Уяачдын гомдолтой, утааны хэлэлцүүлэгтэй 7 хоног


Өвлийн адаг сар хүчээ гайхуулж, хаа сайгүй цас бударч,  хүйтэн жавар тачигнасан өдрүүд үргэлжилж байна. Өнгөрч буй долоо хоногт луу жилийн хамгийн хүйтэн өдрүүд тохиож байгааг цаг уурчид анхааруулсан. 

Өвөл, хаврын морин уралдааныг зохион байгуулахыг шаардаж, жагсаал хийсэн уяачид аймаг, сумын Засаг дарга нараас зөвшөөрөл авчихвал уралдаан зохион байгуулах эрхтэй болно гэсэн хариу авч сэтгэл хангалуун үлдсэн.  Гэвч Засгийн газрын 41 дүгээр тогтоол гарч, 18 нас хүрээгүй хүүхдээр өвөл, хаврын уралдаанд морь унуулахыг хориглолоо. Бэл чадалтай уяачид одоо зун морь унуулах уяач хүүхдээс гадна өвөл морь унуулах 18 нас хүрсэн хүн хайж олох давхар ажилтай болов. Ийнхүү “Хүүхдээр морь унуулахгүй” гэсэн хүний эрхийн хуульчдын шаардлагыг хангаж хавар, өвөл морио уралдуулъя гэж зүтгэж байгаа уяачдын хүслийг биелүүлж өгөв. Харамсалтай нь уяачид гомдолтой, ахиад жагсана гэж мэдэгдэж байгаа сурагтай.
 Нийслэлд менингококкийн халдвар бүртгэгдэж, гурван настай хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Бага насны хүүхдүүдэд онц аюултай энэ өвчин олон нийтийг түгшээж, Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайд мэдээлэл сонссон юм. Монголд менингококкийн халдварын дэгдэлт  гарч, 1972-1974 онуудад 285 хүн,  1992-1994 онд 253 хүн нас барж байсан харамсалтай тохиолдол байдаг юм байна. Сүүлийн хэдэн жил өвчлөл буурсан ч бүрмөсөн устаж арилаагүй. Хэрвээ дахин халдварын тохиолдол илэрвэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд хөл хорио тогтоож магадгүй гэдгийг эмч нар нуухгүй байна.
Өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт Ган үйлдвэрийн цогцолбор төслийг хэрэгжүүлэх тогтоолын төслийг баталлаа. Энэ үйлдвэр баригдвал  жил бүр гадаад руу алдаж буй 700-800 сая ам.долларын урсгалыг багасгаж,  нэг жилд нэг саяас дээш хэмжээний ган үйлдвэрлэн, 1200 ажлын байр бий болгоно гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдэгдэв. Мөн хэл ам татлаад байгаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын асуудлыг Засгийн газар хоорондын хэлэлцээрээр гарын үсэг зурах эрхийг  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарт олгожээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх долоо хоногт БНХАУ-д айлчилна. Энэхүү айлчлалын үеэр гэрээнд гарын үсэг зурахаар талууд тохирсон байна. Ингэснээр мухар төмөр зам мухардлаас гарах боломж бүрдэх юм.


Ирэх дөрөвдүгээр  сарын 1-нээс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагт 4715 төгрөг буюу сард  792 мянган төгрөг байх шийдвэр гарсан. Үүнийг дагаад  Эрүүл мэндийн даатгалын   шимтгэлийн хувь хэмжээг 182.160 төгрөг болж өсөж байгааг холбогдох газраас мэдэгдлээ.  Эрүүл мэндийн даатгал сар бүр төлдөг ч сэтгэлд нийцсэн үйлчилгээ авч чаддаггүй иргэд энэ мэдээллийг төдийлөн таатай хүлээж авсангүй. 
УИХ-ын намрын чуулган өндөрлөсөн ч төрийн ордон хөл хөдөлгөөн ихтэй, утааны сонсголтой долоо хоног өнгөрлөө. Нийтдээ 250 хүн  оролцсон энэ сонсгол дөрвөн багц асуудлын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн. Ямартаа ч Монголын төр утааны асуудалд асар их мөнгө төгрөг төсөвлөдөг нь тодорхой болов. Аудитын баталгаажсан тайлангаас харахад 1.7 их наяд төгрөгийг утаанд зарцуулжээ. Гэвч   295 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн  нь тодорхой боллоо.  Агаарын бохирдол, шахмал түлш, түүхий нүүрс, угаартсан хүмүүсийн тоо, чанаргүй барьцалдуудагч  гээд маш олон баримтууд энд дэлгэгдсэн ч хариуцлага тооцох тухай асуудал яригдсангүйд олон нийт сэтгэл дундуур үлдлээ. 
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг Улсын Дээд шүүхээс гэм буруутай гэж үзсэн. Тодруулбал, Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, “Мон дулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК-д давуу байдал бий болгосон, Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгасан юм. Дээд шүүхийн шийдвэрээр гэм буруутай болж хувираад байгаа Д.Цогтбаатар ямар хариуцлага хүлээх вэ гэсэн асуулт хуульчдын дунд маргаантай хэвээрээ байна. Гэхдээ Улсын Дээд шүүхийн шийдвэрийг шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргах ба хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэлх хоногоор сунгаж болохоор хуульчилсан тул Улсын Дээд шүүхийн тогтоол бичгээр гарах сүүлийн хугацаа энэ сарын 25-ны өдөр дуусах юм байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9.1.5-д буюу шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор гэм буруутай нь тогтоогдсон гишүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох буюу эгүүлэн татах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж гишүүд саналаа илээр гаргаж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүнийг эгүүлэн татахыг дэмжсэн бол Улсын Их хурлаас тогтоол гарах ёстой гэдгийг хуульчид сануулж байна. Тэгвэл зарим хуульч УИХ шүүхийн шийдвэрийг шууд биелүүлэх ёстой гэж маргаж байгаа юм.  Д.Цогтбаатар гишүүнтэй холбоотой энэ асуудал ирэх хаврын халуун сэдэв байх нь тодорхой болов. 
УИХ-ын намрын чуулганы хуралдаанд хамгийн олон удаа оролцоогүй гишүүдээр Х.Баттулга, С.Лүндэг нар тодорсон. Тиймээс УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооноос Х.Баттулга, С.Лүндэг нарт байнгын хорооны хуралд дуудах албан бичиг явуулжээ. С.Лүндэг гишүүний хувьд эрүүл мэндийн асуудалтай байсан учраас чуулганы хуралдаанд сууж чадаагүйдээ уучлалт гуйсан. Харин 83 цагийн чуулганы хуралдаан тасалсан экс Ерөнхийлөгч Х.Баттулга "Хөх монголын хөх туг" аянаа дахин эхлүүлж, хөдөө орон нутагт уулзалт хийж яваа сурагтай. Гэхдээ х.Баттулга гишүүний энэ үйлдэл нөхөн сонгуультай холбоотой гэдэг тодорхой. Тэрбээр нэгдүгээр тойрогт нэр дэвшиж ялсан Д.Цогтбаатарыг эргүүлэн татна, тиймээс эртнээс сонгуульдаа бэлтгэх хэрэгтэй гэж үзсэн бололтой.


Өнгөрөгч долоо хоногт Монгол Ардын Нам “Анхны долоо” сангийн нээлт хийж, Д.Сүхбаатар жанжны хөшөөнд цэцэг өргөсөн. Тэгвэл Ардчилсан намынхан Улс төрийн зөвлөлөө хуралдуулж, УИХ-ын гишүүн асан Н.Ганибалыг тус намын Ерөнхий нарийн бичгийн даргаар жинхэлжээ. Н.Ганибалын хувьд УИХ-ын сонгуулиас хойш үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас  Япон улсын 126 дахь Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад 2025 оны долдугаар сарын эхээр төрийн айлчлал хийх болсныг зарлалаа. Өнгөрсөн наадмаар Монгол Улсад бутаны хаан айлчилж байсан бол энэ жилийн наадмаар Япон Улсын 126 дахь Цог Жавхлант Эзэн Хаан Монгол Улсад ирж, наадам үзэх нь тодорхой болов. Сонирхуулахад, Эзэн Хаан Нарүхито сэнтийдээ заларснаас хойш Эрхэм дээд Хатан Масакогийн хамт хоёр удаа л  гадаад улсад айлчлаад байгаа юм байна. 

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хоёрдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн хэлэлцэж эхэллээ.  “Улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон гэх гэм буруутайд тооцож 2024 оны гуравдугаар сард З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байдаг. Гэвч  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх тэдэнд холбогдох хэргийг  хянан хэлэлцэж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэн Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцэхээр болсон юм. Хоёр өдөр үргэлжилсэн шүүхийн шийдвэр гарч, шүүгдэгч З.Энхболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Б.Энх-Амгалангийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, хоёр жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх ял оноов. 

 Б.Нүүдэл

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №005/24632/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж бай… Өчигдөр
Н.Учрал: Амьдрахад ая тухтай “Ухаалаг дүүрэг”-ийг цогцлоохын төлөө ажи… Өчигдөр
Их хурал иргэдийнхээ саналыг хүлээн авч, ард олон алдагдсан ордуудынха… Өчигдөр
Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлж байна! Өчигдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна Өчигдөр
Монгол Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох Ерөнхийлөгч… 2025/04/10
“Халуун бороо” нээлтээ хийнэ 2025/04/10
Ж.Эрхэмбаатар: Дэлхийн худалдааны дайны эрсдлээс Монголыг худалдааны х… 2025/04/10
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ 2025/04/10
Хүүхэд шуугисан их өргөөний эзэд “Дурсамж уулзалт” хийлээ 2025/04/10
“In Da Huree” тоглолт болно 2025/04/10
“UB food”: Өнөөдөр Гандантэгчинлэн хийдийн лам нар ширмэн тогоонд гури… 2025/04/10
Улаанбаатарт 12 хэм дулаан байна 2025/04/10
Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн 2025/04/09
Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөн… 2025/04/09
Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн талаар танилцууллаа 2025/04/09
Мартин Чунгонг: Монгол Улсын Их Хурал хүн төвтэй хууль, эрх зүйн орчны… 2025/04/09
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/04/09
Улаанбаатарт 17 хэм дулаан байна 2025/04/09
Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна 2025/04/08