Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогттой ярилцлаа.
-Зам, тээврийн хөгжлийн сайдын ажлыг хүлээж аваад удаагүй байна. Хуримтлагдсан асуудал хэр их байх юм, ер нь ямархуу салбар хүлээж авав. Сайдын хувьд энэ салбарт яг барьж аваад ажил хэрэг болгочихъё гэсэн санаа төрж байгаа ямар асуудал байна вэ. Салбарын сайдын хувьд зорьж яваа том амбицыг сонирхож байна л даа?
-Юуны өмнө танай сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Эхлээд ямар онцлогтой, ямар цар хүрээтэй, ямаршуухан салбар хүлээж авснаа хэлчих нь зөв байх. Манай зам, тээврийн салбарт өнөөдөр 42 мянган хүн ажиллаж байна. Нэг хүний ард дунджаар таван ам бүлтэй айл бий гэж үзвэл 200 гаруй мянган хүний ажил, амьдрал манай салбартай шууд холбогдож байгаа биз. Монгол Улс нийт 7744 км хатуу хучилттай авто замтай болсон. Өөрөөр хэлбэл, 21 аймаг, 110 сум хатуу хучилттай авто замд холбогдсон гэсэн үг. Харин төмөр замын тухайд 1111 км гол төмөр зам, 1900 км салбар болон салаа төмөр зам, 8800 вагон, 170 орчим зүтгүүртэй байна. Нийт агаарын 44 хөлөг бүртгэлтэй. Үүнээс зорчигч тээврийн нислэг үйлдэх боломжтой нь 19. Далайд Монгол Улсын далбаатай 218 хөлөг онгоц тээвэр хийж байна. Агаарын тээвэр, авто зам, төмөр зам нийлээд 2021 онд 50 сая тн ачаа тээвэрлэж, зам тээврийн салбарын орлого 1.3 их наяд төгрөгт хүрсэн байна. Мөн нэг сая 115 мянган зорчигч тээвэрлэсэн гэсэн мэдээ бий. Ийм л түвшинд хүрсэн, ийм л үзүүлэлттэй салбар хүлээж аваад ажиллаж байна даа. Зам, тээврийн салбар бол угтаа улс орны эдийн засгийн лугших судас нь гэж би ойлгодог. Үнэхээр тийм гэдэг нь ч цар тахлын эрсдэл, олон улсын нөхцөл байдлаас шалтгаалсан тээвэр логистикийн хүндрэлтэй үед их тод харагдсан. Гэхдээ одоо байдал нэг үеэ бодвол бага багаар дээрдэж л байна. Гашуунсухайт, Шивээхүрэн, Булган, Ханги боомтоор өдөрт 1400 гаруй авто машин экспортын нүүрс тээвэр хийж байна. Энэ хэрээр эдийн засгийн боогдсон судас тавирч, боомтын бойм тайлагдаж эхэлж байна.
-Зам, тээврийн үе үеийн сайдын “толгойны өвчин” болсон Дарханы замыг саяхан нээлээ. Анх ажил хүлээж авахад Дарханы замын ажил ямар нөхцөл байдалтай байв. Таны хувьд энэ тухайд бодлогын ямар шийдэл, гаргалгааг хийж ажиллав?
-Ямар ч байсан нэг эгнээ хоёр урсгалын замыг нээчихье гэж хаана хаанаа зүтгэж ажилласны үр дүн гарлаа. Ажил авсан цагаас хойш гүйцэтгэгч, зөвлөх компаниудыг шахаж, хоёр ээлжээр ажиллуулж байж ийм үр дүнд хүрсэн. Анх ажил авахад Дарханы зам дээр цемент, битумийн ханган нийлүүлэлт, гүйцэтгэгч зарим компанийн хайнга хариуцлагагүй байдал гээд тулгамдсан, шийдлээ хүлээсэн олон асуудал байсан. Гэхдээ хийхгүй хүн шалтаг тоочиж, хийх хүн аргаа олдог гэж үгтэй. Тэр дагуу иргэд, жолооч тээвэрчдээ ямар ч байсан шороон замаар зорчуулахгүй болгож, хөдөлгөөн нээхийн төлөө эрвийх дэрвийхээрээ чармайж ажилласан. Үнэнийг хэлэхэд хувь хүний хувьд тэнгэр муудахад хүртэл өнөө замын ажилдаа, хэдэн замчдадаа сэтгэл зовнидог юм билээ. Болно доо гэсэн итгэл, болгоно доо гэсэн зүтгэл, бас олон жил хүлээж цөхөрсөн иргэдийн хүлээлт бидэнд түлхэх хүч өгсөн гэх үү дээ.
-Дарханы замын ажил удааширсан нь шаардлага хангаагүй “цүнхний” компаниуд шалгаруулсантай холбоотой гэж та мэдэгдсэн. Тэгвэл энэ талаарх шалгалтын ажил ямар шатандаа явна вэ, хаанахын, ямар компаниудаас болж ажил ингэтлээ ужгирсан байдаг юм бэ. Хойд чиглэлд зорчигсдын алдагдсан боломжийн өмнөөс та энэ компаниудын заримыг ч болов зарлах хэрэгтэй юм биш үү?
-Юуны өмнө Дарханы замыг ЕСБХБ, АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа гэдгийг та мэднэ. Тийм болохоор гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг тэд зохион байгуулсан. Харин тэрхүү шалгаруулалтад ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын компаниуд шалгарч, харин манай үндэсний компаниуд тэдний туслан гүйцэтгэгчээр орсон асуудал бий. Уг нь нэг үеэ бодвол монголчууд бид замаа барьж чаддаг болсон. Гагцхүү үндэсний компаниуд маань Дарханы зам шиг ийм том төслүүд дээрээ нэгдэж консерциум хэлбэрээр оролцох, хүчээ нэгтгэх тухайд алдсан тал байна. Үүнээс үүдээд өрмийг нь харь улсын компаниуд хамдаг, хусам нь монгол компаниудад оногддог асуудал гарсан. Өөрөөр хэлбэл, төслийн ерөнхий гүйцэтгэгчээр гаднын компаниуд шалгарсан атлаа зарим нь бараг ганц ч техник, машин механизм оруулж ирэхгүй хэдэн инженертэйгээ орж ирээд хамаг ажлаа монгол компаниудаар хийлгэдэг, ажил гүйцэтгэсний санхүүжилт нь толгой компани руу нь шилжиж, үндсэн ажилдаа зарцуулагдахгүй удааширч, хугацаа алддаг асуудал байна. Ер нь чадна гэж авсан ажлаа хийж чадахгүй хугацаа алдаж, иргэдийг, Монгол Улсын эрх ашгийг хохироож байгаа компаниудтай гадна дотнын гэж ялгахгүйгээр дор бүр нь хатуу хариуцлага тооцох зарчмыг цаашид баримталж ажиллах болно гэдийг хэлье.
-Хэдийгээр зорчих хөдөлгөөнийг нээсэн ч тохижилтоос авахуулаад нэмж хийх ажил зөндөө байгаа байх. Дарханы чиглэлийн замын ажил бүрэн дуусаж, эцсийн цэгийг хэзээ хатгах вэ?
-Хэдийгээр хөдөлгөөн нээсэн ч Дарханы замын нэг урсгал хоёр эгнээ буюу нийт ажлын 50 хувь нь л хийсэн гэсэн үг. Тэгэхээр ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс Дарханы замаас үлдсэн хэсгийн газар шорооны ажлыг эхлүүлэх зорилт тавьж байна. Түүнээс өмнө энэ өвөл уг замын зураг төсөлд алдаа хийдэл байвал түүнийг засаж залруулах, бэлтгэл ажлаа эртээс хангах, яг замын бүтээн байгуулалт эхлэхэд энэ жилийнх шиг цемент, битум, санхүүжилтийн тасалдал үүсгэхгүй байхад эртээс анхаарч ажиллана. Ер нь бол ирэх жилийн өдийд гэхэд ямар ч байсан үлдсэн 50 хувийн ажлыг дуусгаж, Дарханы замыг бүрэн ашиглалтад өгөхөөр зорин ажиллаж байна.
-Зам ашиглалтад орох нэг хэрэг. Цаашид чанар, насжилтын асуудал урган гарна. Ер нь хэр чанартай зам болсон бэ. Та салбарын сайдын хувьд энэ тухайд иргэдэд ямар баталгаа, мэдээлэл өгөх вэ?
-Яг зөв. Дарханы зам Монгол Улсад баригдаж буй анхны нэгдүгээр зэрэглэлийн зам. Олон улсын жишиг, стандартаар баригдаж байгаа анхны зам гэдгээрээ онцлогтой. Ирэх жил одоо хөдөлгөөн нээгээд байгаа нэг урсгал хоёр эгнээ замд дахин таван см зузаантай өнгөн асфалтобетон хучилт нэмж хийнэ. Ингэхдээ хөдөлгөөн хаахгүйгээр энэ ажлыг хийх юм. Ер нь Улаанбаатар, Дархан чиглэлийн зам Монгол Улсыг урд хойд хөрш, Ази Европтой холбож буй эдийн засгийн коридор, авто тээврийн чухал судас гэдэг утгаараа чанар стандарт, хөдөлгөөний аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан байх ёстой гэдэгт онцгой анхаарч байгаа. Тэгж ч баригдаж байна. Өнгөрсөн хугацаанд манай улсын 21 аймаг 110 сум хатуу хучилттай авто замтай боллоо. Эдийн засаг, дэд бүтэц, ачаа тээврийн судас ингэж тэллээ. Одоо шинээр барих замынхаа чанар стандартыг илүү сайжруулах шаардлага тулгарч байна. Бас одоо байгаа замынхаа засвар, арчлалтыг цаг тухайд нь хийж, даац хэтрүүлэхгүй байхад онцгой анхаарахгүй бол болохгүй. Тиймээс даац хэтрүүлж зам эвдэж буй асуудалд тээвэрлэгчээс гадна тухайн тээврийг хийлгэж буй тээвэрлүүлэгч, эх үүсвэр, хүлээн авагч талд нь хариуцлага хүлээлгэх ёстой гэсэн хатуу зарчим баримтална гэдгээ эртээс хэлчихье.
-Зам, тээврийн хөгжлийн яаманд цаашид хүлээгдэж байгаа зам, бүтээн байгуулалтын томоохон ямар ажлууд байна вэ. Боомтын сэргэлтийн хүрээнд шинээр авто зам ашиглалтад оруулах, нүүрсний тээвэрлэлтийг нэмэгдүүлэх үүднээс хийж хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажил хүлээлттэй байгаа. Энэ тухайд төлөвлөгөө ямар байдлаар гарсан бэ?
-Сая баруун босоо тэнхлэгийн 745 км авто замыг бүрэн ашиглалтад орууллаа. Энэ замыг ач холбогдлын хувьд манай улсын эдийн засгийн хоёр дахь коридор гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, баруун бүсэд БНХАУ, ОХУ, Ази, Европыг холбосон хоёр дахь гарц бий боллоо. Одоо энэ замаар олон улсын ачаа тээвэрлэлтийг эрчимжүүлэх, эдийн засгийн үр ашгийг нь нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна. Мөн боомтын авто болон төмөр замуудыг барьж байгуулах их ажил хүлээгдэж байна. Ер нь бид 2024 он гэхэд Монгол Улсын хатуу хучилттай авто замын хэмжээг 8500 км-т хүргэх бодлого баримталж байна. Боомтын замаас гадна аялал жуулчлалын, “Нутгийн зам” хөтөлбөрийн замуудыг барьж байгуулахыг чухалчилж байгаа. Энэ намар Бор-Өндөр-Даланжаргалан чиглэлийн 50 км авто зам ашиглалтад орсон. Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн Хүйтний хөндийн 57 км авто замын засвар шинэчлэлийн ажил бүрэн дууслаа. Нийтдээ уртаашаа 300 гаруй метр төмөр бетон гүүрийг шинээр барьж ашиглалтад орууллаа. Ирэх онд Ховд-Улаангом, Алтай-Улиастай чиглэлийн хатуу хучилттай авто замыг барьж байгуулах ажлыг эхлүүлнэ. Ирэх жилүүдэд Дархан-Алтанбулаг, Налайх-Замын-Үүд чиглэлд хоёр урсгал, дөрвөн эгнээ зам барих маш чухал зорилт байгаа. Гэхдээ энэ ажлыг хийхдээ юун түрүүнд урдын алдааг хэрхэвч давтах ёсгүй. Байгаа замаа хуулж хаялгүйгээр шинэ замаа барих ёстой гэдэгт сайдын хувьд хатуу зогсоно. Ер нь бид эдийн засгийн “судас” болсон зам, тээврийн салбарын хөгжлөө тэлж байж “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогоо амжилттай хэрэгжүүлэх сууриа зөв тавьж чадна.
-Та сайдын ажил хүлээж аваад хамгийн түрүүнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-т очиж ажилласан. Төмөр замын тухай хуулийн хүрээнд ямар шийдэл, бодлого хэрэгжүүлж ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?
-Намайг анх ажил авахад хоногт 8-10 галт тэрэгний цуваа л гарч, орж байлаа шүү дээ. Ерөөсөө үүнээс болоод чингэлгийн бөөгнөрөл, гацаа түгжрэл замаа алдсан байсан гэхэд болно. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд БНХАУ-ын холбогдох байгууллага, албан тушаалтнуудтай биеэр уулзах болон албан бичгээр харилцан хүсэлт тавьсны дагуу одоо үндсэндээ цэгцрэх шатандаа ороод байна. Тодруулбал, галт тэрэгний цуваа хоногт 15 болж нэмэгдлээ. Тяньжин боомтод 4-5 мянгаараа овоороод байсан чингэлэг өнөөдөр 1300 болж буурлаа. Улаанбаатарт гаалийн талбайг битүү чигжиж, тав зургаа давхарлаад ч зай талбайгүй болгоод байсан хоосон чингэлгийн тоо 800 болж буурлаа. Ачаатай чингэлэг хэвийн хэмжээнд буюу мянга орчимд хүрлээ. Хүмүүс ачаагаа, чингэлгээ хүлээж хэдэн сар болдог асуудал байхгүй болсон. Мөн вагон хуваарилалтын асуудлыг танил тал, ар өврийн хаалга, авлига хахуулийн аргаар шийддэг байсан явдлыг халах үүднээс галт тэрэгний ачаа тээврийн цахим системийг нэвтрүүллээ. Гэхдээ энэ асуудлыг улам ил тод, улам боловсронгуй, хийдэл дутагдалгүй болгохын тулд хийх ажил их байна. Бид өнгөрсөн хугацаанд төмөр замаа барихад анхаараад түүн дээр явах хөдлөх бүрэлдэхүүн, тээвэр зохион байгуулалт, аюулгүй ажиллагааны асуудлыг орхигдуулж алдаа гаргасан тал бий. Үүнийг Төмөр замын тухай хуульд тов тодорхой тусгаж, нарийвчлан зохицуулахыг зорьж байна.
-Төмөр замд хуримтлагдсан асуудал олон бий. Үнэ, тарифын өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүссэн байв уу. Тээврийн компани, аж ахуйн нэгжүүдээ алдагдалгүй ажиллуулах, эргээд иргэдэд чанарын шаардлага хангасан, сэтгэл ханамжтай үйлчилгээ үзүүлэх тухайд та ямар чиглэл өгч ажиллах вэ?
-Төмөр замын тарифын тухайд зөвхөн экспортын ачаан дээр л тариф нэмсэн. Тухайлбал жонш, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, нүүрсний экспортын тээвэр дээр л 20 орчим хувиар тариф нэмэгдүүлсэн байгаа. Товч тодорхой хэлье. Энэ тарифын нэмэгдэл инфляцид ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй. Хүнс, шатахуун, цахилгаан станцын нүүрс тээвэр, импортын ачаан дээр нэг ч төгрөгөөр тариф нэмэгдүүлээгүй. Энэ бол нэг талаас иргэдээ, улс орны эдийн засгийн аюулгүй байдал, инфляц хөөрөгдөхөөс хамгаалсан ухаалаг шийдвэр болсон гэж ойлгож болно. Тийм болохоор төмөр замын тариф нэмэгдсэн гэдэг худлаа шалтаг гарган үнэ хөөрөгдөх явдал хэрхэвч байж таарахгүй. Зөвхөн дээр дурдсан дөрвөн нэр төрлийн уул уурхайн бүтээгдэхүүний экспортын ачаа тээврийн тарифт л өөрчлөлт орсон. Ингэснээр олон жил алдагдалтай ажиллаж ирсэн УБТЗ-ын алдагдлыг бууруулах, үйлчилгээг чанаржуулах, төмөр замын салбарт ажиллаж буй 14 мянган хүний цалин хөлс, нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэж байгаа юм. Инфляц өдөөхгүй нэмэгдэл учраас иргэдийн нуруун дээр ямар ч ачаа ирэхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Галт тэрэгний зорчигчийн тарифын тухайд 50 хувиар нэмэгдүүлсэн. Ганцхан жишээ хэлэхэд Улаанбаатараас Дархан ороход 6000 төгрөг байсан бол одоо 9000 төгрөг болсон гэсэн үг. Таксигаар бол тавхан км явах л мөнгө шүү дээ. Хүмүүсийн дунд Дарханаас хот руу 6000 төгрөгөөр ирчихээд вокзалаас гэр рүүгээ 20000 төгрөгөөр таксидаж харилаа гэдэг яриа хүртэл байдаг шүү дээ. Тэгээд ч энэ шийдвэрийг иргэд маань ойлгож хүлээж авсан. Гагцхүү галт тэрэгний үйлчилгээний соёл, чанараа сайжруулаарай гэдэг хүсэлт л тавьж байгаа. Энэ хүсэлтийг нь хөсөрдүүлэхгүй ажиллах талаар санаачилга гаргаж, үйлчилгээгээ сайжруулахыг УБТЗ-д үүрэг болгон ажиллаж байна.
-Цар тахалтай холбоотойгоор урд хөрш хилээ хаасан нь манай улсад том цохилт, сургамж болсон. Хил гаалийн нэвтрэлтийг нэмэгдүүлэх тухайд танай яам ямар үүрэг, оролцоотой ажиллаж байна вэ?
-Удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-д төрийн айлчлал хийнэ. Энэ үеэр хөндөх нэг асуудал бол зарим төмөр замын хил холболтын цэгийг эцэслэн тохирох явдал. Тухайлбал, Ханги-Мандалын төмөр зам байна. Мөн зүүн босоо чиглэлийн төмөр замын төсөл дээр хоёр хөрштэйгөө хэрхэн хамтарч ажиллах вэ гэдэг асуудал байна. Мөн ойрын үед галт тэрэгний цувааг 18-20 хүргэх, экспорт, импортын болон транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэхийг чухалчилж байна.
-2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд ажлын зураглалаа хэрхэн гаргав. Дотоодын болон гаднын нислэгүүдээ сэргээх, нэмэгдүүлэх чиглэлийн ажлаа хаанаас, яаж эхлэх вэ. Жишээлбэл, таны зүгээс алслагдмал аймгийн онгоцны тийзийг 50 хувиар хөнгөлөх тухай саналыг гаргасан. Дэмжлэг авч, ажил хэрэг болох магадлал хэр байна вэ?
-Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод агаарын тээврийг либералчлах том зорилт бий. Өнөөдөр манай улсад олон улсад нислэг үйлдэж буй ганцхан нисэх буудал байна. Тэгвэл олон улсын нисэх буудлын тоог гурав болгож нэмэгдүүлэх бодлого баримталж байна. 2021 онд агаараар 198500 зорчигч тээвэрлэсэн бол 2024 онд хоёр сая зорчигч тээвэрлэж 10 дахин нэмэгдүүлнэ. Зорчигч болон ачаа тээврийн 19 онгоцтой байгааг 30 болгоно гээд зорилгоо үндсэндээ тодорхойлчихсон. Сая л гэхэд “Изинис Эйрвэйз” ачаа тээврийн анхны А330-200 маягийн агаарын хөлгөө хүлээн авлаа. Энэхүү AIRBUS A330-200 агаарын хөлгөөр Лондон, Москва, Истанбул, Сөүл, Хонконг, Бээжин, Ченгдү, Гуанжоу хот руу нислэг үйлдэнэ. МИАТ компанийн В757-200F агаарын хөлөг нь долоо хоногт таван удаа карго тээвэр хийж эхлээд байна. Ийнхүү хоёр карго онгоцтой болсноор “Чингис хаан” нисэх буудлыг ачаа тээврийн зангилаа болгох, иргэд аж ахуйн нэгжүүд маань хүссэн чиглэлдээ агаарын тээврээр 30-60 тонн ачаа илгээх, хүлээн авах боломжтой болж байгаа юм. Түүнчлэн карго онгоц ашиглаж эхэлснээр тээврийн тарифыг 30-40 хувиар бууруулах бодит боломж бүрдлээ. Дотоодын авиа компаниудыг тойрч сууж байгаад хэн нь хаашаа нисэх томилгооны асуудлаа ил тод шийд гэсэн чиглэл өгсөн. Үүний дагуу тэд дотроо учраа ололцож, өөр хоорондоо өрсөлдөх биш харилцан бие биенээ дэмжих, агаарын тээврийн зах зээлд хамтдаа хөгжих боломжийг нээж байна. Ер нь би бодлогын хувьд агаарын тээврийн либералчлалыг гүнзгийрүүлж, Монгол Улсаас аль болох олон чиглэлд шууд, хямд тарифтай, зорчигчдод хүртээмжтэй нислэгтэй байх бодлогыг баримталж байгаа. Мөн сая таны дурдсан орон нутгийн нислэгийг сэргээж, тухайн бүс нутагт амьдардаг иргэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 50 хувийн хямд тарифаар үйлчлэх асуудлыг ажил хэрэг болгохын төлөө Засгийн газар онцгой анхаарч байгаа. Аялал жуулчлал, алслагдсан бүс нутгийг хөгжүүлэхэд орон нутгийн нислэгийг нэмэгдүүлж, үнэ, тарифыг бууруулах асуудал амин чухал. Тэгээд ч ирэх оныг бид “Монголд зочлох жил” болгочихоод гаднаас ирсэн жуулчнаа хүссэн газарт нь агаарын тээврээр хүргээд өгөх боломжийг бүрдүүлэхгүй байж таарахгүй. Тийм болохоор энэ бүхнийг бодитой ажил болгон хэрэгжүүлэхэд бүх хүчээ дайчлан ажиллаж байна даа.
М.ӨНӨРЖАРГАЛ