Нийт нутгаар цас орж, хүйтний улирал айлссан долоо хоног байлаа. Тиймээс ч Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд цахилгааны үнэ нэмэх эсэх, сайжруулсан түлш борлуулах цэгийг олшруулах эсэх, авто зам, гудамж талбайн цас, мөсийг цэвэрлэж, халтиргаа, гулгаанаас сэргийлэх зэрэг цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой санал хүсэлтийг олон нийт ирүүлсээр байна. Тухайлбал, иргэн М.Бат-Очир “Цахилгааны үнэ нэмэгдэнэ, шөнийн хөнгөлөлтийг болиулна гэж байна. Утаагүй болгоё гэвэл цахилгааны үнийг нэмэхгүй байх хэрэгтэй. Иргэдэд үнийн өсөлт хангалттай дарамт болж байхад цахилгааны үнэ нэмэгдвэл ард иргэдэд маш хүнд цохилт болно. Цахилгааны үнэ нэмэгдвэл өргөн хэрэглээний барааны үнэ, талх, гурилын үнэ ч дагаад нэмэгдэнэ. Үүнийг холбогдох байгууллагад нь уламжилж үнэ өсгөхгүй байх талаас нь арга хэмжээ авч өгнө үү” гэсэн гомдлыг Эрчим хүчний зохицуулах хороонд хандан гаргажээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хандан иргэн Ш.Бямбасүрэн “Багахангай дүүргээс Хоолтын даваа хүртэлх зам тэр чигтээ мөс байна. Замыг гурван өдөр хаалаа. Багахангайн Зам ангийнхан давс цацаж, цас, мөсөө арилгах арга хэмжээ авахгүй байна. Үүнийг холбогдох байгууллагад нь уламжилж, арга хэмжээ авч өгнө үү” хэмээн хүсэлт илгээсэн бол иргэн М.Очирхүү “Иргэд цас орсон үед бүх нийтээрээ цас цэвэрлэж, зүлэг ногоо руу хийж ашиглах хэрэгтэй байна. Миний саналыг холбогдох байгууллагад уламжилж өгнө үү” гэсэн саналаа илэрхийлжээ.
Иргэн С.Ариунтөгс “Нийслэлийн ХУД-ийн наймдугаар хорооны нутаг Нүхтийн амны наана байрладаг таван давхар орон сууцнуудын уурын зуух түүхий нүүрс болон утаагүй түлшээр галлаж, орчны агаарыг бохирдуулж байна. Энэ хавийн айлууд бүгдээрээ цахилгаанаар халаалтаа шийдэж, утаагүй эрүүл орчинд амьдарч байгаа юм. Гэвч энэ орон сууцнаас болж хар утаа гарч орчныг бохирдуулж байгаа тул оршин суугчид “Тус орон сууцыг халааж буй уурын зуух нь түүхий нүүрсээр галлаж байгааг болиулах” хүсэлт гаргаж байна. Холбогдох дээд шатны байгууллага арга хэмжээ авч тус байрны халаалтыг цахилгаан халаалтаар шийдэж өгнө үү” хэмээн гомдол гаргасан байна. Ингээд өнгөрсөн өдрүүдэд иргэдийн ирүүлсэн санал, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэснийг хүргэе.
Цагаанхад суурьшлын бүсэд улсын бүртгэгч очиж ажиллах боломжгүй
ХҮСЭЛТ - 000306409
Өмнөговь аймгийн Цагаанхад суурьшлын бүсэд улсын бүртгэлийн байгууллагаас өнгөрсөн есдүгээр сарын 27-нд хүмүүс ирж, тус уурхайн ажилчин, жолооч нарын гадаад паспортыг сунгаж өгсөн. Тухайн үед би тээвэрт яваад гадаад паспортоо сунгуулж чадаагүй юм. Надаас гадна маш олон жолооч гадаад паспортынхаа сунгалтыг хийлгэж чадаагүй үлдсэн. Улсын бүртгэлийн газраас дахин Өмнөговь аймгийн Цагаанхадад ирж гадаад паспорт сунгаагүй жолооч, ажилчдын гадаад паспортыг сунгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна. Миний хүсэлтийг холбогдох байгууллагад уламжилж өгнө үү.
*Улсын бүртгэлийн ерөнхий газар:
-Иргэн Б. Эрдэнэболдтой утсаар холбогдсон. Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Энхмөнх холбогдож гадаад паспортын захиалгын талаар мэдээлэл өглөө. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан тавдугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй Цагаанхад суурьшлын бүсэд улсын бүртгэгч очиж ажиллах боломжгүй. Тиймээс Ханбогд сумын улсын бүртгэгчид гадаад паспорт захиалах хүсэлт гаргах эсвэл “E- Mongolia”-гаар захиалах боломжтой тухай мэдээллийг өгсөн.
“Сабрил” уналт таталтын эмийн бүлэгт хамаардаггүй
ХҮСЭЛТ - 000304864
Уналт таталтын эмийг хүүхдэд 100 хувь хөнгөлсөн гэж байсан. Зарим эм хөнгөлөлтгүй байна. Жишээ нь, “Ази фарм” эмийн сангаас Сабрил гээд эмийг автал ямар ч хөнгөлөлт байхгүй гэж байна. Ямар эмүүд нь хөнгөлөлттэй байгаа вэ? Мэдээллийг нь хаанаас авах вэ? тодорхой хариу өгч тусална уу.
*Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар:
-Иргэнтэй утсаар холбогдлоо. “Сабрил” нь уналт таталтын эмийн бүлэгт хамаардаггүй, булчин суллах эмийн бүлэгт хамаардаг учраас тогтоолд ороогүй байсан. Бид тогтоол шинэчлэх үед оруулах эсэх талаар судалж байна” гэдгийг тайлбарлав.
Тээврийн зардал 60 хувиар нэмэгдсэнээс гурилын үнэ өссөн
ХҮСЭЛТ - 000303452
Хүнсний өргөн хэрэглээний барааны үнэ хэтэрхий их нэмэгдэж байна. Үүнд төр, засгаас анхаарч өгнө үү. Хөдөө орон нутагт 25 кг гурил 48 мянган төгрөг болсон байна. Амьжиргааны доод түвшний айл өрхийн тоо улам нэмэгдэж байна. Холбогдох байгууллагад уламжилж өгнө үү.
*Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам:
-Манай яамны хувьд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос гаргадаг долоо хоног тутмын мэдээ болон томоохон гурил үйлдвэрлэгчдээс үнийн мэдээллийг авч, дүн шинжилгээ хийж ажилладаг. Гурил үйлдвэрлэгчдээс ирүүлсэн мэдээгээр гурилын үнэ өмнөх сартай харьцуулахад килограмм тутамдаа 300-400 төгрөгөөр буюу 30 орчим хувиар өсөөд байна. Харин Үндэсний статистикийн хорооны үнийн мэдээгээр хамгийн өргөн хэрэглэдэг нэгдүгээр гурилын үнэ өмнөх сараас 17.3, өмнөх оны мөн үеэс 34.2 хувиар өссөн байна. Олон улсад үүсээд байгаа хурцадмал байдал, цар тахлын дараах хямрал, олон улс дахь ачаа тээврийн урсгал удааширснаас газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглах орцууд болох үр, бордоо, ургамал хамгааллын бодис, шатахуун, техник, тоног төхөөрөмжийг импортлох зардал өссөн. Эдгээр орцыг бид гадаад валютаар худалдан авдаг. Үүнээс шалтгаалан гурилын үндсэн түүхий эд болох улаанбуудайг үйлдвэрт өмнөх онтой харьцуулахад 30 гаруй хувиар нэмэгдсэн үнээр худалдан авч байна. Мөн гурил үйлдвэрлэлийн үндсэн болон туслах түүхий эд, хөрш орны хил гаалийн асуудалтай холбоотойгоор ачаа тээврийн зардал 60 орчим хувиар нэмэгдсэний улмаас гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд бүгд алдагдалтай ажиллаж байгаа учраас гурилын үнэ өсөх нөхцөл бүрдсэн байна. Дэлхий нийтээр цар тахлын дараах хямрал нүүрлээд байгаа энэ цаг үед төрөөс гурилын үнийг өсгөхгүй байх хатуу бодлого баривал энэ салбар дахин сэргэхээргүй уналтад орох эрсдэлтэй байна. ХХААХҮЯ-наас энэ онд гурил үйлдвэрлэлийн салбарт нийт 930 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Засгийн газар хугацаат цэргийн албанд татах шийдвэр гаргана
САНАЛ - 000301924
2023 оны Монгол Улсын төсөв хэлэлцэж байгаа үед иргэний зүгээс санал уламжилж байна. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа үед нэг жилд цэрэгт татах иргэдийн тоог 10 хувиар бууруулж өгнө үү. Жилд олон хүнийг хооллох, хувцаслах мөнгөнөөс бага ч гэсэн танах хэрэгтэй байна. Миний саналыг холбогдох газарт нь уламжилж өгнө үү.
