НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 69 дүгээр чуулган АНУ-ын Нью-Йорк хотод болж өндөрлөлөө. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзулаар ахлуулсан Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөл, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, “Даян дэлхийн монгол эмэгтэйчүүд хамтдаа” төрийн бус байгууллагын төлөөлөгчид хамтран энэ сарын 10-21-нд үргэлжилсэн чуулганд амжилттай оролцоод ирэв. Энэхүү чуулганаар Бээжингийн тунхаглал, үйл ажиллагааны хөтөлбөрийн өнгөрсөн 30 жилийн хэрэгжилтийг хэлэлцэж, цаашид баримтлах улс төрийн тунхаглалыг батлахад Социнтернийн эмэгтэйчүүдтэй хамтран идэвхтэй оролцлоо. Чуулганд 180 гаруй улс орны 12 мянга гаруй төлөөлөгч оролцож, 270 орчим дагалдах арга хэмжээг зохион байгуулжээ. Охид, эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсоох, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудлууд, технологийн хөгжил, цахим бэлгийн мөлжлөгтэй тэмцэх, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайлал, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо, бизнес эрхлэлтийг дэмжих зэрэг сэдэвт гол анхаарлаа хандуулсныг чуулганд оролцсон төлөөлөгчид дурдаж байв.
Манай улсын төлөөлөгчид дээрх сэдвийн хүрээнд зохион байгуулсан хуралдааны ерөнхий хэлэлцүүлэг, эмэгтэйчүүд, охидын хүчирхийллийн эсрэг бүлгээс зохион байгуулсан өндөр түвшний арга хэмжээ, дугуй ширээний уулзалтад үг хэлж, идэвхтэй оролцсон байна.
Социнтернийн эмэгтэйчүүдийн олон улсын байгууллагын хуралдаанаас Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан уриалга гаргасныг Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооныхон дэмжин ажиллалаа.
Х.Зул
Эх сурвалж: Монголын үнэн сонин №011/24638/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна