Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээний хасагдах шатны шилдэг 16 багийн тулаан өндөрлөсөн. Хоёр хоног амарсны эцэст шилдэг найман багийн тулаан өнөө орой эхэлнэ. Шөвгийн наймд Европын тав, Өмнөд Америкийн хоёр, Африкийн нэг төлөөлөл үлдэв. ДАШТ өндөрлөхөд ердөө наймхан тоглолт үлдсэн гэсэн үг. Шөвгийн 16-д Марокко “Ялагдашгүй Армада”-г ялж шуугиан дэгдээсэн бол Португалын 21 настай тоглогч Рамуш Швейцарын эсрэг хет-трик толилуулснаар энэ ДАШТ-д гурван гоол оруулсан анхны тоглогч болов. 1990 оны ДАШТ-ий шөвгийн 16-д Чехословакийн хөлбөмбөгч Томаш Скухравы хет-трик бүртгүүлснээс хойш 32 жилийн дараа Португалын Гонсалу Рамуш ийм амжилт үзүүлсэн нь энэ. Түүний хувьд Роналдуг орлож талбайд гарсан бөгөөд мэргэжилтнүүдийн анхааралд зүй ёсоор багтлаа. Азийн хамгийн хүчирхэг багуудын нэг Япон үндсэн цагт сайн хамгаалсан ч 11 метрийн торгуулийн цохилтод одгүй байж гэртээ харьсан бөгөөд хөгжөөн дэмжигчид нь баатрын ёсоор хүлээн авсан. Харин Гуулин улсын хөлбөмбөгчид өчигдөр эх орондоо газардсан даруйдаа тоглолтынхоо талаар тайлагнан онгоцны буудал дээр хэвлэлийн хурал хийлгэв.
Бразил vs Хорват
Бразилын шигшээ баг энэ удаа Хорваттай нүүр тулна. Магадлал Бразилын талд 80 хувьтай. Гуардианд мэдээлснээр шинжээчдээр Бразилыг түрүүлнэ гэж таамаглаж байгаа юм. Ер нь л ДАШТ эхлэхээс өмнө мэргэжилтнүүд Неймар тэргүүтэй багийг ялна гэж таамагласан. Бразилийн лидер Неймар “Бэртэл аваад айсан. Учир нь би гайхалтай улирлыг өнгөрүүлж байлаа. Бэртэл авах үнэхээр хэцүү. Би шөнөжин уйлсан. Гэр бүл маань мэдэж байгаа. Азаар одоо бүх зүйл зүгээр. Хэрэв энэ аяллаа ялалтаар өндөрлүүлбэл өвдөлт, зовлон шаналал бүр минь үнэ цэнтэй байна. Одоо улам цааш явах цаг нь ирсэн. Бид энэ цомыг мөрөөдөж ирсэн нь тодорхой шүү дээ. Гэхдээ алхам алхмаар урагшлах хэрэгтэй. Солонгос бидний дөрөв дэх учраа байлаа. Бидэнд гурван тоглолт үлдлээ. Бид маш сайн бэлдэж, алтан дагины төлөө бүрэн төвлөрсөн. Рекорд эвдэх бол миний хувьд бахархах зүйл. Би хэзээ ч эвдэнэ гэж бодоогүй амжилтуудаа эвдлээ. Үүндээ баярлаж байна” хэмээн ярьсан.
Аргентин vs Голланд
Ногт ганзагалж ирсэн хүмүүсийн нэг нь яах аргагүй Месси. Тэд хэсгийн эхний тоглолтдоо хожигдсон ч шөвгийн наймд шалгарлаа. Барцдаа гаргасан Месси ба түүний нөхөд “Нисдэг голландууд”-ыг гэр рүү нь нисгэх үү, эсвэл өөрсдөө аяллаа дуусгах уу гэдгийг өнөөдөр бид харна. 2018 оны дэлхийн аваргыг өнжсөн Нидерландын шигшээ баг 2022 онд хийсэн бүх тоглолтдоо нэг ч хожигдоогүй гэсэн амжилттай. Аргентинчууд дөрвөн жилийн өмнөх ДАШТ-ий шөвгийн 16-д Францын шигшээд ялагдсанаар нутаг буцсан удаатай.
Англи vs Франц
Хөлбөмбөгийн мөнхийн өрсөлдөгч гэхэд болно. Маргааш хэн нь хожих вэ. Мэргэжилтнүүд Францыг гэж таамагласан. Англичууд хэсгийн тоглолт болон шөвгийн 16-д нийт 12 гоол оруулсан амжилттай яваа. Англи, Францын аварга загаснууд түүхэндээ 32 дахь удаагаа таарч тоглож байна. Эхний зургаан тоглолт нь 1920-оод оны үед болсон бөгөөд хөлбөмбөгийн эх орон Англи 6:0, 5:1 гэсэн том ялалт байгуулж байв. Ер нь тэр үед англичууд 17 ялалт, таван тэнцээ, есөн ялагдал гэсэн үзүүлэлтээр илүүрхэж байлаа. ДАШТ-д тэд хамгийн сүүлд 1982 онд Испанид таарч байсан. Тэр үед Английн баг Брайан Робсон, Пол Маринер хоёрын гоолоор 3:1-ээр ялж байв. XXI зуунд Евро-2004, Евро-2012 тэмцээний хэсгийн шатанд учраа таарч байсан. 2004 онд Франц 2:1, 2012 онд 1:1 тэнцэж байлаа.
Португали vs Марокко
Роналду одоо л хэн гэдгээ харуулах алтан мөч ирлээ, эсвэл нөгөө залуу баатар Рамуш бас дахин түүнийг сэлгээнд үлдээх юм болов уу. Шөвгийн 16-д Португалын шигшээгийн ахлах дасгалжуулагч Роналдуг сэлгээний сандалд суулгасан нь түүний эхнэр болон эгчийнх нь дургүйцлийг төрүүлсэн. Харин маргааш яах бол. Тэгвэл хэдийнэ айдгаа авдартаа хийсэн Мараккогийн хаант улсын шигшээ баг шөвгийн наймд шалгарсан Африкийн дөрөв дэх баг боллоо. Мөн өөрсдийнх нь хувьд анх удаа ийм өндөр амжилт үзүүлж буй тохиолдол болж байна. Нэгэнт зорилгоосоо хэт давсан амжилт үзүүлсэн учраас тэд ямар ч тоглолт үзүүлж мэднэ. Довтолгоонд суурилсан задгай тоглох уу, эсвэл хамгаалсаар дуусгаж, дахин торгуулийн цохилтоор азаа үзэх үү. “Атласын арслангууд” буюу Мароккогийн шигшээ Роналдугаар ахлуулсан Португалын эсрэг хэрхэн тоглох нь олны анхаарал татаж байна.
ТОВЧХОН:
Катарт болж байгаа хөлбөмбөгийн ДАШТ-ий мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байгаа Францын багийн довтлогч Килиан Мбаппе багийнхаа бэлтгэлд оролцоогүй нь сэтгүүлчдийн анхаарлыг татсан. Эх сурвалжийн мэдээлснээр Килиан шагайндаа гэмтэл авсан ч хөнгөн гэмтэл тул санаа зовох зүйлгүй, тэр Английн эсрэг талбайд гарах гэнэ.
-”Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий эхний 48 тоглолтын дараах байдлаар 2.45 сая хүн цэнгэлдэх хүрээлэнд зочилжээ. Цэнгэлдэх хүрээлэнгийн дүүргэлт 96 хувь байгаа гэнэ.
-”Education city stadium” болсон Уругвай-Өмнөд Солонгосын тоглолтын үед хөгжөөн дэмжигчдийн гаргасан дуу чимээ 131 дицебиль хүрсэн бөгөөд энэ дуу чимээ нь хард рок хамтлагийн тоглолтын үед гардаг дуу чимээтэй ойролцоо юм байна.
-Доха хот дахь FIFA FAN Festival нэг сая дахь зочиноо хүлээн авчээ. Египетээс ирсэн хөгжөөн дэмжигч сая дахь зочин болж, зохион байгуулагчдаас түүнд ДАШТ-ий финалын тоглолтын хос тасалбар гардуулжээ.
Португалын шигшээ багийн лидер Роналду Саудын Арабын “Аль Насср” клубтэй 2.5 жилийн гэрээ байгуулсан талаар Marca.com мэдээлэв. Таван ДАШТ-д дараалан гоол оруулсан анхны тоглогч болсон Роналду шинэ багтаа ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс тоглоно. Тэрбээр нэг улиралд 200 сая еврогийн цалин авна.
Шөвгийн наймд шалгарсан багуудаас Англи, Португал 12, Франц ес, Нидерланд найм, Аргентин, Бразил долоо, Хорват тав, Марокко дөрвөн гоол оруулжээ.
Монгол үндэсний бөхөөр барилддаг бөхчүүд аварга цолтны зүүн мөрнөөс адис авдаг. Тэгвэл Бразилын шигшээ багийн довтлогч Ришарлисон нутгийнхаа домогт хөлбөмбөгч Роналдотой хөгжилдсөний дараа хоёр хөлнөөс нь адис авчээ.
“Катар-2022” дэлхийн аваргын тэмцээний шүүгчдийн хороо ээлжит шинэ рекордоо тогтоох гэж байна. ДАШТ эхлэхээс өмнө л нэг тоглолтыг 10 шүүгч шүүх шийдвэр гарсан нь урьд өмнө байгаагүй тоо байлаа. Тэгвэл шөвгийн наймаас эхлэн шүүгчийн тоог нэгээр нэмж, нэг тоглолтыг 11 шүүгч дэнслэх болжээ. Сонирхуулахад, хэсгийн тоглолтод ажилласан 16 шүүгч, 30 туслах, таван видео туслах гэртээ хариад байгаа юм.
Мароккод торгуулийн цохилтоор ялагдсан Испанийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Луис Энрике “Би тэднийг гэрийн даалгавраа хийсэн гэж бодсон. Яг нэг жилийн өмнө бэлтгэлийн бааз дээр би тэдэнд хандан дор хаяж 1000 удаа торгуулийн цохилт давт гэж хэлж байлаа. Торгуулийн цохилт бол сэтгэл түгшилт дээд цэгтээ хүрдэг, сэтгэл зүй шаардсан, мянган удаа давтсан л бол шийдсэн тал руу зоримог цохихыг шаарддаг мөч” гэжээ.
Б.МӨНХЗУЛ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №48/24529/