НИТХ-ын дарга нар ярьж байна.
Анхны дарга Ж.Ядамсүрэн: Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг анх боловсруулж батлуулж байлаа
1992-1996 оны НИТХ нь нутгийн өөрөө удирдах байгууллагыг Үндсэн хуулийн баримтлалын дагуу төлөвшүүлэх, ардчилсан үзэл санаагаар хурлын дэгээс эхлээд бүтэц, зохион байгуулалтын үйл ажиллагааг тогтоож, нийслэлийг хуультай болгон эдийн засгийн амьдралтай холбооотой олон чухал шийдвэр гарган хэрэгжүүлсэн юм.
1990-ээд оны эхээр Монголын нийгэм шинэ дэг, журамд шилжсэн. Үүнийг нь 1992 оны шинэ Үндсэн хуулиар баталгаажуулсан юм. Миний бие шинэ Үндсэн хууль батлалцсан. Шинэ Үндсэн хуулиар Монгол Улс засаг захиргааны хувьд социализмын үеийн төвлөрсөн удирдлагаас бие даасан удирдлага руу шилжсэн. Энэ үед миний бие эхний дөрвөн жилд ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар, дараагийн дөрвөн жилд Тэргүүлэгч гишүүнээр ажилласан. 1992 онд нийслэлийн МАХН-ын (тухайн үеийн) хорооны даргаар ажиллаж байхдаа тухайн үеийн орон нутгийн сонгуулийг удирдаж явуулсан. НИТХ-ын сонгуулиар манай хурал тэр үеийн хуулиар 72 төлөөлөгчтэй бүрдсэн. Бүрэлдэхүүний хувьд МАН-аас 58, бие даасан найм, МоАН, МҮАН, МСДН-аас бусад төлөөлөгчөөс бүрдсэн.
Нийслэлчүүд талхаа картаар авдаг системд шилжсэн байлаа. Миний удирдсан НИТХ нийслэлийн эрх зүйн байдлын үндсийг тавих, нийслэлчүүдийн аж амьдралд онцгой анхаарч ажиллах шаардлагатай байсан. Манай хурлаас эхлэн Монгол Улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоог төлөвшүүлэх их ажил эхэлсэн юм. 1992-1996 оны НИТХ бол нийслэлийн амьдралын шинэ үеийн эрх зүйн үндсийг тавьсан. Бидний өмнө нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээг тэлэх шаардлага гарсан. Манай НИТХ нийслэлийн газар нутгийн хэмжээг ихээхэн тэлж чадсан нь цаг үеэ олсон чухал ажил байв.
1994 онд нийслэлийн 70 жилийн ойг тэмдэглэх байсан. Бид нийслэлийн түүхийг сөхөж, 1639 онд Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт сууриа тавьснаас нь үндэслэн нийслэлийн 355 жилийн ойг тэмдэглэх тухай хурлаараа хэлэлцэж, Засгийн газраас шийдвэр гаргуулсан. Улсын нийслэл Улаанбаатар хотын ойг 300 гаруй жилээр урагшлуулсан нь Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд ч чухал зүйл болсон гэж боддог. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу манай хурал Монгол Улсын нийслэлийн сүлд, туг бэлгэдлийг анх бий болгосон.
Т.Билэгт: Бүтээн байгуулалт өрнүүлж, нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийсэн
Т.Билэгт НИТХ-ыг 2000-2004, 2008-2012 онд тус тус тэргүүлж байсан юм. 2000-2004 оны НИТХ нь нийслэлийн төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлэх, татварын бус орлогын шинэ эх үүсвэрийг бий болгоход үйл ажиллагаагаа чиглүүлж байв. 2008-2012 оны бүрэн эрхийн хугацаанд анх удаа НИТХ-ын Тэргүүлэгчдийг ротацын зарчмаар сэлгүүлэн ажиллуулж байсан юм.
