Монгол Улсын Засгийн газраас 2025 оныг “Залуучуудын жил” болгон зарласан. Энэ хүрээнд манай сонин оны эхний дугаараас нийгэмд түүчээлэн яваа залуусын тухай ярилцлага, нийтлэл, мэдээ мэдээлэл бэлтгэн хүргэж байна. Тэр дундаа салбар салбарын төлөөлөл болсон олон залуусыг нэгтгэсэн Социал демократ Монголын залуучуудын холбооныхныг онцлон танилцуулж байгаа юм. Энэ дугаартаа бид тус холбооны Өвөрхангай аймаг дахь салбар холбооны гишүүн Г.Даваатогтохыг онцлон ярилцлаа.
-Залуучуудыг эгнээндээ нэгтгэж үйл ажиллагаа явуулдаг байгууллага олон бий. Тэдгээрээс та яагаад Социал демократ Монголын залуучуудын холбоог сонгон гишүүн нь болж үйл ажиллагаанд нь оролцох болов?
-Би 2012 онд тухайн үеийн Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоонд гишүүнээр элссэн. Залуу хүний хувьд хийхийг хүссэн, бодож явсан зүйлээ хэрэгжүүлэхэд энэ холбооноос баримталж байгаа бодлого илүү ойр санагдсан учраас гишүүн нь болохоор шийдсэн юм. Аливаа зүйлийг гаднаас нь харж дүгнэх нэг хэрэг. Дотор нь орж хүрээлэлд нь багтан үйл ажиллагаанд оролцохоор илүү ихийг ойлгож мэддэг. Нэг зүйлийн төлөө зорьж байгаа залуучуудтай хамтраад чадах зүйлээ хийж хэрэгжүүлээд явахад сэтгэл өөдрөг байдаг юм. Ингэж явсаар 2015 оноос Өвөрхангай аймгийн НАМЗХ-ны одоогийн Социал демократ Монголын залуучуудын холбооны дөрөв, тав дахь удаагийн Тэргүүлэгч гишүүдийн бүрэлдэхүүнд хоёр удаа сонгогдон ажилласан. Аливаа улс төрийн хүчин шат шатны сонгуульд оролцож засаглалыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ залуучуудын байгууллагаараа дамжуулан орон нутагт төдийгүй улсын хэмжээнд залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлуудыг ил болгож шийдвэрлэхийг зорьдог. Улмаар шаардлагатай газар нь дуу хоолой болгон хүргэж бодлого, үйл ажиллагаандаа тусган ажилладаг. Үүний нэгэн адил СДМЗХ ч залгамж халаагаа бэлтгэх, залуучуудын хөгжил оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагаа зохион байгуулдаг. Миний хувьд үеийн залуусын адил үйл ажиллагаанд нь нэгдэн оролцсоор өдий хүрсэн.
-СДМЗХ 21 аймагт салбар холбоотой. Тэдгээрээс танай Өвөрхангай аймгийн салбар холбооны ялгарах онцлог юу вэ?
-Манай салбар холбоо улс төрийн намын дэргэдэх байгууллага гэхээсээ илүү орон нутгийн залуучуудаа бүх үйл ажиллагаандаа ямар нэгэн алагчлалгүйгээр хамруулдаг. Тэдний санаа бодлыг сонсож, салбар салбарын төлөөллийн оролцоог ханган ажилладгаараа онцлогтой. Энэ үзэл баримтлалынхаа хүрээнд залуучуудтайгаа хамтран олон ажил зохион байгуулсан байна. Ингэж тэднийгээ уриалан ажилласнаар бие биеэсээ суралцаж хамтдаа хөгждөг.
-Тухайн газар оронд ажиллаж, амьдарч байгаа хүн асуудлыг илүү бодитоор тодорхойлох боломжтой байдаг. Тиймээс танаас Өвөрхангай аймгийн залуусыг өсөж дэвшихэд, сурч боловсроход юу шаардлагатай байгааг асууя?
-Өвөрхангай аймгийн хувьд залуучуудын ажлын байрыг нэмэгдүүлэх, тогтвортой байлгах нь хамгийн чухал асуудлын нэг. Мөн төрөөс хэрэгжүүлж буй залуу гэр бүлүүдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, түрээсийн болон зээлээр орон сууцжуулах ажлыг илүү хүртээмжтэй болгоход анхаарч ажиллах шаардлагатай. Нийслэлд хэрэгжүүлж байгаа залууст чиглэсэн ажлаа орон нутагт ажил хэрэг болговол хотыг зорих хүн нүүдэл багасна. Бид ч ажлын байраа хадгалан үлдэж оршин байгаа газар орон маань ч эзэнтэй, хөгжин дэвших боломж бүрдэх юм.
-Та тодорхой ажлуудыг санаачлан ажил хэрэг болгож яваа залуучуудын төлөөлөл. Хөдөө орон нутагт үйл ажиллагаа шинээр эхлүүлэхэд тулгарч байгаа саад бэрхшээл юу байна вэ?
-Би 2018 оноос эхлэн хог хаягдлыг ангилан ялгах, дахивар түүхий эдийг бэлтгэн нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Саад бэрхшээлийн талаар тоочвол олон бий. Хамгийн гол нь орон нутагт төдийгүй улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа жижиг бизнесүүдийг дэмжих нь чухал. Татварын таатай орчин бүрдүүлэх, бий болгосон ажлын байрыг хадгалж авч үлдэх л хамгийн чухал асуудал болоод байна. Түүнчлэн хог хаягдлыг алхам тутамдаа ангилан ялгах дадлыг иргэдэд төлөвшүүлэх шаардлагатай.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24631/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна