Cаяхны нэг өдөр цахим сүлжээнд тавигдсан спорт гимнастикийн бичлэг үзлээ. Тэр бичлэгт өнгөрсөн зууны тамирчин, шинэ мянганы тамирчин хоёрын гүйцэтгэлийг харьцуулсан байв. Харьцуулалт ч үүргээ гүйцэтгэж орчин цагийн тамирчныг, өнгөрсөн зууны тэмцээнд оролцуулбал маргаангүйгээр өмнө тогтоосон бүх амжилтыг нь эвдэх нь харагдах ажээ. Хэдийгээр нэгэн зуун өнгөрөөгүй ч хүний бие ямар хурдтай хөгжиж байгааг бичлэг нотолно. Гэтэл хүний тархины багтаамж хэдэн мянга, сая жил огтхон ч өөрчлөгдөөгүй бөгөөд зөвхөн түүнд хадгалагдах мэдээлэл л нэмэгдсэн гэж үздэг. Хэт их мэдээлэл сайн уу, муу юу гэдгийг одоохондоо би хэлж мэдэхгүй юм. Энэ талаар мэргэшсэн эрдэмтэн, судлаачдаас асуувал нэг юм хэлэх л байх. Үүнийг өгүүлэхийн учир нь, суурин иргэншил, хотын соёл гэх нийгмийн амьдралын дүрмүүд урд нийгмийн үед байснаасаа дордож эхлээд байгаа орчин цагийн тухай халаглах гэсэн юм. Уг нь хүний хөгжлөөр жишээлэн баримжаалбал бид аль хэдийнэ хотын соёлын хэм хэмжээг тогтоож, монгол үндэстний ой санамжийг хадгалсан дүрэм журмыг мөрддөг болчихсон байх байв. Жишээлбэл, Япон гэхэд л хогийн савгүй хот хэрнээ гудамжинд нь ширхэг хог үзэгддэггүй. Сингапурын гудамжинд бохь хаявал өндөр торгуультай, европын нэг оронд хотын төв рүүгээ автомашин оруулдаггүй гэх мэт үүсмэл соёлуудаа ягштал мөрддөг улсууд байх. Гэтэл бид өнгөрсөн зууны дунд үеийн монгол хүнээс бие бялдрын болон оюун санааны хувьд хөгжсөн ч ухамсар, соёлын хувьд улам дордоод, хандлагын зэрлэгшил нийтийн зам талбай, гудамж, цэцэрлэгт хүрээлэнд дэлгэрээд байгаагийн учрыг үл ухна. XXI зуун гарчихаад байхад ухардаг араандаа хийчихсэн уурын тэрэг шиг хойшоо цахдан суух нийгмийн амьдралаас соёлт хүмүүнийг хайх нь ширхэг зүү бухал өвснөөс хайхтай адил болчихоогүй байгаа. Юуны өмнө бидний өнөөдрийн амьдралын суурийг тавьсан өнгөрсөн зуунд хотын соёл, соёлт хүмүүнийг хэрхэн хүмүүжүүлж байв гэдгийг эргэн харах нь зөв байх.
Соёлын довтолгоо 1
XX зууны хоёрдугаар хагаст нүүдэлчид хот, суурин газар бараадан амьдарч эхлэв. Нүүдэлчдэд суурьшмал иргэншлийн талаар ойлгуулан, ухуулан сэнхрүүлэх, соён гэгээрүүлэх компанит ажил зохион байгуулах хэрэгтэйг тухайн нийгмийн эрх баригчид ойлгож байлаа. Ингээд үхрийн зэл, хонины бэлчээрээс ирсэн иргэдийг нийгэмшүүлэх ажлыг төр засгаас бодлого гарган эрчимтэй явуулж эхэлсэн байдаг. Түүхэнд энэ компанит ажлыг “Соёлын довтолгоо” хэмээн бичиж тэмдэглэсэн нь бий. XX зууны хоёрдугаар хагаст өрнөсөн энэ “Соёлын довтолгоо” өмнөө тов тодорхой зорилго тавьсан бөгөөд хоёр үе шат дамжин хэрэгжсэн компанит ажил болсон юм. Эхний үе шат нь 1959-1966 оны хооронд хүн ардын ахуй байдлыг соёлжуулах бодлогын хүрээнд хэрэгжсэн. Энэ ажилд тухайн үед бүрэлдэн тогтоод удаагүй байсан хот, аймаг, сум, сууринг үл ялган хамруулжээ. “Соёлын довтолгоо” –ны нөлөөгөөр хотын соёл тогтож, түүнийг мөрдөх нийтлэг дүрэмтэй болж, иргэдийн ухамсар эрс дээшилсэн үр дүн гарч эхэлжээ. Хэдийгээр Европ соёлын суртал орсон ч гэлээ Монголын орчин цагийн нийгмийн соёл эндээс эхлэлтэй, мөн тогтсон гэж үзэж болно. Үүнээс урд хүрээ соёл гэж байсан боловч ахуй байдалд нэвчээгүй байсан юм болов уу. Тухайн үеийн талаар бичиж тэмдэглэсэн нь гадна, дотнын бичээчдийн өгүүлэмжээс анзаарагддаг. Иргэний биеэ авч явах байдал, биеийн хэлэмж, хувцаслах урлаг хийгээд, харилцааны соёл суурьшиж эхэлжээ. Ийнхүү иргэний соёл хандлагыг төвшитгөв. Сэхээтэн гэр бүлүүд, нийгмийн соёлт гишүүд бий болж, нийслэл хотыг “Азийн цагаан дагина” хэмээн өргөмжлөн нэрлэдэг байлаа.
Нэгэнт төлөвшсөн соёл болоод хандлага шинэ мянганы босгон дээр бүдэрч орхиод нийтээрээ зэрлэгшиж эхэлсэн. Хот ширэнгэ болж, ширэнгийн хууль зонхилон сахилга бат задгайрч, санхүү мөнгөөр ч хотойсон үе таарсан л даа. Дуртай нь духайж зогсоод биеийнхээ илүүдлийг хаа хамаагүй юүлж орхидог байсан үе ч бий. Нэг үеэ бодвол одоо хавьгүй дээрдсэнийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ хэлэхгүй бол хэнэггүйтэгч, хэлээ гарган зүггүйтэгчид оршсоор л байна. Удахгүй хаврын урь сэвэлзэн, ханшийн ногоо дэлгэрч, харзны ус мяралзаж эхэлнэ. Урин цаг, усны мяралзаан, удмын нүүдэлчдийн цусыг буцалгаж, цөсийг хөөргөж орхидог байх. Хээтэй майхан, хөөтэй тогоо, хийлдэг гудсаа чирээд хатан Туулаа бараадаад, хавийн ойгоо хөвөөлөөд хэвтэнэ. Оёор хярхаггүй тэнгэрийн дор орчлон ертөнцийн цор ганц эрх чөлөөт ард түмэн ингэхээс ч яах вэ хэмээн бахархана. Эрх чөлөө, тусгаар улсаараа бахархах яах вэ, эзэн нь болсныхоо учрыг ойлгож, начрыг нь нягтлах нэг өөр асуудал. Эрх чөлөөгөөрөө бахархагсдыг баяр хөөрөө дарж, буурь, найраа орхих үед л нөгөө өөр асуудал сөхөгдөн, өв соёл яригдаж эхэлнэ. Хүнсний дэлгүүрийн хаягдал, нутгийн брэндийн илүүдэл, хонины яс, сонины тасархай гээд хогон овоо хойно нь хоцорно. Хогон овоо хаврын салхи, байгалийн араншингаар унаа хийж хотын гудамж руу уулгалан довтлох нь хоржоонтой. Нүүрэн дээр наалдах бургерийн цаас, гуталд нялхийх хамрын шингэн хотын гудамжийг мина булсан талбай, дайны бүс шиг болгож орхих нь бий. Ардчилалыг анархизм болгож, өөрийгөө шүтэх үзлийн хүндэрсэн хэлбэрээр өвчилсөн нөхдүүдийн өнөөдөр "гангарсан" эрх чөлөө нь өчигдөртөө үлдсэн тархиных нь багтаамжийг илтгэх нь лайтай. Тэд эзэн сэтгэлгүй, эрээвэр хураавар дайраад өнгөрөгч, дайсны цэрэг шиг аашлах нь нэн бэрхийг тоочимгүй. Нүүдэлчдийн зан иймсэн үү, нөгөө хандлагын зэрлэгшил юм уу бүү мэд.
Соёлын довтолгоо 2
Өнгөрсөн нийгмийн үед хотын соёл, түүнийг даган мөрдөх дүрэм тийм ч хялбар замаар бий болоогүй. “Соёлын довтолгоо”-ны хоёр дахь шат нь нэгэнт төлөвшсөн соёл хандлагыг боловсрол, гоо зүйгээр ухамсарт нь суулгах ажил хийж эхэлсэн байдаг. Энэ үе шат 1966-1975 оны хооронд өрнөжээ. Хөдөлмөрчдийн ерөнхий боловсрол, техникийн мэдлэгийн түвшнийг ахиулах үүгээрээ соёлтой байдлыг сурталчлан, соёлт нийгмийг бүтээх, соёлт иргэнийг хүмүүжүүлэх чиглэлээр “Соёлын довтолгоо”-г өрнүүлж эхлэв. Хоёр дахь шатны үйл ажиллагаа үзэл суртлын аргаар биш сургалт, боловсролын байгууллагыг түшиглэн явагдсанаараа онцгой байв. Энэ нь нийгмийн соёл нэг шат ахисан байна гэж үзсэнтэй холбоотой. Цаг хугацааны хувьд эдгээр он жилүүд урлаг соёлын хувьд цойлж, уран зохиолчид, яруу найрагчид олноор төрөн гарч соёлт хүнийг дүрслэх өгүүлэмжээр үлгэрлэн дуурайх дүр бүтээж, урлаг соёлын одууд олноор төрөн гарч нийгмийг байлдан дагуулж тэр хэрээрээ соёлыг сурталчлан түгээж байлаа. Нэг үгээр хэлбэл, манлайлагчдын үлгэрлэл том хувь нэмэр оруулж байв. Кино уран бүтээлд цэвэр цэмцгэр хотын зураглал, цэвэрхэн дэгжин хувцасласан ажилчдын зугаалж явааг үзүүлэх хүртэл төр засгийн хэмжээнд бодлого болон яригддаг байсныг ахмад уран бүтээлчид дурссан нь бий. Саяхан нэг нэвтрүүлгээр киноны иймэрхүү хэсгүүдийг албаар зохиомжлон үзүүлж ард түмний тархийг угаах ажил хийж байсан хэмээн буруутгах өнгө аясаар ярьж байсныг санаж байна. Би тухайн тайлбартай санал нийлээгүйгээр үл барам зураглалыг нь соёлын үлгэрлэл гэж үзээд байгаа юм. Тэдний бүтээсэн дүр соёлт хүний хэв маягийн түвшнийг тогтоож өгсөн байх нь. Хүн бахархан шүтдэг хүнийхээ үйл хөдлөл, өмсөх хувцсыг хүртэл даган дуурайдаг араншинтай. Хүний энэ араншин дээр нь дөрөөлөөд соёлыг нэвчүүлэх ажлыг зохион байгуулж байжээ хэмээн бясалган сууна.
Соёлын довтолгоо 3
Хүний бие бялдар, тархины потенциалын хөгжлөөс хайж эхэлсэн соёлт хүний эрлийг Улаанбаатар хотын гудамжинд үргэлжлүүлье. Хотын өнгө үзэмж, гудамж талбайн цардмал зам, байшин, орон сууцны гаднах өнгө төрхөөс ихэд шалтгаална. Хотын цардмал гудамжууд дайраад өнгөрөх нүүдэлчин сэтгэлгээтэй нөхдийн хамрын өтгөн, амны шингэнээ хамжаараггүй чулуудсан нойтон сорвитой. Байшин барилгын өнгөлмөл хананууд хайрын сэтгэлээ илчилсэн, суурин иргэдийн бичээстэй. Хотын соёлыг ясандаа тултал суулгасан суурин иргэншилтэй гаднын иргэдийн нүдэнд манай хот ямар харагддаг бол. Эндээс соёлт хүнийг олох бэрх боллоо. Халаглаж суухаас илүү хэрхэх вэ гэдгээ эхлээд ярилцах ёстой байх.
Монголчууд бид гурван сая гаруй иргэнээсээ олон шахуу олны танил, од, нийгмийн зүтгэлтэнтэй улс даа. Энгийн иргэнийг нь тоолбол гарын арван хуруу ихдэж мэдэхээр. За тэр ёж, егөө үг яах вэ. XX зууны “Соёлын довтолгоо 3”-ыг XXI зуунд үргэлжлүүлье гээд уриалбал хүний эрхэнд халдах гэсэн “Хурган коммунист” болчихдог юм болов уу. Соёлт хүнийг ахин бүтээх тухай тул соёлын салбарын нэр төртэй эрхмүүд оролцвол гэдэг санаа төрөөд байгаа юм. Урлаг соёлоор нөлөөлөх ажлыг сайн дураараа, нийгмийн хариуцлагын хүрээнд хийгээд өгөөсэй. Хийсэн кино бүрд заавал нэг нүцгэн бүсгүй гардаг шиг хотын соёлтой иргэн, нийгмийн нийтлэг дүрмүүдийг шигтгэж өгдөг болмоор санагдана. Зар сурталчилгааны зарчим олон давталттайгаар явж хүний далд ухамсарт суудаг тул, аль болох олон сувгаар, аль болох олон уран бүтээлд оруулаасай.
Хоёр дахь зарчим бол бид нэг дэлхийн иргэд гэдэг агуулга. Гаднын улс оронд бид нэгнээ эх орон нэгт гэдэг. Үүн лүгээ манай хот, миний дүүрэг, амьдран суугаа хороо, алхаж буй гудамжууд минь хэмээх өөриймсөг сэтгэлийг юуны өмнө суулгах. Үндэстний онцлог, өв соёлоо хадгалан уламжилсан хотын иргэдийн эрхэмлэх үнэт зүйлийг бий болгомоор юм уу. Хангарьд байгаа гэх байх. Тэр хотын сүлд. Бид хотын иргэд сайн дураар дагаж мөрддөг, эрхэмлэн дээдэлдэг гараар бичигдээгүй ч сэтгэлээрээ баясан мөрддөг онцгой дүрэмтэй болмоор санагдана. Гаднын иргэд, аялагч жуулчид нийслэл хотоор дайран өнгөрөөд тэр онцгой сонирхолтой дүрэм журмын талаар гайхан ярилцдаг байвал сайн.
Хотын гудамжны хог, эрээн мяраан хаяг, элдэв болохгүй бүхнийг хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр хэнээгээ бартал ярьж байгаа тул тоочих гэсэнгүй товчлоод өнгөрөв.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №003/24630/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна