003/24630/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж бай… Өчигдөр
Н.Учрал: Амьдрахад ая тухтай “Ухаалаг дүүрэг”-ийг цогцлоохын төлөө ажи… Өчигдөр
Их хурал иргэдийнхээ саналыг хүлээн авч, ард олон алдагдсан ордуудынха… Өчигдөр
Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлж байна! Өчигдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна Өчигдөр
Монгол Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох Ерөнхийлөгч… 2025/04/10
“Халуун бороо” нээлтээ хийнэ 2025/04/10
Ж.Эрхэмбаатар: Дэлхийн худалдааны дайны эрсдлээс Монголыг худалдааны х… 2025/04/10
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ 2025/04/10
Хүүхэд шуугисан их өргөөний эзэд “Дурсамж уулзалт” хийлээ 2025/04/10
“In Da Huree” тоглолт болно 2025/04/10
“UB food”: Өнөөдөр Гандантэгчинлэн хийдийн лам нар ширмэн тогоонд гури… 2025/04/10
Улаанбаатарт 12 хэм дулаан байна 2025/04/10
Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн 2025/04/09
Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөн… 2025/04/09
Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн талаар танилцууллаа 2025/04/09
Мартин Чунгонг: Монгол Улсын Их Хурал хүн төвтэй хууль, эрх зүйн орчны… 2025/04/09
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/04/09
Улаанбаатарт 17 хэм дулаан байна 2025/04/09
Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна 2025/04/08