Франц хасагдах шатанд шалгарч, Катарын аялал дуусах нь тодорхой боллоо


Б.Зул

Катарт үргэлжилж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар тойрог бас л дуулиан шуугиантай үргэлжилж байна. Талбайн эзэн Катарын шигшээ баг 220 тэрбум ам.долларын үнэтэй гоолоо хоёрдугаар тойрогт орууллаа. ДАШТ-д анх удаа өрсөлдсөн тэд Сенегалын шигшээд 1:3-аар хожигдохдоо дэлхийн аваргад анхны гоолоо бүртгүүлэв. ДАШТ зохион байгуулахад асар их зардал гаргасан катарчуудын зүтгэлийг мэргэжилтнүүд үнэ цэнтэй нэг гоолоор дүгнэж байна. Катарын шигшээ эх орондоо хүлээн авсан ДАШТ-ий хасагдах шатанд шалгарч чадаагүй хоёр дахь баг боллоо. Өмнө нь 2010 онд ӨАБНУ эх орондоо дэлхийн аваргыг зохион байгуулсан ч хэсгээсээ гарч чадаагүй. Гэхдээ тэд Катар шиг нээлтийн тоглолтод хожигдоогүй юм. Энэ удаагийн ДАШТ-д өрсөлдөж буй Азийн зургаан баг тун дажгүй хөлбөмбөг үзүүлж буй. Иран, Япон, Саудын Араб, Австрали, БНСУ гээд л... Аргентиныг хожиж шуугиан тарьсан Саудын Арабын шигшээ Польшийг барсангүй. Левандовксий энэ тоглолтын баатраар тодорсон. Харин Мессигээр ахлуулсан аргентинчууд Мексикийг хожсоноор “амьд” үлдлээ. Месси ДАШТ-ий найм дахь гоолоо оруулж, домогт Марадонатай зэрэгцлээ. Аргентинаас ДАШТ-д хамгийн олон гоол оруулсан тоглогч нь алдарт Габриэль Батистута. Тэрбээр 1994, 1998, 2002 оны ДАШТ-д нийтдээ 10 гоол оруулсан юм. Сүүлчийн тойрогт Аргентин Польшийг заавал хожих даалгавартай хэвээр. Хонгилын үзүүрт гэрэл харагдах шиг. Хэдийгээр зарим шилдэг тоглогч нь байхгүй ч ОХУ-д гялалзаж байсан Мбаппе хүү Катарт ч тод од хэвээр байна. Багаа ялалтад хөтөлж, хасагдах шатанд үлдсэн анхны баг болоход тэр том хувь нэмэр орууллаа. Урьд шөнө болсон тоглолтыг тоймлон хүргэе.

Япон 0:1 Коста Рика

Эхний тоглолтдоо Германыг хожиж, шуугиан тариад байсан “Хөх самурайнууд” энэ удаад Коста Рикад хожигдлоо. Испанид бут ниргүүлсэн Коста Рика эхний оролдлогоороо гоол хийсэн нь энэ өдрийг онцлох үзүүлэлт байв. Кейшер Фуллер тоглолтын 81 дэх минутад Японы арын шугамын алдааг овжиноор ашиглаж, багтаа тун чухал хожлыг авчирсан юм. Япончууд тооны харьцааг тэнцүүлэх боломжтой байсан ч Кейлор Навас аргагүй дэлхийн топ хэмжээний хаалгач гэдгээ харуулав. Япончууд энэ тоглолтод дор хаяж тэнцэхэд л дараагийн шатанд шалгарах байлаа.

Бельги 0:2 Марокко

Бельгийн хөлбөмбөгийн алтан үе төгсөх шатандаа орсныг энэ тоглолт харуулав. Азар нь Азар биш болж, Лукаку гэмтлийн улмаас формгүй, Куртуа болчимгүй алдаа гаргав. Тоглолтын 73 дахь минутад Абделхамид Сабири чөлөөт цохилтоос гоол оруулан энэ удаагийн ДАШТ-ий хөдөлгөөнгүй бөмбөгнөөс орсон анхны гоолыг бүртгүүлсэн. Хурц өнцгөөс шууд хаалга руу цохино гэж Куртуа бодсонгүй. Бельгийн унтаа довтолгоо тооны харьцааг тэнцүүлэх гэж оролдсон ч нэг л болсонгүй. Эсрэгээрээ шүүгчийн мэдлийн нэмэлт 90+2 дахь минутад Закариа Абухлал гоолдож, тоглолтын хувь заяаг бүрмөсөн шийдэв. Марокко ийнхүү зургаан тоглолт дараалан гоол алдалгүй явна.

Хорват 4:1 Канад

Тоглолт дөнгөж эхлээд Канадын Алфонсо Дэвис энэ ДАШТ-ий хамгийн хурдан гоолыг оруулсан. Жон Хердманы залуус өнгөрсөн дэлхийн аваргын мөнгөн медальт Хорватын хаалганд 79 секундэд гоолдсон нь энэ байлаа. Мөн энэ гоол Канадын ДАШТ-д оруулсан анхны түүхэн гоол байсан юм. Гэхдээ дэлхийн дэд аваргууд “Хоккейчдод” хожигдох баг биш гэдгээ харуулж, өрсөлдөгчийнхөө хаалгыг дөрвөн гоолоор мялаалаа.

Испани 1:1 Герман

Никлас Фуллкругийн сэлгээ Германыг хожигдлоос аврав. Хэрэв энэхүү тоглолтод Испани хожсон бол Герман бараг нутаг буцах байлаа. Тоглолтын эхний гоолыг 62 дахь минутад Алваро Мората оруулж, Испани тэргүүлсэн. Ханси Флик ч байдал эвгүйтсэнийг ойлгож, давхар сэлгээнүүдийг тэр дор нь хийсэн. Ялангуяа бэртэлтэй, тоглохгүй гэж байсан Лерой Сане талбайд гарч ирсэн. Ердөө 11 өдрийн өмнө шигшээ багийнхаа төлөө анхны тоглолтоо хийсэн Фуллкруг энэ өдөр Германы азын од нь байж, Унай Симоны хаалганд гоол оруулж чадсан юм. Угтаа үүнээс өмнө Германаас Антонио Рудигер гоол оруулсан ч отон тоглолтод орсон байжээ. Тоглолтын дараа Испанийн дасгалжуулагч Луис Энрике “Дэлхийн аваргын сугалааны дараа бид өөрсдийгөө хоёр тоглолтын дараа хэсгээ тэргүүлнэ гэж хэлсэн бол би итгэх байсан. Хэсгийн сүүлийн тоглолтдоо Японтой тэнцэхэд л хангалттай. Гэхдээ би таамаг төрүүлмээргүй байна. Эцэст нь энэ хэсгийг тэргүүлж байгаадаа баяртай байх хэрэгтэй” гэв. Харин Германы дасгалжуулагч Ханси Флик “Баг маань өнөөдөр сайн байлаа. Залуусынхаа багийн ажиллагаа, сэтгэл зүйгээр бахархаж байна. Өнөөдөр үнэхээр өндөр түвшний тоглолт үзүүллээ. Ийм л зүйлсийг би багаасаа харахыг хүсч байсан юм. Гэхдээ энэ бол зөвхөн эхний алхам. Дараагийн тоглолтод үүнээс илүүг хармаар байна. Илүү олон боломж үүсгэмээр байна” гэжээ. Испани дөрвөн оноотой хэсгээ тэргүүлж эхэлсэн бол тэдний араас гурван оноотой Япон, Коста Рика, нэг оноотой Герман удаалж байна. Энэ дөрвөн багийн аль ч хоёр нь дараагийн шатанд шалгарах боломжтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 9 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 12 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 12 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 12 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 12 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 13 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 13 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 13 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 14 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 14 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 14 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 14 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 14 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 14 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 14 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 14 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 14 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 14 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 15 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 15 цагийн өмнө