*Батлан хамгаалах яам:
- Л.Цэрэндоржтой утсаар холбогдож дараах тайлбарыг өгсөн. БХЯ нь “Зэвсэгт хүчний Жанжин штаб, Дотоодын цэрэг, Хил хамгаалах ерөнхий газраас ирэх жил хугацаат цэргийн албанд татагдах хяналтыг тоог хүлээн авч хянаад, Монголын Улсын Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлэдэг” талаар мэдээлэл өглөө.
Иргэний үнэмлэхний лавлагааг цахимаар үнэгүй авна
САНАЛ - 000303733
Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс тамгатай цаасан дээр лавлагаа гаргаж өгөхгүй байна. “Орон даяар лавлагаа гаргаж өгөхөө зогсоосон” гэж байна. Энэ талаар холбогдох байгууллагаас тодорхой мэдээлэл авмаар байна. Холбогдох газарт нь уламжилж, хариу өгнө үү.
*Улсын бүртгэлийн ерөнхий газар:
-Иргэн Э.Зундуй Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсайханаас “Иргэний үнэмлэхний тамгатай лавлагаа авна” гэсэн байна. Улсын ахлах бүртгэгч “Иргэний үнэмлэхний лавлагаа “Хур”, “Киоск”, ТҮЦ, “И-монголиа”-гаас цахимаар үнэгүй авч болно” гэсэн зөвлөгөөг өгсөнд иргэн бухимджээ. Иргэн Э.Зундуйтай тус хэлтсийн дарга Ч.Энхмөнх холбогдож мэдээлэл өгсөн.
Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлийг баримталж байна
ШҮҮМЖЛЭЛ - 000302471
Малыг хилээр хөлөөр нь гаргана гэж юу гэсэн үг вэ!! Бүх ашиг шимээ гадагшаа алдаж байна гэсэн үг. Үнэхээр эсэргүүцэж байна. Бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүхий махаар нь гаргах ёстой. Холбогдох байгууллагад уламжилж өгнө үү.
*Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам:
-Дэлхий нийтийг хамарсан цар тахал, цаг үеийн болон эдийн засгийн нөхцөл байдал, мал сүргийн тоо толгойн өсөлт, бэлчээр, тэжээлийн хүрэлцээ хангамж зэргээс улбаатай малчид, мал аж ахуй эрхлэгчдийн эдийн засгийн нөхцөлийг сайжруулах, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор нийт сүргийн 39-46 хувийг эзэлж буй үржлийн бус хэрэгцээний эр хонь, эр ямааг тодорхой хувиар /20 хүртэлх/ богино хугацаанд амьдаар гаргаж, эдийн засгийн эргэлтийг түргэсгэх байр суурьтай байгаа болно. Цаашид мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрийн бүс байгуулж, адуу, хонь, ямааны махыг дулааны аргаар боловсруулан өртөг шингээж экспортлох, малын генетик нөөцийг дотооддоо бүрэн ашиглаж, үндэсний үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах, үйл ажиллагааг нь сэргээх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлийг баримталж байна.
Хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө
ГОМДОЛ - 000302462
Ажилгүйдлийн тэтгэмж авах юм. Гэтэл “Танай байгууллага өртэй байна” гээд олгохгүй байна. Байгууллага бизнесийн боломжоороо мөнгөө төлдөг. Холбогдох байгууллагад уламжилж өгнө үү.
*Нийгмийн даатгалын ерөнхий газар:
-Нийгмийн даатгалын тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө.” гэж заасан байдаг.
Автомашины зөрчлийг мэдээлсэн иргэнийг урамшуулах нь зөв шийдвэр
ТАЛАРХАЛ - 000302814
“E-police” аппликэйшнээр автомашины зөрчлийг мэдээлсэн иргэнд тухайн торгуулийн мөнгөн дүнгийн 20 хувийг нь авдаг болно гэж байгаа нь маш зөв шийдвэр. Тухайн ажлыг хийж буй ажлын хэсэгт маш зөв шийдэл, шийдвэр гаргаж байгаад нь баярлаж байна. Холбогдох харьяа байгууллагад нь уламжилж өгнө үү.
*Хууль зүй, дотоод хэргийн яам:
-Танаас ирүүлсэн талархалтай танилцлаа. Баярлалаа.
Н.ЭНХ
Монголын үнэн сонин №043/24524