Хятадын Засгийн газар энэ сарын 8-наас эхлэн аялал жуулчлалын хязгаарлалтыг хөнгөвчлөхөө зарласан билээ. Гэвч зарим орон БНХАУ руу иргэдээ зорчихгүй байхыг анхааруулсан бол АНУ, Энэтхэг, Их Британи улс Хятадаас ирэх хүмүүсийг заавал шинжилгээнд хамруулахаа мэдэгдсэн.
Энэхүү шийдвэрийг Бээжин улс төрийн зорилготой гэж үзэж, хариу арга хэмжээ авахаа анхаарууллаа. Тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин "Засгийн газар халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг улс төрийн зорилгоор ашиглах оролдлогыг эрс эсэргүүцэж, харилцан үйлчлэх зарчмын дагуу холбогдох арга хэмжээг авна" гэжээ.
БНХАУ 2020 оны гуравдугаар сард хилээ хааж, гаднын иргэдээс шинжилгээ авч, хорио цээрийн дэглэмд хамруулж эхэлсэн. Хятад улс энэ сараас хатуу хяналтаа сулруулсны дараа Ковидын батлагдсан тохиолдол нэмэгджээ. Албаны хүмүүсийн үзэж байгаагаар энэ сард батлагдсан тохиолдлын тоо дөрвөн саяд хүрч магадгүй юм.
Х.ЗАЯА