​ Хятад үүдээ нээж, Монгол Улс визээ чөлөөлөв



Сонгуулийн жил ойртож байгааг илтгэн улс төрийн намууд хөдөлгөөнд орж эхэллээ. Шинэ оны босгон дээр Монголын үндэсний Ардчилсан нам /МҮАН/, Ардчилсан намтай албан ёсоор нэгдэж, нийлж ажиллахаар болж экс Ерөнхий сайд М.Энхсайхан 16 жилийн дараа Ардчилсан намын гишүүнч­лэлээ сэргээж, намын батлахаа гардан авлаа. Тэр ч бүү хэл Ардчилсан намаас сөрөг хүчний үйл ажиллагаагаа зохион байгуулахад Хяналтын Засгийн газрын үйл ажиллагааг явуулах бүтцийн бай­гуул­лага болох Улс төрийн зөвлөлтэй болжээ. Тус хяналтын Засгийн газрын даргаар Ерөнхий сайд асан М.Энхсайханыг томилсон байна. Гэвч тэдний энэ нэгдэл хэр бат бөх байхыг, бас олон дарга нар нь хэрхэн хүлээж авч байгаа нь өнөөдөр тодорхойгүй хэвээрээ л байна. Учир нь, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл намаа татан буулгах хүсэл­тийг УДШ-д өгсөн ч нам тарах, өөр намтай нэгдэх шийдвэр гаргах учиртай тус намын Их хурал хуралдсан эсэх нь тодорхой бус байгаа учраас хүсэл­тийг хүлээж аваагүй юм байна. Тэгвэл Монголын либерал намын удирд­лагууд УДШ-д мөн л хүсэлт гаргаж нэрээ “Ардчилсан Монгол ялна” хэмээн өөрчлүүлэх хүсэлт гаргасан ч мөн л ээжит бус чуулган нь хуралдсан эсэх тодорхой бус байгаа учраас хүсэлтийг хүлээж авсангүй. “Нарантуул” захын босс Ш.Сайхансамбуу УДШ-д “Ардын чуулган” намаа бүртгүүлэхээр хүсэлт гаргасан ч бас л материал дутуу учраас буцжээ. 

Тэгвэл эрх баригч МАН шинэ оны босгон дээр Бага хурлын II хуралдаанаа цахимаар зохион байгуулав. Хуралд нийслэл, аймаг, сумаас сонгогдсон Бага хурлын 354 гишүүн оролцсон юм. Хурлын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ МАН-ын 30 дахь Их хурлаас баталсан 15 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Бага хурлын гишүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Энэ үеэр Бага хурлын гишүүд Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчим­жүүлэх, хууль эрх зүйн орчны шинэчлэлийг яаралтай хийх, авлига албан тушаалын гэмт хэрэгтнүүдтэй тооцох хариуцлагыг чангатгах зэрэг асуудлаар санал бодлоо илэрхийлж байлаа. Мөн МАН-ын Бага хурлын II хуралдаанд оролцогчид Монгол Улсын Их Хурлын “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” 2022 оны 80 дугаар тогтоолоор зарлагдсан “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний санал асуулгыг үр дүнтэй зохион байгуулахад улс төрийн дэмжлэг үзүүлэх, парла­мен­тын засаглалыг төгөлдөр­жүүлэх, тогтолцооны болон хууль эрх зүйн зохих өөрчлөлт шинэч­лэлийг хийх нь зүйтэй хэмээн үзлээ. Бага хурлаас тогтоол гаргаж “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний санал асуулгад Монгол Ардын Намын байр суурийг 30 дахь Их хурлын 15 дугаар тогтоолын агуулгын хүрээнд илэрхийлэн оролцож, дэмжиж ажиллахыг Монгол ардын намын Удирдах зөвлөл болон УИХ дахь намын бүлэгт даалгасан байна. МАН-ын Бага хурлын II хуралдаанаас намын Орон тооны бус нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нарыг сонголоо. Мөн сургалт, судалгаа хариуцсан орон тооны нарийн бичгийн даргаар Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга А.Ариунзаяа, Гадаад харилцаа хариуцсан орон тооны нарийн бичгийн даргаар Социал демократ Монголын залуучуудын холбооны дэд Ерөнхийлөгч, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд асан О.Батнайрамдал нарыг сонгон баталсан байна. 

Шинэ оны босгон дээр цахим орчинд “Ноцтой. Монгол Улсын хилийн зурвасыг хөдөлгөнө гэнэ” гэсэн цуурхал тархаж олныг бухимдуулсан. Гэвч энэ мэдээллийг УИХ-ын дарга Г.Занданшатар няцаалаа. Тэрбээр “Монгол Улсын хил халдашгүй дархан байна гэж Үндсэн хуульд заасан. Хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авна гэж заасан байдаг. Хил орчмын бүс нутгийн чадавхыг сайжруулах зорилгоор баталсан тогтоолыг мушгин гуйвуулж байна. Улсын тусгай хэрэгцээнд авна гэдэг нь хилийн бүст зөвшөөрөлгүй газар эзэмших, өмчлүүлэх явдлыг таслан зогсоох зорилготой. Зөвхөн УИХ-аар шийднэ. Өмнө нь аймаг, орон нутгийн удирдлагууд шийддэг байсан. Улсын хилийг улсын тусгай хэрэгцээнд авч, аж ахуйн нэгжийн зориулалтаар өмчлүүлэх эрхзүйн үндсийг таслан зогсоож байна” хэмээн мэдэгдсэн юм. 

Цар тахлаас шалтгаалан бүхэл бүтэн хоёр жил хаалттай байгаа Хятадын хил энэ сарын 8-ны өдрөөс эхлэн нээгдэж байна. Гэвч урьд хөршид цар тахлын өвчлөл, нас баралтын тоо нэмэгдэж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Тиймээс Монгол Улсаас БНХАУ-д суугаа дипломат, төлөөлөгчийн газрууд, Хууль зүй, дотоод хэргийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны ажлын алба, Хилийн боомтын захиргаа, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газар, Авто тээврийн үндэсний төв зэрэг холбогдох байгууллагын ажил хариуцсан албан тушаалтнууд оролцсон цахим уулзалт боллоо. Энэ үеэр Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор зорчигчдыг хил нэвтрүүлэх үйл ажиллагаанд онцгой анхаарч, Хятадын талтай орон нутгийн түвшинд идэвхтэй хамтран ажиллаж, хилийн боомтоор зорчигч нэвтрүүлэх үйл ажиллагааг цэгцтэй, түргэн шуурхай, олон нийтэд чирэгдэлгүй, ойлгомжтой байдлаар зохион байгуулахаар болов. 

Өнгөрч буй долоо хоногт томил­гоо, томилолттой холбоотой асуу­дал ид олны анхаарлыг татаж байна. Учир нь, шинэ оны босгон дээр Цар тахлын хууль дуусгавар болж, уг хуулиар сонгон шалгаруулалтгүй томилогдсон долоон Төрийн нарийн бичгийн даргыг Засгийн газрын хурал­даанаар чөлөөлөхөөр болжээ. Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Одоогийн байдлаар долоон төрийн нарийн бичгийн дарга, 11 агентлагийн дарга Засгийн газрын томилгоо­той байгаа. Гэхдээ энэ нь түр томилгоо. Цар тахлын хуулиар түр томилгоотой бол нэгдүгээрт чөлөөлөгдөнө, хоёрдугаарт төрийн албаны шалгалтдаа тэнцсэн, ажлын байрны шаардлага хангаж буй бол эргэн ажиллах боломжтой” хэмээн мэдэгдсэн юм. Мөн үүнээс гадна төрийн жинхэнэ албанд цар тахлын хуулийн 3.2-ыг үндэслэж 1609 иргэн томилогдсон бөгөөд тэдний ажлын байран дээр дахин сонгон шалгаруулалт явуулах юм. 

Мөн үүнээс гадна УИХ-ын 80 дугаар тогтоолын дагуу “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөв­лөлдөх санал асуулгыг удирдан зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчдийг өнгөрч буй долоо хоногт тодрууллаа. Ажлын хэсгээс Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу шаардлага хангасан, хугацаандаа материалаа ирүүлсэн 136 нэр дэвшигчийн жагсаалтыг гаргаж олон нийтэд танилцуулан 11 хүнийг сонгож авсан ч дан эрэгтэйчүүдийг оролцуулсан гэсэн шүүмжлэл дагуулаад байна. Монгол Улс тогтолцооны гажуудлаас гарахын тулд Үндсэн хуулиа өөрчлөх ёстой гэж үзэж байгаа. Тиймээс “Зөвлөлдөж шийдье” санал асуулга олны анхаарлын төвд байна” хэмээв. 

Шинэ оны босгон дээр Сангийн яамнаас чихэнд чимэгтэй сайхан мэдээг дуулгав. Экспорт, тээвэр­лэлтийг нэмэгдүүлэх, гааль, тат­варын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох ажлуудыг амжилттай гүйцэтгэж, хилийн боом­туудын үйл ажиллагаа идэвхжиж, экспорт нэмэгдсэнээр гадаад валютын улсын нөөц 2022 оны эцэст 3.4 тэрбум ам.долларт хүрсэн нь наймдугаар сард 2.6 тэрбум байсантай харьцуулахад 31 хувиар нэмэгджээ. Ингэснээр Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт орох, дефолт зарлах зэрэг том эрсдэлээс зайлсхийж чадлаа. Засгийн газраас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьд­чилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ. 

Энэ хуулийн төсөл төрийн өндөр албан тушаалтнуудад нэлээд ширүүн, жирийн иргэдэд ээлтэй. Учир нь, хуулийн төсөлд улс төрд нөлөө бүхий зарим этгээд буюу УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг даргын эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, тэдгээрийн хүүхэд төрийн албаны удирдах, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалд ажиллахыг хязгаарлах зохицуулалтыг тусгажээ. Мөн төрөөс хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, хөнгөлөлт, баталгаа, тусламж, гадаад болон дотоод зээлд хамрагдахгүй, бүх хэл­бэрийн тендер шалгаруулалтад оролцохгүй, концесс эзэмшихгүй байх юм. Энэхүү хязгаарлалт нь нийтийн албанаас чөлөөлөгдсөний дараа хоёр жилийн хугацаанд мөн хамаарахаар тусгажээ. 


Засгийн газар Монгол Улсад жуулч­лахаар 30 хүртэлх хоно­гоор ирэх гадаадын 34 улсын иргэдийг гурван жилийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөл­лөө. Тодруулбал, дэлхийн өндөр хөгжилтэй Европын 32 улс болон Австрали, Шинэ Зеланд улс хамаарч буй бөгөөд манай улсад ирдэг иргэдийн тоогоороо тэргүүлдэг, мөн 2021 оны аравдугаар сард нэвтрүүлсэн www.evisa.mn системээр Монгол Улсын визийг цахимаар авч буй улсын иргэд визгүй зорчих боломжтой болж байна. Хүн амын 50-аас илүү хувь нь ганцхан нийслэлдээ чихэлдэн амьдардаг монголчуудын хувьд бас нэгэн чухал үйл явдал тохиов. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон зарлиг гаргалаа. Энэ зарлигийг Засгийн газар хүлээн авч, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Орхоны хөндийд хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн. Өнөөдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод манай улсын нийт хүн амын 50 орчим хувь нь төвлөрч, төрийн байгууллагууд 100 хувь, их, дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, аж ахуйн нэгж, байгууллагуудын 70 орчим хувь нь байршиж, ДНБ-ий 60 гаруй хувийг үйлдвэрлэж байна. Хөрс, агаарын бохирдол ихтэй, дэд бүтэц, төлөвлөлт алдагдсан Нийслэлийг нүүлгэн шилжүүлэх ажил эхлэх хууль эрх зүйн орчин ийнхүү бүрдэв.

  Б.Нүүдэл

Эх  сурвалж: Монголын үнэн сонин №001/24532/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 16 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 19 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 19 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 19 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 19 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 19 цагийн өмнө
SDY Calling you... 19 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 19 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 20 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 20 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 20 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22