-Д.СҮХБААТАР СУДЛАЛЫН ҮР ДҮНГЭЭС ТОВЧ ТОЙМЛОН ӨГҮҮЛЭХ НЬ-
Монголын ард түмний удирдагч Дамдины Сүхбаатарын мэндэлсний 132 жилийн ой тохиож байна. Мөн Д.Сүхбаатар судлал үүсэж хөгжсөний 101 жилийн ой болж байгаа билээ. Учир нь Д.Сүхбаатарыг таалал төгссөн үеэс түүний намтрыг бичүүлэх асуудал тавигдаж, 1923 онд МАН-ын II Их хурлын шийдвэрээр Д.Сүхбаатарын намтрыг жанжин Данзангаар бичүүлэхээр болж, Данзан, Д.Сүхбаатарын ах Д.Дэндэв, эрдэмтэн Ж.Цэвээн нартай хамтарч товч намтрыг бичсэн гэж үздэг аж. Энэ нь эдүгээ Үндэсний төв архивын сан хөмрөгт хадаглагдаж байгаа хэдий ч, олонх эрдэмтэн судлаачийн үзэж байгаагаар, С.Данзан анх Д.Сүхбаатарын намтрыг бичсэн бус, харин ах Дэндэв нь бичиж үлдээжээ.
Д.Сүхбаатар баримт бичгүүд (УБ.,1983 он) эмхэтгэлд, Д.Сүхбаатарын намтрыг бичих тухай албан бичиг багтсаныг эш татвал: 1923 оны VI сарын 27. Судар бичгийн хүрээлэнгээс Жанжин Сүхбаатар агсны хөвгүүн Галсандэндэвт хуудас илгээв. Явуулах учир, эдүгээ Засгийн газраас жанжин Сүхбаатар агсны гавьяа зүтгэлийг илэрхийлэн түүх дэвтэр зохион хэвлүүлж тараах явдлыг Судар бичгийн хүрээлэнгээс эрхлэн гүйцэтгүүлье хэмээн 405 тоот хуудсаар тушааж ирсэн.
Үүнд хянавал, харьяат улсын доторх онц гавьяатны гавьяаг илэрхийлэх зэрэг явдлыг манай хүрээлэнгийн эрхлэн гүйцэтгэх нь зүй мөн бөгөөд гагцхүү түүний явсан гавьяа бүхий хэргийн нарийн учрыг манай хүрээлэнгийн газраа ер байцаах тэмдэггүй бөгөөд зүй нь тэр хэрэгт хамт явагчдаас тодорхойлуулахаас өөр аргагүйн дээр бас ч гавьяа зүтгэлийг илэрхийлэх хэрэг гагцхүү жанжин Сүхбаатар агсны төдий биш, хамт явагчдын гавьяа ба эндэгдлийг нэгэн адил илэрхийлэн гаргаж, түүх дэвтэрт үлдээн хоцроовоос зохих тул үүнийг жанжин Данзан, түшмэл Цэдэн-Иш, Чойбалсан, Догсом, цэргийн лам Лосолжамц нарт тус тус явуулаад хянан үзэж, жанжин Сүхбаатар агсны бие харьяат улсын хэрэгт зүтгэн явсан явдлыг урьдаар тодорхойлон гаргаж, манай Судар бичгийн хүрээлэнд бичиг илгээн ирүүлээд хянан үзэж, гавьяа зүтгэлийг илэрхийлэн зохион бичиж, зохих газар мэдүүлэх ба түүх бичигт үлдээн хоцроож тараахад бэлтгүүлэх ажаамуу хэмээхээс гадна бусад явдлыг дараа, дараагаар тодорхойлон ирүүлэх зэрэг явдлыг нэгэн адил гүйцэтгэх ажаамуу. Үүнийг нэгэнтэйгүүр жанжин Сүхбаатар агсны хөвгүүн Галсандэндэвт мэдэгдэн явуулсугай. Үүний тул хуудас илгээв (1:264) гэжээ. Ер нь яагаад С.Данзангаар Д.Сүхбаатарын намтрыг бичүүлэх болсны учир холбогдол нь анх Д.Сүхбаатарыг Жамьян багш нь Данзангийн тэргүүлж байсан нууц бүлэгт тав дахь гишүүн нь болгож оруулснаас эхлээд, 1920 онд Д.Сүхбаатар, Д.Догсом, Д.Лосол нар Зөвлөлт Орос улсад явахын өмнөхөн Д.Сүхбаатар нь гэрээ зараад, гэргий, хөвгүүн хоёртойгоо Данзангийн пинд түр толгой хоргодож байсан, Д.Сүхбаатарын хамгийн дотно, итгэлт хүн бол Данзан байсан учраас түүнийг ор гарсан жанжны албан тушаалд тохоон томилсон, тэгээд ч Данзан хэлэхдээ "Сүхбаатар бид хоёр нэгэн эхийн ихэр хурга мэт ойр дотно нөхөд байлаа" гэжээ. Энэ талаар ахмад эрдэмтэн З.Лонжид (2:29-35) тодорхой бичсэн байдаг. Харин С.Данзан ажил ихтэй, завгүй байсан уу, аль эсвэл элдэв хэл үгэнд их жанжныг оруулахаас цааргалсан уу, Д.Сүхбаатарын намтрыг сайн мэдэж байсан хэдий ч бичиж амжсангүй бололтой. Харин Х.Чойбалсан Зөвлөлт Орос улсад суралцахаар явж, дээр дурдсан 2-3 хүн товч мэдээ сэлт нэмэрлэх төдий, хамгийн гол хүн болох ах Дэндэв нь шууд бичиж эхэлсэн бололтой.
"Жанжин Сүхбаатар агсны явдлыг түүний ах Дэндэв миний бие, товчлон илтгэж өгүүлэх нь:
Урьд үед Сэцэн хаан аймгийн Ёст хошууны ард овгийн хар Дамдин гэгч хүн, эхнэр Хандтай нас залуудаа их Хүрээний газар ирж, энгийн аж төрөн сууж бүхийд, ахмад хөвгүүн Дэндэвийг төрсөн дараа, хоёрдугаар хөвгүүн Ранзан төрөөд, хоёр настай балчир бүхийд, эх бас бие шалтгаантай болон түүнээс хойш сар гүйцээд төрсөн гуравдугаар хөвгүүнийг Сүхбаатар гэж нэрийдэж, өсгөн хүмүүжүүлсээр үг хэлэлцэн төсөөлснөөс хойш цэцэн ухаантай, эцэг эхдээ элбэрэлтэй, ахасдаа дүүч, нөхөр ханьд бат, олон нийтэд эелдэг найртай, ер ихийг эс бялдуучлан, адилдаа атаархах ба дордсыг огтхон ч дарлах явдалгүй, эрс тэс шударга ариун, сурахад дуртай, ялангуяа цэргийн үйл явдалд бахтай, маш санаа шамдан суралцахыг хичээхийн дээр, хүүхэдтэй наадах бүр, өөрөө баатар жанжин гэж төв суурийг эзлэн бусдаа жигүүрлэн жагсааж ямагт байлдах дайтах зэрэг үйлсийг хэлэлцэх бүлгээ. Дараа эрч хүчтэй болмогц, нэн гавшгай шаламгай болон бүхий үед автономит Засгийн газраас гадаад улсаас сургагчийг урьж, цэргийн алив давших улирах, орох эсэх зэрэг олон зүйлийн сургуулийн албанд оруулан үйлдүүлэхэд оролцох нь маш хурдан, олноос шалгаран эн тэргүүнд болж нэр гарсан төдийгүй, морин сургуульд боловсорсон нь үнэхээр гайхамшигтай, илбэ ба цахилгааны адил бөгөөд түүний бие, мөн тэрхүү засгийн үед зүүн хязгаарт халдахаар ирсэн дайсныг орос Васильев нарын хамт дайлаар очиж, онц шаламгайлан байлдаж хядан сөнөөж явсныг одоо бүхий буриад Юмтаров, монгол түшмэл "махан" гэдэг Чулуун нар тодорхой мэднэ. Дараа бас баруун өмнө хязгаарт нэгэн удаа дайлаар мордож, мөн дайсныг хядан сөнөөж явсны тухайд хамт явсан Хатанбаатарын хошууны Ванчинбазар мэдэх ба энэ зэрэг гавьяанд тэргүүн зэрэг жинс, тогосын отго шагнагдсан боловч, дүү Сүхбаатар угаас автономит Засгийн эзэрхэг харгисыг өшин жигшиж уурсан, халах аргыг хараахан Дэндэв надтай зөвлөх бүрд хэдий эрдэм чадалгүй мунхаг буурай боловч түүний саналыг дагалдан зөвшөөрч хичээн явсаар эцэст огоот санаа шулуудаж хэдэн нөхөдтэй зөвлөн тогтоод, мөн ишийг олж хувьсгалын хэргийг үүсгэхээр нам болон гарсан хирд орос цагаан намын барон Унгерн нар нийслэл Хүрээг эзэрхэн түйвээж алах, аврахын ёс зүйг бодохгүй, цөм тэдний санааны эрх дураар явж бүхийн үе манай намын ардын ураг төрлийг хүйс тэмтэрч арилгана гэдэг чимээг сонсож, Дэндэв миний бие, эх Ханд нартай айн бачимдаж дэлбэрэх бөмбөг дөрөв, хурдан буу хоёрыг авч дүү хүргэн Даш, тагнуулд ирсэн одоо тушаалын жанжин Чойбалсан нарын хамт Хиагт зүг буруулан гарч арайхан гэж амьд хүрээд бөмбөг зэвсгийг ардын цэрэгт хүргэж өгөв. Хиагт дахь гамин цэргийг хядаж үлдэн хөөх зэрэг хир чадахаар хүчин туслалцан явсныг мөн Чойбалсан нар мэднэ. Бас тэр тухай дүү Сүхбаатар, Хиагтын баруун Буур харуулын өмнөд этгээд Орхон голын бургасанд гамин цэрэг нэгэн зуун далаад хүн бүгж бүхийг лавтлан мэдээд, сэмхнээр тэдний ар этгээдэд пулемёт буугийн хэдэн цэргийг бүгшүүлэн илгээгээд, өөрийн бие арга хэрэглэн өчүүхэн төдий галирасхийхгүйгээр гагцаар шууд довтлон очиж, тэрхүү гамин цэргийн ноёнтой учирч урьхнаар хуурмаглан байлдах болзоо хэлэлцэж тогтоод буцагч болон гэнэдүүлж, гэнэт тэмдэг буу тавьж, хувийн элссэн цөөн цэргийг удирдан оруулж, өмнө, хойноос хавсран шаламгайлан байлдаж цөм хядан арилгахад үлдсэн ганц хүн голын мөсний хөндийд нуун орсныг мэдээд шууд довтлон хүрч, барьсан буугаар жанчин алаад усыг бузарлана гэж түүний цуст үхдэлийг чирэн гаргаж хаясан зүйл бүхийг үзвэл, уртыг бодох уудам ухаантай нь тийм илэрхийгээр үл барам, түм илүү гамин цэрэг Хүрээг эзэлсэн цаг ба барон Унгерн гэнэдүүлэн эзэлж албадан, олонхийн санааг дагуулан урвуулж хань нөхөр олдохгүй болон хараахан шахамдан цухалдаж бүхий цагт огтхон ч мятарч айх ба зовох зүдэхийг үл бодон хорсон занаж, чин зоригийг бариад нэгэн сэтгэлээр амиа тавьж явсаар гавьяа бүтээж, улс төрийг мандуулаад... сая санаа амран түр суух завсар санамсаргүй гэнэт хүнд өвчин хүрч, сайтар засуулбал сайнаар илаар болон чадсангүй, олноо өргөгдсөний арван гуравдугаар он хаврын эхэнд нэгэнт үгүй болов. Хорин есөн настай, үнэхээрийн гашуудан гомдож барахгүй, одоо... үгүй болсон хөөрхий дүүгийн явдлыг товчилж, оюуны хирээр илтгэв. Энэ зэрэг явдлын үүсэл төгсийг одоо Ардын намын олон нөхөд бүгдээр тодорхой мэдэх тул элдэв зүйлийг нуршихыг хэмнэж, гагцхүү гашуудал ба эрмэлзэх болхи шүлэг мэтийг эвлүүлэн сүүлд бичив.
Эрдэнэт биеийг олж цэцэн ухаантай төрөөд
Элдэв зүйлийн авьяас үзэл нь төөрөгдөхгүйгээр аж.
Эрчилмэгцэр чадал бүрдэж зүтгэн явсаар их төрийг мандуулан
Эрх чөлөөг нийтэд олгуулсан нь гайхамшиг атал,
Энэ мэт идэр залуу насандаа өвчин олоод
Удалгүй наснаас нөгчсөн нь үнэхээр хайран
Эгнэгт гийгүүлэн ачилж тэтгэнэ гэж санасан.
Эргүү мунхаг эх ах нар, дүү төрөл ургууд
Элсэнд орхигдсон загас мэт юутай уяралтай
Эмгэнэн гашуудаж хэрхэх аргыг олохгүй боловч
Эрмэлзэн хүсэх нь эрх чөлөөт ардын төр өнөд өв тэгш мандах болтугай" (3:75-77) гэжээ. Д.Дэндэвийн бичсэн энэ намтарт, Д.Сүхбаатарын амьдрал, үйл ажиллагааны талаар маш товч өгүүлсэн ч гэсэн бас санаа авах зүйл их байна. Тухайлбал, 1917 онд Халх гол орчмоор баргын дээрэмчидтэй баатарлаг тулалдсан тухайд сургагч Васильев, Юмтаров, Чулуун нар тодорхой мэднэ гээд, баруун өмнө хязгаарт нэг удаа дайлаар мордсон Хатанбаатарын хошууны Ванчинбазар мэдэх ба энэ зэрэг гавьяанд тэргүүн зэрэг жинс, тогосын отго шагнагдсан хэдий ч, Сүхбаатар тухайн үеийн эрх баригчдаас уг шагналыг аваагүй бололтой юм. Энэ нь Олноо өргөгдсөн Монгол Улсын баатар цол байсан биш үү гэсэн асуудлыг хөндөж бүхий гэлтэй. Мөн энэ намтарт, Хиагтын баруун Буур харуулын өмнөд этгээд Орхон голын бургасанд гамингуудыг бут цохисон талаар цухас дурдаад, уртыг бодох уудам ухаантай нь илэрхий байв гэж тэмдэглэжээ. Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа эх баримтаас эш татвал: "...энэ мэт идэр залуу насандаа өвчин олоод, үүгээр удалгүй наснаас нөгчсөн нь үнэхээр хайран, эгшигт гийгүүлэн ахчилж дүүмгийг хэм санан, эргүү мунхаг эх, ах нар, дүү төрөл ургууд элсэн дор орхигдсон загас мэт юутай уяралтай, эмгэнэн гашуудаж хэрхэх аргыг олохгүй боловч, эргэцүүлэн хянаваас, эртнээс инагш олон улс эзэрхэг харгис явсан атугай ч, их гавьяатны цусан хөнөөсөн үзэж үе улиран хишиг буян өгч, эцэг эх, ах дүү, ураг төрөлд хүндлэн өршөөлөн явсан зэргийг олонтаа сонссон тул эрмэлзэн хүсэх нь, сайн дүү юмсан, сайн гавьяа дуртгалд шүтэж, үүнээс хойш эх ба ах нар, төрөл бүгдээр үүрд түгээсэн хишиг хүртэж, аж төрөх бөгөөд эрх чөлөөт ардын төр өнөд өв тэгш мандаж, элдэв баяр цэнгэлийг бадруулан дэлгэрүүлэх болтугай. Эх Ханд 60 нас, ах Дэндэв 38 нас, эхнэр Мандал 38 нас, ах 31 нас, их дүү Долгор 18 нас, тэжээсэн дүү хөвүүн Төмөрчөдөр гурван нас, ураг төрлийн түшмэл Даваа, түүний эгч гурван хүн буй. Хуучин хошууны нутагт Цэен, Самдан нарын хоёр өрх, хэдэн ам буй билээ. ...гавьяанууд нь өртөө хийж байхдаа хошой Чин вангийн хишиг жинс бүс, цэрэг сурган шинэ хийсний тулд тавдугаар зэрэг цагаан шилэн жинс шагнагдсан. Халх голын дайнд гавьяа байгуулсны хөх жинс, дараа тэргүүн зэрэг тайж улаан зэрэг шагнагдав. Өргөгдсөөр явахад тэргүүн зэрэг явав. Сүхбаатарын эцэг цагаан дээлт Дамдин.
Сүхбаатар урьдын албанаа орохын хамт 16 наснаас Хиагт, Хүрээн дэх өртөөний бүлд гардаж улаа нэхэгчээр 19 насанд хүрэв. Мөн 16 насны үеэс Жамьян гүнээр үсэг заалгав. Цэргийн албанд харьяат хошуунаас тэнцэгдэж, Хужирбуланд ороод явав. Дараа дарга нарын сургууль төгсөв. Сүүлд пулемёт бууны сургуульд суралцаж бага дарга явуулан... Халхын голын... Бавуужавыг... автономитыг устсаны хойно орос монголын хэвлэлийн хороонд үсэг өргөгчөөр... 1921 онд Чойбалсан, Данзан нарыг Орост явуулан, мөн онд Москва одож, Данзан, Цэрэндорж, Эрдэнэдамдин нарын хамт гэрээ тогтоов. Сэцэн хан аймгийн Ёст засгийн хошуу Дамдин 65 нас, Ханд 64 настай, Сүхбаатар Хүрээнд төрсөн, могой жилтэй. Хан Хэнтий уулын аймгийн Баянмөнх уулын хошууны ард язгуур цагаан дээлт Дамдин хэмээгчийн гуравдугаар хөвгүүн... усан могой жилд их Хүрээний Маймаа хотын газраа төржээ. Түүний эцэг гэр ядуу аж төрөх бөгөөд нэгэн бие дор гянданы ерөнхийн алба хааж явсан бөлгөө. Сүхбаатар 16 наснаас эхлэн хэдэн жилд Хиагт Хүрээний хоорондох өртөөний албан хааж явахад вангийн даалтын жинс хадуулав. 18 насанд Хүрээний газраа их шавь зайсан Жамьян хэмээх хүнээр монгол бичиг үсгийн дүрэм, монгол аргын тооны тооллыг заалган боловсорчээ. Түүнийг харьяат Монголын автономит засгийн үе дор цэргийн албанд харьяат хошуунаас дайчлагдаж, Хужирбулангийн газраа татагдаж ирсэнд зарлагын алба хаав. Бас түүний сургуулийг онц хичээн сурч, олноос шалгаран энэ тэргүүн болж, нэр алдаршсан бүхийд тавдугаар зэрэг жинс шагнагджээ. Тэр үеэст эхнэр Янжмааг гэргий болгон авав. Түүнээс пулемёт бууны сургуульд судалж, бага даргын алба хаажээ. Дараагаар Халхын голын байлдаанд мордож, гавьяа байгуулсан учирт дөтгөөр зэрэг жинс шагнагдав. Тэр завсар Монголын хэвлэлийн хороонд үсэг дарагчийн албанд явав. Бас баруун өмнөд хязгаарт мордож, хэдэн удаа байлдаж гавьяа байгуулсан учир тэргүүн зэрэг жинс тогосын отго шагнуулжээ. Түүнээс хойд гамин цэрэг ирж Хүрээг эзлэн, автономит засгийг устгажээ. Халхын олныг дарлан зовоохуйд эс тэсвэрлэж, тэсэхүй санааг гүйцэтгэн журмын нөхөр Чойбалсан, Данзан нар лугаа сэм зөвлөлдөж, Оросын газраа улс төрийн төлөө тусламжийг эрэхээр одохуйд гэр орноо худалдаж, замын хүнс хийж гарав.
...Монголын арванхоёрдугаар оны арванхоёрдугаар сарын 29-нөөс эхлэн гэнэт хүнд өвчин тохиолдож, илаар болж чадаагүй, 13 оны цагаан сарын шинийн 5-ны өдөр эцэс болов. 29 настай бөлгөө. ...Иймийн тул түүний их гавьяаг зарлан гэрэлт хөшөө чулуунд тэмдэглэн бичиж, нийтэд алдаршуулах, хойч үед хоцроон байгуулав. 25 он 1 сар өдөр" (4:11-24) гэжээ. Уг эх баримтаас үндэслэж, зарим товч санааг илэрхийлбээс, энэ намтрыг хэд хэдэн хүн бичсэн учраас зарим зүйл нь давхцсан маягтай харагдаж байгаа ч, үндсэн асуудлыг давхар баталж өгч байгаа сайн талтай. Тиймээс Д.Дэндэв нарын бичсэн товч намтрууд бол дахин давтагдашгүй, хамгийн гол эх сурвалж даруй мөн. Нөгөө талаар энэ намтруудад хоёр удаа өрх бүл, хүн амын тоо баримт дурдагдаж байгаа нь хүн ам зүйн үндсэн сурвалжийн үүргийг гүйцэтгэжээ гэж үзэлтэй. Эцэст нь хэлэхэд, Д.Сүхбаатарын ах Дэндэв нарын бичсэн товч намтруудтай хэн маргах юм бэ, төрсөн ах, дүү, хамтран зүтгэгчдээс нь илүүтэйгээр түүнийг бүр сайн мэдэх зарим хүн гарч ирж байгаад бид бүхэн ихээхэн гайхаж байна.
Д.Сүхбаатар судлалд хамгийн гол эх сурвалж нь ах Д.Дэндэвийн бичсэн энэхүү товч намтар, гэргий С.Янжмаа, хүү С.Галсан, хамтран зүтгэгчид, ялангуяа С.Данзан, Д.Бодоо, Х.Чойбалсан, Д.Лосол, Д.Догсом, Д.Чагдаржав нарын болон үндэсний ардчилсан хувьсгалын партизануудын дурсамж, дурдатгал юм.
“XX зууны Монголын ард түмний удирдагч Дамдины Сүхбаатар” номоос...
Үргэлжлэл бий.
Л.Чулуунбаатар /Түүхийн ухааны доктор (PhD), профессор/
Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24631/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна