Украины олигархиуд эдийн засгийн баялагаас гадна улс төрийн асар их эрх мэдлийг гартаа төвлөрүүлж байснаараа алдартай. Тэд холбоотнууд болон парламентын гишүүдийн өргөн сүлжээгээр дамжуулан бизнесийн эзэнт гүрнээ өргөжүүлж, өөрт ашигтай хууль батлуулж ирсэн.
Лондонд төвтэй “Chatham House” судалгааны байгууллага 2017 оны тайландаа “Украины хамгийн том аюул бол олигархиуд. Тэд өөрсдийгөө хууль тогтоогчид, төрийн албан хаагчид, шүүгчдээс илүү чухал гэж боддог хэсэг бүлэг хүмүүс” гэж мэдэгдэж байсан.
ОХУ-ын цэргийн тусгай ажиллагаанаас хойш тэдний эрх мэдэл хумигдаж, ашиг орлого буурчээ. Украины хамгийн баян хүн Ринат Ахметовыг тус улсын олигархиудын бодит төлөөлөл гэдэг. Уурхайчин гэр бүлээс гаралтай түүнийг "Донбассын хаан" гэж нэрлэдэг. Тэрбээр “Азовсталь” гангийн үйлдвэр, нүүрсний олон ордыг эзэмшихийн зэрэгцээ улсынхаа хөлбөмбөгийн шилдэг клуб “Шахтер Донецк”, телевизийн гол сувгуудын эзэн юм.
Х.ЗАЯА