Украин халуун цэг ч удирдагчид эрчим хүчийг онцоллоо


Дэлхийн удирдагчдын шинэ жилийн мэндчилгээнээс тухайн оны олон улсын үйл явдлыг багцаалан тоймлодог. Энэ жил нөлөө бүхий удирдагчид халуун цэг болсон Украины дайнаас илүүтэй эрчим хүчний хараат байдлаас гарахыг чухалчилж байна.

 

Европ эрчим хүчээ хэмнэнэ 

ОХУ-ын Ерөнхийлөгч Вла­димир Путин он солигдох мөчид ард түмэндээ мэндчилгээ дэв­шүүлдэг уламж­лалтай. Кремлийн тэргүүн энэ удаад түнш улс орнууд­тай хамтын ажиллагаагаа эрчим­жүүлэхээ онцолжээ. Тэрбээр “Орос, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тасралтгүй бэхжиж, хөгжлийн хурдацыг харуулж, гадаад сорилтыг даван туулсан. Хоёр орны худалдааны хэмжээ түүхэн дээд хэмжээнд хүрч, хил дамнасан тээврийн дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжиж дууслаа. Олон улсын нөхцөл байдал хүнд ч ОХУ, Туркийн харилцан ашигтай хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна. Бүс нутгийн эрчим хүчний урт хугацааны аюулгүй байдлыг хангах хамтарсан төслүүд амжилттай хэрэгжиж эхэлллээ. Тухайлбал, “Аккую” атомын цахилгаан станцын бүтээн байгуулалт өрнөсөн. 

Цаашид Москва, Анкара хамтран ажилласнаар Евразийн тогтвортой, аюулгүй байдлыг бэхжүүлнэ” гэжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч илтгэлдээ ялалтын төлөө бүх хүчээ дайчлахаа амлалаа. Талархал, зовлон шаналалын тухай ярьсан Владимир Зеленскийгээс ялгаатай нь Путин ард түмэндээ эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг уриалж, дайныг оршин тогтнохын төлөөх тэмцэл гэж үзсэн. Тэрбээр “Барууныхан Киевийг ашиглан биднийг устгахаар төлөвлөж байна.

 Дайн хатуу ч Оросын бүрэн эрхт, тусгаар тогтносон, аюулгүй ирээдүй бидний хүсэл зоригоос шалтгаална. ОХУ-ын хувь заяа бүхнээс дээгүүрт тавих ёстой. Эх орноо хамгаалах нь бидний өвөг дээдэс, хойч үеийнхээ өмнө хүлээсэн ариун үүрэг. Ёс суртахуун, түүхэн шударга ёс бидний талд байна” гэж цэргүүдээ зоригжуулжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский 17 минутын илтгэлдээ дайралт, харанхуй, хүйтнийг тэсвэрлэж буй украинчуудын тэмцлийг харуулжээ. Зеленский “Ард түмэндээ итгэл, найдвар, гэрэл гэгээг хүсэж байна. Бидэнд ялахаас өөр сонголт үлдсэнгүй. Бид гайхамшгаар биш хөдөлмөрөөр ялалтад хүрнэ. Украины алдар суу бадраг” гэжээ. 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден шинэ оны илтгэлдээ Ард­чилсан, Бүгд найрамдах намын үзэл баримтлалыг тусгажээ. Тэрбээр“Томоохон хуулийн төслүүд хэрэгжиж эхлэх "агуу жил"-ийг угтаж байна. 2023 онд эмийн үнэ, татварын хөнгөлөлт, ажлын байрыг нэмэх чухал шинэчлэлтүүдийг хийнэ” гэжээ. Цагаан ордны тэргүүн 2021 онд хууль тогтоогчдын баталсан нэг их наяд ам.долларын дэд бүтцийн зарцуулалтыг онцолсон байна. Бүгд найрамдахчууд Төлөөлөгчдийн танхимд хяналтаа тогтоосноор Байдены амлалтуудыг хойш чангаасан. Украины дайн АНУ-ын холбоотнуудын сорилт болсон. Оросын хүчийг сулруулахын тулд Киевийг эдийн засгийн болоод батлан хамгаалахын тусламж үзүү­лэхэд Вашингтон чухал үүрэг гүйцэт­гэдэг. Энэ жил ч тэд Украинд үзүүлэх тусламжаа үргэлжлүүлэх аж.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ард түмнээ эрчим хүчний хэмнэлт хийхийг уриалжээ. Нэгэн цагт Европын хамгийн том цахилгаан эрчим хүч экспортлогч байсан Франц улс энэ өвөл хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэхээс өөр аргагүйд хүрч болзошгүй байдал тулгараад байгаа билээ.Цөмийн шинэ реактор барих төлөвлөгөөгөө зарлаж байсан Ерөнхийлөгч Макрон “Украины дайн Оросын байгалийн хийд түшиглэсэн Европын эрчим хүчний загварыг эвдэж, бүх зүйлийг өөрчилж, сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг түргэтгэх шаардлагатайг харууллаа. 

Бид хямралыг туулж байна. Европт үүссэн сөргөлдөөн эрчим хүчний салбарт олон сөрөг үр дагавар дагуулж, үнэ өсөх шалтгаан болсон. Иргэд өдөр тутмын эрчим хүчний хэрэглээгээ 10 хувиар багасгавал Франц улс энэ өвөл цахилгаан тасалдахаас зайлсхийх боломжтой” гэжээ. Мөн 2023 онд тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэхээ анхааруулсан байна. Тэрбээр Украиныг ялах хүртэл үргэлжлүүлэн дэмжихээ амлажээ. Парисын төв талбайд шинэ угтахаар 2019 оноос хойш анх удаа хагас сая хүн цугларчээ. Германы канцлер Олаф Шольц шинэ жилийн мэндчилгээндээ "Манай улс болон Европын орнууд урт хугацаанд Оросын байгалийн хийнээс хараат байсан. Бид эрчим хүчний олон суваг эрэлхийлнэ. Украинд үзүүлэх тусламжаа үргэлжлүүлнэ” гэжээ. Германы аж ахуйн нэгжүүд эрчим хүч хэмнэх төлөвлөгөө боловсруулсан. Тус улсын сүлжээ дэлгүүрүд хаах хугацааг урагшлуулж 20:00 цаг болгосон байна.

 

Ази түгшүүртэй байна 

БНХАУ-ын дарга Ши Жиньпин улс орноо “2022 он бол ер бусын жил боллоо. Дэлхий ертөнц өнөөдөр амар амгалан биш ч Бээжин энх тайван, хөгжлийг тууштай дэмжинэ. БНХАУ түүхийн үнэний талд зогсдог. Бид цар тахлын эсрэг тэмцэх шинэ үеийг эхлүүлнэ. 2023 онд Коммунист намын 20 дугаар Их хурлын үндсэн зарчмыг бүрэн хэрэгжүүлнэ. Олон улсын тавцанд бид ОХУ-ыг дэмжинэ. Өнгөрсөн хугацаанд Хятад, Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа тогтвортой ахиц дэвшил гаргаж, эрчим хүч, хөрөнгө оруулалт бусад салбарт шинэ ололт амжилтад хүрсэн. ОХУ-тай спортын солилцооны жилүүдийг албан ёсоор эхлүүлж, ард түмний харилцан ойлголцол, уламжлалт найрамдлыг улам гүнзгийрүүлнэ. Ерөнхийлөгч В.Путинтэй нягт харилцаатай байж, хоёр тал стратегийн иж бүрэн зохицуулалт, олон салбар дахь бодит хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр орон, ард түмэнд үр өгөөжөө өгөхөд бэлэн” гэж мэндчилгээндээ онцолжээ. Ажиглагчид түүнийг “Ковид 0” бодлогоос үүссэн эдийн засгийн хохирлыг буруутгах, олон нийтийн эсэргүүцлийг хянахад гол анхаарлаа хандуулна гэж таамаглаж байна.

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун 2023 онд цөмийн зэвсгийн тоогоо экспоненциалаар нэмэгдүүлж, тив алгасагч баллистик пуужин шинээр зохион бүтээхээ мэдэгдлээ. Умард Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын хурлаас урьтан Ким Жон Ун бодлогын гол чиглэлээ тодорхойлдог. БНАСАУ 2022 онд урьд өмнө байгаагүй олон удаа пуужингийн туршилт хийж, Солонгосын хойгийн хурцадмал байдлыг дээд цэгт хүргэсэн. Ялангуяа Өмнөд Солонгост цохилт өгөх зорилготой ойрын тусгалын, Японы хотуудад хүрэх боломжтой дунд тусгалын пуужингуудыг туршжээ. Харин энэ жил АНУ хүрэх хүчирхэг тив алгасах баллистик пуужин зохион бүтээхээ мэдэгдлээ. 

Цөмийн зэвсгийн үйлдвэрлэлийг экспоненциалаар нэмэгдүүлбэл тактикийн зэвсгийг бөөнөөр үйлд­вэр­лэх шаардлагатай. Карнегийн хүрээлэнгийн цөмийн зэвсгийн шинжээчдийн үзэж буйгаар БНАСАУ тактикийн зэвсэг хийхийн тулд эхлээд жижиг пуужинд ачиж болох жижигрүүлсэн цөмийн бөмбөг үйлд­вэрлэх ёстой. Пхеньян энэ төрлийн зэвсэг зохион бүтээсэн эсэх нь нууц. НҮБ-ын хориг арга хэмжээг үл тоон цөмийн зэвсгээ турших, боловсронгуй болгох, өргө­жүү­лэх зорилготой Ким Жон Ун энэ онд АНУ-тай хэлэлцээр хийх бодолгүй байна. Мөн Умард Солон­госын удирдагч тагнуулын хиймэл дагуулаа ирэх хавар тойрог замд холбохоо мэдэгджээ. Түүний дараа БНАСАУ-ыг хэн удирдах вэ гэсэн яриа ажиг­лагчдын дунд өрнөж эхэлсэн. Тэр­бээр залгамжлагчаа зарлаагүй ч охин Ким Чу Аэтэй олон нийтийн үйл ажиллагаанд оролцох болжээ.

 Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24532/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 11 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 14 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 14 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 14 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 14 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 15 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 15 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 16 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 16 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 16 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 16 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 16 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 16 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 16 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 16 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 16 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 16 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 16 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 17 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 17 цагийн өмнө