Түрүүч нь №003 дугаарт
Монгол хүний тархи бусдынхаас дордох юм өчүүхэн ч үгүйгээр барахгүй зарим үзүүлэлтээрээ өвөрмөц, хосгүйхэн шинж чанарыг агуулсан байна гэдгийг оюун ухааны чадавхын багтаамж ихтэй эрт эдүгээгийн бүтээл туурвил, түүхэн үйл явдлын шийдлүүд аяндаа харуулж байгаа билээ. Монголчууд дэлхийд өөр хаана ч гараагүй уртын дуу бүтээж түүнээ маш өвөрмөц бөгөөд суут гэмээр эгэл жирийн бүтэцтэй морин хуураар тоглодог. Монголчууд дэлхийд ижилгүй баатарлаг туульсын бүхэл бүтэн цувралыг (Гэсэр, Жангар, Нууц товчоо) бүтээж түүнээ товшуурын эгшигт хонон өнжин цуцалтгүй хайлдаг. Монгол туургатны их гэр бүлийн баруун жигүүрт багтдаг Хяргасууд (Киргиз) Хяргас нуурын хөвөөгөөр нутаглаж байхдаа зохиосон арт "Манас" туульсын хэдэн мянган шад шүлгийг туульч Саякпай Караллаев цээжээр өнжин хонон хайлдаг бол баруун Монголын алдарт туульч Мандиханы Парчин "Дайны хүрэл", "Чингэл" гэхчилэн олон арван туулийг мөн л адилхан долоо хоногоор ч хамаагүй хайлдаг байв. Урианханы "Маадай Хар", овгийнхны "Нартын туульс" гээд тоочоод байвал эрт дивангарын цагт монгол хүний тархины багтаамж одоогийн компьютер шиг байжээ.
МЭЛМИЙ
Хүний оюун ухааны эрдэнэсийн сан, үйл ажиллагааны удирдлагын төв, шинжлэн оношлох, бодож боловсруулах, дүгнэж шийдвэрлэх жанжин голомт болох уураг тархины хаалттай халдашгүй битүүлэг байранд гэрэл нэвтрэх хоёрхон жижиг цонх байдаг. Түүнийг энгийн цагт нүд гэж эрхэмлэх цагт мэлмий хэмээн өргөмжилдөг. Хорвоо ертөнц шиг бөөрөнхий толгойн маань чанх урд нүүрэнд эн тэнцүү байрласан хоёр мэлмийг бол хүн төрөлтөн биднээс гадаад орчлонг тольдон харах шидэт цонх минь билээ. Ерийн цонх биш үнэхээр шидэт цонх гэдгийг хэн ч үгүйсгэх аргагүй юм. Учир нь, энэхүү тормолзсон хоёр алаг нүдээрээ дамжуулан хүн гэдэг амьтан таньж мэдэх, сурч соёлжих, харилцаж ойлголцох, ханилж нөхөрлөх бүх төрлийн мэдээллийнхээ ерэн хувийг олж авдаг байна. Эрхийн чинээ жижигхэн энэ хоёр алаг нүдний ачаар хүн орчлонг таньж өөрийгөө таниулж, гайхамшгийг бүтээдэг байна. Өөрөөр хэлбэл, танин мэдэх, бүтээж туурвих, хөгжин дэвшихийн үндсэн хэрэглүүр,шидэт дуран бол нүд мөн.
Мэлмий маань хүн хүнд ижил мэт боловч өнгөөрөө таван янзаар ялгарч хар нүдэн, цэнхэр нүдэн, ногоон нүдэн, хонин бор нүдэн, зэгэл саарал нүдэн хэмээн яригддагаас гадна таван давхар бүрхэвчтэй мянга гаруй хүлээн авагчтай маш нарийн бүтэц бүхий нандин эрхтэн гэдгийг эмч нараас өөр хүн төдийлөн сайн мэддэг гэхэд эргэлзээтэй ажээ. Мэддэг байсан сан бол хүн амын ялангуяа хотын иргэдийн гурав дахь хүн бүр нь хараа муутай, мэлмий гажигтай болчихгүй сэн билээ. Монголчууд энэ зууны эхэн үед хурц нүдтэйгээрээ гайхагдаж байсан юм. Гэвч өнөөдөр нүдний гэгээ муутай үндэстний тоо н бүртгэлд орж байна. Богинохон хугацаанд мэлмийгээ гамгүй эдэлсний балгийг таньж шинэ зуунд шил зүүгчид цөөхөн байгаасай гэсэн бодлын улмаас "мэлмий" хэмээх энэхүү нийтлэлийг бичсэн байна....
