Эрхэм хүндэт ахмад буурлууд аа,
Элэг нэгт Монгол ахан дүүс ээ,
Та бүхэндээ XVII жарны "Элдэв эрдэнэт” хэмээх хөхөгчин модон могой жилийн Сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Улиран одож буй хөх тэнгэрийн сүр хүчит луу жил монголчууд бидний хувьд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, төрийн эрх барих дээд байгууллагаа эмхлэн байгуулсан түүхэн жил байлаа. Шинээр бүрдсэн 126 гишүүнтэй анхны парламент урт удаан хугацааны туршид гацаад байсан эдийн засгийн өндөр ач холбогдолтой том төслүүдийг намрын чуулганаараа хэлэлцэн, гацаанаас гаргаж чадлаа. Энэ төслүүд эх оронд минь хөгжил цэцэглэлт, ард түмэнд маань үр өгөөжөө өгнө гэдэгт итгэл дүүрэн байна.
Хууль журмын зохистой харьцаа алдагдсанаас нийгмийн эрх тэгш байдал ялгамжтай болж, албан тушаалтны өнгө үзэмжээр асуудал шийдэгддэг байдал газар авсан нь авлига, албан тушаалын хэрэг буурахгүй байх гол шалтгаан болж байна. Тиймээс хуулиас давсан журмуудыг журамлах, хууль хүн бүрт ижил тэгш үйлчилдэг болох эрх зүйн өөрчлөлтийг УИХ ирэх хавар, намрын чуулганаар эхлүүлэх болно.
Үүний зэрэгцээ зээл, санхүү, татварын салбарын хуулийг хүн төвт үзэл санааны үүднээс сайжруулах нь ирж буй могой жилд хийгдэх чухал ажил байх болно.
Хөдөөнөөс хот руу чиглэсэн их нүүдэл сүүлийн 35 жил тасралтгүй нэмэгдсээр ирснийг хотоос хөдөө рүү чиглүүлж, хөдөөд амьдрах таатай орчин бүрдүүлэхэд шаардагдах хууль эрх зүйн орчны шинэчлэлийг эхлүүлэх болно. Энэ бол хот, хөдөөгийн ялгааг эрс багасгах, ядуурлыг бууруулах, төвлөрлийн түгжээг тайлж, ажлын байр, сургууль, эмнэлэг, аж үйлдвэрийг хөгжүүлэхэд хөшүүрэг болох нийгэм, эдийн засгийн таатай хууль эрх зүйн орчны хөрс бий болгох учиртай.
Түүнчлэн зах зээлийн харилцаанд том нь жижгээ зүй бус шахаж эзэгнэх, эсхүл цөөн хэд нь цөөхөн гэдэгтээ эрдэж, хэрэглэгчдийн эрх ашгийг үл хайхрах үзэгдэл газар авах хандлагатай байна. Ийм нөхцөлд иргэн бүр чинээлэг байх боломжгүй. Үүний тулд зах зээлийн эрх тэгш боломжийг бүгдэд нээлттэй байлгах, хэрэглэгчийн эрх ашгийг бодитоор хамгаалах шударга өрсөлдөөний хуулийн шинэчлэлд ирж буй жилд анхаарал хандуулна.
Эрхэм хүндэт иргэд ээ,
Монголын Цагаан сар бол Хүннү гүрнээс эхлэн хүндэтгэн ёсолж ирсэн мянга мянган жилийн түүхэн уламжлал, нүүдлийн соёл иргэншлийн давтагдашгүй үнэт зүйл, ондоошил юм. Түүхэн үнэт өвөө уламжлан тээж яваа Монгол түмэндээ өвлийг өнтэй давж, урин хавартай золгосны баярын мэндийг хүргэж, тарган тавтай хаваржиж, төл малаар бялхан, буян хишиг нь арвижиж, хаврыг тэнхлүүн туулж дэлгэр зунтай золгохын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
Монгол түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байж, Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
Монгол Улсын Их Хурлын Дарга Дашзэгвийн АМАРБАЯСГАЛАН
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна