Ц.Сүхбаатар: Албан байгууллагууд цалингийн сангийнхаа гурван хувиар Ахмадын сан байгуулах хуулийн заалттай


Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатартай ярилцлаа. 

 

-Монголын нийт ахмад настнуудын нийтлэг эрх ашиг, эрүүл мэнд, аятай тухтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд чиглэгдсэн ямар үйл ажиллагааг Монголын ахмадын холбоо зохион байгуулж байна вэ гэдэг асуултаар ярилцлагаа эхлэх үү?

-Эхлээд хэдэн статистик тоо баримт хэлмээр байна. Дэлхийд 65-аас дээш настай хүнийг ахмад настан гэж үзэж байгаа. Энэ шалгуур үзүүлэлтээр нийт 700 сая ахмад настан байгаагаас Номхон далайн баруун бүс нутгийн ахмад настны тоо 240 сая гэж тоологдсон байгаа юм. Энэ бүсэд манай улс орно. Гэхдээ Монгол Улс Ахмад настны тухай хуульдаа эмэгтэй 55, эрэгтэй 60-аас дээш настай бол ахмад настан гэж үзнэ гэж заасан байдаг. ДЭМБ-аас гаргасан судалгаанд 2050 он гэхэд Номхон далайн баруун бүс нутгийн ахмад настны тоо одоо байгаагаас даруй хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо байгаа юм. Үүн дээр нэмээд хэлэхэд дэлхий нийтэд 75 ба түүнээс дээш настанг өндөр настан гэж тооцдог. Дэлхийн хэмжээнд ийм өндөр настан 84 саяд хүрсэн бөгөөд энэ тоо 2050 он гэхэд гурав дахин өснө гэсэн тооцоо байгаа. 

-Дэлхий нийтэд ахмад настнуудад зориулсан бүс нутгийн онцлогтой ч юм уу урьд өмнө хийгдэж байгаагүй ямар арга хэмжээ, дүгнэлт шийдвэр хийж хэрэгжүүлж байна вэ? 

-НҮБ, ДЭМБ, Номхон далайн баруун бүсийг хариуцсан хорооноос 2021-2030 он хүртэл насжилтын талаар улс орнууд ямар арга хэмжээ авч ажиллах юм бэ гэдэг саналыг төр засгаас нь аваад, уг санал дээр тулгуурлан гарсан асуудлыг хэрэгжүүлэх стратегийн бичиг баримт, тогтоол гарган ажиллаж байна.

-Монгол Улс энэ үйл ажиллагаанд хэр идэвхтэй оролцож байгаа вэ?

-Монгол хоцорч болохгүй. Би чамд одоо өөрийн улсын статистикийг танилцуулах хэрэгтэй байх. Монголд өнөөдөр 259.7 мянган өндөр настан байгаагаас төвлөрлөө дагаад нийслэл хотод 162.9 мянган ахмад амьдарч байна. Монгол Улс ахмад настны өөрийн гэсэн үечлэлтэй. Үүнд, 55-59 хүртэлх ахимаг настан 93.6 мянга, 60-69 хүртэлх ахмад настан 167.4 мянга, 70-79 хүртэлх өндөр настан 66.7 мянга, 80-89 хүртэлх өтөл настан 24.3 мянга, 99-106 хүртэлх өвөг настан 3106 байгаагаас 100-аас дээш настан 106 байгаа юм. Энэ насжилтын үечлэлээс харахад 70 хүртэлх настан хамгийн өндөр хувийг эзэлж байна. Амьжиргааны түвшин доогуур өрхөд амьдарч байгаа 19.7 мянган ахмад, харж хандах хүнгүй ганц бие настан 3.8 мянга, хэвтрийн, зайлшгүй асаргаа сувилгаа шаардлагатай ахмад настан 7800 гаруй байна.

-Амьжиргааны түвшин доогуур, харж хандах хүнгүй, ганц бие ахмад настан ямар олон юм бэ. Эдгээр ахмадын нийгмийн халамж, нийтлэг эрх ашгийг хамгаалдаг байгууллага танайхаас өөр байна уу?

-Ахмадуудын гол харж хандах байгууллага бол тэдний ажиллаж байсан байгууллага байх ёстой гэдэг заалт хуулинд байдаг. Гэтэл одоогийн байдлаар ахмад настны 53.6 хувь нь ямар нэгэн харьяалах байгууллагагүй байна. Зах зээлийн системд шилж­сэнээр эдгээр ахмадын ажиллаж байсан байгууллага салбараараа байхгүй болсон. Харьяалагдаж байсан байгууллагынхаа ахмадын хороонд бүртгүүлээд нийгмийн асуудалдаа тус дэм аваад явж байгаа ахмад тун цөөхөн.

-Харьяалах газаргүй болсон ахмадуудыг оршин суугаа хороод нь бүртгэлжүүлээд нийгмийн асуудлыг нь шийдээд явчихаж болдоггүй юм болов уу. Тэмдэглэлт баяр, Цагаан сараар лав тавгийн боов, гарын бэлэг өгч байгаа харагддаг?

-Ер нь бол тэгдэг л дээ. Жишээ нь, хөдөө орон нутгаас шилжин ирсэн ахмад настныг тухайн засаг захиргааны нэгж нь бүртгэж аваад ахмадын баяр, Цагаан сараар гарын бэлэг сэлт өгч байгаа хэдий ч тэдний нийгмийн асуудлыг шийдэх хэмжээнд байж чаддаггүйд нь ахмадууд сэтгэл дундуур байдаг. Заримыг нь орхичихно, заримд нь дугуй булантай, цай хадаг сэлтхэн өгөөд л өнгөрөөчихнө гэх мэт дутагдалтай тал бий. Хамгийн гол нь олон жил ажиллуулж, хөлс, хүчийг нь авч байсан байгууллагууд нь алга болчихоор ахмадууд харж хандах эзэнгүй болчихдог.

-Харьяалалгүй настнуудад зориулах иймэрхүү дэмжлэгийн зардал төсөвт сууж, тухайн хороодод хуваарилагдаж очдог юм болов уу?

-Монгол Улс Ахмад настны тухай хуультай цөөхөн улсын нэг. Энэ нь сайн хэрэг. Хуулийн хүрээнд үйлчлэх олон төрлийн үйлчилгээ бий. Үүнд ахмадууд хамрагдаад явах боломжтой. Гэтэл энэ хуулийн хэрэгжилт төдийлөн сайн биш байна. Хуулиа хэрэгжүүлэхийн тулд хариуцсан байгууллагууд нь ажиллахгүй байна. Яагаад гэхээр хуулиндаа, “Ахмадын сан” гэж аж ахуйн нэгж, албан газар, байгууллага болгон дээр цалингийн сангийн гурав хүртэлх хувиар тооцож байгуулах заалттай юм. Сангийнхаа хөрөнгөөр байгууллагынаас тэтгэвэрт гарсан ахмад настнуудаа өвчин зовлонтой үед нь эргэж тойрох, тус дэм болох ч юм уу, тодорхой тэмдэглэлт баяраар ахмадуудаа хүлээн авч баярлуулах гэх мэт үйл ажиллагаанд зарцуулах зэргээр олон эрх ахмадуудад нээгдэх юм. Гэтэл хуулийн энэ заалтыг аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлдэггүй.

-Энэ хуулийн заалтыг хэрэгжүүлэх тал дээр яаж шахаж шаардаж ажилламаар юм бэ. Тэр механизмыг нь хуульд суулгаж өгсөн байлгүй?

-Манай ахмадын байгууллага хуулиа хэрэгжүүл гээд шахаж шаардаж л байна. Аж ахуйн нэгж, байгууллагууд хөрөнгийн эх үүсвэр байхгүй, боломж бололцоо муу байна, ковидын үе, эдийн засгийн хямрал давхцаад өөрсдийнхөө ажилчдын цалин хөлсийг тавьж чадахгүйд хүрээд байна гэх мэт тайлбар тавьж, ахмадын сангаа байгуулахгүй байгаа учраас энэ хуулийн хэрэгжилт муу байгаа. Гэхдээ улсын хэмжээнд байгаа 30, 40 мянган аж ахуйн нэгж бүгд тийм биш л дээ. Ахмадын сангаа байгуулаад, сайн ажиллаж яваа байгууллагууд бий.

-Хуулийн хэрэгжилтийг хянах, шахаж шаардах ажлыг ахмадын байгууллагад орхичихсон гэсэн үг үү. Тэгж ойлгогдохоор байна?

-Ахмадын байгууллага хуулиа хэрэгжүүлэхийн төлөө ажиллана, сурталчилна гэсэн чиг зорилтынхоо төлөө яваад байдаг. Хэрэгжилтийг нь Засгийн газар түүний бүтцийн байгууллагууд, нутгийн захиргааны байгууллагууд хийх ёстой юм. Тэгэхээр хуулийн хэрэгжилтэд бүгд санаачилгатай, тэгш оролцохгүй байна гэж харагдаж байна.

-Ганц бие ахмад настнуудын нийгэмших, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, ажил хөдөл­мөр эрхлэх боломж бололцоог нээж өгөх тал дээр Монголын Ахмадын холбооны зүгээс хийж байгаа ажлууд байгаа байх? 

-Хүн амын орлогод хийсэн судлагаагаар нийт ахмадуудын 67.5 хувь нь ажил хөдөлмөр эрхлэх сонирхолтой бөгөөд ажлын чадамжтай гэсэн тоо баримт бий. Монголд 1.2 сая хөдөлмөрийн чадамжтай хүн байдаг гэсэн судалгаа байдаг. Дээр дурдсан 67 гаруй хувь ахмад настан гэхээр 200-гаад мянган хүнтэй хөдөлмөрийн арми бэлэн байна гэсэн үг. Ажил хийх чадамжтай эдгээр ахмадуудаа ажил төрөлтэй болгох, орлогыг нь нэмэгдүүлэх тал дээр засгаас дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа. Олон жил ажилласан ахмадуудаа тэтгэвэрт гарах үед жилийн өмнөөс бэлдэх хөтөлбөр гэж бий болсон. Хөтөлбөрийн хүрээнд хийж байсан ажил мэргэжлийг нь солих, илүү хөнгөн хөдөлмөр эрхлэх боломжийг нь нээж өгөх зэрэг ажил хийгдэж эхэлсэн. Ганц бие ахмад настнуудыг нийгэмшүүлэх тал дээр бид засаг захиргааны анхан шатны нэгжүүдтэй холбоотой ажиллаж, ахмадын танхим, ахмадын өргөө зэрэг тэдний сэтгэл зүйг өргөх урлаг, спортын арга хэмжээ зохион явуулдаг газруудыг олноор байгуулах санаачилга гаргаад түрүүчээсээ ажил болоод явж байна. 

-Ажил эрхлэх боломжтой 67,5 хувь буюу 200-гаад мянган ахмад настнаа Монголын ахмадын холбоо зохион байгуулаад, бүлэг хоршоод бий болгоод, дэмжиж туслаад явах боломж байдаггүй юм болов уу. Нэгэнт л ахмадын байгууллага юм чинь?

-Ахмадын холбоо төрийн бус байгууллага учраас ийм ажил хийхэд бас зовлонтой л доо. Ахмадын тухай хуульдаа нэг заалт бий. Ахмадууд өөрсдийн санаачилгаар эвлэлдэн нэгдээд, бүлэг, хоршоо байгуулах юм бол төрөөс дэмжлэг үзүүлнэ гэсэн заалт бий. Тэтгэвэрт гарсан ахмадуудын хөдөлмөр эрхлэхэд нь зориулж “Хөдөлмөр эрхлэлтийн сан”-гаас эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 929 ахмад настанд 1.9 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэйгөөр зээлсэн байна. Үүнээс гадна 6454 настанд 146,5 сая төгрөгийн эргэн төлөгдөхгүй дэмжлэг үзүүлсэн байна. Үүн дотор 630 ахмад настан төсөл боловсруулж авсан дэмжлэгээрээ 486.4 сая төгрөгийн баялаг бүтээсэн байна. 

-Та бид хоёрын яриа сайнтай, саартай л байна. Дээр асаргаа сувилгаа шаардлагтай хэвтрийн 7800 гаруй настан байдаг гэж дурдсан. Тэд хүний тусламж­гүйгээр эмнэлгийн үйлчилгээ авах, наад захын хэрэгцээгээ хангах тал дээр мэдээж хүнд л байдаг байх?

-Харж хандах хүнгүй, хэвтрийн ахмадуудад зориулсан хуулийн заалт бий. Хэрэгжилтэд нь өрхийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд гол анхаарлаа хандуулаад явдаг. Мөн сайн дурынханы оролцоо шаардлагатай байдаг. Сайн дураараа ахмад настныг асарч байгаа ийм хүмүүст төрөөс тодорхой хэмжээний урамшуулал олгодог. Сайн дурынхны үүсэл санаачилгаар ийм хөдөлгөөнүүд үе үе явдаг ч нийт ахмадуудад хүртээмж муутай л байна. Гэсэн ч сайн дурынхны өмнө эрх зүйн орчин нээлттэй байна л гэсэн үг. 

-Сайн дурынханд зориулсан уриалга гаргаж болох юм байна даа?

-Ахмадын холбооноос гаргасан тийм уриалга байгаа. 

-Ахмад настны орон сууц, өмч хөрөнгө эзэмших, тэтгэвэр орло­гоо өөртөө зориулах эрх алдагдах, залуусаас ирэх элдэв ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, үзэн ядалт газар авсан зэргээс үүдэл­тэй тэдний нэр төр, эрх, эрх ашгийг хамгаалах, аюулгүй амар тайван орчинд амьдрах нөхцөл гэх мэт сэтгэл эмзэглүүлсэн олон асуудал байна? 

-Сүүлийн 10-20 жил сошиал орчин хөгжсөнтэй холбоотойгоор ахмад настнаа үл хүндлэх, дорнын соёлтой ард түмэнд зохицохгүй барууны соёлыг шүтэн дээдлэгч нар олширлоо. Эцэг, эхээ асарч хүндлэх гэдгийг умартаж, тэдний бага залуудаа хөдөлмөрлөж бүтээсэн баялгийг шууд болон шууд бусаар илтэд дээрэмдэн авагчид, ахмадуудыг шууд л бэлэн мөнгөний машин гэж харагсад ч их сонсогдох болсон гэдгийг одоо хэнээс ч нуух аргагүй болжээ. Үл хүндлэгдэж, үнэ цэнээ алдсан ахмадууд дуугаа хурааж, өнгөрсөн үгүй өнөөдөр шиг л тийм хачин нийгэм буй болоод байгааг халаглан харж суух юм. Буурлын сургаал, түүгээр дамжин уламжлагдаж ирдэг зан заншил, ёс суртахуун доройтсон. Нийгмийн ёс суртахуун бүхэлдээ унасны учир ердөө л энэ шүү дээ.     

-Би танаас яагаад ахмад настнаа хүндлэн дээдлэх ёстой юм бэ гэдгийг залуу үедээ товчхон хэлж өгөөч гэж гуйх гэж байлаа?

-Бид хоёрын яриа анхаарал хандуулах ёстой дөрвөн бодлого шийдвэрийн тухай товчхон хөндлөө. Нэгдүгээрт, ахмад настны талаарх хандлагыг өөрчлөх. Ахмадын сургамж, залуу үеийн хүмүүжил гэдэг алтан хэлхээ алдагдсан. Үүнийг сэргээх талаар том бодлого гаргах ёстой. Хоёрдугаарт, ахмад настнуудын чадварыг тэтгэх замаар нийгэмшүүлэх ажил хөдөлмөрт татан оролцуулах. Гуравдугаарт, настнуудын хэрэгцээнд нийцсэн цогц үйлчилгээ. Үүн дотор эрүүл мэнд, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар бий болгох гэх мэтчилэн цогцоороо явах байх. Дөрөвдүгээрт, зайлшгүй үйлчилгээ шаардлагатай ахмадууд. Эдгээр ахмадуудад нийгмээс өгөх урт хугацааны асрамж үйлчилгээ үзүүлэх гэдэг ийм чиглэлээр төр бодлого гаргах шаардлагатай. Өнгөрсөн амьдрал, өвөг дээдсийн түүхгүйгээр өнөөдрийг төсөөлөх аргагүй. Залуу нас, хөлс хүчээ эх орныхоо хөгжилд зориулсан ахмадууд маань уг нь эрхэмсэг амьдрах ёстой юм шүү дээ. Орох орон гээд наад захын хэрэглээгээр дутагдахгүй, сэтгэл амгалан, дутагдаж гачигдах юмгүй амьдрах ёстой. 

-Нийслэлийн орон сууцны корпорацид 12 мянган ахмад орон сууцанд орох өргөдөл өгсөн гэдэг тоо харж байсан. Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт багтсан ахмадын орон сууцыг Монголын ахмадын холбоо таатай хүлээж авч байгаа байлгүй? 

-Улсын хэмжээнд байгаа ахмад настны бараг 50 гаруй хувь нь хотод байдаг. Хотын орон сууцны корпорацид өргөдөл өгсөн 12 мянган ахмадын дийлэнх хэсэг нь зайлшгүй асаргаа шаардлагатай 80-аас дээш насныхан байдаг. Гурван жилийн өмнө 300 ахмад түрээсийн орон сууцанд орсон гэдгээс өөр гэгээтэй мэдээгүй л сууж байлаа. Ахмадын тухай хуульд орон нутаг, нутгийн захиргааны байгууллагуудад ахмадуудад зориулсан орон байр, өргөө, ордон барих талаар чиглэл өгсөн байдаг. Ерөнхийлөгч маань хуулийн энэ заалтын хүрээнд мөрийн хөтөлбөртөө ахмадын хотхон барьж байгуулах тухай тусгасан. Монголын ахмадын холбоо Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрийг маш таатайгаар хүлээн авч хэрэгжилтэд нь хуулийн хүрээнд анхаарал хандуулан ажиллах шийдвэр гаргасан байгаа. Ахмадын хууль гарснаас хойш улсын хэмжээнд 330 ахмадын өргөө, ордонтой болж нийтдээ 467 ахмадын өргөөтэй болсон.

-Ярилцсанд баярлалаа.

Трамп төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24532


0
angry
8
care
0
haha
11
liked
5
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 16 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 18 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 19 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 19 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 19 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 19 цагийн өмнө
SDY Calling you... 19 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 19 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 20 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 20 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 20 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22