-Манай НИТХ иргэдийн санал бодлогыг гаргаж байгаа шийдвэртээ тусгах чиглэл барьж ажилласан юм. Энэ нь Үндсэн хуулийн гол зорилт. Өмнөх НИТХ-д би ажиллаж байлаа. Тиймээс бид 2001 оныг НИТХ “Иргэдтэй ажиллах жил” болгож байсан. Ингээд шийдвэр гаргах түвшинд иргэдийг оролцуулж, саналыг нь авч байлаа. Иргэдтэйгээ ажиллахын тулд хороог бэхжүүлэх, механизмыг боловсронгуй болгох чиглэлээр нэлээд ажил хийсэн. 2002 оныг НИТХ “Бүтээн байгуулалтын жил” болгосон. Энэ хүрээнд нийслэлийн аж ахуйн байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд чиглүүлсэн. Нийслэлийн албан байгууллагуудын үйл ажиллагаа идэвхжиж, дор бүрнээ нийслэлийн тохижилт, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байлаа. Бид Сүхбаатарын талбайг чулуун хавтангаар иж бүрэн шинэчилсэн. Үүнийг тухайн нутаг дэвсгэрийн байгууллагын хүч, хөдөлмөрөөр тохижуулсан. Бүтээн байгуулалтын жилийн хүрээнд нийтдээ 90 тэрбум төгрөгийг аж ахуйн нэгжүүд гаргасан байдаг юм. Манай төлөөлөгчид төсвийн сахилга бат, санхүүгийн менежментийг сайжруулан банк, санхүү, нийгмийн даатгалын тогтолцоог шинэээр бүрдүүлж, өргүй Улаанбаатар хот болж байлаа. Төсвийн орлого, хөрөнгө оруулалтыг өмнөх үеийнхээс нэмэгдүүлж ажилласан.
Дулааны шинэ шугам, сүлжээ тавьж, Нарны гүүрийг барих зэргээр хот тохижилт бүтээн байгуулалтын ажлууд өрнүүлсэн нь үр дүнгээ өгсөн. 2009 онд бид нийслэлийн нийтийн тээврийн асуудлыг тухайн үедээ боломжийн шийдвэрлэсэн гэж боддог. Тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр нийслэлийн удирдлагуудтай Толгойтоос эхлээд автобусны маршрутаар явсан. “Автобус-1” компани дээр нийслэлийн нийтийн тээврийн удирдлагууд, тээвэрчидтэй уулзалт хийсэн юм. Ингээд Засгийн газрын хуралдаанаар асуудлыг оруулж, тухайн өдөртөө шийдвэрлэн, 400 шинэ автобусаар нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хийж байлаа.
Ц.Баасанжав: Орон сууцны хувьчлалыг явуулсан
1996-2000 оны НИТХ нийслэлийн боловсрол, эрүүл мэндийн байгууллагыг зах зээлийн харилцаанд шилжүүлж, зарим төрлийн үйлчилгээний суурь үнийг чөлөөлсөнтэй холбоотойгоор орлогын бааз сууриа нэмэгдүүлэх, улсаас дотаци авалгүйгээр өөрөө өөрийгөө санхүүжүүлэх шийдвэр гарган ажиллаж эхэлсэн.
1996 оны наймдугаар сард орон нутгийн бүх шатны ИТХ-ыг сонгох сонгуулийн хууль батлагдаж, НИТХ-ын сонгуульд гурван нам, нэг эвсэл, дөрвөн бие даагч нийт 129 хүн 40 суудлын төлөө өрсөлдөж, НИТХ байгуулагдсан. Миний бие НИТХ-ын орон тооны Тэргүүлэгчдийн даргаар 94.4 хувийн саналаар 1996 оны арваннэгдүгээр сарын 1-нд сонгогдож, 2000 оны долдугаар сарын 19 хүртэл дөрвөн жил ажилласан. Орон тооны бус есөн тэргүүлэгч, хурлын нарийн бичгийн дарга ороод хурлын Ажлын алба зургаан хүнтэй, хоёр Засаг даргатай ажилласан.
Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нутагшуулах ажлыг зохион байгуулах, нутгийн өөрийн удирдах байгууллагыг төлөвшүүлж, бэхжүүлэх, иргэдийн идэвх, оролцоог идэвхжүүлэхэд төлөөлөгч, хурал, тэргүүлэгчдийн үйл ажиллагааг чиглүүлж байв.
Хувийн хэвшлийн байгууллагын ажил төдийлэн жигдэрч зүгшрээгүй, улсын үйлдвэр аж ахуйн байгууллагын дийлэнх нь хувьчлагдаж, нийслэлийн байгууллагын дийлэнх нь хувьчлагдаж, нийслэл хот зах зээлийн харилцаанд шилжих зүг чигээ сайн олоогүй байсан учир нийслэлийн олон талт амьдралыг зохицуулж, дүрэм, журмыг гаргаж мөрдүүлэх, хэрэгжүүлэх ажилд хурлын үйл ажиллагаа чиглэгдэж байв.
НИТХ тэр үед одоогийнх шиг бие даасан төсөв байгаагүй. Засаг даргын Тамгын газрын төсөвтэй хамт төсөвлөдөг байлаа. Нийслэл хот зах зээлийн харилцаанд шилжихэд цаг үеийн олон асуудал гарч, түүнийг шийдвэрлэхэд хурал ихээхэн цаг хугацаа зарцуулдаг байлаа.
Нийслэлийн түүхэн хөгжлийг судалж, тогтоох, нийслэлийн нутаг дэвсгэрийг шинэчлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, хот орчныг тохижуулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, боловсролыг дээшлүүлэх, төрийн болон орон нутгийн өмчийн хуулийг хэрэгжүүлэх асуудлаар Засгийн газарт санал оруулж, 504 байгууллагын өмчийг нийслэлийн өмчид авч, тооллого, бүртгэх, орон сууцны хувьчлалыг явуулсан.
Н.Болормаа: Иргэдээ сонсож, хороодын хөгжлийг дэмжиж байлаа
2004-2008 оны НИТХ нь иргэдтэй ажиллах, иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулахад үйл ажиллагаагаа чиглүүлж, нийгмийн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийсэн.
-Нийслэлийн иргэдийн хурал гэдэг энэ том айлыг 2004 оны арваннэгдүгээр сараас 2007 оны арванхоёрдугаар сарын эхэн хүртэл удирдах хариуцлагатай ажил надад тохиож байсан. 2005 оныг “Нийслэлийн хөгжилд иргэдийн оролцоог дэмжих жил” болгож иргэдээ сонслоо.
Бид юуг хийх вэ, иргэдээ яаж дэмжиж, хамтарч ажиллах вэ гэдэгт анхаарч ажилласан. 2006 оныг “Хороодын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Нийслэлийн хороо гэдэг хүн амын тоогоороо сумаас илүү засаг, захиргааны үндсэн нэгж. Энэ засаг, захиргааны анхан шатны нэгж болсон хороог хөгжүүлэх асуудалд анхаарлаа хандуулсан. Манай Иргэдийн хурлын бүрэн эрхийн хугацаанд бид нийслэлийн 87 хороог өөрийн гэсэн байртай болгож байлаа.
Хорооны хүн амын тоо гурван мянгаас дээш бол иргэддээ хүрч ажиллахын тулд ачааллыг жигдлэх, багасгах бодлогыг манай иргэдийн хурал барьсан. Мөн иргэдэд төрийн мэдээ, мэдээллийг хүргэдэг, төрийн нэрийн өмнөөс хамгийн анхан шатны зөвлөгч, туслагч болсон хорооны хэсгийн ахлагч нарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулдаг болгох шийдвэрийг “Хороодын хөгжлийг дэмжих жил”-д гаргаж байлаа. 87 хорооны байр барьснаас өрхийн эмнэлэг, цагдаа, хорооны засаг захиргаа нь нэг дор байж, иргэдэд хүндрэлгүй, шуурхай үйлчлэх боломжийг бүрдүүлэхийг зорьсон.
Манай Иргэдийн хурлын үеэс эхэлж иргэдэд чирэгдэл багатай, нэг цэгийн үйлчилгээг бий болгох ажлын эхлэлийг тавьж байсан. Бид 2007 онд нийслэл хотын дэд бүтцийг хөгжүүлэх, сайжруулахаар цахилгааны эх үүсвэртэй болгоход анхаарлаа хандуулсан бол дөрөв дэх жилдээ эрүүл бүс, эрүүл орчныг бүрдүүлэхийг зорьж ажилласан.
Бидний үед хамгийн маргаантай асуудал газар байлаа. Газрын маргаангүй өдөр гэж байсангүй. НИТХ-аас газрын асуудлаар дэд хороо байгуулж, гэр хорооллын барилгажилттай холбоотой хашааны газраа чөлөөлөхгүй байгаа иргэдтэй уулзаж, тэдний бухимдал, эсэргүүцлийг хүлээн авч, нийслэлийн эрх ашигт нийцүүлэн, иргэдээ хохироохгүй байх шийдвэр гаргахын төлөө зорьж байлаа. Ингээд бодохоор манай Иргэдийн хурлынхан эхлүүлсэн, бүтээсэн олон ажил байна.
Бид асуудал шийдэхэд нийслэлийн хөгжлийн асуудлаар мэтгэлцэж, маргалдах үе бишгүй байсан ч гар нийлж сайхан ажилласан. Олон жилийн дараа эргээд харахад манай Иргэдийн хурлын төлөөлөгч байсан хүмүүс маань улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, олон салбарт ажилласаар байна. НИТХ гэдэг бол иргэдийн төлөөлөл, иргэдийн дуу хоолой, иргэдийн хүсэл эрмэлзэл, санал бодолд тулгуурлаж, хотын хөгжилд хүч нэмэх байгууллага юм.
Д.Баттулга: Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлсэн
2016-2019 оны НИТХ гэр хорооллын дахин төлөвлөлт, автозамын бүтээн байгуулалт, газар өмчлөл, нийтийн тээврийн цахим төлбөрийн хэрэгсэл, түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэр гарган ажиллаж байсан.
-Манай НИТХ-ын анхдугаар хуралдаанаар Нийслэлийн замын түгжрэлийг бууруулах тухай тогтоол баталсан. Энэ тогтоолын дагуу нийтийн тээврийн хэрэгслийг зөвхөн нэгдүгээр эгнээгээр явуулах, автомашиныг дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оруулах журам хэрэгжүүлж байлаа. Үүний зэрэгцээ авто замыг шинэчлэх, уулзваруудаа өөрчлөхөөр шийдвэр гаргасан. Бид нийт 33 уулзварыг өөрчилж, гэр хорооллын замуудын сүлжээг шинэчилсэн. Энэ нь тухайн үед нийслэлийн түгжрэлийг бууруулахад томоохон хувь нэмэр оруулсан байдаг. Нийслэл өөрөө мөнгө гаргаж, парк шинэчлэл хийсэн. Автобусыг кондукторгүй болгож, автобусны урд хаалгаар орж, хойд хаалгаар буудаг, автобусанд мөнгө төлдөггүй, смарт карт уншуулах ажлыг хэрэгжүүлсэн. Тухайн үед хэл ам их гарч байсан ч бид хэрэгжүүлж чадсан.
Дараагийн том асуудал нь гэр хорооллын дахин төлөвлөлт. Гэр хорооллыг орон сууцжуулна гэж бид сонгогдож байсан. Ингээд цахилгаан, цэвэр бохир ус, дулааны шугам гээд дэд бүтцийн маш олон асуудлыг шийдвэрлэж, нийслэлийн 24 байршилд гэр хорооллын дахин төлөвлөлт хийхээр баталсан юм. Нийслэл хоггүй, цэвэрхэн байх үүднээс “Төр, хувийн хэвшлийнхэн ойр орчмын 50 метр газраа хариуцна гэсэн шийдвэрийг НИТХ гаргаж байлаа”.
Үндсэн хуулийн 4.62-т “Хуулиар зохицуулагдаагүй бол орон нутгийн Иргэдийн хурлын шийдвэрийг тухайн орон нутагт хууль мэт дагаж мөрдөнө” гэж заасан байдаг. Энэ хүрээнд төр, хувийн хэвшлийн байгууллагууд өвөлдөө цас, мөсөө цэвэрлэдэг, зарим нь орчноо тохижуулж, ногоон байгууламжтай болгож байлаа. Тохижилттой холбоотойгоор бид хог тээвэрлэх журмыг боловсруулсан. Тухайн үед жилд дунджаар хувийн компаниуд 40-өөд тэрбум төгрөгийн хот тохижилтын ажлыг хийж байсан юм.
Дулааны улиралд цэцэрлэгжүүлэлт, мод тарих ажлыг өрнүүлэх шийдвэрийг манай НИТХ гаргаж байлаа. Бид Төв шуудангийн урд талын дулааны шугам сүлжээг засварлах шийдвэр гаргаад хэрэгжүүлсэн. Хэрвээ хуучин дулааны шугам хагарвал Улаанбаатар хот нэлдээ хөлдөх аюултай байлаа. Учир нь эрчим хүч шиг нөөц хуримтлалт байхгүй. Газар доогуурх дэд бүтцийн энэ ажлыг би хувьдаа манай НИТХ-ын шийдвэрлэсэн чухал ажилд тооцдог.
Ц.Сандуй: Нийслэлийн иргэдийн аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллав
2016-2017 оны НИТХ нь хүүхэд, багачуудын боловсролд хувь нэмэр оруулах хөтөлбөрийг баталж, нийслэлчүүдийн санал, хүсэлтийг сонсон, шийдвэрлэх чиглэлд ахиц гаргаж байлаа.
-МАН НИТХ Иргэний танхимаар дамжуулж олон ажил хийсэн. Иргэний танхимаар нийслэлийн иргэдийн санал, хүсэлтийг авдаг байлаа. Энэ үед иргэдээ сонсох, иргэдийн дуу хоолойг хүргэх ажил шинэ түвшинд гарсан гэж боддог. НИТХ-ын дарга Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийг хариуцдаг. Энэ хүрээнд нийслэлийн иргэдийн аюулгүй, амгалан амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажилласан.
Нийслэлийн болон дүүргийн цагдаагийн газартай хамтран гэрээт цагдаа, оюутан цагдааг иргэдийн сайн дурын оролцоотойгоор ажиллуулж байлаа. Иргэд сайхан орчинд амьдрахаас гадна аюулгүй байдлыг нь хангах ёстой. Энэ тал дээр НИТХ-ын даргын хувьд анхаарч, санхүүжилтийг нь гарган, замын цагдаа нарыг богино холбооны техник, тоног төхөөрөмжөөр хангаж, камержуулж байлаа.
Нийслэлийн хүүхэд залуучудын боловсролд анхаарч, хөтөлбөр батлан ажиллаж байв. Тухайлбал, “Нийслэлийн боловсрлын хөтөлбөрт 2020”-ийг баталж, нийслэлийн иргэдийн хүсэн хүлээж буй боловсролын чанартай, хүртээмжтэй үйлчилгээг шуурхай хүргэх бодлогын баримт бичигтэй болгосон. Энэ хөтөлбөрт нэн тэргүүнд захын хорооллын сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил, хамгаалал, боловсролын салбарын багш ажилтнуудын хариуцлага, багш нарын хөгжил, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхэд чиглэж байлаа.
Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгжийн 63.9 хувь нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд үйлдвэр, хоршооны салбарт хөрөнгө оруулалт болон зах зээлийн уян хатан бодлогыг хэрэгжүүлж, үйлдвэрлэл эрхлэгчдийг кластераар хөгжүүлэн үйлдвэрлэлийг дэмжиж, “Улаанбаатарт үйлдвэрлэв” барааны тэмдэг, шошготой бүтээгдэхүүнийг сурталчлан, борлуулалтыг нэмэгдүүлэх замаар ажлын байрыг бий болгож, үйлдвэрлэл үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр хөтөлбөр батлан хэрэгжүүлэхээр зорьсон юм.
Манай НИТХ Нийслэлийн шинэ удирдлагууд ажлаа аваад гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг шинэ шатанд гаргахаар шийдвэр гарган ажилласан.
С.Амарсайхан: Сайжруулсан түлшээр хангаж, агаарын бохирдлыг бууруулав
2016-2019 оны НИТХ олон жил эдийн засгийн эргэлтэд орж чадаагүй гэр хорооллын газрыг инженерийн шийдлээр “эд хөрөнгө” болгох ажлыг эрчимжүүлж, гэр хорооллыг инженерчлэх шийдлийг хийж чадсан.
-Долоо дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр бий болсон НИТХ-ын 45 суудлаас 34 нь МАН, 11 нь АН-ын төлөөлөгчдөөс бүрдэж байлаа. Үе үеийн НИТХ тухайн цаг үеийн онцлогоос хамаарч, олон чухал шийдвэр гаргаж байлаа. Нийгмийн шаардлага, ажил, амьдралын хэрэгцээ, ирээдүйг харсан шийдвэрүүд гаргасан байдаг. Энэ хэрээр нийслэл хот хөгжиж, урагшилж, тэлж ирсэн. Өнөөдөр нийслэл хот улсын эдийн засгийн дийлэнх хувийг бүрдүүлдэг. Хүн амын дийлэнх нь оршин суудаг.
Улс төр, нийгэм, соёл, боловсролын төв болсон. Үүнтэй зэрэгцээд олон асуудал урган гардаг. НИТХ-ын гаргасан шийдвэрийг үргэлжлүүлэх, цаг үеийн шаардлагаар өөрчлөх шинэчлэх зүйл гарвал төлөөлөгчдөөрөө хэлэлцэн шийдвэрлэх зарчим барьж байлаа. Манай НИТХ хэд хэдэн чухал шийдвэр гаргасан байдаг.
Засгийн газрын баталсан Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэх 62 дугаар тогтоол гарч байлаа. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, сайжруулсан түлшээр нийслэлийн иргэдийг хангах чиглэлээр хөтөлбөрт баталсан.
Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, Хүн амд ахуйн үйлчилгээг хүргэх, нийслэлийн орон сууц зэрэг дэд хөтөлбөрийг баталж хэрэгжүүлж байлаа. Налайхын 21км дөрвөн урсгалтай авто замыг дахин төлөвлөж, шинээр эхлүүлсэн. Налайхын авто замыг зургаан сарын дотор барьж байгуулж байлаа. Ингээд агаарын бохирдлыг бодитоор бууруулж чадсан.
НИТХ 2018 оны батлагдсан төсвийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажил, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих ажлыг зохион байгуулан ажиллаж байв.
Манай НИТХ-ын үед “Баянхошуу”, “Сэлбэ” дэд төв ашиглалтад орж, төрийн үйлчилгээ, нийгмийн нэн тэргүүний хэрэгцээтэй сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээ иргэддээ ойртсон. Зургаан дүүрэгт ашиглалтад орох дэд төвүүд хотын төв болон хотын захын амьдралын чанарын ялгааг гэр хорооллыг инженерчлэх шийдэл болж чадсан юм.
Р.Дагва: Нийслэлийн эрх зүйн орчныг шинэчилж, эрх мэдэл, санхүүг нэмэгдүүлсэн
2019-2020 оны НИТХ нь агаарын бохирдлыг бууруулж, Налайхын замыг эхлүүлж, Авто замын мастер төлөвлөгөөг хийсэн.
-Нийслэлийн иргэд ажиллаж, амьдрахад тав тухтай орчин бүрдүүлэх шаардлагатай төсөв санхүүгээс гадна захиргааны эрх мэдлийг шийдвэрлэх тулгамдсан зорилт манай НИТХ-ын өмнө байсан. Манай 45 төлөөлөгч Улаанбаатар хотод шаардлагатай захиргааны болон санхүүгийн эрх мэдлийг хууль, эрх зүйн хүрээнд шийдвэрлэхээр сэтгэл чилээж ажилласан.
Миний ажиллаж байсан цаг үед Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах цаг үе таарч, дэд Ажлын хэсэгт ажиллаж байлаа. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн суурь зарчмуудыг батлах цаг үе мөн таарсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах болсон. Энэ ажлыг манай НИТХ-ын төлөөлөгчид, нийслэлийн нутгийн захиргааныхантай хамт ханцуй шамлан ажилласан.
Бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр нийслэл ямар эрх мэдэлтэй, хэрхэн хөгжих талаар шинэ үзэл санааг тодорхой хэмжээнд тусгаж чадсан. Ялангуяа, Монгол Улсад хотууд цаашдаа яаж хөгжих вэ, нийслэл хот хэрхэн хөгжих вэ, улсын болоод орон нутгийн зэрэглэлтэй хотууд хөгжлийнхөө төлөвлөгөө боловсруулах үзэл санааг Үндсэн хуульд тусгасан. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээг зааж өгсөн. НИТХ, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийг энэ хуульд тусгаж, шинэ суурь зарчмуудыг тусгасан.
Төрийн захиргааны байгууллага хоттой холбоотой асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх бол нийслэлийн Засаг даргаас санал авдаг байх заалтыг Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд тусгасан юм. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувийг нийслэл өөртөө авч үлдэх боломж нээгдсэн. Нийслэл өөртөө төвлөрүүлдэг байсан Хувь хүний орлогын албан татвар, Үл хөдлөх хөрөнгийн татвар, Газрын төлбөр зэрэг татварын эх үүсвэрийг дүүргүүдэд шилжүүлж өгсөн.
Дүүрэг, орон нутаг ч Иргэдийн хурлаараа дамжуулан тодорхой хэмжээний хөгжлийн болон асуудлуудаа шийдвэрлэх эрхзүйн болон санхүүгийн боломж нээгдсэн юм. Нийслэлийн эрх зүйн орчныг шинэлэх цаг үед НИТХ-ыг тэргүүлж, зарим хуулийн төслийг ахлан ажиллаж, хууль, эрх зүйн шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлсэндээ сэтгэл өег байдаг.
Н.Энх