Хөлбөмбөгийн 22 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нэгдүгээр тойргийн тоглолтууд өндөрлөлөө. 32 багийн 16 тоглолтод 41 гоол бүртгэгдсэн байна. Дөрвөн тоглолт ямар ч гоолгүй хуурай тэнцээгээр өндөрлөсөн бол Испанийн шигшээ Коста Рикаг 7:0-ээр хожсон нь хамгийн олон гоолын зөрүүтэй тоглолтоор бүртгэгдэв. Тэгвэл хамгийн богино хугацаанд орсон гоол Австралийн Гүүдвиний нэр дээр бий. Тэрбээр Германы шигшээгийн хаалгыг тоглолтын ес дэх минутад гоолоор мялаасан юм. Нэгдүгээр тойргийн тоглолтыг цэнгэлдэх хүрээлэнгүүдэд нийт 803 хүн үзсэн гэх статистик гарчээ. Нэгдүгээр тойргийн тоглолтод нэг ч улаан хуудас шүүгчийн хармаанаас цухуйгаагүй нь 1986 оноос хойшхи анхны тохиолдол болж байна. Эхний тойргийн гол дуулианыг Саудын Араб, Японы баг тарьсан. Арабчууд Мессигээр ахлуулсан Аргентиныг буулган авсан бол “Хөх самурайнууд” хүчирхэг “Герман машинууд”-ыг хожсон. Түүнчлэн катарчууд зохион байгуулагч орон нээлтийн тоглолтод хожигдоогүй байсан түүхийг өөрчилж, талбай дээрээ Эквадорт буулт хийлээ. Испани, Англи, Бразил, Франц гэсэн аваргууд зангарагтай ялалт байгуулж, цомын төлөө өрсөлдөөнд тэргүүн эгнээнд гэдгээ батлав. “Катар-2022” ДАШТ-ий нэгдүгээр тойргийн сүүлийн тоглолтуудыг тоймлон хүргэе.
Швейцарь 1:0 Камерун
Брил Эмбологийн ганц гоолын ачаар Швейцарь хэсгийн эхний тоглолтдоо ялалт байгууллаа. Өдгөө 25 настай Эмболо камерун гаралтай бөгөөд эх орныхоо эсрэг гоолдсоны дараа баяраа тэмдэглэсэнгүй. Учир нь түүний эцэг, эх, гэр бүл төрөлх нутагтаа амьдарч буй. Камерунд гоол оруулах цөөнгүй боломж олдсон ч тэд ашиглаж чадсангүй. Тоглолт Швейцарийн ялалтаар өндөрлөв. Энэхүү тоглолтын шилдгээр Швейцарийн хаалгач Ян Зоммер тодорсон юм.
Уругвай 0:0 БНСУ
Хэдийгээр гоол ороогүй ч тоглолтын хэмнэл хурдтай, сонирхолтой байлаа. Солонгосчууд Уругвайтай өмнө нь хоёр удаа таарахдаа хоёуланд нь хожигдсон түүхтэй. Харин тэрхүү хар цувралаа гурав дахь учраа дээрээ зогсоолоо. Өмнөд Америкийн баг гоол оруулах боломж олдсон ч тэдэнд хаалганы хөндлөвч, шон саад болсон юм.
Португал 3:2 Гана
Замналынхаа сүүлчийн ДАШТ-д оролцож буй дэлхийн алдарт хөлбөмбөгчин Роналду төрийн дууллаа нулимстай дууллаа. Тэрбээр гараанд гарч нэг гоол оруулснаар таван дэлхийн аваргад дараалан гоол хийсэн цор ганц тоглогч болж байна. Роналду ДАШТ-ий анхны гоолоо 2006 оны зургадугаар сарын 17-ны өдөр Ираны эсрэг оруулж байжээ. Тоглолтын дараа Роналду “Гайхалтай мөч тохиолоо. Миний тав дахь ДАШТ. Бид ялалт байгууллаа. Зөв хөл дээрээ бослоо. Таван ДАШТ дараалан гоолдсон анхны тамирчин болсондоо баяртай байна, бахархаж байна. Би зөвхөн ДАШТ-д л төвлөрч байна. Бусад нь чухал биш ээ” гэжээ. Гэхдээ Ганын шигшээ амархан бууж өгөхийг хүссэнгүй. Хариу барьсан ч эцсийн мөчид хожигдлоо. 89 дэх минутад Ганын шигшээ хоёр дахь гоолоо оруулж, нэмэлт цагт тэнцүүлэхээр зүтгэсэн ч боломжоо ашиглаж чадсангүй.
Бразил 2:0 Серби
Сербийн шигшээгийн хамгаалалт нэгдүгээр үед сайн байлаа. Харин хоёрдугаар үед Бразилын довтолгооны тамирчид тайлан тоглолтоо хийв. Тэдний зохион байгуулсан довтолгоо бүр аюул учруулж, хоёр нь гоол болсон. Тодруулбал, Ричарлисон зөв цагтаа зөв газраа байж, дубль хийв. Ялангуяа түүний сүүлийн гоол энэ удаагийн ДАШТ-ийг чимсэн тун гайхалтай гоол байлаа. Энэхүү тоглолтод Неймар гялалзаж байсан бөгөөд энэ багийн гол лидер гэдгээ хангалттай харуулсан. Харамсалтай нь тоглолтын төгсгөлд шагайндаа бэртэл аван талбайг чөлөөлсөн юм. Тэрбээр хоёрдугаар тойргийн тоглолтод оролцохгүй байх магадлал өндөр байна.
Б.Зул
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна