МАН-аас “Шинэ зуун-дэвшилтэт бодлого” сургалтыг энэ сарын 7-12-ны хооронд зохион байгуулж байна. МАН 30 дахь Их хурлаараа социал демократ үзэл баримтлалтай нам болохоо тодотгон зарлаж, “Шинэ зуун-дэвшилтэт бодлого”-оо баталсан. Энэхүү сургалт нь МАН-ын 30 дахь Их хурлын тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх, социал демократ үзэл баримтлал, Шинэ сэргэлтийн бодлогыг таниулах, хүний эрхийн орчныг сайжруулах, авлигын эсрэг дэвшилтэт бодлогыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд Дундговь, Өмнөговь, Нарийн бичгийн дарга Б.Тулга Баянхонгор, Ховд, Баян-Өлгий, МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар Дорноговь, Говьсүмбэр, Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Улс төрийн бодлогын газрын дарга Ж.Ган-Эрдэнэ Булган, Сэлэнгэ, МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Г.Баярхүү Завхан, Технологи, инновацын газрын дарга Н.Жавхлан Өвөрхангай, Архангайн бүсийг тус тус ахлан ажиллаж байна.
Бүсийн ахлагч нар энэ сарын 7-9-ний өдрүүдэд хариуцсан бүсийн аймгууддаа “Шинэ зуун-дэвшилтэт бодлого” сургалтыг нээлээ. МАН-ын нарийн бичгийн дарга, газрын дарга болон Бага хурлын гишүүдээс бүрдсэн баг үргэлжлүүлээд хариуцсан аймгийнхаа сумдад сургалт зохион байгуулахаар нийтдээ 79 баг орон нутагт ажиллаж байна. Ингэснээр намын анхан шатны байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, намын гишүүд, дэмжигчдийг чадавхжуулах, хүний эрхийн манлайлагчдыг бэлтгэх юм.
“Цахим нам 2.0”-оор гишүүд цаг хугацаа, орон зай үл хамааран хамтын ажиллагаа өрнүүлнэ
МАН-ын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас “Цахим нам 2.0” хувилбар буюу цахим шилжилтийн хоёрдугаар үе хэрэгжүүлж байна. Бүсийн ахлагч, МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд Дундговь, Өмнөговь аймагт зохион байгуулсан сургалтын нээлтдээ “Цахим нам 2.0” нь найман төрлийн цахим системийн иж бүрдэл бөгөөд давхар цахим хуудас, гар утасны аппликэйшн байдлаар хэрэглээнд нэвтэрч эхэлсэн. “Цахим нам 2.0”-оор гишүүдээ цаг хугацаа, орон зай үл хамааран нэг дор цуглуулж, уулзалт, хэлэлцүүлэг хийх, хамтын ажиллагаа өрнүүлэх нөхцөл бүрдэнэ” гэсэн мэдээллийг өглөө.
Мөн “Цахим нам 2.0” цахим шилжилттэй холбоотой мэдээллийг бүсийн ахлагч, МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Г.Баярхүү Завхан аймагт, Технологи, инновацын газрын дарга Н.Жавхлан Өвөрхангай, Архангай аймагт ажиллаж, сургалт зохион байгуулахдаа гишүүд, дэмжигчдэд таниулж байв.
Ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлж, зөвлөн чиглүүлж байна
Дэвшилтэт нам болох бодлоготой холбоотой намын дүрэмд өөрчлөлт оруулж, сахилга, хариуцлагатай байх, намын сонгуульт албан тушаалтнуудтай хариуцлага тооцдог байх талаар дүрэмдээ тусгасан билээ. Бүсийн ахлагч, МАН-ын Хяналтын хорооны дарга Б.Баярбаатар, “Намын дүрэмд “Цаг хугацаанаас үл хамаарч авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, шүүхээр гэм буруутай нь тогтоогдож, ял, шийтгэл эдэлж байсан хүн МАН-ын бүх шатны албан тушаалд нэр дэвших эрхгүй. Мөн улс төрийн бүх шатны сонгуульд нэр дэвшиж, сонгогдох эрхгүй” байхаар намын дүрэмд тусгасан. Энэ хүрээнд МАН-ын Хяналтын ерөнхий хороо 2022 оныг Сахилга, хариуцлагын жил болгон зарлаж, жирийн гишүүдээс эхлээд сонгуульт албан тушаалтнуудад ёс зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлж, зөвлөн чиглүүлэх үйл ажиллагааг явуулж байна” хэмээн гишүүдэд улс төрийн намын ёс зүй, гишүүдийн ёс зүйн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна.
Хүний эрхийг хангахад анхаарч ажиллаж байна
МАН 30 дахь Их хурлаар социал демократ үзэл баримтлалтай улс төрийн хүчин болохоо тодотгон зарласан. Бүсийн ахлагч, МАН-ын Нарийн бичгийн дарга Б.Тулга Баянхонгор, Ховд, Баян-Өлгий аймагт ажиллан, сургалт зохион байгуулахдаа “Нээлттэй, цахим, бодлогын нам болохоор Шинэ зуун-дэвшилтэт бодлогоо баталсан. Намын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор хүний эрх, жендэрийн эрх, тэгш байдлыг хангахад анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд социал демократ үзэл баримтлалтай, эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийн үнэт зүйлийг эрхэм болгодог намын хувьд хүний эрхийг хууль эрх зүйн хувьд бүрэн хамгаалсан Азийн анхны улс болох зорилтыг дэвшүүлснийхээ дагуу намын дэргэд Хүний эрх, дэвшилтэт бодлогын хүрээлэнг байгуулж үйл ажиллагааг нь идэвхжүүлээд байгаа юм” гэсэн мэдээллийг намын гишүүд дэмжигчдэд өгсөн байна.
Түүнчлэн Бүсийн ахлагч, Улс төрийн бодлогын газрын дарга Ж.Ган-Эрдэнэ Булган, Сэлэнгэ аймагт “Шинэ зуун-дэвшилтэт бодлого” сургалтыг нээхдээ хүний эрх, жендэрийн талаар таниулж байв.
Намын бодлого шийдвэрийг гишүүдийн саналд тулгуурлана
Бүсийн ахлагч, Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн сургалтыг нээж хэлсэн үгэндээ “МАН-ын 30 дахь Их хурлаар “Гишүүн төвтэй нам” болох зорилт дэвшүүлсэн. 280 гаруй мянган гишүүнтэй, Монголын улс төрийн ууган хүчний хувьд намаас гаргаж буй аливаа бодлого, шийдвэр нь гишүүдийн санал бодолд тулгуурладаг, ажил хэрэгч хэлэлцүүлэгт үндэслэдэг байх юм. Тиймээс “Шинэ зуун-дэвшилтэт бодлого” сургалтаар гишүүд, дэмжигчдийн саналыг ч сонсож байна” гэдгийг онцолсон байна.
Ийнхүү “Шинэ зуун, дэвшилтэт бодлого” сургалтаар зохион байгуулагчид МАН-ын 30 дахь Их хурлын шийдвэр, хэрэгжилт, социал демократ үзэл баримтлал, Шинэ сэргэлтийн бодлогыг таниулах, хүний эрхийн орчныг сайжруулах, авлигын эсрэг дэвшилтэт бодлогын талаар мэдээлэл өгч байна.
Үргэлжлүүлээд бүсийн ахлагч нар хариуцсан аймгийн 236 суманд сургалтыг зохион байгуулах юм. Ингэснээр намын анхан шатны байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, намын гишүүд, дэмжигчдийг чадавхжуулах, хүний эрхийн манлайлагчдыг бэлтгэх юм.
Н.Энхлэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №044/24525