Монгол Улсад нүүрсний хулгай нүүрлэснийг, зохион байгуулалттай бүлэглэл эх орноо тонон дээрэмдэж байсныг эрх баригч нам, Засгийн газар өөрөө зарлан, тэмцэж эхэлсэн нь онцлох бас олзуурхууштай үйл явдал байлаа.
Засгийн газар зөвхөн шүгэл үлээгээд орхичихоогүй. Тасралтгүй ажиллаж эхэлснээр өнөөдөр чамлахааргүй үр дүнд хүрчээ. Улсын эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон нүүрсний экспорт шат шатандаа булхай, луйврын хэлбэрт шилжсэн, эрх мэдэл бүхий томоохон албан тушаалтнууд ч оролцсон гэх мэдээлэл ар араасаа хөврөхтэй зэрэгцээд боломжоо хулгайлуулсан ард иргэд төв талбайдаа жагсаж эхэлсэн. Ингэж нүүрсний хулгайн асуудал сөхөгдөж эхэлснээс хойш Засгийн газар ээлжит хуралдаан бүртээ асуудлыг хөндөж, үе шаттайгаар ажиллаж эхэлсэн юм. Үр дүнд нь нүүрсний экспортын дийлэнх хувийг эзэлдэг “Эрдэнэс Тавантолгой” болон орон нутгийн “Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоон, Бүрэн эрхэт төлөөлөгч /БЭТ/ томилсон.
Ингэснээр борлуулалтын орлого нь дээд хэмжээнд буюу 1.1 тэрбум ам.долларт хүрсэн сайн мэдээтэй байна. Улмаар хамтран ажиллах хүрээнд аливаа ажил гүйцэтгүүлэхдээ нүүрсээр барагдуулах зарчмаар буюу оффтейк гэрээ хийж, нүүрсээ үнэ бууруулан дамжуулж ирснийг илрүүлэх кампанит ажлыг ч эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар нүүрсний есөн оффтейк гэрээг ил болголоо.
Хамгийн чухал нь эрх мэдэл бүхий хэдхэн хүний гарын үзүүрээр зурагддаг нүүрс тээвэрлэлтийн гэрээ, амны болон хилийн үнийн зөрүү, нууцын тамганы ард хулгай луйвраа халхавчилдаг байдлыг халах үүднээс Засгийн газраас өргөн мэдүүлсний дагуу хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, шинээр батлан гаргалаа. Төв талбайд жагсагчдын зүгээс авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах, нүүрсний хулгайд нэр холбогдсон албан тушаалтнуудыг олон нийтэн зарлан мэдээлэх шаардлагыг тавьсан. Тийм ч учраас өнөөдрийн байдлаар нүүрсний хэрэгт холбогдуулан нийт 56 хүнийг яллагдагчаар татан шалгаж эхлээд байна. Үүний зэрэгцээ Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүд ял завшдаггүй, ял хялбаршдаггүй, торгууль төлөөд өнгөрдөг байдлыг хуулийн хүрээнд өөрчилсөн.
Мөн олон талын ашиг сонирхолд автан, хэлэлцүүлгийн шатанд шилжүүлэлгүй найман жил дарсан Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг УИХ эцэслэн баталлаа. Энэ бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зарласанчлан хувь хүн биш, хууль засагладаг шударга нийгмийг цогцлооход бодит алхам болсон шийдвэр байлаа. “Монгол Улсын экспортын 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрс, зэс бүрдүүлдэг бол Тавантолгойн орд нь нүүрсний нийт экспортын 50 хувийг дангаараа бүрдүүлдэг, Монголын нийт ард түмний баялаг юм. Тийм ч учраас уул уурхай, тэр дундаа нүүрс тойрсон далд эдийн засаг, тэдний төлөөллийг хангасан улс төр, бизнес, хууль хяналтын байгууллагын бүтэн сүлжээ амь бөхтэй оршин тогтнож байна” гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлоод “Авлигатай хийх тэмцлээсээ алхам ч ухрахгүй” хэмээн тодотгосон нь бүхэл бүтэн тогтолцооны төдийгүй системийн өөрчлөлт байсныг Засгийн газрын удаа дараагийн шийдвэр, УИХ-аас батлан гаргаж буй хууль, журмаас бүрэн харж болохоор байна.
Нүүрсний хулгай цаашид гарахгүй байх, хяналтын механизмыг сайжруулах хүрээнд өнөөдрийн байдлаар эцэслэн гаргасан гол шийдвэрийн талаар багцлан хүргэе.
Авлига, албан тушаалын гэмт хэрэгт ялын бодлогыг хамгийн чангаар оногдуулах эрх зүйн орчныг бүрдүүллээ
Нүүрсний хулгай бүлэглэлийн хэлбэрт шилжсэн, улмаар эрх мэдэл бүхий томоохон албан тушаалтнууд шууд болон шууд бус замаар холбогдсон гэдгийг хууль, хяналтынхан эхнээс нь зарласан. Улмаар УИХ-ын зарим гишүүнээс авахуулаад төрийн өндөр албан тушаал хашиж байсан, хашиж буй 17 эрхмийн нэрийг зарласан. Өдгөө ч мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй.
Нүүрсний хулгайтай холбоотойгоор талбайд жагсагчдын зүгээс авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүст оногдуулах ялын хэмжээ хэтэрхий бага, зарим тохиолдолд авлигад авсан мөнгөнийхөө үнийн дүнгийн нэг хувьд ч хүрэхгүй мөнгөөр торгуулаад өнгөрч байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна.Тиймээс ялын бодлогоо чангатгах шаардлыг тавьсан. Үүний дагуу өнгөрсөн сарын 16-нд Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт бүхэлд нь нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Ингэснээр Монгол Улс 1994 оноос хойш авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогодоо огцом өөрчлөлт оруулсан явдал болсныг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар онцолсон. Хуулийн өөрчлөлтөөр төрийн болон орон нутгийн өмчит компани, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн эрх бүхий албан тушаалтныг улс төрд нөлөө бүхий албан тушаалтантай адилтгаж, онц хүндрүүлэх бүрэлдэхүүний субьект болгосон. Ингэснээр авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүс 40 сая төгрөгөөр торгуулаад ял хялбаршдаг байдлыг таслан зогсоосон юм.
Мөн Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэг буюу авлига, албан тушаалын гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэдэг эрх зүйн зохицуулалтыг хүчингүй болгов. Мөн хуулиар халдашгүй байдлыг нь баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон үеэс сэргээн тоолох, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээдийн нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасах, өршөөл болон уучлал үзүүлэхгүй байх, бүх шатны сонгуульд өрсөлдөх эрхийг нь хасах. Албан тушаалаа урвуулан ашиглаж, авлигын замаар олсон хөрөнгө, орлогыг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхээс үл хамааран хурааж, улсын орлого болгох. Авлига, албан тушаалын гэмт хэрэг, тэр дундаа хахууль авах гэмт хэргийн ялын дээд хэмжээ 5-12 жил байсныг 12-20 болгон нэмэгдүүлсэн юм. Ийнхүү авлига, албан тушаалын гэмт хэрэгт ялын бодлогыг хамгийн чангаар оногдуулах эрх зүйн орчныг бүрдүүллээ.
Нүүрсний арилжааг цахим хэлбэрт шилжүүлэх анхдагч хуулийг баталлаа
Нүүрсний хулгай гарах үндсэн шалтгаан нь хүнээс хэт хамааралтай байдалтай шууд холбоотой байна гэж эрх баригчид үзсэн. Өөрөөр хэлбэл, нүүрсний тээвэрлэлт, борлуулалтын гэрээнээс авахуулаад дундын зуучлагчид оролцдог гэх зэргээр аливаа нугалаа гарах, үгсэн хуйвалдах асуудал үүсэж байгааг тогтоосон. Тийм ч учраас нүүрсний арилжааг цахим хэлбэрт шилжүүлэх нь зүйтэй гэж үзсэнээр найман жил дуншсан Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг өнгөрсөн сарын 23-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталсан юм. Энэ хуулийн хүрээнд бүх гэрээг цахимжуулж, гэрээний дагуу уул уурхайн бүх бүтээгдэхүүнээ цахимаар арилжаална.
Уурхайд олборлогдсон нүүрс хилээр ачигдаад гарах бүх үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлнэ гэсэн үг. Энэ нь уурхайн амнаас хил хүртэлх янз бүрийн зөрчлийг илрүүлэх бүрэн боломжтой. Хэчнээн сая тонн нүүрсийг, ямар компани, ямар гэрээгээр экспортолж буйг мэдэх боломж бүрдэж байгаа юм. Нүүрсийг биржээр арилжаалснаар олон худалдан авагч орж ирж, нүүрсний үнэ өсөх боломжтой буюу элдэв хардлага алга болно гэж Засгийн газар үзсэн. Харин үүнээс өмнө буюу арванхоёрдугаар сарын 14-ны Засгийн газрын хуралдаанаар Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журмыг баталсан. Үүний дагуу “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний 30 хувийг энэ сараас эхлэн цахим биржээр арилжаалахаар болоод байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг энэ оны долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлнэ. Ингэснээр нүүрсний арилжаа хүнээс хэт хамааралтай байдлаас салах буюу нүүрс, уул уурхайн бүтээгдэхүүнийг цахим биржээр арилжаалах юм. Тодруулбал, экспортоор гарч байгаа төрийн болон төрийн өмчийн оролцоотой компани, орон нутгийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан арилжаална. Энэ нь тухайн салбараа либералчлах, борлуулалтын гэрээг ил тод, бусад оролцогчийн худалдан авалтын чөлөөт өрсөлдөөнийг хангах, дундын зуучлал байхгүйгээр биржээр арилжаалах давуу талтай гэдгийг УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар онцолсон.
Түүнчлэн нүүрсний борлуулалтад амны болон хилийн үнийн зөрүү гардаг байдлыг таслан зогсоох үүднээс уул уурхайн бүтээгдэхүүнийг цаашид зөвхөн хилийн нөхцөлөөр зарахаар болж байна. Ийнхүү бие даасан хуультай болсон нь Үндсэн хуульд заасан байгалийн баялгийн өгөөжийг хүн бүрд, тэгш хүртээх зарчмын хүрээнд Засгийн газраас хийсэн томоохон алхам байлаа.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24532/