Ерөнхий сайдын Ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэд санал, хүсэлтээ ирүүлсээр байна.
Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд, олон нийт агаарын бохирдлыг бууруулах хүрээнд сайжруулсан түлшнээс татгалзаж, цахилгаан халаагуур ашиглаж байгаа аж. Үүнтэй холбоотой цахилгааны тарифын хөнгөлөлтөд хамрагдах саналыг иргэдийн зүгээс ирүүлжээ. Тухайлбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Б.Гантулга “Гэрийнхээ халаалтыг 100 хувь цахилгаан халаалтаар шийдчихсэн. Утааны эсрэг аянд нэгдэж байгаа юм. Гэтэл цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөхгүй болсноос хойш маш хүнд тусаж байна. Гэрийнхээ халаалтыг 50 хувь ашиглахад 100-200 мянган төгрөгийн төлбөр гардаг. Тиймээс цахилгаан халаалт ашигладаг айлуудын шөнийн тарифыг тодорхой хувиар хөнгөлж өгнө үү. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү” гэсэн санал гаргажээ. Мөн иргэн Д.Цэвэлсүрэн “Хөдөө орон нутгийн иргэдийн шөнийн цахилгааны тарифыг хөнгөлөх хэрэгтэй. Орон нутаг гэж ялгаварлаж болохгүй, бүгд л Монгол Улсын иргэн. Үүнийг холбогдох байгууллагад нь уламжилж өгнө үү” хэмээн хүсэлт илгээсэн байна. Түүнчлэн иргэн О.Цэндчулуун “Утааг бууруулах зорилгоор цахилгааны хөнгөлөлтийг эхлүүлсэн. Гэтэл одоо хөнгөлөлтгүй болж байгаа нь бид эргээд нүүрс түлэхэд хүргэж байгаа тул цахилгааны хөнгөлөлтийг зогсоохгүй цаашид үргэлжлүүлэн олгож өгнө үү. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт илгээсэн байна. Гэр хорооллын шөнийн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэх талаар иргэдийн санал хүсэлтэд Эрчим хүчний зохицуулах хоронооос хариу ирүүлсэн байна. Эрчим хүчний зохицуулах хороо “Цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор
Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн болон аймгийн төв, зарим сум, суурин газрын “Гэр хорооллын өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-аар зохицуулагдаж байгаа болно. Одоогоор Байгаль орчин, аялал жуучлалын яамнаас хөрөнгийн эх үүсвэр шийдэгдээгүй тул хөнгөлөлт үзүүлэх тогтоол гараагүй байна” гэдгийг мэдэгджээ. Ингээд өнгөрсөн өдрүүдэд иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэснийг хүргэе.
Төр хувийн хэвшлийн бүтээгдэхүүний үнийг зохицуулахгүй
САНАЛ - 000307359
Хот болон хөдөө орон нутагт сүү худалдаалах үнийн зөрүү их гарч байна. Сүүг хөдөө орон нутагт бага үнээр зарж байна. Хөдөө орон нутагт зарж байгаа сүүний үнийг нэмэгдүүлж өгөөч гэж хүсэж байна. Миний саналыг холбогдох байгууллагад уламжилж өгнө үү.
*Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам:
-Төрийн байгууллага хувийн хэвшлийн бүтээгдэхүүний үнийг зохицуулах талаар эрх зүйн зохицуулалт байхгүй. Аливаа бүтээгдэхүүний үнэ зах зээлийн зарчмаараа явагдана. Сүү боловсруулах үйлдвэрүүдэд иргэдийн саналыг уламжилж хэлье.
Гадаад паспортоо өөрийн биеэр очиж авахыг зөвлөсөн
ГОМДОЛ - 000307620
-Би И-монголиагаар гадаад паспорт захиалсан. 2022 оны наймдугаар сарын 23 нд И-монголиагаар орж харахад миний гадаад паспорт хэвлэлтэд өгсөн гэсэн төлөв харагдаж байсан. Үүнээс хойш хоёр сар өнгөрлөө. Дахин И-монголиагаар орж харахад хуучин төлөв өөрчлөгдөөгүй байна. Миний гадаад паспорт гарсан эсэхийг холбогдох байгууллагаас тодруулж өгнө үү.
*Улсын бүртгэлийн ерөнхий газар:
-Иргэний гадаад паспорт Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргэгдсэн. Энэ тухай мэдэгдэж, өөрийн биеэр очиж авахыг зөвлөсөн.
ТАЗ-д уламжиллаа
ХҮСЭЛТ - 000308357
Төрийн алба хаагчийг сонгон шалгаруулж ажилд авдаг холбогдох газарт санал хүргүүлж байна. Төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалт болон удирдах албан тушаалтанд хүн томилохдоо Тоефл-ын англи хэлний оноо хүрсэн албан тушаалтныг томилно уу. Дэлхийн хэлээр мэдээлэл авч чадахгүй хүн удирдах албан тушаалд байж болохгүй. Төрийн албыг чадварлаг хүмүүсээр бүрдүүлж өгнө үү
*УИХ-ын Тамгын газар:
-Таны хүсэлтийг Төрийн албаны зөвлөлд уламжиллаа.
Иргэний битүүмжийг цуцалсан болно
ГОМДОЛ - 000309165
Хавдар судлалын үндэсний төв дээр томографик хийлгэсэн. Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэх гэтэл “Тан дээр битүүмж үүсчихээд байна. Битүүмжийг гаргуулаад манай эмнэлэгт үзүүлэх эрх үүснэ” гэж хэлсэн. Хавдар судлалын үндэсний төв рүү битүүмжийг гаргуулахаар залгатал огт утсаа авахгүй байна. Хавдар судлалын үндэсний төв миний битүүмжийг яаралтай гаргаж өгнө үү.
*Эрүүл мэндийн яам:
-Тус иргэн нь манай төвд арваннэгдүгээр сарын 02-ны өдөр өндөр өртөгт оношилгоо шинжилгээ өгсөн байна. Битүүмжийг цуцалж, энэ тухай мэдээллийг өөрт нь өгсөн болно.
Үнэлгээний хороо байгуулахыг шаардсан зохицуулалт биш байна
ХҮСЭЛТ - 000307515
Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалын хавсралтын холбогдох заалтууд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47.1 дэх заалтыг зөрчсөн, хуулиас давсан журам болсон байна. Өөрөөр хэлбэл, хуулийн 8.1.1-д заасан босго үнэ даваагүй бараа, ажил, үйлчилгээг үнэлгээний хороо байгуулахгүйгээр худалдан авах ажиллагааг зохион байгуулах боломжтой байхаар зохицуулсан. Гэвч дээрх журмаар төлөвлөгөөнд туссан бараа, ажил, үйлчилгээг худалдан авах үйл ажиллагааг дээрх журмаар зохицуулна, зохиуулалт дотор заавал үнэлгээний хороо байгуулах”-аар тусгасан байгаа нь хуулиас давсан буюу хуулийн 47.1-д зааснаас бусад бараа, ажил, үйлчилгээг зохион байгуулахыг хязгаарласан, хуулиас давсан заалт болсон байна.
*Сангийн яам:
-Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам” нь харьцуулалтын төсөвт өртгөөс бага төсөвтэй тендер шалгаруулалтад үнэлгээний хороо байгуулахыг шаардаагүй байна. Тус журмын 3.2.1-д “Захиалагч нь үнэлгээний хороо байгуулсан шийдвэрийг цахим системд бүртгүүлж, тендерт шалгаруулалт зохион байгуулах эрх авах” гэж заасан нь хуульд зааснаар үнэлгээний хороо байгуулаагүй тохиолдолд үнэлгээний хороо байгуулахыг шаардсан зохицуулалт биш байна.
Гурил үйлдвэрлэгчдээс үнийн мэдээллийг авч, дүн шинжилгээ хийдэг
САНАЛ - 000309358
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун “Гурилын үнэ нэмэгдэх нь зөв” гэсэн нь иргэдийн дургүйцлийг хүргэж байна. Засгийн газар мах болон гурилын үнийг өөрийн хяналтдаа авах хэрэгтэй байна. Миний саналыг холбогдох байгууллагад уламжилж өгнө үү.
*Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам:
-Манай яамны хувьд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн мэдээллийг үндэсний статистикийн хорооноос гаргадаг долоо хоног тутмын мэдээ болон томоохон гурил үйлдвэрлэгчдээс үнийн мэдээллийг авч, дүн шинжилгээ хийж ажилладаг. Гурил үйлдвэрлэгчдээс авсан мэдээгээр олон улсын нөхцөл байдалтай холбоотой газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглах орцууд болох үр, бордоо, ургамал хамгааллын бодис, шатахуун, техник, тоног төхөөрөмжийг импортлох зардал өссөнөөр улаанбуудайг гурилын үйлдвэрт өмнөх онтой харьцуулахад 30 гаруй хувиар нэмэгдсэн үнээр худалдан авч байгаатай холбоотойгоор гурилын үнэ өмнөх сартай харьцуулахад килограмм тутамдаа 500 орчим төгрөгөөр нэмэгдээд байна. УИХ-аас 2022 оны дөрөвдүгээр сард баталсан “Гол нэр төрлийн зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хууль, Засгийн газрын 2022 оны “Гурил, махны үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх зарим арга хэмжээний тухай” 174 дүгээр тогтоолын хүрээнд гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид дотоодын ургацын хүнсний улаанбуудай худалдан авахад зориулж нэг жилийн хугацаатай, Засгийн газраас 10.65 хувийн хүүгийн дэмжлэгтэй, гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжээс жилийн зургаан хувийн хүүтэй 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор арилжааны банкуудтай гэрээ байгуулан ажиллаж байна.
ЭМДС -аас эмийн хөнгөлөлтийн хувь, хэмжээг тогтоодог
ГОМДОЛ - 000309975
Хөнгөлөлтөөр авдаг эмийн үнэ маш их нэмэгдсэн байна. Цус шингэлэх эм болон даралтын эм, хүүхдийн эмийн үнэ тэр дундаа илүү их нэмэгдсэн. Би өмнө нь хөнгөлөлтгүйгээр 42 мянган төгрөгөөр авдаг байсан эмийн үнийг 60 мянган төгрөг болгож нэмэгдүүлээд, хөнгөлөлттэй үнээр авахад 30 мянган төгрөг гээд зарж байна. 10 ширхэг эм, нэг натри сульфат авахад 100 мянган төгрөг болсон байна.. Үүнийг холбогдох байгууллагад нь уламжилж, хөнгөлөлттэй эмийн үнэд хяналт тавьж өгнө үү.
*Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар:
Иргэнтэй утсаар холбогдож хариу өгсөн. “Борооны дараах мөөг шиг олон эмийн сангаа зогсоо. Өглөө босоод ирэхэд эмийн үнэ нэмэгдэж байна. Би одоо үхэх юм уу. Би сайд, дарга нартай ярих гэсэн юм” гэх мэтээр загналаа. Дээрх асуудлуудыг хаана, хэрхэн хариуцдаг болон, ЭМДС –аас хөнгөлөлтийн хувь, хэмжээг тогтоодог талаар тайлбар өглөө.
Томуугийн вакцинд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
САНАЛ - 000310546
Өндөр настай буюу 80-аас дээш настай иргэдэд томуугийн вакцин хийх боломж байна уу. Иргэн миний бие холбогдох байгууллагаас нь хариу авах хүсэлтэй байна. Холбогдох харьяа байгууллагад нь уламжилж өгнө үү.
*Эрүүл мэндийн яам:
-БНСУ-ын “Грийн кросс” үйлдвэрийн “дөрвөн цэнт” улирлын томуугийн вакцинаар эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэн 1-5 насны хүүхэд, эрсдэлт бүлгийн хүн ам (65-аас дээш нас, жирэмсэн эхчүүд, архаг хууч өвчтэй хүмүүс), эрүүл мэндийн ажилтныг вакцинжуулах ажлыг 2022 оны аравдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зохион байгуулан ажиллаж байна. Та харьяа өрхийн эмнэлэгтээ очиж, эмчдээ үзүүлэн үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.
КУЗ-ийн дарга Ч.Ундралд мэдээллийг хүргүүлэв
САНАЛ - 000308835
Орчин үеийн монгол кино урлагийн утга санаа ямар ч хяналтгүй байна. Зохиолчид ямар хүмүүс байна. Садар самуун, зодоон цохионтой кино гаргаад баймааргүй байна. Энэ асуудлыг холбогдох газарт нь уламжилж өгнө үү.
*Соёлын яам:
- Тухайн иргэнтэй утсаар ярьж тайлбар өглөө. КУЗ-ийн дарга Ч.Ундралд мэдээллийг хүргүүлэв.
Н.Энхлэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №044/24525/