Хүмүүнлэгийн их сургуулийн Дархан салбар сургуулийн захирал доктор, профессор Н.Сувдаатай ярилцлаа.
-Та манай эмэгтэй манлайлагчдын нэг. Гэхдээ олны өмнө гараад байдаггүй учраас уншигчид маань таны талаар төдийлөн мэдэхгүй. Тиймээс ярилцлагаа таны хүүхэд наснаас эхлүүлье гэж бодлоо?
-Би сурган хүмүүжүүлэгчдийн гэр бүлд төрсөн. Анх нийслэлийн 14 дүгээр сургуульд элсэж эрдмийн их өргөөтэй танилцаж байлаа. Хүүхэд болгон хэн нэгнийг дуурайж, мундаг хүн болохыг хүсдэг дээ. Түүний нэгэн адил би ч гэсэн ээж шигээ орос хэлний багш болохыг багаасаа хүсэж мөрөөдсөн. Өөрөө унаган орос хэлтэй, байрны найзууд маань орос хүүхдүүд гээд тийм орчинд өссөн болохоор сэтгэлд Орос орон, орос хэл их ойр дотно санагддаг юм.
-Таныг мэргэжлээ сонгоход хэн нөлөөлөв. Гадаад хэл судлах, орчуулах зэрэг бичиг соёлын авьяасыг эцэг, эхээсээ өвлөв үү?
-Аав маань түүх, философи, ээж орос хэлний багш. Аавын маань өвөө жанжин Сүхбаатарын хэлмэрч Самбуу гэж партизан хүн байсан. Тэгэхээр гадаад хэлний мэдлэг боловсролтой холбоотой энэ өгөгдөл надад ч гэсэн уламжлагдан ирсэн гэж боддог. Сансрын нисгэгч Валентина Терешкова манай улсад хүрэлцэн ирж Монголын баруун аймгуудаар явж Монгол оронтой танилцахад ээж маань орчуулагчаар нь ажилласан. Энэ мэт үйл явдлаас улбаалан миний орос хэлний багш орчуулагч болох эхлэл тавигдсан байх. Ийнхүү гадаад хэлний багш орчуулагчийн мэргэжил эзэмшсэн юм.
-Ер нь ямар ч зүйлд хянуур, дайчин ханддаг зан чанар таны амжилтад их нөлөөлсөн юм шиг санагдлаа. Харин та өөрөө юу гэж боддог бол?
-Ямар ч тохиолдолд сайн хүн, зөв хүн байхыг шаарддаг мэргэжил бол багш. Цэцэрлэгийн хүүхдээс эхлээд доктор, аспирантурт суралцаж байгаа хэн ч байсан багшаасаа ямар хүн байх ёстой, хүндэтгэл үнэт зүйл гэж юу болохыг олж мэддэг. Багшийн үүрэг хүүхдийн хүмүүжилд их чухал нөлөөтэй. Тийм учраас би оюутан сурагчдынхаа өмнө хэлсэн бол хийдэг, амласан бол биелүүлдэг, хэлж ярьж байгаа зүйлдээ зарчимтай хандахыг хичээдэг.
-Та одоо Хүмүүнлэгийн их сургуулийн Дархан салбар сургуулийн захирлаар ажиллаж байна. Нэг баг болон хамтран ажиллаж буй хамт олныхоо зорилго, үйл ажиллагааныхаа талаар сонирхуулахгүй юу?
-Манай сургуулийн байгуулагдсан цаг хугацаа 2000 онтой холбогдоно. Анхандаа гадаад хэлээр дагнасан сургууль байсан юм. Бид өнгөрсөн 23 жил дээд боловсролтой боловсон хүчнийг бэлтгэж ирсэн. Энэ хугацаанд гадаад хэлний суурьтай санхүү менежмент, нягтлан бодох бүртгэл, сэтгүүл зүй, сургуулийн өмнөх боловсрол болон хятад, англи, солонгос хэлний багш орчуулагч зэрэг мэргэжлээр боловсон хүчнийг эх орондоо бэлтгэж байна. Манайх олон жил Дархан салбар сургууль гэсэн статустай ажилласан. Гэхдээ сургууль ямар нэршилтэй байх нь гол биш. Ямар чанар, чансаатай боловсон хүчнийг гаргаж байна вэ гэдэг нь л чухал юм. Өнгөрсөн хугацаанд чанарын төлөө багшлах боловсон хүчиндээ анхаарал хандуулж, оюутнууддаа өндөр шаардлага тавьсаар ирлээ. Манай сургуулийг төгсөгчид ажиллаж байгаа газраа нэр хүндтэй, хариуцлагатай, бүтээлчээр ханддаг талаарх сайхан мэдээг ажил олгогчдоос сонсох болгондоо бид үйл ажиллагааныхаа үр дүнг хардаг. Бидний ажлын үр дүн манай сургуулийн төгсөгчдийн хаана ажиллаж, ямар амжилт гаргаж, амьдрал дээр хэн байна вэ гэдгээс харагдана. Энэ ч утгаараа багш нар маань атгасан гар шиг нэгэн цул байж нэгдмэл сэтгэлээр ажилладаг нь сургуулийн бас нэгэн том соёл болдог.
-Цаашид үйл ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэхээр ажиллаж, төлөвлөж байна вэ?
-Дэлхийн дээд боловсролын чиг хандлага, манай улсын дээд боловсролын өмнө тавьж байгаа зорилт сүүлийн үед хурдтайгаар өөрчлөгдөж байна. Энэ өөрчлөлтөөс шалтгаалан хөдөө орон нутагт ажиллаж байгаа багш нарын үйл ажиллагаа хоцрох ёсгүй. Юуны өмнө бид төгсөгчдийнхөө гадаад хэлний мэдлэгт анхаарч байна. Учир нь, цаг тутам хувьсаж буй мэдээллийн энэ их талбарт төгсөгчдийн маань англи хэлний мэдлэг өндөр байхад дэлхийн хөгжлөөс хоцрохгүй байх боломжтой. Тиймээс тэдэнд зааж сургаж байгаа багш нарын мэдлэг боловсрол өндөр, гадаад дотоодын эрдэм шинжилгээний бүтээлтэй чөлөөтэй танилцах чадвартай байх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа юм. Мөн оюутан солилцооны хөтөлбөрүүдээ өргөжүүлэх, гаднын мэргэжилтэн багш нарын тоог нэмэгдүүлэх, сургалтын хөтөлбөрөө эргэн харж онол практик хосолсон гаднын туршлагаас нутагшуулах зэрэг зорилтуудаа хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
-Тантай ярилцахын өмнө багахан судлаад таныг аймгийнхаа намын хорооны эмэгтэйчүүдийн байгууллагын даргаар ажилладгийг мэдсэн. Хэдэн мянган эмэгтэйчүүдийг эгнээндээ нэгтгэсэн энэ байгууллагыг хэд дэх жилдээ тэргүүлж байна вэ?
-Дархан-Уул аймгийн Монгол ардын намын хороо улсдаа намынхаа үйл ажиллагаагаар хэд хэдэн удаа тэргүүлж “Шилдэг намын байгууллага”-аар шалгарч байсан. Аймгийн намын хороо бүтцийн үндсэн дөрвөн байгууллагаа дэмжин ажилладаг. Миний хувьд Дархан аймгийн намын хорооны дэргэдэх НАМЭХ-ны даргаар дөрвөн жил ажиллаж байна. Энэ хугацаанд намынхаа эмэгтэйчүүдийг нэгтгэх, оюуны хөрөнгө оруулалт хийх, жигд оролцоог хангах, социал демократ үзэл баримтлалыг намын эмэгтэйчүүдэд ойлгуулан таниулахад олон талт үйл ажиллагааг зохион байгуулахад анхаарч ажиллалаа. Сумдын эмэгтэйчүүд, анхан шатны байгууллагын салбар зөвлөлдөө хүрч ажиллахыг гол зорилгоо болгосон. Олон мянган эмэгтэйчүүдийг эгнээндээ нэгтгэсэн байгууллагыг даргалж ажиллахад ойлголцол, харилцаа чухал санагддаг. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд тэднийг дэмжин, ур чадварыг нь хөгжүүлэх, сургалтад хамруулах, бие даан ажил удирдуулах, хувь хүний манлайллыг дээшлүүлэх зэргээр шаардлагатай олон талт ажлыг өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүллээ.
-Цар тахлын хүнд жилүүдэд та аймгийнхаа намын хорооны эмэгтэйчүүдтэй нягт ажиллажээ. Үр дүнд хүрсэн ажлуудаасаа цухас дурдаач?
-Цар тахлын үед манай эмэгтэйчүүд оюун санаагаа нэгтгэж чадсан. Жишээлбэл, улс оронд маань амны хаалт илүү шаардлагатай байна гэдгийг анхаарч ард иргэддээ хүргэхээс эхлээд яаж үйлдвэрлэх вэ гэдэгт анхаарч акц, үйл ажиллагаануудыг явуулж байлаа. Мөн эмч сувилагч нартаа халуун дулаан үгтэй захидал илгээж, гэр бүлд нь сэтгэлийн дэм өгч ажиллалаа. Манай тэргүүлэгч эмэгтэйчүүдийн зарим нь өөрт байгаагаасаа бусадтай хуваалцаж, цалингийнхаа тодорхой хэсгийг цуглуулан хандив өгч байсан. Ингэж цар тахлын үед хамтран ажиллаж чадсандаа манай эмэгтэйчүүд сэтгэл хангалуун байдаг.
