Улс төрд ч, сошиал орчинд ч хэрүүл, шуугиан ихтэй долоо хоног өнгөрч байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн банкны чанаргүй зээлийн өр барагдуулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийсэн нь багагүй дуулиан тарилаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Сангийн сайд Б.Жавхланд хандан “Шударга баймаар байна. Арваннэгдүгээр сарын 1-ний өдөр Ерөнхий сайдын мэдээллийг цөөнхийн бүлгийн гишүүдэд тараасан. Есөн хуудас материал. Гэтэл Б.Жавхлан сая тэс өөр юм уншлаа. Б.Жавхлан өөрөө гэмт хэрэгтэн мөн юм байна” хэмээн мэдэгдсэн юм. Гэвч Сангийн сайд Б.Жавхлан хариуд нь “Н.Алтанхуяг гишүүн та битгий сандар. Миний танилцуулсан дотор нэг ч үсэг, зөрүүтэй тоо байхгүй.
Өнөөдөр Хөгжлийн банкан дээр буй 3.2 их наядын 1.8 их наяд нь чанаргүй зээл. Бодлогын зөвлөл нэртэй бондын зарцуулалтын шийдвэр гаргадаг. Чанаргүй зээлийн 1.5-ынх нь шийдвэрийг гаргасан хүн нь тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг. Бүх бичиг баримтыг дахин гаргаж хүргүүлж болно. Та битгий сандар. Одоо сандраад хэрэггүй. Монгол Улсын өр зээлийн асуудлаар шударга хүн болох эрх танд байхгүй шүү. Таны тавьсан балгийг өнөөдөр энэ үе төлж байна. Тухайн үед та “Өр тавиад байя, өр тавиад байя” гэж хэлсэн. “Чингис” бондын нэг тэрбум нь чанаргүй зээл болоод, Хөгжлийн банкан дээр байж байна. Өнөөдөр татвар төлөгчдийн мөнгөөр таны авчирсан өрийг төлж байгаа шүү” хэмээн эрхэм гишүүний амыг таглаж орхих нь тэр.
“Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлддөг” гэсэн ёж үг бий. Хөгжлийн банкийг баалах гээд өөрийнхөө булхайг дэлгүүлсэн Н.Алтанхуяг гишүүн тун ч ууртай харагдана лээ.
Нүүрсний хулгай хэмээн нэршсэн хууль бус үйлдлийг шалган тогтоох ажил энэ долоо хоногт үргэлжлэв. УИХ-ын дэргэд байгуулагдсан Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох Хянан шалгах түр хорооны хуралдаан лхагва гарагт болж Гаалийн ерөнхий газар, Боомтын үндэсний зөвлөл, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг зэрэг байгууллагын холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийжээ. Мэдээллээс үзэхэд давхардсан тоогоор нийт 22.664 тээврийн хэрэгслийн бүртгэл зөрүүтэй, гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийснээс илүү нүүрсийг экспортолсон, нүүрс тээвэрлэлтийн хууль бус үйл ажиллагаануудад боомтын болон хил, гааль, цагдаагийн албан хаагчид үгсэн тохиролцож, оролцсон нь тогтоогдсон байна.
Нийгмийн сүлжээнд Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнийг шүүмжилсэн хэдэн арван жиргээ, пост хөвөрч байна. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга байхдаа Дэлхийн ирээдүйн хөрөнгө оруулалтын талаар хэлэлцдэг “Future Investment Initiative 2021” чуулганд жилийн өмнө оролцож хэлсэн түүний үгийг тойрсон маргаан хүчтэй өрнөлөө. Саудын Арабын Рияд хотод өнгөрсөн оны аравдугаар сарын 26-28-ны хооронд зохион байгуулагдсан Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулганд оролцохдоо хэлсэн үгийг нь илт мушгин гуйвуулсан орчуулга, элдэв пост, янз бүрийн шахалт, дарамт залуухан сайд бүсгүйд ч том цохилт болсон бололтой. Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ өргөдлөө өгч, албан тушаалаасаа огцрох хүсэлт гаргаж, ажлаа хүлээлгэн өгөхөөр боллоо. Түүний энэ шийдвэрт олон хүн сэтгэл дундуур байсныг нуугаад яах вэ. “Залуучуудыг, тэр дундаа эмэгтэй улстөрчдийг сошиал орчинд элдвээр цоллож, гутаан доромжилж, үгээр алдаг болжээ” гэсэн байр суурьтай хүмүүс олон байсан юм.
Энэ долоо хоногийн чихэнд таатай ганц мэдээг Эдийн засгийн хөгжлийн яамнаас сонсгов. Валютын нөөцгүй шахам болоод байсан Монгол Улс “Эрдэнэс Тавантолгой” “Эрдэнэт үйлдвэр”-ийн борлуулалтаас овоо хэдэн төгрөг олж, валютын улсын нөөц хоёр сарын дотор 90 сая ам.доллароор нэмэгдсэн, улсын валютын нөөц 3.3 сарын импортын хэрэгцээг хангах түвшинд хүрсэн гэдгийг тус яамнаас мэдэгдсэн юм. УИХ Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баталсан. Үүний дагуу хэмнэлтийг өөрсдөөсөө эхэлж, дарга нарын тусгай хангамжийг буулгаж, автомашинуудыг төрийн өмчид хурааж авсан.
Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар “Элит” төв, “Горхи” амралт, Засгийн газрын хэвлэх үйлдвэрийг татан буулгаж, нийт 50 ажилтантай үйл ажиллагаа явуулж байсан Төрийн ордны “Мэдээлэл үйлчилгээний цогцолбор” төрийн өмчит аж ахуйн үйлчилгээний цогцолбор газрын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргалаа. Энэ сарын 9-ний өдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хурал боллоо.
Энэхүү хуралдаанаар Газрын багц хуулийн тухай ярьсан байна. Хурлын мэдээллээс харахад “Төрийн бүх байгууллагын дарга, цэргүүд 30 жилийн хугацаанд өөрийн болон байгууллагын эзэмшлийн газраа зарсан. Улаанбаатар хотын хэмжээнд 106 төрийн байгууллага өөрийн эзэмшлийн газар дээрээ нийтийн орон сууц барьж зарсан” гэдэг мэдээлэл анхаарал татаж байлаа. Сургууль, цэцэрлэгийнхээ газрыг зарж баяждаг хүмүүс олон байгааг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ. Өнөөдрийн байдлаар нийт төрийн өмчийн сургууль, цэцэрлэгээс 12 сургуулийн 2.1 га газар, найман их дээд сургуулийн 1.8 га газар хувь хүний нэр дээр буюу захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын эхнэр, жолоочийн нэр дээр шилжүүлсэн байна. Энэ долоо хоногийн бас нэг сонирхолтой мэдээлэл гэвэл Орхоны хөндийд баригдах шинэ хотын тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Хэрвээ УИХ энэхүү хуулийн төслийг хэлэлцэж баталбал Орхоны хөндийд шинэ хот байгуулагдах нь.
Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн сурагч амьсгал боогдуулагч, нулимс асгаруулагч хий цүнхэндээ авч явсныгаа сургуулийн нэгдүгээр давхарт цацсанаас болж 158 хүн хордож, эмнэлгийн тусламж авсан хэрэг гарч олныг хирдхийлгэв. Энэ явдал эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих анхаарал, хараа хяналтаа сайжруулах шаардлагатайг сануулсан дохио болов. Энэ долоо хоногт ковидын тохиолдол эрс нэмэгдэж, коронавирусийн шинэ хувилбараар иргэд өвчилсөн талаар ХӨСҮТ-өөс мэдээлсэн. Тухайлбал, өмнөх долоо хоногт ковидын 357 тохиолдол бүртгэгдсэн бол энэ долоо хоногт хоёр дахин нэмэгдэж 772 болжээ. Япон, Солонгос, ОХУ, БНХАУ зэрэг манай хөрш зэргэлдээ улс орнууд ковидын тархалт хамгийн өндөр 10 улс орныг тэргүүлж байгаа тухай мэдээлэл ч мөн олонд хүрсэн.
Б.Нүүдэл
Эх сурвалж: Монголын үнэн сонин №044/24525/