УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.
Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Доржханд, О.Цогтгэрэл, Ц.Туваан, Б.Бейсен, Ц.Сандаг-Очир, Ж.Чинбүрэн нар асуулт асууж, хариулт авсны дараагаар зарчмын зөрүүтэй 87 саналын томьёоллоор нэг бүрчлэн санал хураалт явуулав.
Тухайлбал, Ажлын хэсгээс Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан “Ирээдүйн өв санд хуваарилах хувь 2023 онд 0, 2024 онд 25, 2025 онд 45, 2026 оноос 65 байна” гэснийг “Ирээдүйн өв санд хуваарилах хувь 2023 онд 0, 2024 оноос 65 байна” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 51.8 хувь нь дэмжив.
Мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, “10.1.19.Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд тавих улсын хяналтыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага гүйцэтгэнэ.” гэсэн заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Түүнчлэн Ажлын хэсгээс Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийг “21.1.Энэ хуулийн 14, 18 дугаар зүйлд заасны дагуу тухайн жилийн орлогыг тодорхойлоход 0-120 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 10 хувиар, 120000001-180000000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 12 000 000 төгрөг дээр 120 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар, 180 000 000 төгрөгөөс дээш албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 21000000 төгрөг дээр 180000000 төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар нэмж тооцон албан татвар ногдуулна.” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 55.4 хувь нь дэмжсэн юм.
Түүнчлэн ““Гүйцэтгэх засаглал дахь хяналтын тухай” гэсэн хуулийн нэрийг “Засгийн газар дахь хяналтын тухай” гэж өөрчлөх. Үүнтэй уялдуулан төсөлд тусгагдсан “Гүйцэтгэх засаглал дахь хяналтын тухай” гэснийг “Засгийн газар дахь хяналтын тухай” гэж тохиолдол бүрд өөрчлөх” тухай Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.1 хувь нь дэмжсэн.
Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Хяналт шалгалтыг төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, орон нутагт хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага /цаашид “хяналт шалгалтын байгууллага” гэх/ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийх бөгөөд төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх, гүйцэтгэлийн гэж ангилна.” гэсэн агуулгатай “2/5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг”-ийг нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
“Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөлд “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн бараа, ажил, үйлчилгээний худалдан авалт, хөрөнгө оруулалт, татвар төлөлт, өр төлбөр, хүний нөөцийн мэдээллийг тухайн хуулийн этгээдийн цахим хуудаст ил тод, нээлттэй байршуулах”, мөн “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн борлуулалт, экспортын гэрээг татварын нэгдсэн системд бүртгүүлэх, бүртгүүлээгүй тохиолдолд бүтээгдэхүүнийг экспортод гаргахгүй байх, борлуулалт болон худалдан авах нууц гэрээг Улсын Их Хуралд танилцуулах”, “Эрүүл мэндийн даатгалын санд үүссэн өр төлбөрийг 2023 оны төсвийн жилд өр төлбөр үүсгэхгүйгээр барагдуулах арга хэмжээ авах.” гэсэн 8,9,10 дахь дэд заалт нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Харин Монгол улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэж чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэж, “Хуулийн төслийг буцаах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлав.
Ингээд Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ
Үргэлжлүүлэн Засгийн газраас 2022 оны есдүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.
Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нар тус тус чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Дараа нь УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсээс Төсвийн байнгын хорооны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан төсвийн саналд дүн шинжилгээ хийсэн талаарх дүгнэлтийг танилцуулсан.
Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.7.2 дахь заалт, 70.7.3 дахь заалт, 70.13 дахь хэсэгт заасны дагуу Төсвийн байнгын хорооны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан төсвийн саналд дүн шинжилгээ хийсэн гэдгийг УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсийн дарга Д.Эрдэнэсамбуу хэлэв.
1. Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан төсвийн орлого нэмэгдүүлэх 2 санал, урсгал зардал нэмэгдүүлэх 14 санал, хөрөнгийн зардал нэмэгдүүлэх 3 багц санал болон төсвийн зардал бууруулах 4 саналууд нь Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.7.2-т заасан “Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төслийн зарлагын болон алдагдлын дүнг нэмэгдүүлэхгүй байх.” гэсэн шаардлагыг хангасан байна.
2. Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан төсвийн зардлыг 176,861.9 сая төгрөгөөр бууруулах, урсгал зардлыг 97,121.9 сая төгрөгөөр бууруулах, хөрөнгийн зардлыг 79,740.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналууд нь Төсвийн тухай хуулийн 6.2.6-д заасан “Тодорхой төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зардлыг мөн хэмжээгээр бууруулж, нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүй байх;” гэсэн шаардлагыг хангасан байна.
3. Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжих дүнг 10,222.2 сая төгрөгөөр нэмэгдүүлэх 12 төсөл арга хэмжээний санал болон Магадлалын ерөнхий дүгнэлтэд үндэслэн төсөвт өртгийг нэмэгдүүлж, санхүүжих дүнг 50,628.4 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн 71 төсөл, арга хэмжээний санал, мөн Төсвийн төсөлд тусгагдаагүй боловч, өмнөх төсвийн тухай хуульд тусгагдан батлагдаж байсан 18,889.4 сая төгрөгийн санхүүжих дүнтэй 32 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төсөлд нэмж тусгах 3 багц санал нь Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт заасан “Хөрөнгө оруулалтын төсөвт техник, эдийн засгийн үндэслэл хийгдсэн, зураг төсвөө батлуулсан, хуульд заасан бусад зөвшөөрөл олгогдсон төсөл, арга хэмжээг тусгана” гэсэн шаардлагыг хангасан байна. Тухайлбал, Төсөвт өртөг нэмэгдүүлсэн 71 төсөл, арга хэмжээнээс 39 төсөл, арга хэмжээний төсөвт өртгийг магадлалын ерөнхий дүгнэлтээр, 32 төсөл, арга хэмжээний төсөвт өртгийг өмнөх жилийн төсөвт тусгагдан батлагдаж байсан төсөвт өртгийг тооцож тусгасан байна.
4. Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан хөрөнгө оруулалтын нийт 125 төсөл, арга хэмжээний санхүүжих дүнд өөрчлөлт оруулах, зохицуулалт хийх санал нь Төсвийн тухай хуулийн 29.3-д заасан “шинээр эхлэх барилга, байгууламж, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нийт төсөвт өртгөөс тухайн жилд ногдох хэсэг нь төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаанд тэнцүү хуваарилсан хэмжээнээс багагүй байхаар тооцож тусгах.” гэсэн шаардлагыг хангасан байна гэж дүгнэжээ.
Ирэх оны төсвийн хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үеэр Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл таван өдрийн завсарлага авах санал гаргасан. УИХ-ын дарга Г.Занданшатар “Улсын төсвийг 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор батлах хуулийн хугацаатай бөгөөд Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар бидэнд төсвийн хуулийн төслийн гурав болон дөрөв дэх хэлэлцүүлгийн үе шат хүлээгдэж байна. Иймд ажлын таван өдрийн завсарлага өгөх боломжгүй байна” хэмээгээд УИХ дахь АН-ын бүлэгт нэг цагийн завсарлага өгөв.
Ингээд завсарлагын хугацаа дуусмагц хуулийн төслүүдийн талаар Төсвийн байнгын хорооноос нэгтгэн гаргасан 16 зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав.
Тус байнгын хорооноос нэгтгэж бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Тухайлбал, Төсвийн орлого нэмэгдүүлэх саналын хүрээнд “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг 2022 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлийн түвшингөөр тооцож, төсвийн орлогыг 37,754.7 сая төгрөгөөр, газрын төлбөрөөс аймаг, нийслэлийн орон нутгийн төсөвт төвлөрөх орлогын хэмжээг 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэлийн түвшингөөр тооцож, төсвийн орлогыг 60,860.0 сая төгрөгөөр”, мөн “Монголбанкны худалдан авах алтны хэмжээг 2023 оны төсвийн жилд 20 тонн болгохтой холбогдуулан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогыг 29,100.0 сая төгрөгөөр” тус тус нэмэгдүүлэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 67.3 хувь нь дэмжсэн.
Төсвийн зардал бууруулах хүрээнд “Улсын төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн цалин хөлс, тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж, зээлийн хүүгийн төлбөрийн зардлаас бусад улсын төсвөөс санхүүжих үйл ажиллагааны зардлыг 1.88 хувиар буюу 94,527,6 сая төгрөгөөр бууруулах” саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Мөн 2023 оны төсвийн санхүүжих дүнд нөлөөлөхгүйгээр хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний хооронд зохицуулалт хийх хүрээнд “Төслийн 2 дугаар хавсралтын XX.3.1.Нийтийн тээврийн автобус гэсэн төсөл, арга хэмжээний 2023 онд санхүүжих дүнг 22,000.0 сая төгрөгөөр бууруулж, хэрэгжих хугацааг 2023-2024 он болгон өөрчилж, Түгжрэлийг бууруулах, хотын төвлөрлийг сааруулах асуудлын хүрээнд захиргааны зарим байгууллагын нэгдсэн цогцолбор барилгын дуусгал төсөвт өртөг 45,000.0 сая төгрөг, 2023 онд санхүүжих дүн 22,000.0 сая төгрөг гэсэн төсөл, арга хэмжээг төсөлд нэмэх” Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 65.9 хувь нь дэмжлээ.
Түүнчлэн “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багцын урсгал зардал болох бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөрийг 1,500.0 сая төгрөгөөр бууруулж, Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх борооны пуужин 2500 ширхэг авахад 1.500.0 сая төгрөгийг мөн сайдын багцын урсгал зардалд нэмэх”, “Соёлын сайдын урсгал зардлыг 100.0 сая төгрөгөөр бууруулж, Кино урлагийг дэмжих сангийн үйл ажиллагааны зардалд 100.0 сая төгрөгийг шилжүүлэх” зэрэг Ажлын хэсгээс гаргасан саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг үргэлжлүүлэхэд шаардагдах 17,000.0 сая төгрөгөөр Эрүүл мэндийн сайдын урсгал зардлыг нэмэгдүүлэх, Улсын хэмжээнд гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлтийн зардалд шаардагдах 33,628.0 сая төгрөгийг Эрчим хүчний сайдын урсгал зардалд нэмэх, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын урсгал зардалд тусгагдсан Өнөр бүл хүүхдийн төвийн урсгал зардлыг 100.0 сая төгрөгөөр, Хүүхэд хамгаалах арга хэмжээний зардлыг 2,700.0 сая төгрөгөөр тус тус нэмэгдүүлэх зэрэг Ажлын хэсгээс гаргасан санал хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэгийг авлаа.
Мөн хуулийн төслийн 5 дугаар хавсралтад тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний 2023 оны санхүүжих дүнд нөлөөлөхгүйгээр 51 төсөл, арга хэмжээний санхүүжих дүнд холбогдох зохицуулалт хийх, 1 дүгээр хавсралтад тусгагдсан 12 төсөл арга хэмжээний 2023 онд санхүүжих дүнг 10,222.2 сая төгрөгөөр нэмэгдүүлж, үүнтэй уялдуулан тухайн төслийн хэрэгжиж дуусах хугацааг өөрчлөх, 2 дугаар хавсралтад тусгагдсан 81 төсөл арга хэмжээний төсөвт өртгийг магадлалын дүгнэлтэд үндэслэн төсөвт өртгийг 216,260.2 сая төгрөгөөр нэмэгдүүлж, үүнтэй уялдуулан тухайн төслүүдийн санхүүжих дүнд өөрчлөлт оруулах талаарх Ажлын хэсгийн саналыг гишүүдийн олонх дэмжсэн.
Цаашлаад хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллоо ирүүлсэн бусад Байнгын хорооны саналыг Төсвийн байнгын хорооноос дэмжсэн, дэмжээгүй саналуудаар санал хураалтыг үргэлжлүүлсэн.
Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.