А.Чингүүн: Би оны дараа “Арнольд классик”-т оролцоно


Киргизийн Бишкек хотод хүчний гурван төрөлтийн нэг болох гараар штанг таталтын дэлхийн цомын тэмцээн болсон билээ. Уг тэмцээнд манай улсаас А.Чингүүн өрсөлдөж түрүүлснээр энэ төрөлд олон улсаас медаль хүртсэн анхны тамирчин болов. Тэрбээр түрүүлэхдээ 75.5 кг-ыг татсан бөгөөд энэ төрөлдөө УАШТ-ээс алт, мөнгөн медаль хүртээд зогсохгүй улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. Хүнд жинд дээд амжилт эзэмшигч А.Чингүүнийг эх орондоо ирэхэд нь уулзаж ярилцлаа.

 -Аливаа спортын төрөлд анхдагч амжилтын эзэн байна гэдэг сайхан шүү дээ. Анхны шанг татаж дэлхийн цомоос алтан медаль хүртсэнд баяр хүргэе. Ярилцлагын эхэнд тэмцээнийхээ талаар товч мэдээлэл өгөх үү?

-Баярлалаа. Миний хувьд аз завшаантай сайхан үйл явдал боллоо. Өнгөрсөн жил Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны улсын аваргын гараар татах төрөлд анх удаа оролцохдоо -120 кг-ын жинд мөнгөн медаль авч байлаа. Харин энэ жил хоёр дахиа оролцохдоо хүнд жинд өрсөлдөж улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. Тэр үед 75 кг-ыг гараар татсан байдаг. Энэ үед манай холбооны удирдлагууд намайг олон улсын тэмцээнд оролцуулах санал тавьсан. Би ч зөвшөөрч, оролцох тэмцээнээ судаллаа. Гэтэл хамгийн ойрхон тэмцээн нь Бишкект болох дэлхийн цом байв. Мэдүүлэг өгөхөд зөвшөөрсөн учраас маш их баярласан. Ингээд бэлтгэлдээ эрчимтэй орлоо. Анхны тэмцээн учраас амжилтын талаар нэг их бодоогүй. Монголынхоо нэрийг олон улсад гаргаж, чадахаараа сайн өрсөлдөнө л гэсэн бодолтой. Тэмцээндээ явлаа. Эхний өдөр тамирчид захиалгаа өгч байхыг хараад боломжийг мэдэрсэн. Эндээс л өөрийгөө хурцалж, улам итгэлтэй болсон.

Энэ тэмцээнд хүссэн хүн бүр оролцохгүй. Улсын аваргад түрүүлсэн тамирчид л өрсөлддөг журамтай. Тэмцээнд 30 гаруй орны 300 орчим тамирчин өрсөлдсөн. Миний ангилалд 10 гаруй тамирчин анх бүртгүүлснээс хоёр, гурав нь допингийн шинжилгээнд бүдэрсэн. Ер нь шалгуур маш өндөртэй юм билээ. Ямар ч байсан анхны том тэмцээндээ оролцож түрүүлсэндээ баяртай байна.

-Олон улсын тэмцээнд оролцоно гэдэг Чингүүнд шинэ зүйл. Анхны гэдэг утгаараа сандрал, айдас байв уу?

-Улсын аваргад сар гаруйн өмнө түрүүлсэн учраас өөртөө итгэлтэй байсан. Форм сайтай учраас боломжийн амжилт үзүүлэх байх гэж бодсон. Замдаа ядарсныг эс тооцвол гайгүй шүү. Замдаа ядрах, цагийн зөрүү зэргээс шалтгаалаад өөрийнхөө зорьсон амжилтад хүрч чадаагүй. Яг энэ үед л тамирчдаа бүрэн утгаар нь мэдэрсэн. Ямар их хөдөлмөр, тэсвэр тэвчээр шаарддаг вэ гэдгийг өөрөө тэмцээнд оролцож байж л мэдсэн дээ. Энэ үед тамирчдаараа эрхгүй бахархсан шүү. Бэлтгэлийн үзүүлэлтээс муу байсан ч түрүүлж чадлаа.

-Тамирчид амжилт гаргаад төрийнхөө далбааг мандуулж, төрийн дууллаа сонсохыг харах бүрдээ огшдог. Та ч бас тийм байсан байх. Энэ удаа төрийн дууллаа эгшиглүүлж, далбаагаа мандууллаа. Ямар мэдрэмж төрж байх юм бэ?

-Шагнал гардуулах ёслолын өмнө шагналуудыг нь харахад дандаа алтан медаль өрөөстэй байсан. Мөнгө, хүрэл байхгүй. Хараад бага зэрэг гайхахын зэрэгцээ би ч худлаа юм байна даа гэж бодсон. Ядаж хүрэлтэй гэсэн бодол тээж яваа шүү дээ. Зөвхөн түрүүлсэн хүнд л медаль өгнө гэхээр нь айдас мэдэрсэн. Гэтэл миний нэрийг зарладаг юм. Огшоод л явчихсан. Тугаа нөмрөөд л гүйхээрээ гарсан. Сэтгэл хөдлөл дээд цэгт. Хайртай гэр бүлээсээ эхлээд надад итгэсэн бүх хүний итгэлийг алдаагүйдээ өөртөө баяр хүргэсэн. Нулимс гардаг л юм билээ.

-Аав минь хамгийн их баярлаж байна гэж хэлсэн байсан шүү дээ. Аавтайгаа баяраа хуваалцсан мөч гоё байсан уу?

-Үгээр хэлэхийн аргагүй. Миний аав түүхч. Аавыгаа нэг сайхан баярлуулах юмсан гэж дотроо их бодож явсан. Харин энэ удаад баярлуулж чадлаа. Аав минь мөнгөн аягатай сүү, хадаг барьж угтлаа. Уйлаад л байсан. Би аавыг тэгж тосно гэж огт бодоогүй. Аавыг тосоод зогсож байхыг хараад огшиж байгаа юм чинь. Бөөн баяр болсон доо.

-Загварын ертөнцийн хүн спорт руу хөл тавих шалтгаан юу байв. Яагаад заавал хүчний спорт гэж?

-10 гаруй жилийн өмнө Монголын бодибилдинг, фитнессийн холбооноос зохион байгуулдаг улсын аваргад фитнесс модель ангиллын тэмцээнд ордог байлаа. Модель хүн учраас гадна талаасаа гоё харагдах ёстой. Тиймээс бараг 20 жилийн өмнөөс фитнессээр хичээллэж эхэлсэн юм. Тухайн үед хоёр, гуравхан клуб үйл ажиллагаа явуулна. Тайзан дээр алхдаг хүнээс зайлшгүй шаардах зүйл учраас фитнесстэй миний ажил уялддаг байлаа. 20 жил бэлтгэл хийсэн чинь сүүлдээ бэлтгэл хийхгүй болохоор тайван сууж чаддаггүй юм билээ. Ингээд цар тахлын үед гараашаа төхөөрөмжүүдээр тоноглож, тохижуулсан. Ганцаараа бэлтгэл хийх үр дүнтэй санагдсан. Булчингийн масс  20 кг-аар нэмсэн. Хүчний гурван төрөлтөд гурвууланг эзэгнээд явдаг хүн гэж байхгүй. Биеийн физиологийн онцлогтоо тохирсон төрлийг сонгох хэрэгтэй. Надад бол гар таталт илүү тохиромжтой санагдсан учраас энэ төрлөөрөө дагнана. Холбооны удирдлагууд л надад ийм зөвлөгөө өгсөн.

-Дэлхийн цомд түрүүл­сэн хүн дараа дараагийн тэмцээндээ оролцох шунал хөдөлж, амташсан биз. Ямар төлөвлөгөө гаргав?

-Он гаргаад “Арнольд классик”-т оролцох зорилготой байна. Бишкек рүү ганцаараа явсан бол “Арнольд классик”-т Ууганаа, Эрдэнэхүү нартайгаа хамт явна. Бид нэг баг болж тэмцээнд оролцдог юм. 2022 оны улсын аваргад Ууганаа +105, Эрдэнэхүү -120, би +120 кг-д өрсөлдөхдөө гурвуулаа түрүүллээ. Гурван хүний зорилго нэг учраас хамтдаа бэлтгэлээ сайн хийж байгаад “Арнольд классик” руу мэдүүлгээ илгээнэ.

-Багадаа бас л олон талын авьяастай байсан гэж сонссон. Бага насныхаа тухай ярьж болох уу?

-Миний өвөө М.Ширчинсүрэн  зохиолч хүн. Манай гэр бүлийн ганц од нь. Өвөө шигээ мундаг хүн болно гэж боддог байлаа. Намайг бага байхад өвөө бурхан болж надад их хүнд туссан. Үлгэр жишээ авах хүн маань байхгүй болсон. Өвөө “Чи дипломат хүн болох ёстой. Олон хэлний мэдлэгтэй, ажил хэрэгч хүн болоорой” гэж захисан. Өвөөгийн захиас ёсоор гадаад хэл сурсан. Англи хэлийг бие даан сурч, Орост сургуульд сурсан учраас оросоор чөлөөтэй ярьдаг боллоо. Өвөө намайг чиглүүлсэн учраас өнөөдөр гадаадад би алзахгүй явж байна. Англи, орос хэлнийхээ ачаар хүссэн мэдээллээ интернэт орчноос цуглуулж, өөрийгөө хөгжүүлж ирсэн.

-Та Монголын шилдэг эрэгтэй загвар өмсөгчдийн нэг шүү дээ. Энэ салбарт орсон шалтгаан юу байв?

-Загвар өмсөгч болохоосоо өмнө хөтөч хийдэг байлаа. Жуулчидтай хамт Монгол орныхоо үзэсгэлэнт байгалиар аялна. Фитнесст явах төлбөрөө олохын тулд ажил хийх шаардлагатай. Хөтөч хийж фитнессийнхээ төлбөрийг олдог. Нэг өдөр найз маань “Чи нэгдүгээр зэрэглэлийн загвар өмсөгч бол. Цалинтай болно. Фитнесс, бассейнаас эхлээд бүх зүйл үнэгүй болно. Чиний хийх ажил загвар үзүүлэх” гэж хэлсэн. Телевизээр “Fashion TV”-г үзэж биеэ бэлтгэж байгаад шалгаруулалтад ороод шууд нэгдүгээр зэрэглэлийн загвар өмсөгч болсон. Эцэг, эхээс заяасан бие хаа, царайны буянд ийм амжилтад хүрч чадлаа. Товчхондо бол фитнесст үнэгүй явахын тулд загвар өмсөгч болохоор шийдсэн. Нэлээд хэдэн жил нүүр царай болж явлаа. Сингапурт хүртэл зургаан сарын хугацаанд модель хийж байлаа. Сар бүр л нэг загварын шоунд оролцоно. Тухайн үед их ч шоу болдог байж. Загварын ертөнцөөс их зүйл сурсан. Зүгээр нэг алхаад байдаг зүйл биш. Тайзтай хэрхэн харьцах, биеэ хэрхэн зөв авч явах, соёлч зангаас эхлээд олон зүйлд намайг сургасан буянтай салбар юм. Нутагтаа иртэл “Голомт” банкнаас санал тавьдаг юм байна. Тухайн үед “Боловсрол” суваг телевизийг нээж байлаа. Таныг агаарын мэдээний хөтлөгчөөр ажиллуулмаар байна” гээд дөрвөн жилийн хугацаанд нэлээд өндөр цалинтай гэрээ байгуулсан. Ингэж телевизийн салбарт орсон түүхтэй. Ер нь ямар ч зүйлийн эвийг олоод хийчихдэг авьяастай юм шиг байна билээ. Түүнчлэн эхнэртэйгээ АНУ-д дөрвөн жил сурахдаа давхар ажил хийсэн. Монголд од байсан хүн АНУ-д модны мужаан боллоо. Гал тогооны тавилга хийдэг үйлдвэрт мужаанаар ажилласан. Хэрвээ гадаадад яваагүй бол надад ийм боломж олдохгүй. Харин хилийн дээс алхсан тулдаа л мужааны мэргэжил эзэмшиж, тэр туршлагаараа Монголд “Star kitchen” гээд гал тогооны тавилгын үйлдвэр нээлээ шүү дээ. Одоо тогтмол захиалга, орлоготой зах зээлд байр сууриа эзлээд зургаан жилийг үдлээ. Эхнэртээ зориулж гутлын шүүгээ хийснээс үүдэлтэй шүү дээ, манай үйлдвэр. Хийсэн бүтээгдэхүүнийхээ зургийг фэйсбүүктээ тавихад маш их сэтгэгдэл ирж, захиалга өгсөн. Эндээс л эхлүүлсэн дээ. Манай үйлдвэрт showroom байхгүй. Бэлэн үзүүлэх тавилга алга. Ийм атлаа захиалгадаа байнга дарагдаастай. Ёстой нүүрний буян юм даа. Загвар өмсөгчийн нэр хүнд өнөөдрийг хүртэл намайг таниулж байна. Энэ салбарын буянаар л би олны танил болж, тэр хэрээр бизнес ашиг, орлоготой байна шүү дээ. Ингээд бодохоор би их азтай хүн юм.

-Спортоор тууштай хичээллэж, амжилт гаргахад ар гэрийн дэмжлэг чухал. Таны гэргийг МҮОНТВ-ийн нэвтрүүлэгч гэж хүн бүр мэдэх байх. Гэргий тань их дэмжинэ биз?

-Миний хань бол Монголын нүүр царай болсон хөтлөгч нарын нэг шүү дээ. “Цагийн хүрд”-ийг хөтөлдөг. Эхнэрээрээ бахархдаг. Хань минь намайг маш их дэмждэг. Миний үнэнч дэмжигч. Миний хийе гэсэн бүхнийг уриалгахан зөвшөөрдөг. “Эхнэрээ магтсан хүн адгийн тэнэг” гэсэн үг бий. Гэхдээ би магтмаар байна. Хаашаа ч явсан ардаа санаа зовох зүйлгүй. Их ажлынхаа хажуугаар ээжийн, ханийн үүргээ хангалттай сайн биелүүлж, гэрээ маш сайхан авч явдаг. Сая тэмцээнд явахдаа хүртэл би юунд ч санаа зовоогүй. Яагаад гэвэл ар тал минь найдвартай учраас тэр. Санаа амар тэмцээндээ оролцож, анхдагч амжилтыг эзэн болоод ирлээ. Гэр бүлийнхээ бахархалтай хүн, хүүхдүүдийнхээ үлгэр дуурайл байхыг хичээдэг.

-Танд хамгийн их ташуур өгдөг хүн хэн бэ?

 -Хоёр аав. Эхнэрийн талд нэр хүндтэй, бахархалт хүмүүс зөндөө шүү дээ. “Увсын долоон хар” гэгдэх У.Хайдав арслангаас эхлээд үлгэрлэх хүн олон. Миний аав хүртэл хэлнэ. “Чи өвөөгөөсөө хойш манай гэр бүлийн нүүр царай болж байгаа ганц хүн. Сайн явах ёстой” гэсэн шаардлага тавина. Болохгүй зүйлд зэмлэнэ. УИХ-ын гишүүн Н.Учрал ах минь байна. Энэ хүнээс үлгэрлэх зан чанар, авах мэдлэг асар их. Миний ханийн аав байна. Ийм нэр хүндтэй гэр бүлийн хүргэн болсон учраас их хичээх ёстой. Миний эргэн тойронд дандаа мундаг хүмүүсээр хүрээлсэн тул би мэрийж ёстой, өөрийгөө алхам тутамдаа хөгжүүлнэ шүү дээ. Аав, ээждээ баярладаг. Намайг эрүүл саруул өсгөж, хүмүүжүүлсэнд насаараа баярлаад баршгүй. Ер нь сайн аав, ээжийн өгөгдлөөр тал талын авьяастай юм шиг байна. Зорьсон зүйлдээ бүхнээ зориулж чадвал амжилт гаргаж чаддаг. 

Б.МӨНХЗУЛ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 8 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 11 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 11 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 11 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 11 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 12 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 12 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 12 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 12 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 12 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 13 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 13 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 13 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 13 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 13 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 13 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 13 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 13 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 14 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 14 цагийн өмнө