"Нүгэл чиг нүглээс айсангүй
Нүдний чинь хөөрхөнд арга ч үгүй даслаа даа" гэж дуулдаг монголчуудын гоо сайхны баримжаа нь "Мойл хар нүд" мөнөөс мөн. Хар нүд гэрэл шингээх эс нь (хромотофор) хамгийн зузаан давхаргатай байдаг бол дараа нь бор нүд тэгээд цэнхэр нүд болон зэгэл нүдтэн ордог ажээ. Гэрлээс хамгаалах давхаргаараа хар нүдтэн их нартай, хурц гэрэлтэй орчинд амьдрах чадвар сайтай гэх тул гайхуулмаар чанар боловч цэнхэр нүдтэнд байгаль өөр нэгэн давуу чанар олгожээ. Цэгээн өнгийн нүдтэнүүд нарны болон ер нь хурц гэрэлд таагүй учраас нойр муудах, зүрх судасны эмгэг авах гэхчилэн гэм согог гардаг ажээ.
●●●
Мэлмий бол хүний бие дотор гадна талаас гэрэл нэвтрэх ганцхан хос цонх учир түүгээр дамжуулан авсан гэрлээ уураг тархи боловсруулалтад оруулдаг. Цэнхэр ногоон юм уу зэгэл өнгийн нүдтэнүүдийн уураг тархи, хар нүдтэнүүдийхээс зарим талаар илүү идэвхтэй байдгийн шалтгаан бол нүдний өнгөтэй холбоотой болохыг эрдэмтэд тооцоолон тогтоожээ.
Нөгөөтэйгүүр дотор эрхтний нэгэнд гажиг сууваас тэр нь тархинд мэдээ өгдөг бөгөөд тархи цааш нь нүдний солонгон бүрхэвчийн зохих цэгт дамжуулдаг байна. Тийм дохио авсан солонгон бүрхэвчийн өнгө баригч эс нь тэр эрхтэнд шууд хамаарах "хөшгөө" гэрэл илүү авхуулахаар үл ялиг нээдэг ажээ. Тийнхүү солонгон бүрхэвчийн тэр хавьд өнгө нь өөрчлөгддөг байна. Өөрөөр хэлбэл, нүдний маань солонгон бүрхэвчийн янз бүрийн толбо, пэлдэн, цагаа унах өөрчлөлт орох нь дотор эрхтний зүгээс тусламж эрсэн дохио юм гэж үздэг ажээ.
●●●
Мэлмийгээр нэвтрэх болон гарах гэрэл бол хүний бие махбодын хувьд их хотын замын хөдөлгөөний гэрлэн дохионоос ч чухал зохицуулагч юм. Нүдээр дамжин дотогш орсон гэрлийг тархи дотор эрхтнүүдэд ногдох шаардлагатай хувь хэмжээгээр нь хуваан түгээдэг байна. Хэрвээ гэрэл дутах юм уу илүүдвэл мөнөөх эрхтэнд гэм болж хувирна. Мэлмийгээр ордог гэрлийн хэмжээнээс нүүрийн хэв маань хамаардаг гэдгийг бид гадарлахгүй мэт явдаг билээ. Тэгвэл нарлаг өмнө зүгийн хүмүүс хавтгай духтай, жартгар нүдтэй, шигүү хөмсөгтэй байдаг нь их гэрлийнх. Өрнөдийн хүмүүс том нүдтэй гонзгой царайтай байдаг нь гэрэл дутмагийнх ажээ. Нүдний солонгон бүрхэвчид гэрлээр нөлөөлж хүний дотор эрхтний өвчин эмгэгийг анагааж болно гэсэн таамаглал онолын хувьд боломжтой юм.
●●●
Мэлмий буюу нүд гэдэг маань гаднаасаа бидэнд хүн бүрд тун сайн танил боловч дотроо юу агуулсан ямар гээчийн төрх төлөвтэй эрхтэн, яахаараа мууддаг, яахаараа эрүүл байдгийг нэг их анзаардаг хүн тун ховор санагдана. Тэгвэл одоо үед хөнгөн зөвтэй эрхтэн, яахаараа мууддаг, яахаараа эрүүл баялгийг нэг их анзаардаг хүн ховор санагдана. Нүд нь биднийг гэгээрүүлэгч хос дэнлүү учир байнга хайрлан хамгаалах нь яах аргагүй зөв санагдана.
●●●
Нүд гэдэг бол таван давхар бүрхэвчтэй эмзэг нарийн эрхтэн. Хамгийн гадуур хатуу бүрхэвч, түүний дараа торон бүрхэвч, тэгээд судаст бүрхэвч, улмаар эвэрлэг бүрхэвч, солонгон бүрхэвч байх бөгөөд торон бүрхэвч гэдэг нь гэрэл мэдрэх чадвартай савханцар, лонхонцроос бүрэлдэнэ. Мөн тархинд мэдээлэл дамжуулах эсүүд тор мэт салбарлан байрлажээ. Нүдний цэцгийг дамжсан гэрэл эсүүдэд очно. Ердөө л 24-хөн миллиметр бяцхан бөмбөлөг болох нүдийг бүр гадна талаас нь хамгаалах халхлах үүргийг аньсага, сормуус хамгаална. Олон давхар хуяг дуулгатай мөртлөө нүд гэмтэх нь амархан билээ. Хүний нүд өнгө ялгах чадвараараа 400-700 нанометрийн хэлбэлзэлтэй гэрлийг мэдэрдэг бол хорхой шавжийн нүд 400-аас доош нанометрийн гэрлийн хэлбэлзлийг ялган мэдрэх чадвартай буюу хэт ягаан туяаг мэдэрдэг байна. Тэгэхлээр хүний нүд нь хэт ягаан туяаг мэдрэхгүй гэхэд болно.
●●●
Мэлмий хэмээн өргөмжилдөг нүд маань их дээр үед буюу балар эртний цагт ховсдох чадалтай байсан гэдэг билээ. Могой нүдээрээ ховсдож болжмор юм уу хулганыг яг зогсоож улмаар өөртөө ойртуулан сордог нь харцны ховс юм. Болжмор шувуу могойд ховсдуулахдаа агаарт тогтон хаашаа ч нисэж чадахгүй ээрэгдэн дэрвэж байсаар аманд нь унадаг бөгөөд түүнийг аврахын тулд хоорондуур нь ямар нэгэн юм шидэхэд аль алин нь эгц ширтэлцсэн харцаа алдаж болжмор ч өөр тийш нисэн одох боломж олдог байна. Яг түүн шиг эрт урьдын цагт хүн харцаараа амьтдыг ховсдохоор барахгүй егүүтгэж чаддаг байжээ. Түүний ул мөр нь ярианы хэлэнд ч үлдэн хоцорсон байдаг. "Ширүүн харцтай хүн" гэх юм уу «хорон нүдтэй хүн» гэсэн ойлголт бол нүдээр ховсдохын дүр төрхийг илтгэж байгаа үгc юм. Ширүүн харц бол хүнд нэг л тааламжгүй сэтгэл төрүүлдэг эвгүй санагдуулдаг хор юм. Түүн шиг "хорон нүдтэй хүн" гэдэг нь харсан юмаа хоролдог байжээ. Гэхдээ сүүлийн үед утга нь шилжиж их ажигч гярхай хүнийг ч "хорон нүдтэй" гэдэг болжээ.
●●●
Хүний нүд гэдэг хүний бие, уураг тархинд гаднаас шууд гэрэл нэвтэрч болох цорын ганц сүв гэдэг нь ойлгомжтой. Яг тэрчлэнгээр хүний тархины дотоод орчноос гадагш эрчим хүч эсвэл гэрэл дохио гадагшаа хэлбэрт булчирхайн байрлал нь хоёр нүдний дунд хөмсөгнүүдийн уулзвар тушаа болоод эсрэг үүнийгээ нүдээр дамжуулан гадагш харвах тогтолцоотой байдаг ажээ. Тийнхүү эерэг эрчим хүч ч эсрэг эрчим хүч ч ялгаагүй аль аль нь нүдээр дамжин гадагш гарч хүний нүдний харц туссан тэр цэг рүү шууд чиглэн галт шилний гэрлийн солбилцоо таарч юмыг түлдэг шиг цоргидог байна. Тийм болохоор "харцаараа цоргих цоргих мэт харцтай" гэж ярьдаг нь хоосон гоё үг биш тун ч учир холбогдолтой зүйл ажээ. Цоргих мэт төвлөрсөн харцны хүч нь юманд төвлөрөхөөрөө нэг бол ховсдох чадвартай болдог эсвэл хөнөөх балмагдуулахад ч хүргэж улмаар хор хүргэж чадах ажээ. Гэхдээ тэрхүү онцгой эрчим хүч нь гол төлөв нүдээр дамжин бусдын тархинд нөлөөгөө тусгана. Түүнээс биш харсан болгонд нөлөөлөх юм гэж ойлгох нь ташаа болно.
●●●
Нүд хэмээх гайхамшигт эрдэнэ хүн бүрийд ав адилхан олдсон төдийгүй насан туршид нь хэмжээ баримжаа алдахгүй болор цэцгийтэй заяажээ. Түүнийгээ эрхэмлэж, дээдэлж бас ид шидийг нь бүрэн дүүрэн гаргаж байх нь ёстой нүдтэй болгоны "эзэн хичээхээс" хамаарч байна. Сүүлийн жилүүдэд Монголын хүн амын залуу хэсгийн дийлэнх нь нүдний хараа юм уу нүдний гэгээгээр тааруухан болж байгаа нь юуны урь жаргалдаа ташуурсных гэлтэй. Чихэрлэг зүйл цусанд нь ихэссэнээс залуучуудын олонх нь харалган болох замд орж байна. Чихэрлэгийн хөнөөл зөвхөн шүдэнд халтай мэт өнгөц ойлгосон эцэг эхчүүд нялхсыг эрхлүүлэн доройтуулж амь насанд нь алсдаа муугаар нөлөөлөх төлөвтэй болоод байгааг Л.Түдэв үнэн мөнөөр нь өгүүлсэн байна. Энэ нийтлэлийг уншаад тахал болж мэдэх энэ аюулаас холдон зайлахыг зөвлөе.
Хамар
(Хүн төрөлхтний мартсан хэл)
Хүн гэдэг амьтан эрт дээр үед амаараа биш хамраараа ярьдаг байсан байна. Харанхуй түүхийн балар эртийн цагт хамар, ам хоёр албан үүргээ сольчихжээ. Ингэж ярихад үлгэр домог, зохиомол зүйл шиг санагдахаар барахгүй үнэмших аргагүй билээ. Гэвч амаараа биш хамраараа ярьдаг байсан нь маргах аргагүй үнэн юм гэдгийг шинжлэх ухаан нэгэнт нотолж чадлаа. Яг хэдийд хамраараа ярихыг больж амаараа ярьдаг болсон бэ гэдгийг ч барагцаалан тогтоож болохоор болов. Миний олон жилийн бясалгал, олон номын мэдээллээр олж авсан баримтуудаар шүүж үзвээс хүн босоо явдаг болсон тэр цагаас л хамраар биш амаар ярих эрин эхэлсэн байж таарна. Хомо саапиенс буюу ухаалаг гэгдэхээсээ өмнө хүн хомо эректус буюу босоо явдаг хүн болсон нь гарцаагүй. Босоо явж сураагүй нөхцөлд гар буюу урд хоёр мөч нь чөлөөлөгдөх аргагүй байсан. Ертөнцийн бүх дөрвөн мөчтөний нэгэн адил хүн мөн л дээр цагт дөрвөн хөллөн явдаг байсан нь мэдээж. Аажмаар хойд хоёр хөл дээрээ өндийсөөр нэг л мэдэхэд хүн босоо явдаг болж улмаар хэрэгцээ нь багассан урд хоёр хөлөө гар болтол нь дасгалжуулан хөдөлмөрийн чадвар олж авсан. Хүнийг хөдөлмөр бий болгосон гэдэг.
●●●
Тэгэхээр гар болон хувирсан урд хоёр мөч хөдөлмөр хийх урьдач нөхцөлийг хангасан тул хүнийг гар нь буй болгосон гэхэд дэгсдэхгүй үг юм. Хойд хоёр хөл нь аргуур эрхтний үүргийг дагнаж, урьд хоёр хөл буюу мөч нь түлхүүр эрхтэн маягаар хувиран өөрчлөгдөж боловсронгуй болон болсоор өдгөө, зурвал Леонардо да Винчи, хөгжимдвөл Никола Паганини, урлавал Занабазар шиг ид шидтэй эрхтний зэрэгт хүрчээ.
●●●
Гэхдээ нэг том эрдэнээ хүн босоо явах болсны уршгаар гээсэн. Тэрийг гээмэгц эрт цагийнхаа эрдэм авьяасын нэгийг хамт гээсэн. Одоо тэр эргэж заяахаа нэгэнт өнгөрчээ.
Босоо явах болсноор хүн мэдрэхүйн таван чадлынхаа гол нэгийг гээжээ. Тэр нь юу вэ гэвэл хамар! Босоо явдаг болсны балгаар хүн хамраасаа хагацсан. Ингэж ярихад үнэмшихгүй байж болно. Яагаад гэвэл хүн болгон хамартай хэвээрээ байгаа. Тэгэхээр гээгдсэн юм алга. Хамар байдгаараа л байж байна. Гэвч байз! Олон жилийн турш ханын толгойд өлгөөтэй цахиур буу зэв тортогт идэгдэж юм онохоо больдог шиг олон сая жилээр ажил багатай байсан хамар мөн л юмны үнэр ялгах чадвараа аажмаар гээдэг нь нотлогджээ. Дөрвөн хөллөөд явдаг байхдаа хүний хамар газарт тун ойрхон, ер нь тохой хэрийн зайд байжээ. Босоо явдаг болмогц эх газраасаа доод зах нь алд илүү хэмжээнд холджээ. Ийнхүү холдмогц газарт ургадаг олон төрлийн ургамал болон газар дээр байдаг бусад юмсын үнэрийг ойроос биш их холоос авахаас аргагүй болсон ажээ. Үнэр бол тархамтгай чанартай, орон зай ихсэх, холдох тусам замхарч сулардаг ёсоор тохой хэрийн зайнд нэг өөр (илүү хүчтэй) хоёр алдын зайнд бас нэг өөр (манарч сулардаг) мэдрэгддэг байна. Хүн дөрвөн хөллөн явдаг үедээ хамар нь чононыхтой нэгэн адил их мэдрэмтгий, хурц соргог эрхтэн байсан нь мэдээж. Чоно ч ялгаагүй хаяглаж, заримдаа сарьдаг нь маш нарийн учиртай зүйл юм. Өөрөөр хэлбэл чоно, нохой хамрынхаа хурц мэдрэмжээр үнэр авч мэдээлэл цуглуулдаг бүр нарийвчлан үлгэрлэвээс ном сонин уншиж байгаагаас дутахгүй их мэдээллийг хамраараа авдаг байна. Харин хүн одоо тэгж чадахаа байсан. Хамар нь олон зуун мянган жилийн туршид ажилгүйдсээр бараг хэрэгцээгүй шахам эрхтэн болжээ. Хүний ч, амьтны ч ялгаагүй хамар нь хоёр сувагтай төрдөг бөгөөд нэг нь заарын нөгөө нь үнэрийн суваг юм. Хүнийх болохоор одоо заарын (феромон) суваг нь эхээс төрмөгцөө хатангаршдаг болжээ. Тэгвэл бусад амьтных тэгдэггүй бөгөөд хоёр суваг ижилхэн ажилладаг аж. Тийм болохоор заарын сувгийг мухар олгойн нэгэн адил Якобсоны илүүдэл эрхтэн гэж эмнэлгийн ухаанд томьёолдог болсон байна. Хэдийгээр тэр суваг хатангаршдаг боловч үндсэн үүрэг нь бүрмөсөн үгүй болоогүй гэдэг. Тэр суваг нарийссан нь түүгээр дамжиж уураг тархинд очих мэдээллийг ихээхэн хомсдуулж наад зах нь хүмүүсийн хайр сэтгэлийн илч хөрөх, үргүй болох, гоонь амьдрах зэрэг олон төрлийн бэрхшээл үзэхэд хүргэдэг байна.
●●●
Хүн эх газраасаа хоёр метр холдон хөндийрч босоо явах болсноор үнэрлэх эрхтнийхээ хоёр сувгийн нэгийг хатангаршуулж нөгөөг нь ихээхэн мохоо болгох нөхцөлийг бүрдүүлсэн ажээ. Он жилийн уртад хүний үнэрлэх ген ихээхэн алмайрсныг Францын эрдэмтэд нарийвчлан судлаад гаргасан дүгнэлт нь гэвэл "Хүн хувьсал өөрчлөлтийн урт замд үнэрлэх эрхтнийхээ генийн 72 хувийг бараг ажилгүй болгожээ". Одоо тэгээд хүмүүс бидний хамар нь монхор, навтгар, хянга, налбагараасаа хамаарахгүйгээр ердөө л 28 хувийн ажиллагаатай хэлбэрийн төдий эрхтэн болжээ. Хамраар дамжуулж мэдээлэл авдаг байсан уураг тархины үнэр хүлээн авч боловсруулах чадвар мөн л төдийчинээ суларчээ гэсэн үг юм. Үнэрлэх эрхтэн мохсоныг гэрчлэх хамгийн тод баримт гэвэл аль ч хэлэнд үнэрийг тодорхойлох үгсийн сан тун ядуу байдаг атал өнгө мах үгс хамаагүй олон юм. Ямар ямар үнэр байдаг вэ гэхэд шууд нэрлэх ганцхан үг бол/ өмхий/гэхээс өөр нэр хомс юм.
●●●
Хүн ус уулгүйгээр ч юм уу эсвэл хоол идэхгүйгээр нэлээн хэд хоног тэснэ. Харин агаар амьсгалахгүйгээр хэдхэн минутын дотор амиа алддаг. Тэгээд ч зарим хүн нас баржээ гэхийн оронд дотор гал хураажээ гэж ярьдаг. Амьсгал авах гол суваг маань хамар. "Хэрвээ та амаараа амьсгалж байгаа бол хамраараа хоолоо Идэх гээд үз" гэсэн үг байна. Зориулалтыг өөрчлөх аргагүй ганц эрхтэн бол хамар болой. Гэтэл хүмүүс хамраа нэг их тоодог гэж үү. "Хүн өөрийн нүдийг яаж ашигладаг шигээ хамраа мөн тийм өргөнөөр ашиглах цаг болсон юм уу гэж бодогдох юм" хэмээн Ван Ловерн хэлсэн бол "Дуу авиа, дүрснээс илүүтэйгээр үнэр нь сэтгэлийн утсыг дуугаргадаг эд юм" гэж Р.Киплинг бичжээ. Хоёулаа мэргэн бөгөөд оновчтой бас шинэлэг үг шиг санагдана. Гэвч балар эрт цагт нүд нь үзэж амжаагүй байхад хамар нь мэдэрч аливаа аюулаас хүн өөрийгөө аварч байсан. Уулын цаана гарч буй хэншүү нүдэнд харагдахгүй атлаа хамарт мэдрэгддэг шүү дээ. Тийнхүү үнэр гэдэг бол дэгдэмхий чанартай барамнас маягийн зүйл тул хол ч явна, нүх сүв болгоноор нэвтэрч чадна. Үнэр бол хүний сэтгэлийг тэнийлгэж ч чадна, бухимдуулж ч дөнгөнө. Цэцгийн үнэр анхилаад байхад хүн уурлахгүй мөртөө өмхий тавиад байвал бухимдан уурлах нь мэдээж юм.
Р.Буянжаргал
/ШУА-ийн Судалгааны хүрээлэнгийн профессор, судлаач/
Эх сурвалж: Л.Түдэв “Үгэн шуурга” шилдэг эсээ - 1 (153,174,182,189)
Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24631/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна