УИХ-ын гишүүн Б.Баярбаатартай ярилцлаа.
-УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламентын анхны чуулган өндөрлөлөө. Та анх удаа сонгогдож ажилласан гишүүний хувьд намрын чуулганы үр дүнг хэрхэн тодорхойлох вэ?
-Маш үр дүнтэй чуулган болж өндөрлөлөө. Намрын чуулганы дийлэнх хугацаанд бид төсөв хэлэлцсээр таарсан. Монгол Улсын түүхэнд анх удаа Ерөнхийлөгчийн зүгээс төсөвт бүхэлд нь хориг тавьж, УИХ хүлээж авснаар хүчингүй болгосон. Үр дүнд нь хоёр дахиа хэлэлцсэнээр мөн л түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталлаа. Шинээр бүрдсэн парламент стратеги төлөвлөгөөгөө батлахдаа хүний эрхийг дээдэлсэн, хууль эрх зүйн орчиндоо цаг үеийн үнэлгээг тогтмол хийдэг байхаас гадна хуулиас давсан журмуудыг хүчингүй болгохоор тодорхойлсон нь хамгийн том дэвшил. Энэ хүрээнд УИХ-ын даргын захирамжаар 60 орчим Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Хуулийн шинэчлэлийг нэлээд өндөр түвшинд ярьж эхэлсэн нь парламентын ардчиллын хувьд том алхам. Миний хувьд дээрх Ажлын хэсгүүдээс Төрийн албаны төдийгүй Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Хяналт шалгалтын тухай гээд 10-аад Ажлын хэсэгт орж ажиллаж байна.
УИХ-ын зүгээс хоёр жил тутамд хуульд үнэлгээ хийе гэж байгаа юм. Ганцхан жишээ татахад, 1996 онд батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг өнөөдөр 21 дүгээр зуунд мөрдөх ямар ч боломжгүй болоод байна. Гэр бүлийн тухай хуулийг 2000 онд баталсан, өнөөдөр мөн л мөрдөх боломжгүйд хүрсэн. Тиймээс цаг үеийн шаардлагад нийцүүлэн хуулиуддаа үнэлгээ хийж, өөрчилж байх шаардлагатай гэж үзэж байгаа юм. Нөгөөтэйгүүр энэ намрын чуулганы хугацаанд 14 мега төслөөс эхний 2-3-ыг хэрэгжүүлэх боломж, гарцыг хуулиар нээж өглөө. Тухайлбал, Францын “Орано майнинг” компанитай манай “Бадрах энержи” ХХК ураны салбарт хамтарч ажиллах эрхийг УИХ-аас олголоо. Цаашид “Чайна энержи”-гийн боомтын асуудлаас гадна Эрдэнэбүрэн, Эгийн гол усан цахилгаан станц, эрчим хүчний цогц реформ гээд олон томоохон төсөл, хөтөлбөрөө эхлүүлэх, урагшлуулах гарцыг нээснээрээ онцлогтой чуулган болж өнгөрлөө.
-УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлсний ач холбогдол, давуу тал чуулганы хугацаанд хэрхэн ажиглагдав?
-Би ч гэлтгүй нийгэм олон талаас нь хараад эхэлсэн болов уу. 126 гишүүнтэй парламент асуудалд олон ургальч үзлээр хандах юм байна. 126 гишүүнтэй парламентаар аливаа асуудлыг хэлэлцэж батална гэдэг амархан даваа биш болжээ гэдэг нь харагдсан байх. УИХ-ын гишүүдийн тоог олон болгосныг ард иргэд хоёр талаас нь харж байгаа болов уу. Олон хүн гараад ирсэн, олон ургальч үзэл илэрхийлж байгаа нь болж бүтэхгүй тал ихтэй юмуу гэж харж байж болох юм. Нэг талаараа энэ нь илүү сайн. Чимээгүй, урсгалаараа яваад байгаа асуудлын цаана хууль бус, хуудуутай асуудал гарч байдаг. Тэгвэл өнөөдөр 126 гишүүнтэй парламентад ямар ч асуудал чимээгүй явах боломжгүй болсон. Хууль батлах босго хамаагүй өндөр болсон. 126 гишүүний 50 хувь буюу хамгийн багадаа 64 гишүүний оролцоотойгоор хуулийг эцэслэн баталдаг болсон шүү дээ. Өмнө нь бид 76 гишүүнтэй байхад 20 орчим гишүүнээр хуулиа баталчихдаг байсан шүү дээ. 126 гишүүнтэй парламентад мэргэжлийн экспертүүд олноор орж ирсэн. Асуудалд хандаж байгаа хандлага маш их өөрчлөгдсөн, аливаа асуудалд хөндлөнгөөс биш илүү мэргэжлийн түвшинд хандаж шийдвэрээ гаргадаг болсон. Эдийн засаг, хот байгуулалт, эрчим хүчний салбарын экспертүүд олноор орж ирснээр асуудалд илүү чамбай нямбай, цензуртай хандаж байгаа. Энэ бол 126 гишүүнтэй парламентын онцлох давуу тал.
-Таны хувьд шинэ парламентад Ёс зүй, дэгийн байнгын хороог даргалан ажиллаж байна. Намрын чуулганы хугацаанд УИХ-ын гишүүдийн ирц нэлээд олны анхааралд байлаа. Тангараг өргөснөөс хойш чуулгандаа суугаагүй гишүүн ч байлаа. Энэ тухайд Дэгийн хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа гэсэн. Тухайлбал, ямар өөрчлөлт оруулах талаар та мэдээлэл өгнө үү?
-Өнгөрсөн парламентын үед баталсан УИХ-ын тухай хууль, УИХ-ын гишүүний ёс зүйн тухай хууль гэж бий. Энэ хуулиудад УИХ-ын гишүүний ирцтэй холбоотой гурван заалт бий. Сануулах, уучлалт гуйх, цалингийн 20 хувийг хасах гэсэн заалт л бий. Нэгдүгээрт, дэг гэж нэг асуудал бий. 76 гишүүнтэй парламентын баталсан дэгээр өнөөдөр 126 гишүүн явж байгаа. Энэ бол сайн хууль болсон. Тиймээс 126 гишүүнтэй анхны парламент анхдугаар чуулганаараа “Энэ дэгээрээ жил яваад үзье” гэж шийдсэн. Үүний дагуу намрын чуулганы хугацаанд болох, болохгүйгээ харж авлаа. Миний бие хаврын чуулганаар Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Ажлын хэсэг байгуулах тухай хүсэлтээ УИХ-ын даргад гаргахаар зэхэж байна. Ингэснээр ирэх намрын чуулганаар Дэгийн тухай хуульд өөрчлөлт орно гэсэн үг. Жишээлбэл, парламентын гишүүн чуулгандаа ирж, ирцээ бүртгүүлээд гараад явдаг. Чуулганаа таслаагүй юу таслаагүй, гэсэн ч суудал хоосон, санал хураалтаар эсрэг гараад байдаг. Нийтийн эрх ашгийг хангахын тулд парламентаар хуулийн хэлэлцүүлэг өрнөж, шийдвэр гаргаж байдаг. Гэтэл тухайн гишүүн ирсэн атлаа гараад явсан хооронд шийдвэр гарахад нэг гишүүн гарч явснаас болоод санал эсрэг гарах тал бий. Үүнээс болоод тухайн асуудал унах тохиолдол гарвал яах вэ. Цаашид бид үүнийг зохицуулах шаардлагатай. Жишээлбэл, тухайн гишүүн чуулганы танхимаас гарч яваад 30-аас дээш минут болсон бол тасалсанд тооцно гэх мэтээр нарийвчилсан зохицуулалт шаардлагатай гэж үзэж байгаа юм. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүний нэн тэргүүний үүрэг нь чуулгандаа сууж, хууль тогтоох ажил шүү дээ. Гэтэл энэ үүргээ гүйцэтгэхгүй байвал хэрхэхийг бид эргэж харах шаардлагатай гэж үзэж байгаа юм. Монгол Улсын 3.5 сая иргэнийг 126 гишүүн парламентад төлөөлж байгаа. Төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлж буй 126 гишүүн парламентын танхимд хууль тогтоох хүндтэй үүргийг хүлээж байгаа учраас хариуцлагыг давхар ярих ёстой. Жишээлбэл, УИХ-ын гишүүн хил нэвтрэх гэж байгаа бол УИХ-ын даргадаа хандаад заавал мэдэгдэж, чөлөө ч юм уу авч байх ёстой шүү дээ. Гэтэл УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара жишээлбэл, ямар нэгэн байдлаар хэнд ч мэдэгдэлгүй хил давсан учраас Ёс зүй, дэгийн байнгын хорооноос хариуцлага тооцсон жишээ гарсан. Парламентын танхимд УИХ-ын гишүүн болоод ороод ирчихсэн тохиолдолд ухамсар гэж зүйл байх ёстой шүү дээ. Монгол төрийн нэр хүндийн асуудал учраас хариуцлагатай хандах учиртай. Өнөөдөр УИХ-ын нэг гишүүн нэг чуулганы хугацаанд ажлын 40 цагтай тэнцэхүйц хэмжээний таслалттай бол дээр дурдсанчлэн гурван төрлийн хариуцлагын асуудал яригдаж байгаа.
Цаашид үүнийг чангаруулах нөхцөл бололцоо байгаа эсэхийг бид судлах ёстой гэж харж байгаа юм. Парламент бол хамтын шийдвэр. Баярбаатар гэдэг хувь хүн дангаараа хэзээ ч шийдвэр гаргахгүй. Байнгын хорооны 13-14 гишүүн сууж байж, асуудалд нухацтай хандаж, хэлэлцсэний үндсэн дээр Ажлын хэсэг гаргаж байж нөхцөл байдалтай танилцаж шийдвэр гаргадаг учраас хариуцлагын асуудлыг өндөр хэмжээнд ярих ёстой.
-Таны хувьд ирц ямар гарсан бэ?
-Миний ирц 100 хувь, нэг ч удаа таслаагүй. Чуулган, байнгын хорооны хуралдаандаа бүрэн суусан.
-Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргын хувьд танаас энэ асуултыг асууя. Шинэ парламентын анхны чуулганы хугацаанд нэг гишүүний бүрэн эрхийн асуудал хөндөгдлөө. Хөгжлийн банкны хэрэгтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг шүүхээс гэм буруутайд тооцсон шийдвэр гаргаад сар гаруйн хугацаа өнгөрсөн ч эгүүлэн татах эсэх нь тодорхойгүй байгаа нь ямар учиртай юм бэ?
-Энэ бол анх удаа тохиолдож байгаа кейс. УИХ-ын гишүүнээр сонгогдсоных нь дараа шүүхээс шийдвэр гаргасан. Улсын Дээд шүүх шийдвэрээ албажуулах 30 хоногийн хугацаа дууссан, шаардлагатай гэж үзвэл дахин 30 хоногоор сунгадаг. Энэ хугацаа тоологдоод явж байна. 60 хоногтоо багтаан УИХ-ын Тамгын газарт шийдвэрээ албажуулж ирүүлэх байх. Тухайн шийдвэр ирэхдээ эрх зүйн ямар зохицуулалтаар орж ирэхээс бүх зүйл хамаарна. Эгүүлэн тат гэж орж ирэх нь үү эсвэл УИХ-аар хэлэлц гэх нь үү гэдэг чухал. Нөгөө талаас шүүхийн шийдвэр Дээд шүүхээс ирэх үү эсвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас уу гэдэг ч асуудалтай байна. Ямар ч байсан УИХ-д ороод ирсэн тохиолдолд хуульч гишүүд олон талаас нь харж, тайлбарлах байх. УИХ-ын тухай хуулийн 9.1,2,3,4,5 буюу УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой заалтуудыг харах хэрэг гарна. Жишээлбэл, УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдоод шалгагдаж байгаа тохиолдолд прокуророос УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал оруулж ирэх заалт энд хамаарна. УИХ түдгэлзүүлэх эсэх шийдвэрийг гаргадаг. Манайд ийм процесс хэд хэдэн удаа болж байсан. Эсхүл УИХ-ын гишүүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бол хэлэлцээд гэмт хэрэгт холбогдон шийтгэгдсэн бол чөлөөлөх шийдвэрээ гаргадаг. Эдгээр тохиолдолд Төрийн байгуулалтын байнгын хороо дүгнэлт гаргаад УИХ энэ дүгнэлтэд үндэслэн тогтоол баталдаг байсан. Ингээд аваад үзэхээр Д.Цогтбаатар гишүүнтэй холбоотой асуудал нь өөрөө шүүхийн шийдвэрээр гэдэг заалт, хууль байхгүй. Харин гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бол гэдэг заалт л байгаа юм.
-Дээд шүүхийн шийдвэр нэгэнт гарсан. Одоо тогтоол албажиж ирэх эсэх асуудал үлдсэн. Нөгөө талдаа Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд УИХ-д оруулах нь хуулийн хувьд алдаатай гэдэг тайлбар хийх хүн ч байна л даа?
-Миний хувийн байр суурь бол УИХ энэ шийдвэрийг хэлэлцэх эрхгүй гэж харж байгаа юм. Дээд шүүх гэдэг тусдаа засаглал шүү дээ. Эрх зүйт төрийн гурван засаглалын нэг нь хуулийн засаглал. Хэрвээ шүүхийн тогтоолыг парламентаар хэлэлцдэг байх юм бол эрх зүйт төрийн үндсэн шинж чанар алдагдана шүү дээ. Шүүхийн хараат бус байдал цэвэр утгаараа алдагдана. Үндсэн хуулийн зөрчил рүү дагуулах магадлалтай гэж би хувьдаа хараад байгаа юм. Хэрвээ энэ асуудал УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд орж ирвэл миний хувьд уг хэлэлцүүлэгт оролцохгүй.
-Хоёр дахь 30 хоног ирэх сарын дундуур дуусна. Энэ хугацаанд Дээд шүүхийн шийдвэр албажиж УИХ-д ирэхгүй бол хэрхэх вэ?
-Үүнийг шүүхээс асуух хэрэгтэй. Дээд шүүхийн тогтоол гэж хэдэн хуудас, ямар үндэслэл бүхий материал ирэхийг бид мэдэхгүй. Ямар ч байсан шийдвэр албажаад гараад ирвэл бидэнд танилцах эрх үүсэх юм. Харин шүүхийн тухайн шийдвэртэй танилцаагүй байж олны яриа хэлээр парламент асуудалд хандаж болохгүй шүү дээ.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24631/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна