С.Эрдэнэбаяр: Бидний бүтээсэн амжилтын түүх зөв байх үнэт зарчим дээр тогтдог


Багахангай дүүргийн МАН-ын хорооны дарга С.Эрдэнэбаяртай ярилцлаа. 

-Багахангай дүүргийн МАН-ын хорооны үүх түүх болон таны нам, улс төртэй холбогдсон замналаас яриагаа эхэлье? 
-Юуны түрүүнд нийслэлийн МАН-ын 100 жилийн ой тохиож буй түүхэн үед  МАН-ын төв хэвлэл "Монголын үнэн" сониндоо ярилцлага өгч байгаадаа баяртай байна. Энэхүү завшааныг ашиглаад Нийслэлийн МАН-ын болон Багахангай дүүргийн МАН-ын хорооны гишүүд, дэмжигч нартаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.


Багахангай дүүргийн МАН-ын хорооны үүх түүх, үүсгэн байгуулагдсан цаг хугацааны талаар товчхон ярья. Ерөнхийдөө Баганхангай дүүргийн МАН-ын хороо маань дүүрэгтэйгээ нас чацуу гэж хэлж болно. Тодруулбал, Багахангай дүүрэг 1989 онд байгуулагдсан. Тэр үед Багахангай дүүргийн МАН-ын хороо намын нэг нэгж байгууллага гэж явдаг байсан. Харин 1992 онд дүүргийн нэг, хоёрдугаар хорооны намын байгууллагууд нэгдэн хуралдаж, Багахангай дүүргийн МАН-ын хороог албан ёсоор үүсгэн байгуулсан түүхтэй.  Ингээд Багахангай дүүргийн МАН-ын хороог хамгийн анх Ц.Батбаяр, дараа нь И.Батнасан нар удирдаж байлаа. Би  гурав дахь үеийнх нь удирдлага болж байгаа юм. Үүнээс харахад Багахангай дүүргийн МАН-ын хорооны удирдлагууд тогтвортой ажилладаг гэдгээрээ манай хороо онцлогтой. 
Харин миний тухайд би намын анхан шатны байгууллагаас ажлын гараагаа эхэлж, мерит зарчмаар өсөн дэвшиж ажиллаж байна. Би 2000 онд Багахангай дүүргийн МАН-ын хорооны Улс төрийн ажилтан болж, улмаар Нийслэлийн намын хорооны босгыг алхаж байлаа. Түүнээс хойш 2006 оноос Багахангай дүүргийн МАН-ын хорооны Хяналтын хорооны даргаар, 2009 оноос дэд даргаар, 2013 оноос дүүргийн намын хорооны даргаар, 2022 оноос нийслэлийн МАН-ын хорооны дэд даргаар тус тус ажиллалаа.  
-УИХ болон орон нутгийн сонгуулийн үр дүн тухайн намын хорооны үйл ажиллагаанд тавьж буй дүн гэж ойлгож байгаа. Танай хорооны хувьд үе үеийн сонгуульд амжилттай оролцож ирсэн түүхтэй. Ямар бодлого, зарчим баримтлан ажиллаж байна вэ?   
-Бид олон сонгуульд ялалт байгуулсан. Нам дээд шатандаа ялагдсан үед дүүргийн намын хороо ялалт байгуулах нь тухайн намын байгууллагын чадвар чансаа, улс төрийн үнэт зүйл, амжилттай явааг тодорхойлж буй том үзүүлэлт гэж боддог. Жишээлбэл, МАН 2012 онд УИХ болон орон нутгийн сонгуульд ялагдал хүлээж байхад манай Багахангай дүүргийн МАН-ын хороо ялалт байгуулсан түүхтэй. Мөн үе үеийн Ерөнхийлөгчийн сонгуульд ч манай намын хороо өндөр дэжлэг авч чаддаг. 
Үе үеийн сонгуулиар ийм амжилт үзүүлэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл бол Багахангай дүүргийн МАН-ын хороо бүх цаг үед ил тод, зөв байж чадаж буй явдал юм.  Багахангай дүүргийн хувьд нийслэлээс нэлээд алслагдмал, мөн хүн амын хувьд ч бусад дүүрэгтэй харьцуулахад харьцангуй бага учраас алхам тутамдаа үнэн бөгөөд зөв л байхгүй бол сонгуульд ялалт байгуулж чадахгүй. Энэ үнэт зүйлийг нь хадгалж явахаас гадна сүүлийн үед хүчтэй яригдаж буй жендэрийн асуудалд мэдрэмжтэй хандаж, дүүргийн удирдах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог зохистой хувиар барьж ирсэн. Энэ утгаараа Багахангай дүүргийн ИТХ-ын дарга, мөн Засаг даргын орлогчоор эмэгтэй хүн ажиллаж байх жишээтэй. Энэ мэт бий болсон үнэт зүйлийг нь хадгалж, үргэлжлүүлэх зарчим баримталж ажилладаг. 
-Дүүргийн намын хорооны дэргэд үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудаас СДЗХ-г онцолж асуумаар байна. Намын хороо залуучуудаар хүч нэмж, хүрээгээ тэлэхэд тус холбооны үйл ажиллагаа, идэвх санаачилга чухал үүрэгтэй байх болов уу?
-Багахангай дүүргийн МАН-ын хороо үе үеийн төлөөллөөр хүрээгээ тэлж,  өргөжиж байгаа. Намын хорооны дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны даргаар ажиллаж байсан залуу 2022 онд Багахангай дүүргийн Засаг даргаар томилогдон ажиллаж байгаад өнгөрсөн онд дахин сонгогдон ажиллаж байна. Үүгээр юу илэрхийлэх гэж байна вэ гэхээр бид намын хорооны дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбооны салбар холбоогоор дамжуулж, залуучуудыг улс төрд бэлтгэдэг гэдгийг хэлэх гэсэн юм. Мөн Багахангай дүүргийн ИТХ-д 1970, 1980, 1990-ээд оны төлөөлөл сонгогдон ажиллаж байгаа. Тэгэхээр бид шат дараатайгаар залгамж халаагаа бэлддэг. Ингэж залгамж халаагаа бэлдэхэд хамгийн идэвхтэй байр суурьтай, “амьд” ажиллах байгууллага бол Багахангай дүүргийн МАН-ын хорооны дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбооны салбар холбоо. Энэ утгаараа бусад байгууллагаас олон талт арга хэмжээг илүү өргөн хүрээнд зохион байгуулдаг. Тухайлбал, байр, хэсгийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү тэмцээнийг өнгөрсөн нэгдүгээр сард амжилттай зохион байгууллаа. Энэ мэтчилэн Багахангай дүүргийн МАН-ын хорооны дэргэдэх төрийн бус байгууллагуудын хувьд уламжлал болсон брэнд ажлууд байдаг. Ер нь аливаа арга хэмжээ, тэмцээн уралдааныг иргэдийн санал санаачилга, идэвх оролцоонд тулгуурлаж зохион байгуулдаг.
-Та улс төрийн намын анхан болон дунд шатны байгууллагуудын бие даасан байдлыг хангах тухай асуудлыг нэлээд хөндөж ярьдаг. Энэ тухайд манай уншигчидтай санал бодлоо хуваалцана уу?  
-Намын санхүүжилттэй холбоотой асуудал өнгөрсөн хугацаанд тодорхой хэмжээний хүндрэл бэрхшээлтэй явж ирсэн. Улс төрийн намын тухай хууль батлагдаж, улс төрийн намууд УИХ дахь суудлынхаа тоогоор тодорхой хэмжээний санхүүжилтийг улсын төсвөөс авдаг болсон. Энэхүү санхүүжилтээ намын төв байгууллага болон намын дэргэдэх төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаанд  зарцуулах зохицуулалттай байдаг. Энэ нь цаг үеэ дагасан зөв шийдэл байх. Гэхдээ намын дунд буюу аймаг, нийслэлийн, анхан шат буюу дүүрэг, сум, хороодын намын байгууллагууд орхигддог. Тиймээс улсын төсвөөс олгож буй санхүүжилтийг эдгээр байгууллагад мөн адил зарцуулдаг байх зохицуулалт, гарц гаргалгааг дахин авч үзэх ёстой гэсэн байр суурьтай байдаг. Тэгэхгүй бол нэг хүнээс хараат эсвэл хязгаарлагдмал санхүүгийн эх үүсвэртэй болох эрсдэлтэй. Тиймээс л би энэ асуудлыг хөндөж яриад байгаа юм. 
-Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдэх ёстой вэ. Намын шат шатны байгууллагад голлох ажил үүргийг гүйцэтгэж байсан, одоо ч ажиллаж байгаа учраас танд тодорхой гарц шийдэл байгаа гэж бодож байна? 
-Уг нь бол өмнө нь тухайн шатны ИТХ дахь суудлаар нь дүйцүүлж, улсын төсвөөс тодорхой хэмжээний санхүүжилт олгодог байх боломж нөхцөлийг бүрдүүлж байсан юм. Мөн нийслэл, аймаг, дүүрэг, сумын ИТХ-д сонгогдсон төлөөлөгчдөд урамшуулал олгодог байлаа. Ингэснээр улс төрийн намын нэрээр сонгуульд нэр дэвшиж  сонгогдсон улс төрийн албан тушаалтан учраас эргээд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх, эргэх холбоотой ажиллах боломж бүрддэг байсан. Гэтэл одоо энэ нь хуулиар тодорхой хэмжээнд хязгаарлагдчихсан учраас эл асуудлыг заавал эргэж харах ёстой гэсэн байр суурьтай байдаг.  
Мөн намын анхан шатны байгууллагад ажиллаж буй хүмүүсийн нийгмийн баталгаа, цалин урамшууллын асуудал бас учир дутагдалтай байдаг. Жишээлбэл,  намын ажилтан гавьяаны амралтаа авахад тэр хүний ажилласан жил нь төрийн албанд ажилласантай дүйцнэ гэдэг ч бодит байдал дээр энэ нь тодорхойгүй, олон хүндрэл бэрхшээлтэй тулгардаг. Тиймээс эл асуудлыг эрх зүйн хувьд тодорхой болгох шаардлагатай. Намын ажил хийж буй хүн төрийн албанд томилогдоход Төрийн албаны тухай хуульд заасанчлан намд ажиллаж байсан жил нь төрд ажилласан хугацаагаар тооцогддоггүй зэрэг асуудлыг мөн эрх зүйн хувьд тодорхой болгох хэрэгтэй.   
-Та Нийслэлийн МАН-ын хорооны дэд даргаар ажиллаж байсан хүний хувьд, та бүхэн 100 жилийн ойгоо  ямар амжилт бүтээлтэй угтаж байна вэ? 
-Нийслэлийн МАН-ын хороо маань өнгөрсөн дөрвөн жилд тодорхой ажилттай байж, түүнийгээ өнгөрсөн оны орон нутгийн сонгуулиар бататгаж чадлаа. Тодруулбал, бид нийслэлийн ИТХ-ын 45 суудлаас 40-ыг нь авч чадсан. Энэ бол улс төрийн хувьд үнэт ялалт, том капитал. Мөн өнгөрсөн оны УИХ-ын сонгуулиар МАН 126 суудлаас 68-ыг нь авсан тул засаглалаа хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Гэхдээ МАН засаглахаас илүүтэй нийгмийг өөрчлөх, ард иргэдийн аж амьдралыг сайжруулах, цалин орлого нь амьдрал ахуйд нь хүрэлцдэг байх боломж нөхцөлийг бүрдүүлэх, бий болгох том зорилго дор УИХ-д суудалтай намуудтай хамтарч Засгийн газраа байгуулсан. Ингэснээр Улаанбаатар хотод тулгамдаж буй агаар, хөрсний бохирдол, автомашины түгжрэл зэрэг асуудал хөндөж, эдгээр шийдвэрлэх хэмжээний томоохон төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөж эхэлж байна шүү дээ. Энэ мэтчилэн томоохон хэмжээний хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг гацаахгүй, эрчимтэй хийж хэрэгжүүлэхийн тулд дэмжих, хамтрах, улс төрийн тогтвортой байдлыг бий болгох хүрээнд хамтарсан засаглал бүрдүүлсэн нь зөв шийдэл болсон. Харин одоо хамгийн чухал нь МАН-ын гишүүд нийгэм, нийтийн гаргаж, хэрэгжүүлж буй зөв шийдвэр, шийдлийг дэмжиж, тэр байр суурь, үзэл бодлоо боломжит бүх талын сувгийг ашиглаж, нээлттэй илэрхийлэх хэрэгтэй. Жишээлбэл, Үндэсний баялгийн сангийн асуудал, байгалийн баялгийн үр өгөөжийг иргэн бүр хүртэх учиртай, тэгш хүртээмжтэй байх ёстой гэх мэт үндэсний хэмжээний төсөл хөтөлбөр, их бүтээн байгуулалтын асуудлыг МАН-ын гишүүд дэмжих төдий бус энэ талаар үзэл бодлоо илэрхийлдэг байх хэрэгтэй. 
-Сүүлийн асуултаараа Багахангай дүүргийн МАН-ын хорооны өнгөрсөн жилийн амжилт бүтээл, энэ оны зорилго, зорилтоос хуваалцъя?
-Багахангай дүүргийн МАН-ын хороо маань хэд хэдэн удаа улсын болон нийслэлийн шилдэг намын байгууллагаар шалгарч байсан. Бид үе үеийн сонгуульд суудал алдаж үзээгүй. Гэтэл сүүлийн сонгуулиар дүүргийн ИТХ дахь 25 суудлаас 19-ыг нь авсан. Энэ нь чамлахааргүй амжилт хэдий ч өмнөх сонгуулиудаар дандаа 100 хувийн ялалт байгуулдаг байсан бидэнд бол том дохио, сануулга. Тиймээс бид үйл ажиллагаандаа дүгнэлт хийж эхэлсэн. Цаашид бид намын гишүүдтэйгээ илүү нягт холбоотой ажиллахын зэрэгцээ иргэд сонгогчдынхоо санал санаачилгыг дэмжин хамтран ажиллахаар төлөвлөж байна. Он гарснаас хойш байр, хорооллын оршин суугчдын дунд уламжлалт волейболын тэмцээнээ өргөн хүрээнд амжилттай зохион байгууллаа.  Мөн намын гишүүдтэйгээ уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, дүүрэг орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалт болон намын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх уулзалтуудыг зохион байгуулж байна. Бид намын гишүүдийг мэдлэг мэдээллээр хангах, тэдний нийгмийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх, хамт олонч уур амьсгал бий болгох зэрэг олон талт ажил, арга хэмжээг зохион байгуулахаар 2025 оныхоо үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусган ажиллаж байна.  
Ингээд нийслэлийн МАН-ын түүхийг хамт бүтээлцэж буй есөн дүүргийн МАН-ын хорооны гишүүд, дэмжигчид та бүхэндээ нийслэлийн МАН-ын 100 жилийн ойн баярын мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

С.Юмсүрэн

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №005/24632/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж бай… Өчигдөр
Н.Учрал: Амьдрахад ая тухтай “Ухаалаг дүүрэг”-ийг цогцлоохын төлөө ажи… Өчигдөр
Их хурал иргэдийнхээ саналыг хүлээн авч, ард олон алдагдсан ордуудынха… Өчигдөр
Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлж байна! Өчигдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна Өчигдөр
Монгол Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох Ерөнхийлөгч… 2025/04/10
“Халуун бороо” нээлтээ хийнэ 2025/04/10
Ж.Эрхэмбаатар: Дэлхийн худалдааны дайны эрсдлээс Монголыг худалдааны х… 2025/04/10
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ 2025/04/10
Хүүхэд шуугисан их өргөөний эзэд “Дурсамж уулзалт” хийлээ 2025/04/10
“In Da Huree” тоглолт болно 2025/04/10
“UB food”: Өнөөдөр Гандантэгчинлэн хийдийн лам нар ширмэн тогоонд гури… 2025/04/10
Улаанбаатарт 12 хэм дулаан байна 2025/04/10
Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн 2025/04/09
Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөн… 2025/04/09
Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн талаар танилцууллаа 2025/04/09
Мартин Чунгонг: Монгол Улсын Их Хурал хүн төвтэй хууль, эрх зүйн орчны… 2025/04/09
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/04/09
Улаанбаатарт 17 хэм дулаан байна 2025/04/09
Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна 2025/04/08