​ Б.Болдбаатар: “Хүннү” мото клубийн залуус миний бахархал

unen
21 цагийн өмнө

“Монгол бахархал”-ын энэ удаагийн зочин “Дэлхийг соёлоор” гэдэг уриатай “Хүннү” мото клубийг үүсгэн байгуулагч, сэтгүүлч Болдко. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

 -Яагаад чухам мото клуб байгуулах болов?

-Хүүхэд байхаасаа л янз бүрийн хоббитой байлаа. Марк, ном цуглуулдаг. Номоор хувь хүмүүс дотроо 11 мянга орчим номтой нэлээд том цуглуулагч болсон байх. Дараа нь сэтгүүлч боллоо. Эфирт 30-50 мянган цаг ажиллаж 1700-1800 орчим нэвтрүүлэг хийсэн байна. Нэвтрүүлгийн 60 хувь нь улс төрийн сэдэвтэй, үлдсэн 40 хувь нь танин мэдэхүй болон хүний дотоод руу өнгийсөн ярилцлага байлаа. Нэг нэвтрүүлэг хийхийн тулд ярилцах хүнийхээ намтрыг унших, ярилцах сэдвээ судлах шаардлагатай. Ярилцлага бүр надад хичээл болж муухан их сургууль төгссөнөөс ялгаагүй боловсрол олгожээ. Тэр хэрээрээ боловсрол болсон болов уу. Асуудлыг аль түвшнээс харах вэ гэдэг надад илүү сонирхолтой болсон. Нүүр нүүрээ хараад ярилцах өөр. Асуудлыг өндөр барилга дээрээс харвал эргэн тойрныг хөндлөнгөөс харчихаж чадна. Үүлэн дээрээс харвал яах вэ, магадгүй саран дээрээс эсвэл түүнээс илүү цаанаас харвал яах бол. Хүн төрөлхтөн нэг шоргоолжны үүр мэт. Нэг шоргоолж юм зөөгөөд зарим нэг нь ороод гараад л тэр хооронд үхэж үрэгдээд, зарим нь дөнгөж төрөөд л...                                                                                                                             

 Жижигхээн дэлхий дээр амьдарч байгаа бидний төрөл яагаад нэг нэгэндээ ийм хайргүй байдаг юм бол, миний эх орон нэгтнүүд яагаад нүдээ нээдэггүй юм бол... Хариулт хайж өнгөрүүлсэн 10 жилийн хугацаанд 30 гаруй орныг тойрон аялжээ. Очсон улс орон болгоныхоо хоолыг нь идлээ, хувцсыг нь өмслөө. Хүмүүстэй ярилцаж, энгийн айлуудад хонож үзлээ. Ингээд аяллаа нэвтрүүлэг болгоод гаргах уу, эсвэл шоу болгох уу хамаагүй, хамгийн гол нь би энэ жижигхэн гаргийг өөртөө нээх байлаа. Өнөөдөр би сэтгэлгээний хувьд маш баян хүн. Болдко одоо ч гэр хороололд амьдарч байна. Надад байр, машин өгч, бэлэглэж, зээлдүүлж байлаа. Марзан юм марзан л байдаг. Гэхдээ зүгээр. Гэрээ бариад төрөө зас гэдэг шиг гэрээ барьсан, үр удмаа үлдээсэн, ном бичлээ, мод тарилаа. Жижигхэн гараг дээр төрсөн хүний хувьд жижигхэн гаргаа чадлынхаа хэмжээгээр үзчих гээд явлаа. Олдсон бүхнээ л аялалд зориулсан байдаг. Энэ бүхний дараа мотоцикл гэдэг хобби руу орсон. Монголд мотоцикл 100 жилийн түүхтэй ч мотоциклийг манай залуус оруулж ирэхдээ хотын хөгжлийн загвараар оруулж ирсэн байдаг. Хувь хувьдаа хотын мото соёлыг түгээх гэж оролдож явсан залуус арваад жилийн өмнө анх зохион байгуулалтад орж холбоо байгуулахад би удирдах зөвлөлд нь орж байсан юм. Холбоо байгуулагдсанаас хойш долоон жилийн дараа “Хүннү” мото клубийг би шинээр үүсгэн байгуулаад үйл ажиллагаа явуулаад байж байна.


-Яагаад “Хүннү” гэж? 

-Дэлхийг донсолгож явсан Чингис хааны түүхтэй “Чингис мото” клуб гэж байдаг. Их хааныхаа нэрээр клубээ нэрлэсэн дэгтэй сайхан залуучууд бий. Тэгээд дахиад түүхээ урагшлуулъя, бурхны шашин үүсэж хөгжиж байсан 3000 жилийн өмнөх  монголчууд руу очъё. Доктор Д.Эрдэнэбаатарын “Гол мод 1, 2” археологийн малтлагаар илрүүлсэн “Хүннү”-чүүдийн шүтээн цоохор ирвэс буюу барс байдаг.  Гол утга нь Монголын эртний хаадын гол шүтээн, бид үр удам нь тийм учраас “Хүннү” мото клуб энэ барсаар гол шүтээнээ хийх ёстой гэж бодсон. Хишигсүрэн гэдэг залуу компьютер дээр тэр дүрсийг зурчихсан байсан. Тэр зурсан дүрсээс нь санаа авч гол дүрслэлийг нь тасалж аваад бид нар гол шүтээнээ болгож, залуучуудынхаа хувцас хэрэглэл дээр суулгаж өгсөн. Суулгаж өгөхдөө “Хүннү” мото олон улсын холбоо гээд MC клуб буюу мотоцикл, клуб гэсэн дэлхийн товчлолыг аваад бусад клубт мэдэгдээд, үйл ажиллагаагаа эхлээд дөрвөн жилийн дотор маш амжилттай ажиллаж, Америк, Өмнөд Солонгос, Европын орнуудаас Чех, Унгарт салбараа байгууллаа. Өвөрмонголчууд, Буриадууд маш сайхан ач холбогдол өгч байгаа.Салбар байгуулчихаад намайг заавал өөрөө ир гээд байгаа. Би өөрөө очиж байж маш том зохион байгуулалтад оруулна.

-Монголчууд мотоцикл унадаг байсан ч мотоцикл унах хотын соёл гэж тусдаа ойлголт байна уу?

-Энд ахуйн хүрээний хэрэглээ яригдаагүй л дээ. Монголчуудын хувьд мотоциклийн хобби үнэтэй тансаг хоббиндоо орно. Тэглээ гээд хязгаарлагдмал хүрээнд буюу Улаанбаатар хот дотор үнэтэй мотоциклоо унаад, циркийн хажууд биеэ гайхуулж хаана, хэн намайг харж байна, эсвэл энд тэндэхийн шоуны тайзан дээр өөрөөсөө үнэтэй мотоцикл тавьж гангарах биш мотоциклоо унаад энэ дэлхийгээрээ аялъя л гэж байгаа юм. Жинхэнэ мотоциклчин хүн ямар байдаг юм бэ гэдгийг үзүүлье гэсэн зорилготой. Хотын мото соёлыг бид түгээе, дэлгэрүүлье. Манай “Хүннү” мото клубт улсын Ерөнхийлөгч ч байдаг, бодлогын хувьд дэмжлэг үзүүлдэг. Ерөнхийлөгч маань мотоцикл унана гэдэг бидэнд маш том дэмжлэг.Жил болгоны хавар, намрын наадмыг зохион байгуулахад  зөвшөөрөл өгөхөөс авахуулаад нийслэлийн Соёлын газраар дэмжүүлэх зэргээр оролцдог. Энэ мэтчилэнгээр бид хууль журмын хүрээнд клубийнхээ үйл ажиллагааг зөв, эрүүл аваад явчихаар маш олон хүн сонирхож эхэлсэн.

-Клубийнхээ үйл ажиллагааг, үзэл санааг дэлхийд түгээе гэдэг маш том амбиц харагдаж байна?

-Мотоциклийн цуваа зохион байгуулж Ази, Европ, Оросыг холбосон парад хийх гаднын жуулчид олноор ирдэг болсон. Хоёр том гүрний дундах энэ асар том, эзгүй уудам талбай дээр байгаа цорын ганц улс Монгол байж магадгүй. Дөрвөн уулынхаа дунд Улаанбаатар хотдоо хүн амынх нь тэн хагас ирээд суурьшчихсан. Хятадын нэг жижиг тосгоны дайтай 100 мянга хүрэхгүй хүн амьдардаг жижиг хотуудтай. Энэ хоосон талбай дээр тусгай аялал жуулчлал буюу мотоциклийн аяллыг хөгжүүлж тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж чадах юм байна гэдгийг ойлгож хараад үүнийгээ фокуслаж ажилласан. “Хүннү” мото клубийн хувьд байгуулагдсан цагаасаа хойш тусгай аялал жуулчлал, тусгай сэдэв, тэр тусмаа “Хүннү интернэйшнл” гэж нэрлэсэн учраас гаднын клубүүдтэй хамтын ажиллагаатай байх зорилго тавьж, Монголд байгаа гадаадын ЭСЯ-дуудтай хамтарч ажиллахаар хичээж эхэлсэн. Олон улсын мото клуб  гэдэг  утгаараа  соёлоор байл­дан дагуулъя гэдэг уриаг дэлхийд тунхаглаж байгаа юм. 3000 жилийн өмнө Хүннүгийн хаад Ази, Европ тивийн хамгийн том гүрэн,  төрт улсыг байгуулахдаа дайнаар эзэлж байсан бол бид соёлоор энэ төрт улсын системийг дахин байгуулъя гэж байгаа юм. Дэлхийд мотоциклчид нэр хүнд жоохон муу талдааг бүгд л мэднэ. Хар тамхи, хүний наймаа, зэвсгийн худалдаа, хүний эд эрхтний наймааг мотоциклчдын бүлэглэлүүдтэй холбож ярьдаг. Манай клуб хар тамхийг эсэргүүцдэг. Аль болох л үзэл бодлоо баримтлаад зөв байлгахыг хичээж байгаа.Мэдээж хэн мотоцикл унаад согтуу явж байх вэ дээ. Дэлхийг соёлоор гэдэг уриалга гаргаснаас хойш гаднын клубүүд маш тааламжтайгаар хүлээж авч байгаа.

Монголд байх ЭСЯ-нд соёлын талаар хоорондоо харилцдаг үйл ажиллагаатай боловч манай Соёлын яаман дээр төвлөрдөггүй юм билээ. Манай клуб “World by culture”  буюу дэлхийг соёлоор гэдэг урианыхаа хүрээнд соёлын сүлжээ үүсгээд, үүгээрээ Монголд байх  ЭСЯ-дыг хооронд нь холбож, 16, 17 ЭСЯ-тай хамтын ажиллагаатай, маш гоё найрсаг харилцаатай болсон. Монголын мотоциклчдыг гаднын орнууд руу аялах үед хил гааль болон визээ саадгүй байлгаж өгөөч, энэ бол тусгай аялал жуулчлал юм аа, ямар нэгэн арилжаа наймаа, улс төрийн үйл ажиллагаа байхгүй, тусгай аялал жуулчлал учраас та бүхэн боломжтой үед нь Монголын мотоциклчдыг тусгай аялал жуулчлал хийхэд нь тусалж дэмжээрэй гэж байгаа юм. Гэхдээ бид ч бас аяганы хариу өдөртөө гэдэг шиг танай улс орноос манай Монголд тусгай аялал жуулчлалын чиглэлээр хүмүүс ирвэл бид бүх боломжоороо, аялуулах, байршуулах аюулгүй байдал, хамгаалалт гээд бүх талаар нь дэмжиж өгье гэдэг байдлаар хамтарч ажиллаад маш сайн хамтын ажиллагаа тогтоочихсон. Одоо жил болгон элчингүүдэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулж байна. Ер нь сүүлийн үед зохиогдож байгаа бүх үйл арга хэмжээндээ ЭСЯ-нд манай клубийг заавал урьж оролцуулж байгаа.

-БОАЖЯ та бүгдийн аялал жуулчлалын энэ шинэ брэндийг яаж хүлээж авч байгаа юм?

-Бид нар “Хүннү” болон бусад гэдэг бодлогоор ажилладаг. Заавал нэг яам, тамгын газраас харьяат байх албагүй. Төрөөс юу ч хүсэхгүй, ямар ч дэмжлэг хэрэггүй. Хэрвээ яамнаас эх орны төлөө бидэнд хандвал хамтран ажиллахаас татгалзах юм байхгүй.Аялал жуулчлалын шинэ маршрут гаргая гэдэг ч юм уу, тусгай аялал жуулчлалыг хөгжүүлье хамтарч дэмжиж ажиллаач гэвэл дуртайяа хамтарч ажиллана.

-Тусгай аялал жуулчлалын чиглэл гэхээс илүү монголчуудын гэсэн өвөрмөц шинэ бахархал юм шиг санагдаж байна?

-Энэ бол манай монголчуудын дэлхийд харагдах том бахархал. Ийм бахархал үүссэн шүү дээ. Хавар, зун, намрын аль ч улиралд мотоциклчдын том цуваа Улаанбаатар хотоос парад хийгээд гарахад бүгд л бахархдаг шүү дээ. Тэр бахархал мөн биз дээ. Хөдөө орон нутагт Хэнтий, Сүхбаатар, Дорнод. Өнгөрсөн жил бид хойшоо Баян-Өлгий, Алтай таван богд хүртэл, өнгөрсөн хавар Дундговь, Өмнөговийн чиглэлд аялсан. 450-600 килограммын хүнд ангиллын мотоцикл, өндөр хурдны байкерууд, крос ангиллын мотоциклчдын цуваа орон нутагт очиход бахархал дүүрэн хүлээж авдаг.


-Мотоциклчдын аялалд тодорхой чиг зорилго байх уу?

-Маш чухал зорилготой гэж үздэг. Би залуучуудыг аялалдаа аль болохоор хамруулах гэж оролддог. Бүтэн жилийн өмнөөс л аялалдаа бэлдэхийг шаардаж, аялал тулгаад элдэв шалтаг хэлж  явахгүй, амжихгүй гэвэл банга, донго хүртээх энүүхэнд.Хүн бүр зорилготой байх ёстой. Монгол Улс жижигхэн, нэг захаас нь нөгөө зах хүртэл  гурван мянга гаруйхан, урдаасаа хойш хоёр мянга гаруйхан километр. Бид Америк тив, Евразийн тухай яриагүй. Хойшоо урагшаа нэвт туулаад үзчих. Чиний хувьд эх орон гэж байрны дөрвөн хана юм уу, хотын гудам юм уу, СU дэлгүүр юм уу. Чи Алтай Таван богд, Буйр, Увс, Хяргас нуур, Мэнэнгийн тал, Хонгорын элс, Ёлын ам ямар байдгийг үзчих. Дараа нь өөрөөсөө “Би ямар орны эзэн юм бэ” гэж асуугаарай гэж залуустаа хэлдэг. Би аялалд явах болгондоо явах чиглэлийнхээ уул, ус,  нутаг орны тухай түүх, домгоос эхлүүлээд маш их юм уншиж судлах хэрэг гардаг. Очсон газар болгоныхоо газар усыг нэрлэж чаддаг байхаас гадна түүдгийн дэргэд суугаад залуустаа түүх домог хүүрнэж суухыг илүүд үздэг.

-Би таны яриаг сонсож суухдаа энэ хүн монгол хүнийг бүтээж байгаа юм байна гэж бодлоо?

-Тийм байж болох л юм. Мотоциклчин буюу аялагч болгоны заавал хийх ёстой ажил хамгийн эхэнд эх орноо тойрон аялж өөртөө бахархал бий болго гэж хэлнэ. Хоёрдугаарт, чи дэлхий ертөнцийг үз. Ирэх хавраас эхлээд бид гадагшаа гарч эхэлнэ. Улс орноор аял, Франц орж Эйфелийн цамхгийн доор мотоциклтэй очоод зогсъё. Орос орныг  хөндлөн гулд туулж  Хятад орноор аялъя. Мотоцикл унаж давхиад юу хийх гээд байгаа юм гэж хүмүүс асуудаг л даа. Ямар ч утга учиргүй зүйл гэж байхгүй. Залууст ямар эх оронд төрж өссөнийг нь мэдрүүлэх хамгийн том зорилго. Гуравдугаарт, хол замд тэсвэр хатуужил, эр зориг гэх мэт тэсэх чадвартай болгож байна. Үг даахгүй, хийсэн үйлдлийнхээ үрийг даахгүй болчихсон нэг ч болов залууг тэсвэр хатуужил суулгаж төлөвшүүлэх зорилготой. Эх орных нь нар, салхи, бороог яс мах судсанд нь мэдрүүлж эр хүн болгож байна. Байшингаас байшингийн хооронд толгой дээрээ тор тавиад борооны хооронд гүйх нэг ондоо шүү дээ.

Мотоцикл унаад зуун километр цагийн хурдтай ширүүн бороон дундуур давхих нэг ондоо шүү дээ. Эндээс л монгол хүн болох суурь нь тавигдаж эхэлж байна уу гэж бодогддог. Олон хоног, сар нар салхинд явж хацраа холцрууттал тэнэхийн утга учир ингэж л гарч байгаа юм. Байгалийн бэрхшээл, тооцоолоогүй саадыг давах болгонд хүний дотоод мөн чанар ямар их харагддаг гээч. Дотроосоо гадагшаагаа задарч эхэлдэг. Зарим залуус хол замд муу муухай мөн чанараа дэлгэж байхад зарим нь бүр ухаарч, хатуужиж шинэ хүн болоод ирдэг.

Бидний аялал Монгол бахархлыг өдөөж өгдөг юмуу гэж боддог бас нэг шалтгаан байна. Аяллаа бичиж аваад нэвтрүүлэг болгож телевизүүдээр цацдаг. Гэртээ сууж байгаа хотын залуус бидний нэвтрүүлгийг үзээд Монгол орныхоо байгалийн сайханд давхар аялахын хамт тэдэнд нууцхан хүсэл мөрөөдөл төрж эхэлдэг юм билээ.

Эх орноороо зөв бахархах, бахархалтай монгол хүнийг бүтээх нэг арга зам энэ байж магадгүй юм.

”Хүннү” олон улсын мото холбооны залуусын гол уриа бол “World by culture”  буюу дэлхийг соёлоор гэдэг уриа. Энэ бахархал дэлхийн бахархал болоосой.

 Трамп төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №049/24530/

 

 

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 8 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 11 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 11 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 11 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 11 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 12 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 12 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 12 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 12 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 12 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 12 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 13 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 13 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 13 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 13 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 13 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 13 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 13 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 13 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 14 цагийн өмнө