-Цаашид жендэрийн тэгш эрх, хүний эрхийн асуудалд хэрхэн анхаарч ажиллахаар төлөвлөж байна вэ?
-Жендэрийн тэгш эрх, хүний эрхийн асуудал бол эмэгтэйчүүдийн байгууллагын анхаарч ажиллах ёстой зүйл. Үүнд манай НАМЭХ-оос санал санаачилгуудыг гаргаж, сургалт зохион байгууллаа. Мөн хүний эрхийн хамгаалагчдыг намын идэвхтэн, эмэгтэйчүүдийн дундаас бэлтгэн ажиллаж байна. Энэ ажлыг хөдөө сумдын эмэгтэйчүүдэд хүртэл хүргэж ажиллах нь бидний үүрэг. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн үндсэн зарчим болон тус хуулийн 10.2-т “Төрийн байгууллагын дэргэдэх болон үндэсний хэмжээний хороо, зөвлөл, комисс (цаашид “хороо” гэх) зэрэг зөвлөлдөх буюу хамтын удирдлагын байгууллагад аль нэгэн хүйсийн төлөөлөл нийт гишүүний 40 хувиас доошгүй байна” гэж заасан байдаг бол, Монгол ардын намын Үндсэн дүрмийн 1.5.8 дахь хэсэгт “Намын бүх шатны сонгуульт байгууллагад болон намаас санал болгон томилогддог, сонгогддог албан тушаалд 25-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна” гэж заажээ. Энэ хуулийн хэрэгжилтийг хангахад намын дэргэдэх бүтцийн байгууллага, эмэгтэйчүүдийн төлөөлөл өөрсдөө санаачилга гарган ажиллаж, намын шат шатны удирдлагын дэмжлэгийг авах ёстой гэж үзэж байна. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийг дэвшүүлэн гаргах, тэднийг илрүүлэн тусалж дэмжих тал дээр НҮБ-ын төслийн хүрээнд хамтран ажиллах санаачилгыг гаргаад байна. НАМЭХ-ны тэргүүлэгч эмэгтэйчүүд ямар ч ажилд маш дайчин ханддаг. Энэ гүйцэтгэлтэй байдлаараа шийдвэр гаргах түвшинд очих юм бол нийгмийн олон асуудлыг шийдвэрлэх боломжтой. Гэвч тэд шийдвэр гаргах түвшинд өөрийгөө илэрхийлдэггүй. Тийм учраас нийгмийн дунд бусдыгаа төлөөлөн ажиллах боломжтой эмэгтэйүүдийн талаар судалгаа хийхээр зэхэж байна. Судалгаанд оролцож, олон нийтийн төлөөлөл болж чадах эмэгтэйчүүдэд үргэлжлүүлэн цогц сургалтад хамруулахаар төлөвлөж байна.
-Ярилцлагынхаа төгсгөлд шинэ оныхоо ажлыг хэрхэн төлөвлөж, төсөөлж байгааг тань сонирхъё?
-НАМЭХ-ны салбар зөвлөл шинэ оны өмнөхөн тайлангаа хэлэлцэж, ирэх онд хийх ажлынхаа талаар санал солилцон нэгдсэн зорилго, зорилтуудаа тодорхойлсон. Өнгөрсөн хугацаанд бид маш олон ажлын ард гарсан байна. Тэдгээр ажлаас олон хүнд хүрсэн, амжилттай болсныг нь 2023 онд улам боловсронгуй болгож зохион байгуулахаар болсон. Мөн хүмүүс энэ нийгмээс юу хүсэж байна вэ гэдэгт анхаарлаа хандуулж амьдралд ойр ажлуудыг хийхээр төлөвлөлөө. Энэ жил бидний бас нэг чиглэл нь охидын хүмүүжил төлөвшил, эрүүл мэндэд чиглэсэн ажилд анхаарлаа хандуулах, тэдэнд тэгш оролцоо, жендэрийн талаар эртнээс ойлгуулах ажлыг эхлүүлэхээр болоод байна. Хүний эрхийн талаарх ойлголтыг олон нийтэд хүргэхээр зорьж байна. Дээр нь намын бодлого шийдвэр, үзэл баримтлал болон аймгийн намын хорооны мөрийн хөтөлбөрийн биелэлт түүнийг хэрхэн сурталчлан таниулах вэ гэдэгт анхаарлаа хандуулна. Эдгээр ажилд эмэгтэйчүүдэд хандсан үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллагатай хамтран ажилладаг сайхан уламжлалаа хадгалан, төгөлдөржүүлж ажиллана. Намын ажил, тэр дундаа НАМЭХ-ны ажил хэзээ ч завсарлага авахгүй, цар тахлын үед ч тасралтгүй ажиллаж байдаг тэр давуу талаа хадгалан их зүйл хийх ирмүүн зорилготойгор оны ажлаа эхэлж байна даа.
Б.СЭЛЭНГЭ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24532/