Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, МАН-ын бодлого, мөрийн хөтөлбөрт ахмад настны нийгмийн хамгааллын асуудал онцгой байр суурь эзэлсээр ирсэн. Тиймдээ ч Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогод дундаж орлоготой иргэдийг дэмжих тусгайлсан зорилт дэвшүүлж, амьдралын чанарт анхаарал хандуулж байгаа нь төр засгийн зүгээс орлогын тэгш бус байдлын эсрэг цогц байдлаар анхаарал хандуулж буй анхны томоохон алхам болсон юм.
Түүнчлэн Монгол Улсад ахмад настнаа дэмжсэн нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмж, халамж, төрөлжсөн асрамжийн үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн хөгжлийн үйлчилгээ зэрэг нийт есөн төрлийн нийгмийн халамж, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгааг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр сарын өмнө мэдээлсэн. Улмаар ахмадууд зээл, тусламжаар амьдралаа залгуулах биш, амьдралд нь хангалттай хүрэлцэхүйц хэмжээгээр тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхийн тулд нийгмийн даатгалын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, тэтгэврийн даатгалын тогтолцоог бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх үе шатыг эхлүүлэх, ахмад настанд үзүүлэх урт хугацааны тусламж үйлчилгээний нэгдсэн цогц тогтолцоог бүрдүүлэхээр Засгийн газар идэвхтэй ажиллаж байгааг ч мөн Засгийн газрын тэргүүн онцолж буй. Ийнхүү Засгийн газар ахмад настнуудынхаа эрүүл мэнд, амьдралын баталгааг дээшлүүлэхэд бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Статистикаас үзвэл дундаж наслалт 1992 онд 62.7 байсан бол 2021 онд 71.1 болж өсжээ. Түүнчлэн өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар улсын хэмжээнд 60 ба түүнээс дээш насны 352.030 ахмад настан, 100 ба түүнээс дээш насны 155 ахмад настан энх тунх амьдарч байна. Энэ бол Монгол Улсын нийт хүн амын арав орчим хувийг эзэл буй чухал хэсэг. Тийм ч учраас Монгол Улсын Засгийн газраас ахмад настантай холбоотой бодлого, шийдвэрийг цаг алдалгүй гаргахаас гадна цаг үеийн нөхцөл, шаардлагад үндэслэн шинэчлэн боловсруулж иржээ. Тухайлбал, өдгөө Ахмад настны тухай хуулийг хүчин төгөлдөр мөрдөж байгаа бөгөөд хамгийн сүүлд 2017 онд шинэчлэн баталсан юм. Ингэснээр ахмадуудын хөгжил, нийгмийн халамж, хамгааллын чиглэлд нэлээд ахиц дэвшил гарсныг ахмадууд онцолдог.
Түүнчлэн 2019 оны аравдугаар сард Ахмад настны хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар баталсан байдаг. Ингэхдээ Ахмад настны тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулсан юм. Ахмад настны хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийн зорилго нь ахмад настны аж байдлыг дээшлүүлж, ядуурлаас хамгаалах, тэднийг эрүүл урт наслуулах, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад төр, иргэний нийгмийн хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг чиглүүлэхэд оршдог. Хөтөлбөрийн хүрээнд дөрвөн зорилт бүхий 58 үйл ажиллагааг 2020-2023 онд хэрэгжүүлэхээр тусгасны дагуу өдгөө хүчин төгөлдөр мөрдөж байна. Үүнд ахмад настны аж байдлыг дээшлүүлж, ядуурлаас хамгаалах, ахмад настны эрүүл мэнд, эрүүл насжилтыг дэмжих, урт хугацааны тусламж үйлчилгээний стратеги төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх, ахмад настны чадамжийг дэмжих, ахмад настны амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах хүрээнд үндсэн бодлогоо чиглүүлэн ажиллахаар тусгасан. Тэгвэл ингэж тусгай хөтөлбөр боловсруулах үндсэн шаардлага нь юу байв.
Дэлхийн насжилтын хяналтын судалгааны тайланд ахмад настны тоо эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд 2050 он гэхэд манай улсын ахмад настны тоо нийт хүн амын 21.1 хувьтай тэнцэнэ гэх дүн мэдээлэл гарчээ. Түүнчлэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 15 дахь илтгэлд “Өндөр насны тэтгэвэр авагчдын 53.3 хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авдаг. Ихэнх ахмад настан буюу 97 хувь нь бага тэтгэвэртэй амьдарч, амьжиргааны наад захын хэрэгцээг хангаж чадахгүй байгаагаас ахмадууд тэтгэврийн зээл ихээр авч байна” гэж дурджээ.
Мөн “Монгол Улс-шинжилгээ судалгаа”-нд ахмад настны 85.5 хувь нь нэг буюу түүнээс дээш өвчнөөр өвдсөн нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэгч байгууллагад бүртгэгдсэн байна. Ахмад настнуудын өвчлөлийн бараг 80 хувь нь халдварт бус өвчин байна гэж дурджээ. Харин Монгол Улсад ахмад настнуудын боловсролын түвшин харьцангуй өндөр ч хөдөлмөр эрхлэлтийн түвшин доогуур байна гэх статистик ч гарчээ. Энэ мэт хэрэгцээ, шаардлага, судалгааг үндэслэн тэтгэвэр барьцаалсан зээлийн хэмжээ, хугацаа, хүүг оновчтой тогтоох, ахмад настныг ядуурлаас хамгаалах бодлого, үйл ажиллагааг тэдний эрх ашиг төдийгүй сонирхол, олон улсын чиг хандлагад нийцүүлэн шийдвэрлэх. Эрүүл мэнд, эрүүл насжилтыг дэмжих, өвчлөлөөс сэргийлэх, эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг урт хугацаанд үзүүлэх, өргөжүүлэх, нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, хөдөлмөрийн хүрээний аливаа мөлжлөг, ялгаварлалтаас тэднийг ангид байлгах, орчин нөхцөлийг сайжруулах шаардлагатай гэж үзсэн учраас Ахмад настны хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна.
Ахмадуудад чиглэсэн томоохон шийдвэрийн нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс үүрэг болгосны дагуу өнгөрсөн оны хоёрдугаар сарын 1-нд ахмад настнуудын тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгон өсгөж, 500 мянган төгрөгөөс дээш хэмжээтэй ахмад настны тэтгэврийг 15 хувиар өсгөсөн юм.
Харин үүнээс өмнө буюу 2021 онд УИХ-аас Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг баталсан. Ингэхдээ төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлсөн билээ.
Ахмад настанд үзүүлэх нийгмийн хамгааллын үйлчилгээ нь дараах төрлүүдтэй байна
1. Нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмж
2. Нийгмийн халамжийн тэтгэвэр
3. Нийгмийн халамжийн тэтгэмж
4. Тусламж, хөнгөлөлт
5. Төрөлжсөн асрамжийн үйлчилгээ
6. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ
7. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ
8. Эрүүл мэндийн үйлчилгээ
9. Нийгмийн хөгжлийн үйлчилгээ
Монгол Улсын Засгийн газраас 2009 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр баталсан “Тусламжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай”, 2012 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр баталсан “Тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн хэмжээг тогтоох тухай”, 2013 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр батлагдсан “Хөнгөлөлтийн хэмжээг тогтоох тухай” журмын дагуу ахмадууд дараах тусламж, хөнгөлөлтийг эдлэх эрхтэй байдаг.
Нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зэрэг нь ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, нийгмийн даатгал, халамжийн сан, тэтгэвэр тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийг сайжруулж нэмэгдүүлэх, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж биелэлтийг хангах үүрэгтэй. Мөн бүх шатны Засаг дарга нь ахмад настны нийгмийн хамгааллын талаар тодорхой үүрэг хүлээнэ. Үүнээс дурдвал:
Баг, хорооны Засаг дарга ахмад настанг судалж бүртгэх, хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж тогтоох болон тусламж үзүүлэхэд шаардагдах баримт бичгийг бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлж үнэн зөв тодорхойлолт гаргаж өгөх,
Нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээнд хамруулах талаар эрх бүхий байгууллагад санал тавьж шийдвэрлүүлэх, ахмад настанг нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах эрүүл мэндийг нь хамгаалах ажиллаж байсан аж ахуйн нэгж байгууллага нь татан буугдсан буюу өөр орон нутгаас шилжин ирсэн ахмад настныг бүртгэх,
Нийгмийн хамгааллын талаар авах арга хэмжээ, зарцуулах төсвийн санал боловсруулж иргэдийн Төлөөлөгчдийн хуралд оруулах, ахмад настныг төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамруулах саналыг халамжийн байгууллагад уламжлах,
Ахмад настны кабинет, төв байгуулж ажиллуулах, энэ арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг орон нутгийн жил бүрийн төсөвт тусгах гэх мэт нийгмийн хамгааллын үйл ажиллагааг сайжруулах нэмэгдүүлэх үүрэгтэй байдаг. Ахмадуудын санаачилгаар үүсгэн байгуулагдсан бөгөөд, тэдний нийтлэг эрх ашгийг төлөөлж чадах төв байгууллагыг улсын төсвөөс, орон нутгийн байгууллагыг тухайн орон нутгийн төсвөөс тус тус санхүүжүүлэх ба тэдний үйл ажиллагааг Засгийн газар болон аймаг, нийслэл, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр дэмжлэг үзүүлэх ёстой.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24532/