Монгол Улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж, хөгжсөний 30 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн хуралдаан боллоо. Шинэ Үндсэн хуулийг баталсны 30, нийслэл Улаанбаатар хотыг үүсгэн байгуулсны 383 жилийн ойн хүрээнд НИТХ-ын Хүндэтгэлийн чуулганыг зохион байгуулсан бөгөөд Яармагт барьж байгуулсан Нутгийн захиргааны цогцолборын хурлын танхимд хуралдсанаараа онцлогтой байлаа. Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залсан юм.
Түүнчлэн их төрийн сүлд дуу болох “Эртний сайхан”-ыг эгшиглүүлэн, шинэ байрны жаврыг үргээлээ. Нутгийн өөрөө удирдах байгууллагын хөгжил, үүсэн бий болсноос хойш хийж хэрэгжүүлсэн ажлыг нийслэлийн иргэд, олон нийтэд танилцуулахад Хүндэтгэлийн хуралдааны гол ач холбогдол оршиж байв. Нийслэл Улаанбаатар хотын Хурал нь 1989 оноос гүйцэтгэх засаглалаас тусгаарлан бие даан хөгжсөнөөс хойш 30 дахь жилтэйгээ золгож байгаа нь энэ.
1992 онд шинэ Үндсэн хуулийг батлахдаа “Нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутгийн удирдлагыг хэрэгжүүлнэ” хэмээн хуульчилсан байдаг.
Үүний дагуу буюу 1989 оноос гүйцэтгэх засаглалаас тусгаарлан бие дааснаар Хурлын шинэ үеийн түүх эхэлж, өдгөө нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага хөгжлийнхөө 30 жилийн босгон дээр иржээ. Хүндэтгэлийн хуралдаанд НИТХ-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажиллаж байсан үе үеийн удирдлага, НИТХ-ын төлөөлөгчдийн үе үеийн төлөөлөл, Хурлын ажлын албанд ажилллаж байгаа болон ажиллаж байсан ахмад ажилтнууд оролцсон юм. Түүнчлэн УИХ, Засгийн газар, нийслэл Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн салбарт тодорхой үр дүнтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй НҮБ, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, КОЙКА, ХБНГУ-ын төсөл хамтын ажиллагааны зэрэг олон улсын байгууллагын төлөөлөл оролцлоо.
НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Хүндэтгэлийн хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “2020 оны сонгуулийн үр дүнгээр байгуулсан НИТХ хууль, эрх зүйн шинэчлэлтийг эхлүүлсэн он жилүүдэд бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Цаашлаад шинэчлэгдсэн хуулийн хэрэгжилтийг хангах ажлын эхлэлийг зөв зохион байгуулах чухал хариуцлагатай үед ажиллаж байна” хэмээн онцлоод хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд баяр хүргэсэн юм.
Г.Занданшатар: Нутгийн өөрөө удирдах тогтолцоо нь ард түмнийхээ итгэлийг төлөөллийн байгууллагаараа дамжуулан хэрэгжүүлдэг сонгодог зарчим
НИТХ-ын 30 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн чуулганы эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатараас ирүүлсэн мэндчилгээг УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан уншиж танилцуулсан юм. Тэрбээр “Энэ сайн өдөр их Эзэн Богд Чингис хааны эш хөргийг залж байгаа билэгт үйл явдалд оролцож байгаадаа баяртай байна.
Алд бие минь алжааваас алжаатугай, Ахуй төр минь бүү алдартугай, Бүтэн бие минь алжааваас алжаатугай, Бүрэн улс минь бүү алдартугай хэмээх Их Засаг хуулийн нэг хэсэг болсон Чингис хааны энэ сургаалыг НИТХ-ын энэхүү танхимд залсан нь их учиртай гэж ойлгож байна. 1990 оны есдүгээр сард анхны байнгын ажиллагаатай парламентын гишүүд энэ үгийг хэлж андгай өргөж байсан. Энэ бол төр, түмнийхээ төлөө зүтгэе гэсэн маш том философи. Ахуй төр минь гэдэг өөрийгөө хэлж байгаа хэрэг биш, би байхгүй ч улс орон минь мөнх оршиг гэсэн том санааг агуулж байгаа юм. Бидний үйл ажиллагааны гол зарчим, философи байх ёстой энэ сургаалыг залсанд баяртай байна” хэмээн онцлоод УИХ-ын даргын мэндчилгээг сонордууллаа. “Нийслэлийн нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжөөд 30 жил боллоо. Төлөөллийн ардчиллыг Монголын ард түмэн сэтгэл оюун, чин хүслээрээ сонгож Үндсэн хуулиар баталсан бөгөөд 1992 оны нутгийн өөрөө удирдах шинэ тогтолцоо нь ард түмэн төрийн эрхэнд шууд оролцож, ард түмнийхээ итгэлийг төлөөллийн байгууллагаараа дамжуулан хэрэгжүүлдэг сонгодог зарчим юм. Энэхүү ард түмний төлөөллийн эрх мэдлийг 1992 оноос хойш эдүгээг хүртэл улсын хэмжээнд хэрэгжүүлж, хөгжүүлэн бэхжүүлж ирлээ.
Өнгөрсөн хугацаанд найман удаагийн НИТХ-ын сонгууль болж, нийслэлчүүд чөлөөт сонголт хийж, төлөөллөөр дамжуулан 372 төлөөлөгчийг итгэл хүлээлгэн сонгож, иргэдийн эрх ашгийг илэрхийлж, нийслэлийн хөгжлийн төлөө өөр өөрийн хувь нэмрийг оруулж ирснийг бахархан тэмдэглэж байна.
НИТХ-ын төлөөлөгч болон нийслэлийн иргэдийн итгэл сэтгэл нэг зүгт байж нийслэлийн иргэдийн нийтлэг хүсэл хангагдаж чадна. Үндсэн хуульд орсон шинэ нэмэлт, өөрчлөлтөөр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, нутгийн өөрөө удирдах ёсны тогтолцоог боловсронгуй болгосон нь эдийн засгийн шинэ боломж бүрдүүлсэн гэж үзэж байна.
Нутгийн өөрөө удирдах байгууллага нь УИХ-аар баталсан хуулийн хэрэгжилтийг хангуулж, хяналт тавин ажилладаг төлөөллийн онцгой субьект болохын хувьд өнгөрсөн 30 жилийн НИТХ-ын түүх бол төрийн удирдлагыг хамтран хэрэгжүүлж ирсэн үйл хэрэг юм” гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар мэндчилгээндээ тэмдэглэжээ. Улмаар түгжрэл, агаарын бохирдол, төлөвлөлтгүй газар олголт, байгаль орчны доройтол зэрэг нийслэл Улаанбаатар хотод тулгамдсан олон асуудлыг шийдэх нь нэн чухал байгаа бөгөөд нийслэлд дагаж мөрдөх дүрэм журмыг иргэдийн санаачилгад тулгуурлах нь эдгээр тулгамдсан асуудлыг шийдэх гарц байх болно гэдгийг тэрбээр онцолжээ.
Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын хөгжлийн ирээдүйг иргэдийн идэвхтэй оролцоонд тулгуурлан төлөвлөж, үе шаттайгаар хэрэгжүүлж байна
Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойн Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүлснийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан уламжилсан юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу төрийн удирдлагыг нутгийн удирдлагатай хослуулах нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага тогтолцооны шинэчлэл хийсний 30 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол Улсын Үндсэн хуулийн түүхт ойтой давхцан тохиож буй нутгийн өөрөө удирдах ёсны тогтолцоо бол иргэд төлөөллийн байгууллагаараа дамжуулан төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж ирснийг гэрчлэх түүхэн үйл явдал билээ. НИТХ-ын үе үеийн бүрэлдэхүүн нутгийн удирдлагыг төрийн удирдлагатай хослуулан нийслэл Улаанбаатар хотынхоо хөгжлийн бодлого, шийдвэрийг төлөөллийн ардчиллын зарчим, олон ургалч үзлээр шийдвэрлэсээр ирсэн юм. Нийслэл Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын 50 гаруй хувь, худалдаа, үйлчилгээний 86 хувь нь төвлөрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 65 орчим хувийг бий болгож байна.
Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд иргэдийн идэвхтэй оролцоог хангаж, нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн ирээдүйг төлөвлөн, үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна” гэдгийг уламжлаад НИТХ-аас батлан гарах шийдвэрүүд улаанбаатарчуудын санал санаачилга, нийтлэг эрх ашиг төдийгүй нийслэл хотын хөгжлийн төлөвлөгөөнд бүрэн нийцэж, бодитоор хэрэгжих шаардлагатай гэдгийг онцолжээ.
Түүнчлэн тэрбээр төлөөллийн ардчиллын сонгодог хэлбэр болох нутгийн удирдлагын шинэ тогтолцоог хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа үе үеийн ИТХ-ын төлөөлөгч, удирдлага, НИТХ-ын дарга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, нийт нийслэлчүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, баяр хүргэснийг дамжуулсан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ.
Тэрбээр Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсан болон Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойн мэндийг дэвшүүлээд хамтран зүтгэж байгаа НИТХ дахь АН, ХҮН, МАН-ын бүлгийн төлөөлөгч гишүүддээ талархал илэрхийлсэн. Үргэлжлүүлэн Хүндэтгэлийн хуралдааныг даргалагч, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид болон нийслэлийнхээ иргэдэд хандан баяр хүргэж, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бол иргэд нь төлөөлөгчөөрөө дамжуулан төрийн эрхийг барьж буй сонгодог хэлбэр.
Тийм ч учраас иргэдийн төлөөлөгчдөд иргэдийн нийтлэг эрх ашгаас илүү дээгүүр улс төрийн эрх ашиг гэж байх ёсгүй гэдгийг онцлон тэмдэглэсэн юм. Хүндэтгэлийн чуулганд анхны Хурал буюу 1992-1996 онд НИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Ядамсүрэн, түүний дараагийн аравны эхэнд буюу 2012-2016 онд НИТХ-ын даргаар ажилласан Д.Баттулга нараас гадна Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч ноён Рамачандран Павит нийслэл Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн ажиллаж буй олон улсын байгууллагуудыг төлөөлөн үг хэлж, баяр хүргэлээ.
Нийслэлд “Дижитал хот” төслийг хэрэгжүүлж эхэллээ
Анх 500 мянган хүнд зориулан төлөвлөсөн Улаанбаатар хотын хүн амын тоо өдгөө гурав дахин өсөж, Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь оршин суудаг том хот болжээ. Үүнийг дагаад авто замын түгжрэл, агаарын бохирдол зэрэг нийтийн өмнө тулгамдсан олон асуудалтай нүүр тулгарах болсон. Ийнхүү цаг үе шинэчилсэн бодлого, төлөвлөлтийг шаардаж эхэлсэн учраас Улаанбаатар хотын удирдлагуудын зүгээс хууль, эрх зүйн орчноо сайжруулах, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, эдийн засаг, нийгмийн асуудлаа шийдэх тухайд бодлогын арга хэмжээг цаг тухай бүрд авч хэрэгжүүлсээр ирсэн.
Энэ тухайд зарим тоон мэдээллийг хүргэхэд нийслэл Улаанбаатар хот 1992 онд 124.291 өрхтэй байсан бол 2022 онд 412.527 өрхтэй болж, 3.3 дахин өсжээ. Бүртгэлтэй аж ахуйн нэгж байгууллагын тоо 1993 онд 15.484 байсан бол 2022 оны хагас жилийн байдлаар 175.594 болж 11.3 дахин өссөн байна. Нийслэлийн автозамын нийт урт 1992 онд 212.6 байсан бол 2022 онд 1181.5 км болж 5.5 дахин өсжээ. Харин бүртгэлтэй авто машины тоо 1992 онд 20.718 байсан бол 2022 онд 662.644 болж 32 дахин өссөн дүн мэдээтэй байна. Монгол Улсын Засгийн газраас авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд зориулан 2022 онд 420 тэрбум, 2023 оноос нийслэлийн төсвийн орлогыг бүрэн зарцуулах шийдвэрийг гаргаад байна. Нийслэлийн 2022 оны төсвийн орлого 1.6 их наяд төгрөгөөр батлагдсан нь 2010 онтой харьцуулахад 10 дахин, 2021 онтой харьцуулахад 422 тэрбум төгрөгөөр буюу 37 хувиар, төсвийн хөрөнгө оруулалтыг өмнөх онтой харьцуулахад 5.6 дахин өссөн нь хотын төсөв санхүүгийн чадамж хэрхэн нэмэгдэж байгаагийн бодит илрэл болж байна.
Монгол Улсын Засгийн газраас “Цахим үндэстэн” болох уриалга дэвшүүлсэнтэй холбогдуулан нийслэлийн бүхий л салбарт цахим шилжилтийг эрчимжүүлж, технологийн шийдэл нэвтрүүлэхээр мэдээлэл, технологийн үндэсний 70 гаруй компани 1000 гаруй монгол инженертэй хамтран “Дижитал хот” төслийг хэрэгжүүлж байна. Нийслэлээс иргэн, аж ахуйн байгууллагад үзүүлдэг нийт 42 байгууллагын 589 төрлийн үйлчилгээ байдаг байна.
Үүнээс 225 нь тусгай зөвшөөрөл болон зөвшөөрлийн шинжтэй үйлчилгээ юм. Тэдгээр үйлчилгээг ажлын 7-30 хоногт авдаг байсан нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд төрийн үйлчилгээ авахдаа сэтгэл ханамжгүй байхад хүргэж, авлига, хүнд суртал үүсэх шалтгаан болдог.
Тэгвэл уг асуудлыг шийдвэрлэхийн тулд бизнес эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, төрийн үйлчилгээг хүнд сурталгүйгээр хүргэх, “Онлайн бизнес төв”-ийг 2022 оны нэгдүгээр сард бий болгон, дүүргүүдээс олгодог 83 нэр төрлийн, зөвшөөрлийн шинжтэй эрх олгодог үйлчилгээнүүдийн бүрдэл бичиг баримт, шат дамжлагыг багасгасан байна. Цаашид Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 30 үйлчилгээ, барилгын үйл ажиллагаатай холбоотой 70 үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж байгаа ажээ.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №043/24524