Дэлхийд шинэ дэг журам тогтож байна


Геополитикийн зөрчилтэй энэ цаг үед дэлхийн төлөвийг жилээр таамаглахад бэрх. Гэхдээ нөлөө бүхий хэвлэлүүд, ажиглагч нар 2023 онд  өрнөх үйл явдлууд дэлхийн түүхийг хэрхэн өөрчлөх тухай аналитик тоймуудаа гаргажээ.  Барууны аналитикууд 2023 он ОХУ, АНУ зэрэг их гүрнүүдийн задралын үндсийг тавина гэж үзэж байна. Мэдээж ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээнүүд үргэлжилнэ.  

Европын комиссын гишүүд хориг дээд хязгаартаа хүрснийг хүлээн зөвшөөрсөн ч Вашингтоны шахалтаар шинэ багц гаргах төлөвтэй байна.  Оросын эсрэг хязгаарлалт гэх нэрийдлээр өрсөлдөгчөө бүрэн дарахыг АНУ-ын удирдагчид эрмэлздэг.  Тэд ОХУ-ыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүнээс хасах санал гаргасан. БНХАУ, Энэтхэг зэрэг гол улсууд энэ хувилбарын эсрэг ямар бодлого баримтлах нь 2023 онд ил болно. Энэтхэгийн хүн ам 2023 оны дөрөвдүгээр сард Хятадынхаас давна. Энэ нь дэлхийн эдийн засагт нөлөөлж, үйлдвэрлэлийн дахин хуваарилалтыг тодорхойлох хүчин зүйл юм. Өөрөөр хэлбэл, хэтдээ ажиллах хүч Хятадад үнэд орж, Энэтхэгт хямд болно.

  БНХАУ-д Тайваньтай холбоотой хэдэн жил дараалан зэвсэгт мөргөлдөөн гарч магадгүй. Бүгд найрамдах нам Конгрессын доод танхимыг хяналтдаа авснаар  Байдены засаглалын үлдсэн хоёр жилийг хүндрүүлнэ. Бүгд найрамдахчууд Украинд зарцуулсан цэргийн төсөвт аудит хийх санал гаргаж магадгүй.  Байдены Ерөнхийлөгчийн замнал ээдрээтэй болж эхэлсэн. Түүнчлэн 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийг тодруулахын төлөөх хоёр намын дотоод тэмцэл ширүүсчээ. Бүгд найрамдахчууд Флоридагийн амбан захирагч Рон ДеСантисыг дэмжиж байгаа ч Д.Трамп нам доторх эрх мэдлээ алдаагүй. Ардчилсан намынхан Жо Байденыг хоёр дахь удаагаа нэр дэвшүүлэх магадлал бага. Харин  Камала Харрис,  Мишель Обама, Гэвин Ньюом (Калифорни мужийн амбан захирагч) нар 2024 оны сонгуульд нэр дэвших магадлалтай. Түүнчлэн Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй.


Чадваргүй удирдагчдаасаа салах уу

 Европын холбооны хямрал ирэх саруудад улам ширүүснэ.  Евро бүс уналтад орсныг ажиглагчид шинэ удирдагчдын чадваргүй байдалтай холбон тайлбарладаг. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон  өмнө хэт даврагч Марин Ле Пенийн сорилтыг давж гарсан.  Филиппинд хуучин дарангуйлагчийн хүү  үнэмлэхүй ялалт байгуулжээ.  2023 онд 14 улс төрийн тэргүүнээ сонгоно. 2022 оныхоос ялгаатай нь энэ жилийн сонгуулиудын үр дүн тодорхойгүй байна. Үндсэн хуулиараа төрийн тэргүүнээ дахин сонгохыг хориглосны  Нигери, Гватемал улс шинэ  Ерөнхийлөгчтэй болно. Эстони, Финланд, Сингапур, Бангладеш, Шинэ Зеландад эмэгтэй удирдагчид албан тушаал үргэлжлүүлэн хашихын төлөө өрсөлдөх юм. Тайланд, Туркийн улс төрийн амьдралд автократ засаглал үргэлжлэх эсэхийг иргэд сонгоно. Туркт ирэх зургадугаар сарын 18-нд парламентын болон Ерөнхийлөгчийн сонгууль болно. Барууны хамтын нийгэмлэг хэтэрхий бие даасан Режеп Тайип Эрдоганы эсрэг хүчин чармайлт гаргана.  Туркийн нийгэм, эдийн засгийн  хямрал, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш унасан ч Эрдоган эрх мэдлээ хадгалахын төлөө тууштай тэмцэж байгаа.   Брюсселийн дотоод хямрал Польш, Испанийн сонгуулийн  кампанит ажилд нөлөөлнө.  Испанид Засгийн газар өөрчлөгдөх магадлал өндөр. Украины парламентын сонгууль ирэх  намар болохоор товлогдсон. Пакистан улс ойрын хугацаанд огцруулсан Ерөнхий сайдынхаа өдөөсөн ийм үймээн самуунтай тулгарч магадгүй. Үүний зэрэгцээ Турк, Шинэ Зеландад үндэстний цөөнхийг төлөөлдөг намууд буюу Курд, Маори тус бүр парламентад олонх болох боломжтой.  Финландад Сами уугуул иргэдийн эрхийн талаарх маргаан одоогийн Засгийн газрыг огцруулах хэмжээнд хүрчээ.  Эдийн засгийн хямралд автсан Аргентин, Пакистанд популист улс төрийн хөдөлгөөнүүд эрчээ авсан.  Түүнчлэн Их Британийн шинэ хаан III Чарльзыг сэнтийд залах ёслол ирэх тавдугаар сарын 6-нд болно.

 

Эдийн засаг, улс төрийн төв Ази руу шилжлээ 

Өргөн зургаараа 2023 онд дэлхий дахинд урьдаас таамаглашгүй тохиолдлуудыг даван туулах, эдийн засгийн даяаршил,  улс төрийн өрсөлдөөн ширүүснэ. НАТО, Европын холбоо  Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Гүрж, Украин улсыг элсүүлэх сонирхолтой ч Оросын эсэргүүцэлтэй тулсан. Ази дахь АНУ, БНХАУ-ын өрсөлдөөн, Европ дахь Москва, Вашингтоны сөргөлдөөн бол их  гүрнүүдийн эрх мэдлийн төлөөх тэмцлийн жишээ юм.  Эдгээр эрх мэдлийн төлөөх тэмцэл, дайн хэрхэн дуусах, эцсийн шийдэл нь шинээр бий болж буй дэлхийн дэг журамд нөлөөлнө. ОХУ-аас ялгаатай нь БНХАУ эдийн засгийн хүчирхэг төв болсон.  Бээжин либерал эдийн засгийн бодлогыг нарийн баримталдаггүй бөгөөд зарим талаараа Хятадын эдийн засгийн бодлогыг меркантилист гэж үздэг.  Гэсэн ч Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагын удирддаг либерал тогтолцооноос асар их ашиг хүртэж байна. 

АНУ болон БНХАУ-ын хооронд чөлөөт худалдааны ашиг жигд бус хуваарилагдсанаас болж Дональд Трамп Бээжингийн худалдааны бодлогыг эсэргүүцсэн.  Трампын засаг захиргаа Хятад руу чиглэсэн протекционист бодлого баримтлахыг оролдсон.  Хоёр гүрний хоорондох "худалдааны дайн" АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаглалын үед түр намжсан ч сэргэж магадгүй. Дэлхийн эдийн засаг үндсэн гурван том зах зээлийг хамардаг.   Хятадаар толгойлуулсан Зүүн Ази, хоёрт АНУ давамгайлсан Хойд Америк, гурав дахь нь Герман улс тэргүүлдэг Европын холбоо гэж бүсчилдэг.

 АНУ, Европын холбооны орнууд болон Их Британид эдийн засгийн хямрал нүүрлэнэ гэдэгт судлаачид эргэлзэхгүй байна.  Ихэнх хөгжингүй орнуудын бизнесийн идэвхжилийн индекс 50 нэгжээс доогуур зааж, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт, ажил эрхлэлтийн түвшин цар тахлын өмнөх хэмжээнд очихгүй. Хөдөлмөрийн нас­ныхны эдийн засагт эзлэх хувь буурсан нь хөгжингүй орнуудын дундаж давхаргад нөлөөлжээ.  Тээвэр, харилцаа холбооны технологи дэлхийг холбосноор эдийн засаг, улс төр, соёлын даяаршил үргэлжилнэ.  Хөгжиж буй орнууд Ази маягийн, экс­портод чиглэсэн эдийн засгийн загварыг ашиглаж эхэлсэн.  Өөрөөр хэлбэл, зах зээлд суурилсан эдийн засгийн тогтолцоо дэлхий дахинд ноёрхож байна. Улс орны эдийн засгийн тогтолцоо улам төстэй болсон. 

АНУ  статусаа алдаж байгаа энэ үед дэлхийн улс төрийн театр Украинаас Өмнөд Хятадын тэнгис, Сириээс Солонгосын хойг хүртэл олон асуудалтай нүүр тулсан. Хятад улс тахлын үр дагавраас гарч, өсөлтөө сэргээж чадах эсэх нь тодорхойгүй байна.  Хэрвээ тус улс дахин хөл хорио тогтоовол барааны үнэд нөлөөлж, дэлхийн инфляцийг өсгөнө.

“Голдман Сакс”-ын шинжээчид 2023 онд нийлүүлэлтийн хомстол үүсэж, газрын тос, байгалийн хийн ханш дор хаяж 30-40 хувиар өснө гэж үзэж байна.  “Bank of America” инфляцийг зорилтот түвшинд хүргэх боломжгүйг мэдэгдсэн. Оросын никель, титаны экспортыг зогсоовол гинжин хэлхээний дагуу эдгээр нөөцийн хомстолд хүргэж болзошгүй юм.  Украины хямрал одоогоор хамгийн аюултай илрэл юм. 

Дэлхийн хүн амын талаас илүү хувийг эзэлдэг Ази руу эдийн засгийн таталцал чиглэсэн. Үүнийг дагаад улс төрийн төв аажмаар Ази руу шилжиж магадгүй.  Хэдий одоо АНУ, БНХАУ-ын эрх мэдлийн төлөөх тэмцэл өрнөж байгаа ч ирээдүйд Энэтхэг-Хятадын эрх мэдлийн төлөөх тэмцэл Ази тивд өрнөхийг үгүйсгэхгүй.  Нэг талаас БНХАУ, АНУ хоёр хамгийн том худалдааны түншүүд. Эдийн засгийн даяаршлын хүч, улс төр, аюулгүй байдлын өрсөлдөөн ямар үр дүнд хүрэхийг харах л үлдлээ.

Х.ЭРДЭНЭЗАЯА

Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24532/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 11 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 14 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 14 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 14 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 14 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 15 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 15 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 15 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 16 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 16 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 16 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 16 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 16 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 16 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 16 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 16 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 16 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 16 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 17 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 17 цагийн өмнө