Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэхэмжлэлтэй “No War” хөдөлгөөнийг санаачлагч иргэн Э.Одбаяр нарт холбогдох шүүх хурал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурван өдөр үргэлжилж, өнгөрсөн мягмар гарагт шийдвэрээ гаргасан юм. Үүнтэй холбоотой “Үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө яллалаа” хэмээн сошиалд шүүмжлэл өрнөсөн. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын хуралдааны дараагаар мэдээлэл хийх үеэрээ сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-Иргэн Э.Одбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэг анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Үүнтэй холбогдуулан “Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө иргэн Э.Одбаяр нарт зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээр өгүүллээ” гэдэг ташаа мэдээлэл явсан.
2022 оны долдугаар сарын 8-нд хоёр зүйл ангитай хэрэг шүүхэд шилжиж ирсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйл “худал мэдээлэл тараах”, мөн энэ хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйл “хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэсэн хоёр зүйл ангиар мөрдөн байцаах ажиллагаа шалгагдаж дуусаж, нэр бүхий Э.Одбаяр, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл нарын таван иргэнд холбогдох хэрэг ирсэн.
Болсон үйл явдлыг эргэн сануулбал, 2022 оны хоёрдугаар сард шиг санагдаж байна. Дорнод аймгийн Чойбалсан суманд иргэн С-г автомашинаар дайрч байгаа бичлэг нийгмийн сүлжээнд тавигдсан. “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий этгээд С-г санаатай дайрч, мөргөөд, амь насанд нь аюултай нөхцөл байдалд тусламж үзүүлэлгүй орхиж зугтаасан” гэх уг бичлэгтэй холбоотойгоор мэдээлэл гарсан. Үүний дагуу тухайн үед МАН-ын Хуулийн хэлтсээс хүнийг онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан мэдээлэл гаргасныг цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлт өгсөн. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд өөрөө болон өмгөөлөгч нь ийм үйлдэл гаргаагүй. Харин тухайн үед ажил хариуцаж байсан хүмүүс үүнийг шалгуулах хэрэгтэй гээд шалгуулсан. Энэ мэдээллийг иргэн Э.Одбаярын пэйж хуудсанаас олон нийтийн сүлжээнд цацаж түгээсэн.
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл.Худал мэдээлэл тараах
1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйл.Хууль сахиулагчийг эсэргүүцэх
1.Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Мөн 2022 оны дөрөвдүгээр сард шиг санаж байна. ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид цагдан хоригдох гэж байсан Б.Монголхүүг Э.Одбаяр нарын дээрх таван хүн авч гарсан. Ингэхдээ цагдан хорих байрны журам, дэглэм зөрчин, цагдан хорих байрны ажилтны эрх чөлөөнд халдан нэвтэрсэн. Энэ хэргийг цагдаагийн байгууллага мөн шалгасан.
Дээрх хоёр хэрэг нэгтгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсны эцэст долдугаар сарын 08-нд хэрэг нь шилжиж, энэ сарын 8-нд уг хэрэг шийдэгдсэн.
Эрүүгийн хуулийн 23.1 дэх зүйл нь хууль сахиулагчийн биед халдаж, эсэргүүцэх хэрэг. Энэ гэмт хэрэг торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялтай. Хууль сахиулагчийг эсэргүүцсэн үйлдэл дээрээ иргэн Э.Одбаяр нарт өөрсдийн оршин суугаа дүүргээсээ нэг жилийн хугацаанд гарахгүй байх, хязгаарлах ялаар шийтгүүлсэн. Шүүхийн шийдвэр албажсаны дараа давж заалдах шатны шүүхэд гомдол мэдээлэл гаргах эрх нь шүүхийн шийдвэр албажсанаар үүснэ. Одоогоор шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлсэн үйлдэл алга байна.
Сүүлийн үед АТГ, цагдаагийн газар нүүрс хулгайгаар хил нэвтрүүлж байгаа, бүртгэлгүй нүүрс гаргаж байгаа хэргийг Ажлын хэсэг байгуулан шалгаж байна. Үүнтэй холбоотой олон хүний эрх ашиг хөндөгдөж байх шиг байна. “Страто” компанийн хамаарал бүхий хүн хүртэл олон нийтийн сүлжээнд Ерөнхий сайдад хандсан “Үзэл бодлоо илэрхийлсэн залуусыг чам шиг хорьж, цагдаж, эрхийг нь хязгаарлахгүй” гэсэн агуулгатай нийтлэл тавьж байсан байна лээ. Нүүрсний гэх олон холбогдогчтой хэргийн мөрдөн шалгах ажиллагаа удахгүй дуусгавар болж шүүхэд шилжинэ. АН-ын дотоод зөрчил, тэмцэл сүүлийн үед хурцдаж байх шиг байна. АН-ын даргад нэр дэвшигч, горилогчид Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг харлуулах, гүтгэх цаашлаад хийгээгүй ажлыг хийсэн болгож олон нийтийн мэдээллийн сүлжээнд тусдаа баг ажиллуулж байгаа нь шүүхийн шийдвэртэй холбоотой ташаа мэдээлэл гарснаар харагдлаа хэмээв.
Н.Энхлэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №044/24525