Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2022.11.04/ үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 00 минутад эхэлж, “Монгол Улсын Хөгжлийн банкны чанаргүй зээлийг барагдуулах, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын өмнө гэрээгээр хүлээсэн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангах, гадаад эх үүсвэрүүд хугацаанаас өмнө дуудагдах эрсдэл, урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ”-ний талаарх мэдээллийг сонслоо.
Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Тэрбээр мэдээлэлдээ, Хөгжлийн банк нь үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш буюу 2011-2022 оны хооронд нийт 3.5 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний урт хугацаат эх үүсвэрийг олон улсын зах зээлээс татан төвлөрүүлснээс 1.5 тэрбум ам.доллар нь Засгийн газрын буюу Чингис бондын эх үүсвэр, үлдсэн 2.0 тэрбум ам.долларын эх үүсвэрийг Хөгжлийн банк өөрөө татан төвлөрүүлснийг онцлоод олон улсын зах зээлээс татан төвлөрүүлсэн уг 3.5 тэрбум ам.долларын эх үүсвэрийн 3.0 тэрбум ам.долларыг төсөл, хөтөлбөр санхүүжүүлэхэд зарцуулсан бол 0.5 тэрбум ам.доллароор өрийн удирдлага буюу эх үүсвэрийн дахин санхүүжилт хийсэн гэж байлаа.
Мөн Хөгжлийн банк нь дээрх татан төвлөрүүлсэн гадаад эх үүсвэр болон өөрийн хөрөнгийг ашиглан нийт 3.5 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний санхүүжилт олгосон бөгөөд үүнээс 1.4 тэрбум ам.доллар буюу 40.8 хувийг төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэй шууд санхүүжилтээр, 0.5 тэрбум ам.доллар буюу 15.1 хувийг дамжуулан санхүүжилтийн хэлбэрээр, үлдсэн 1.5 тэрбум ам.доллар буюу 44.0 хувийг улсын төсвийн шинжтэй буюу өндөр хүүтэй валютын эх үүсвэрээр санхүүжүүлж болохгүй төслүүдэд олгосон үндсэн гурван хэлбэрээр төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн байна. Үүнээс 2011-2016 онд буюу анхны хуулийн хэрэгжилтийн хугацаанд нийт 2.5 тэрбум ам.доллар буюу 70 хувьтай тэнцэх хэмжээний зээл олгосон бол, 2017-2022 онд 1.0 тэрбум ам.доллар буюу 30 хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт олгосон гэдгийг Сангийн сайд мэдээлэлдээ дурдсан.
Тэрбээр, 2016 оны эцэст Хөгжлийн банкнаас олгосон нийт зээлийн үлдэгдэл 6 их наяд төгрөгт хүрч өссөн ба үүний 50-иас дээш хувийг буюу тухайн үеийн ханшаар 3.1 их наяд төгрөгийн багц улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгогдсон байсан нь тус банкийг байгуулсан үндсэн зорилгоос нь хазайлгаж төсвийн шинжтэй үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллага болгон хувиргажээ. Улмаар УИХ-ын 2016 оны 81 дүгээр тогтоол, Засгийн газрын 2016 оны 219 дүгээр тогтоол, Засгийн газрын 2017 оны 53 дугаар тогтоолыг тус тус хэрэгжүүлэх ажлын хүрээнд тухай бүр Засгийн газрын тогтоолын хүрээнд, зээлийн эргэн төлөлтийг улсын төсвөөс эргэн төлөх гэрээний үүрэг хүлээсэн 348 төсөл арга, хэмжээний 3.1 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн багцыг улсын төсөвт шилжүүлэх арга хэмжээг авсан гэж байлаа.
2017 оны дөрөвдүгээр сараас Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Хөгжлийн банкны засаглалыг сайжруулах, хараат бус, бие даасан байдлыг нэмэгдүүлэх, үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өргөжүүлэх зорилгоор УИХ-аас Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 оны хоёрдугаар сард баталсан бөгөөд энэхүү хуулийн шинэчилсэн найруулгаар банкны зээл олгох үйл ажиллагаанд УИХ, Засгийн газраас шууд оролцдогийг зогсоосныг Сангийн сайд мэдээлэлдээ дурдаад хяналтын тогтолцоог сайжруулах хүрээнд Монголбанкнаас санхүүгийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг тогтоож, актив ангилах, эрсдэлийн сан байгуулах тухай журмыг Сангийн сайд болон Монголбанкны ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар баталж, Монголбанк тус банкны үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах болсныг тодотгов.
Сангийн сайд мэдээлэлдээ, Монголбанкны 2021 онд Хөгжлийн банканд хийсэн шалгалтаар Хөгжлийн банкны идэвхтэй байгаа нийт зээл буюу 3.2 их наяд төгрөгийн зээлд эзэлж буй чанаргүй зээл нь 1.8 их наяд төгрөгт хүрсэн буюу чанаргүй зээлийн хэмжээ нийт зээлийн багцын 55.3 хувийг эзэлж байгааг дүгнэсэн актыг 2021 оны 12 дугаар сарын 21-нд албажуулсан. Нийт чанаргүй болсон 1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээлийн 73 хувь буюу 1.4 их наяд төгрөгийн чанаргүй зээлийг 2012-2016 онд Засгийн газрын тогтоолтойгоор олгосон зээлүүд эзэлж байна. Ингэснээр хамгийн багадаа 10 хувь болон түүнээс дээш хувь байх ёстой санхүүгийн байгууллагын амин үзүүлэлт болох өөрийн хөрөнгийн хүрэлцээ 0 утгаруу ойртож 1.3 хувьд хүрсэн нь дампуурлын эрмэгт хүрснийг илтгэнэ гэдгийг онцолсон.
Мөн Хөгжлийн банк 2023 оны 10 болон 12 дугаар саруудад олон улсын хөрөнгийн зах зээл дээр 2018 онд дахин санхүүжилт хийх зорилгоор арилжаалсан 500.0 сая ам. долларын евро бонд, Япон улсын зах зээлд 2013 онд хаалттай арилжаалсан 30.0 тэрбум иений “Самурай” бондын эх үүсвэр буюу өнөөдрийн ханшаар ирэх онд нийт 2.6 их наяд төгрөгийн эргэн төлөлтийг гүйцэтгэх хуваарьтай гэж байлаа.
2018 онд олон улсын хөрөнгийн зах зээлд таван жилийн хугацаатай Засгийн газрын баталгаагүй 500 сая ам.доллар евро бонд гаргасан ба тус бондоор ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд цэвэр өрийн удирдлага хэрэгжүүлж дахин санхүүжилт хийсэн. Үүний үр дүнд, Засгийн газрын баталгаатай өр төлбөрийн дүнг бууруулж, өр төлбөрийн жигнэсэн дундаж хугацааг 3.8 жилээр сунгасан, хүүгийн зардлыг бууруулж, хөвөгч хүүг тогтмол болгож чадсан. 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар Хөгжлийн банкны олон улсын зах зээлд арилжаалсан үнэт цаасны үлдэгдэл нийт 2.6 их наяд төгрөг байгааг Сангийн сайд мэдээлэлдээ дурдлаа.
Засгийн газрын зүгээс Хөгжлийн банкны асуудлыг анхаарлын төвөөс гаргалгүй, тус банкны үйл ажиллагааны талаар Засгийн хуралдаанаар тогтмол мэдээлэл авч, үүрэг, чиглэл өгч ажиллаж байгааг Б.Жавхлан сайд мэдээлэлдээ дурдаад энэ оны нэгдүгээр сараас эхлэн чанаргүй зээлийг эргэн төлүүлэх үйл ажиллагааг эрс эрчимжүүлж, асуудлыг олон нийтэд нээлттэй ил тод болгосон гэв.
Түүнчлэн тэрбээр, чанаргүй зээлийг төлүүлэх ажиллагааны хүрээнд Иргэний хэргийн шүүхэд 2019-2022 оны хооронд 689.8 тэрбум төгрөгийн 18 зээл, 2022 оны нэгдүгээр сараас хойш 691.6 тэрбум төгрөгийн 15 зээлдэгчийн нэхэмжлэлийг шүүхэд шинээр гаргасан. 2022 онд 367.5 тэрбум төгрөгийн долоон зээлийн шийдвэр эцэслэгдэн гарч, өнөөдрийн байдлаар 915.1 тэрбум төгрөгийн 16 зээлдэгчтэй холбоотой хэрэг иргэний журмаар шүүхийн шатанд шийдвэрлэгдэж байна. Мөн шүүхийн шийдвэр гарсан 15 зээлээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэж буй 10 зээл, шүүхийн бус журмаар төлбөр төлүүлэхээр ажиллаж буй найман зээл, нийт 41 зээлийг эргэн төлүүлэхээр ажиллаж байна. Эрүүгийн журмаар 32 компанийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна. Авлигатай тэмцэх газраас эхний байдлаар 19 зээлийн хувийн хэрэгт холбогдох хянан шалгах ажиллагааг багцалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусах шатандаа орсон хэмээн мэдээлсэн гэж байлаа.
Хөгжлийн банкнаас төрийн өмчит хуулийн этгээдүүдэд олгосон зээлийн эргэн төлөлтийг шийдвэрлэх зорилгоор Засгийн газрын 2022 оны тавдугаар сарын 31-ний өдрийн “Хөгжлийн банкнаас олгосон зээлийн өр төлбөрийг барагдуулах зарим арга хэмжээний тухай” 220 дугаар тогтоол батлагдаж төрийн өмчит есөн хуулийн этгээдэд холбогдох 565.5 тэрбум төгрөгийн активын эргэн төлөлтийг шийдвэрлэх арга замуудыг тодорхойлж, тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг холбогдох этгээдүүдэд даалгасан. Тогтоолын хэрэгжилтийн хүрээнд “МИАТ” ХК-ийн 14.9 тэрбум төгрөгийг төлснөөр зээл бүрэн төлөгдөж хаагдсан. Мөн “Эрдэнэс Монгол” ХХК 2022 оны есдүгээр сарын 29-ний өдөр 117.2 тэрбум төгрөг, НОСК, ТОСК-ийн зээлийн төлбөрөөс 10.1 тэрбум төгрөг төлөгдөөд байна. Хөгжлийн банканд 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 777.0 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хийсэн. Үүнээс 689.1 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр төлөгдөж, 87.9 тэрбум төгрөг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр эргэн төлөгдлөө. 365.1 тэрбум төгрөг бүхий нийт 14 зээл бүрэн төлөгдөж хаагдлаа. Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 1.3-16 хувьд хүрч зохистой хэмжээнд хүрсэн гэдгийг Б.Жавхлан сайд мэдээлэлдээ онцолсон.
Хөгжлийн банкны 2022 оны зээлийн эргэн төлөлтийг Төрийн сангийн тусгай дансанд төвлөрүүлсэн ба тус хөрөнгөөр Самурай бондыг эргэн төлөх мөнгөн хөрөнгийг бүрдүүлж чадсаныг Сангийн сайд мэдээлэлдээ тодотгохын зэрэгцээ бондын эргэн төлөлтийн талаар авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд 500.0 сая ам.долларын евро бондоос Хөгжлийн банканд оны эцэс хүртэл төлөгдөх зээлийн эргэн төлөлтөөр хэсэгчлэн худалдан авах ажиллагааг хийхээр ажиллаж байна. Бондуудыг хугацаанаас өмнө эргэн төлөх саналыг хөрөнгө оруулагчдад тавьснаар биднийг хүлээсэн үүргээ биелүүлэх хариуцлагаа бүрэн ухамсарлаж байгаа, мөн бондын төлбөрөө төлөх чадвартай найдвартай түнш гэдгийг илэрхийлсэн гэж байлаа.
Хөгжлийн банкны активын чанар, зээлжих зэрэглэл тогтоох аргачлалуудад өөрчлөлт орсонтой холбоотойгоор 2022 оны 1, 2 дугаар улиралд Standard and Poors, Moody’s, Fitch агентлагуудаас ээлжит бус үнэлгээг хийсэн ба удаа дараагийн хэлэлцүүлгийн үр дүнд тус агентлагуудын зүгээс банкны зээлжих зэрэглэлийн үнэлгээ болон төлөвийг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн ба Хөгжлийн банкны зээлжих зэрэглэл улсын зээлжих зэрэглэлтэй адил түвшинд хадгалагдаж байгааг Б.Жавхлан сайд мэдээлэлдээ дурдаад Хөгжлийн банкны ОХУ-ын Внешэконом банктай байгуулсан гэрээний үүрэг 2019 оноос эхлэн зөрчигдсөн ба гэрээний үүргээс чөлөөлөгдөх хэлэлцээрийг тус банктай хийж, гэрээний зөрчил үүссэнээр бусад эх үүсвэрүүд хугацаанаас өмнө буцаан дуудагдах эрсдэлийг хаасан гэдгийг онцолсон.
Мөн тэрбээр, бид оны эцэст нийт эргэн төлөлтийг нэг их наяд төгрөгт хүргэж, оны эхэнд 1.3 хувь байсан банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээг 20 хувьд хүргэхээр зорин ажиллаж байна. Ингэснээр Хөгжлийн банкийг санхүүгийн үзүүлэлтийн хувьд дампуурах эрсдэлээс бүрэн гарч, хэвийн үйл ажиллагаатай болж, банк бие даан ирэх оны өрийн удирдлага хэрэгжүүлэх чадамжтай болж, цаашид Хөгжлийн банкны Монгол Улсын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжилтээр хангах үндсэн чиг үүргээ гүйцэтгэх боломжийг бүрдүүлнэ гэж байлаа.
Дараа нь Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга О.Цогтгэрэл танилцуулсан.
Тэрбээр санал, дүгнэлтийнхээ эхэнд, Хөгжлийн банк бол хууль нь батлагдаж, үйл ажиллагаа нь эхэлснээс хойш 11 он өнгөрсөн залуухан байгууллага. Гэвч Хөгжлийн банканд өрнөж буй үйл явдлууд нь улс төрийн хараат, улс төрчдийн мэдэлд байдаг том, мөнгөтэй төрийн болон төрийн өмчит байгууллагууд хэрхэн ялзардаг, улс оронд ямар хэмжээний хор хохирол учруулдгийг монголчууд бидэнд үзүүлсэн сургамжтай, харамсалтай жишээ болсныг онцлов.
Мөн улс орны хөгжлийг том мега төслүүд хэрэгжүүлэх замаар хөгжүүлнэ гэсэн энэ үзэл баримтлал, философийг эргэж харах ёстой. Яагаад гэвэл үүний цаана төр улсын нэрийн өмнөөс бонд босгож, зээл авч, төрийн компани байгуулагдана. Улстөрчдийн захиалгаар улстөржсөн хүсэл зоригоор шийдвэр гарна гэсэн үг. Сонсогдох үгс нь гоё ч гэсэн бодит байдалд том төр, том эрхтэй даргын тоог л нэмнэ. Энэ туйлын зөв бодлого уу? Энэ асуултад бид юуны өмнө хариулах ёстойг онцлон тэмдэглэв.
Түүнчлэн Хөгжлийн банк цаашид Монгол Улсын хөгжилд хэрэгтэй, байх ёстой гэж үзвэл засаглалыг нь сайжруулах шаардлагатай. Олон улсын шилдэг туршлага, хараат бус мэргэжлийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагыг урамшуулсан тогтолцоо, хөндлөнгийн аудит зэрэг олон зүйлс энд багтах ёстойг тодотгоод Монголбанкны оролцоо, хяналт, зохист харьцааны шалгуурыг Хөгжлийн банканд нэмэгдүүлье гэдгээ Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдэгдлээ.
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Т.Доржханд, Ш.Адьшаа, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, үг хэлсний дараа Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг уг асуудлаар цагийн завсарлага авах хүсэлт гаргасныг Улсын Их Хурлын дарга зөвшөөрлөө.
Хуралдаан 16 цагт Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 109.12, 109.13.-т “Энэ хуулийн 109.11-д заасан цахим хуудсанд иргэдээс ирүүлсэн асуултыг Тамгын газар нэгтгэж нам, эвслийн бүлгүүдэд хүргүүлнэ”, “Энэ хуулийн 109.12-т заасан асуултыг нам, эвслийн бүлэг ангилан багцалж, нам, эвслийн бүлэг тус бүрээс нэг гишүүн төлөөлж Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс асуулт асуух, хариулт авах хугацаа 20 хүртэл минут байх бөгөөд энэ хугацаанд багтаан хэдэн ч асуулт асууж, хариулт авч болно” гэж заасны дагуу асуулт, хариултаар үргэлжлэв.
Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийг төлөөлж Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа нар "D-Parliament" цахим хуудсанд иргэдээс ирүүлсэн асуултыг уламжилж, ажлын хэсгээс хариулт авлаа.
Иргэдийн зүгээс Хөгжлийн банкнаас төлөх гадаадын зээл, тусламж, бондын төлбөрийн хэмжээ, тус банкнаас зээл олгохдоо холбогдох хуулийн дагуу олгосон эсэх, чанаргүй зээлийн эргэн төлөлтийн талаар илүүтэй лавласан байв.
Сангийн сайд Б.Жавхлан хариултдаа, 2023 оны 09 дүгээр сарын 25-нд евро бондын 500.0 сая ам.доллар, ирэх жилийн 12 дугаар сарын 25-нд 2013 онд гаргасан 30.0 тэрбум иенийн "Самурай" бондыг төлөх хугацаа болж байна. Бид сүүлийн жил гаруйн хугацаанд 800-гаад тэрбум төгрөгийн зээлийг бэлэн мөнгөөр төлүүлээд байна. Энэ нь Хөгжлийн банк бие дааж "Самурай" бондоо төлөх хэмжээнд хүрч, банкны үзүүлэлт нь сайжирч, тодорхой үр дүнд хүрсэн байна гэсэн үг. Харин евро бондыг ирэх жилийн есдүгээр сарын 25-нд төлөх учраас бид бэлтгэл ажилдаа ороод байгааг онцлов. Мөн тэрбээр, тус банкны бүхий л үйл ажиллагаа Монгол Улсын Хөгжлийн банкны тухай бие даасан хуулиар зохицуулагддаг гэж байлаа.
Харин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул, “Өнгөрсөн оны 12 дугаар сард Монголбанкнаас хийсэн шалгалтаар Хөгжлийн банкны чанаргүй зээл 57 хувьтай байна гэсэн дүгнэлт гаргаж, Эрсдэлийн сан байгуулах акт тогтоосон байдаг. Энэ дагуу тус банкны зүгээс ажилласны үр дүнд 780 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг хийлгээд байгаа бөгөөд он гарахад эргэн төлөлтийн хэмжээг нэг их наяд төгрөгт хүргэх зорилготой ажиллаж байна" гэж хариулав.
Үүгээр хэлэлцэх асуудал дууссан тул чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.