Ирээдүйн Хакүхо
Хокүсэйхо Ариунаагийн Даваанинж. Энэ нэр цаашид сүмогийн ертөнцөд багагүй хугацаанд сонсогдоно. Бэртэл гэмтлээс хол байж чадвал тэр ирээдүйн Хакүхо юм. Дөнгөж 21 настай тэрбээр анх хэрхэн олны нүдэнд өртөв. Тэрбээр их аварга Хакүхогийн “Миягино” дэвжээнд харьяалагдан дебютээ 2020 оны гуравдугаар сарын тэмцээн дээр хийж, эхний ялалтаа авсан юм. Түүнийг Хокүсэйхо гэх нэрийг их аварга Хакүхо өгсөн бөгөөд Хакүхогийн Хо ханзыг оруулсан байдаг.
Анхныхаа ялалтын талаар сэтгүүлчдэд “Үзэгчдийн өмнө барилдаж үзээгүй болохоор үзэгчгүй башёгийн талаар огт юм бодоогүй. Мэргэжлийн дохёнд гарсандаа их баяртай байна” хэмээн ярьсан удаатай. Тэгвэл тэр өнөөдөр хэдийнэ мэргэжлийн сүмоч болжээ. Анхны барилдаанаа хийснээс хойш тухайн оныхоо долдугаар сард Жонокүчи зиндаанд 23-т эрэмбэлэгдсэн барилдахдаа долоон даваатайгаар түрүүлсэн. Улмаар ес, арваннэгдүгээр сард дараалан долоо давсан бөгөөд гурван зиндаанд дараалан түрүүлснээр мэргэжлийн сүмод тавдугаарт бичигдэх амжилтын эзэн болж олны хараанд өртөв. Тэр дараалан 21 даваа авсан юм. Гурван башёд түрүүлэхдээ тэр хоёр метр өндөр, 164 кг жинтэй, 19 настай байлаа. Улмаар макүшитад дэвшин гуравхан башё барилдаад л жюүрёо зиндааны бөх болсон түүхтэй. Ингэхдээ 18 даваа авсан бөгөөд 2021 оны долдугаар сарын башёд нэг ч уналгүй түрүүлсэн. Ингэснээр дөрвөн башёд түрүүлсэн анхны монгол сүмочоор тодорлоо. Түрүүлээд зогсохгүй хүсэн хүлээсэн жюүрёо зиндаандаа дэвшсэн. Дэвшсэн анхны башёдоо коронавирусийн улмаас барилдаж чадсангүй.
Харин хоёр дахь удаа тэмцээндээ хоёр барилдаж өвдөг шороодоод л тэмцээнийг орхисон. Түүний амжилтын замнал дахиад л макүшитагаас эхлэх боллоо. 2022 онд гурван башёд макүшитад барилдаж, дахин жюүрёод гарч ирсэн юм. Үүнээс хойш гурван башёд 30 даваа авчээ. Тэгвэл шинэ оны анхны башёд тэр жюүрёогийн тэргүүнд жагсах уу, эсвэл анх удаа макүүчид дэвших үү гэдгийг энэ сарын сүүлчээр гарах банцүкэгээс харна. Жюүрёогийн зургадугаарт эрэмбэлэгдэн тэмцээнээ 10 даваатай дуусгасан тэрбээр өдгөө 170 кг жинтэй болжээ. 2001 онд Улаанбаатарт төрсөн Хокүсэйхо таван настайдаа Хоккайдо мужийн Саппоро хот руу нүүжээ. Тэрбээр Монголд түр хугацаагаар ирэх замдаа Инчоны нисэх онгоцны буудалд их аварга Хакүхотой санамсаргүй тааралдсанаар сүмогоор хичээллэх сонирхлыг нь төрүүлсэн байна. Бага сургуулийн дөрөв, зургаа дахь жилээсээ ванпаку сүмогийн тэмцээнд оролцож, Тоттори хотын бага дунд сургуульд сүмогоор хичээллэжээ. Хокүсэйхо бэлтгэл сургуулилалтаа хэт ширүүн гэж үзсэнээр сүмогийн клубээ орхисон ч Хакүхо түүнийг буцахыг ятгасан байна.
Хокүсэйхо сургуулиа төгсөөд сүмогийн хүчтэй хөтөлбөрөөрөө алдартай “Тоттори Жохоку” ахлах сургуульд элсэн орсон аж. Түүнд санал тавьсан хүн нь өнөөх л Хакүхо аварга. Өмнө нь энэ сургуульд Тэрүнофүжи, Ичиножо нар суралцаж байлаа. Тэрбээр ахлах сургуулийн сүмогийн хэд хэдэн тэмцээнд түрүүлсэн бөгөөд сургуулиа төгсөөд “Миягино” дэвжээнд Хакүхотой нэгдсэнээр мэргэжлийн сүмочийн замнал нь эхэлсэн түүхтэй.
Тэсэрдэг сүмоч
Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюүгийн ахын хоёр дахь хүү болон мэндэлсэн Хоошорюү С.Бямбасүрэн 11 настайгаасаа барилдаж эхэлжээ. Дунд сургуулиа төгсөөд “Ниппон” спортын шинжлэх ухааны их сургуулийн Кашивагийн ахлах сургуульд суралцахаар Япон руу нүүсэн байна. Эхний жилдээ сургуулийнхаа аяллын хүрээнд Рёгокүгийн Кокүгиканд зочилж, сүмо сонирхох болсон. Авга ахтайгаа зөвлөлдсөний дараа тэрбээр ахлах сургуулийн түвшинд сүмогоор барилдахаар шийджээ. Хоошорюү маш богино хугацаанд сонирхогчдын тэмцээнд амжилт үзүүлсэн бөгөөд асар их нөөц байгааг ах нь төдийгүй мэргэжилтнүүд олж харсан байна. Ингээд “Тацүнами” дэвжээнд нэгдсэн бөгөөд Асашёорюү түүнд “Өөрийн хүч чадлаа хөгжүүл. Хурдан жин нэмж болохгүй” хэмээн байнга зөвлөдөг байжээ.
Өдгөө 23 настай түүний хувьд жониданд нэг түрүүлж, техниктэй бөхийн шагналыг хоёр удаа авсан. Харин 2022 оны сүүлчийн башёд түрүүлэх оролдлого хийсэн ч бүтэлтгүйтсэн юм. 2018 оны нэгдүгээр сард дебют барилдаанаа хийснээс хойш 2019 оны есдүгээр сар хүртэл ердөө ганцхан удаа мак-коши буюу тавиас доош хувийн амжилт үзүүлсэн байдаг. Ингэж арваннэгдүгээр сард албан ёсоор жюүрёод дэвшсэнээр цалинтай золгов. Хоошорюү жюүрёод таван башёд барилдан макүүчид дэвшсэн бөгөөд дээд зиндаанд гарсан гадаадын 50, Монголын 27 дахь сүмоч болсон юм. Түүний амжилтын оргил үе нь 2022 он байлаа. Энэ онд тэрбээр мак-коши хийсэн тохиолдол байхгүй бөгөөд зургаан тэмцээний турш 55 даваа авчээ. Арваннэгдүгээр сард болсон тэмцээнд Хоошорюү Мидорифүжиг кавазүгакэ мэхээр ялсан. Өрсөлдөгчөө мордоход нь дэгээ ороож, арагш нь унагаасан юм. Энэ мэх дээд зиндаанд 10 жилийн дараа хийгдэж байгаа бөгөөд авга ах Асашёорюү нь ч сэкитори болсон хойноо хийж байгаагүй ховор мэх. Барилдааны дараа тэрбээр “Ийм мэх хийх гэж зориуд бэлтгэсэн зүйл үгүй. Барилдааны дунд мэдрэмжээрээ хийчихлээ. 2012 оноос хойш хийгдэж байгааг нь сая л дууллаа. Баяртай байна” гэж ярьсан байна.
Оюутны ёкозүна П.Дэлгэрбаяр
Монголоос төрсөн хоёр дахь оюутны ёкозүна, “Нарүто” дэвжээний бөх Оошёоүма П.Дэлгэрбаяр 2021 оны арваннэгдүгээр сарын тэмцээнд анхны барилдаанаа хийж мэргэжлийн сүмо бөхийн гараагаа эхэлсэн түүхтэй. Оюутны ёкозүна бөх мэргэжлийн сүмод макүшитагийн 15-аас барилдах эрхтэй байдаг. П.Дэлгэрбаяр Оошёоүма нэрээр барилдаж байгаа. Оо гэдэг нь багш Котоошюүгийн нэрний Оо ханз бол Шёог мөн багшийнхаа хоёр дахь нэрнээс авсан байна. Харин сүүлийн Үма гэдэг ханз нь морь гэсэн утгатай. Нарүто ояката “П.Дэлгэрбаярын гэр адуутай гэж сонссон болохоор нэрэнд нь морь гэсэн ханз оруулж өгсөн” гэж сэтгүүлчдэд ярьсан удаатай.
Оошёоүма нэг жил “Нарүто” дэвжээнд дадлага хийсэн. Тэрбээр анхны барилдааныхаа дараа “Сонирхогчдын сүмогоос өөр болохоор биеэ барьсан. Тачиайгаас эхлээд өрсөлдөгчийнхөө барилдаанд орчихлоо. Энэ бүхнийг туршлага болгон үлдээж цаашдаа хичээх болно. Макүшитад түрүүлэх зорилготой байсан. Гэхдээ башё дуусах болоогүй байна. Үлдсэн зургаан барилдаандаа анхаарлаа төвлөрүүлж барилдана. Ошисүмо буюу урагш түлхэн дайрах барилдаантай болох хүсэлтэй. Хурдхан жюүрёод дэвшиж, цолтой бөх болох хүсэлтэй” хэмээн ярьж байжээ. Тэгвэл тэр дөрвөн башёд барилдаж хүссэн зиндаандаа буюу жюүрёод дэвшсэн юм. Макүшита зиндаанд дөрвөн тэмцээнд барилдахдаа нэг түрүүлсэн. Харин жюүрёод гурав барилдаж түрүүллээ. Түүний хувьд 2023 оны нэгдүгээр сард жюүрёогийн тэргүүн хэсэгт эрэмбэлэгдэх нь тодорхой юм. Өдгөө 25 настай П.Дэлгэрбаяр ирэх оны тавдугаар сарын тэмцээн гэхэд макүүчид дэвших зорилготой байгаа аж.
67 башёгийн дараа анх удаа түрүүлсэн Тамашёохо
Японы мэргэжлийн сүмо бөхөд хүч үзэж яваа залуусын нэг нь Тамашёохо Э.Энхманлай. Түүний хувьд дээрх гурван сүмочоос харьцангуй эрт буюу 2011 оноос хойш мэргэжлийн сүмод хүч үзэж яваа юм. Анхны дебютээ 2011 оны долдугаар сард хийсэн тэрбээр 11 дэх жилдээ зүтгэж байна. Энэ хугацаанд жюүрёод дэвшиж чадаагүй ч тэр шантралгүй бэлтгэлээ хийсээр, сүмогоо барилдсаар байгаа нь өөрөө бахархал юм. Өдгөө 29 настай түүний хувьд мэргэжлийн сүмод нийт 67 башё барилдахдаа үзүүлсэн хамгийн өндөр амжилт нь макүшитагийн хоёрдугаарт эрэмбэлэгдсэн явдал байлаа. Ер нь өмнөх жилүүдийг бодвол 2022 онд тэр оргил амжилтаа үзүүлжээ.
Энэ оны зургаан башёд тэр нийт 23 даваад зогсохгүй карьерынхаа анхны түрүүг хүртсэн гэдгээрээ онцлогтой. Э.Энхманлай 2014 оны гуравдугаар сарын тэмцээнд Санданмэ зиндаанд барилдаж байхдаа долоон даваатай болсон ч нэмэлт барилдаанд ялагдсанаар анхны түрүүгээ авах боломжоо алдаж байв. Үүнээс хойш унаж, босож явсаар 29 насандаа анх удаа мэргэжлийн сүмод түрүүллээ. Тамашёохо анхны башёд түрүүлэхдээ цагтаа озэки цол хүртэж явсан Асаноямаг өвдөг шороодуулж, өөрийгөө хэнтэй ч өрсөлдөх чадвартай гэдгээ харуулсан юм. Анх сүмод хөл тавьснаас хойш жонокүчид нэг, жониданд дөрөв, санданмэд 13, макүшитад 48 башё барилдаад байна. 2022 оны сүүлчийн башёд онцгой байсан тэрбээр нэгдүгээр сарын тэмцээнд макүшитагийн 10-аас дотогш эрэмбэлэгдэх нь. Харин бэлтгэлээ сайн хийж, элдэв гэмтэл бэртлээс хол байж чадвал гуравдугаар сараас жюүрёод дэвших бүрэн боломж байна.
Б.МӨНХЗУЛ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №048/24529/