Кремлийн эрх баригчид Европын зөвлөлийн олон улсын гэрээнүүдийг цуцлах шийдвэр гаргалаа. ОХУ албан ёсоор Европын зөвлөлийн 41 гэрээнд нэгдсэн байдаг. Үүнээс эрүүгийн хэргүүд, Авлигын эсрэг хуулийн конвенцийг нэн тэргүүнд цуцлахаар товложээ. Улмаар төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг нийтлэхийг хориглож, зарим ангиллын албан тушаалтнуудыг мэдүүлгээ ирүүлэхгүй байхыг зөвшөөрчээ. "Олон улсын гэрээний тухай" хуулийн дагуу Ерөнхийлөгч Владимир Путин гэрээ бүрийг цуцлах нь зүйтэй эсэх, гарч болзошгүй санхүү, эдийн засгийн үр дагаврын үнэлгээг Төрийн Думд оруулах ёстой.
ОХУ-ын Украинд явуулсан цэргийн ажиллагааны дараа Европын Хүний эрхийн конвенцод оролцох Москвагийн гишүүнчлэлийг Европын зөвлөл цуцалсан. Үүний зэрэгцээ Европын зөвлөл хар тамхи, мансууруулах бодисын донтолттой тэмцэх чиглэлээр Оростой хамтын ажиллагаагаа зогсоожээ. Гэхдээ Европын Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Мария Пейчинович-Бурич ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровт илгээсэн захидалдаа олон улсын тавцанд хүлээсэн үүргээ биелүүлэхийг сануулжээ. Ташрамд дурдахад, НҮБ, ЕАБХАБ-д ОХУ-тай хамтын ажиллагаагаа зогсоох эрх зүйн үндэслэл байхгүй.
Х.ЗАЯА