Ерөнхийлөгч Жо Байдентай холбоотой нууцын зэрэглэлтэй баримт бичгүүдийг илрүүлсэн нь АНУ-ын улс төрийн хүрээнд толгойны өвчин боллоо. Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан үед нь хамаарах эдгээр баримт бичиг Цагаан ордны тэргүүнийг хууль эрх зүйн хувьд эрсдэлд оруулж болзошгүй юм. Чикаго хотод байрладаг АНУ-ын Засгийн газрын өмгөөлөгч Жон Лауш хэргийг шалгаж байгаа бөгөөд Ерөнхий прокурор Меррик Гарландад урьдчилсан тайлангаа илгээжээ. АНУ-ын Хууль зүйн яам хэргийг хянан шалгаж дуустал мэдээлэл өгөхгүй. Эдгээр баримтад гадаад орнуудын талаарх товч мэдээллийг агуулсан гэж эх сурвалжууд мэдээлсэн. CNN агентлагийн мэдээлснээр, нууцын зэрэглэлтэй 10 файлд АНУ-ын тагнуулын албаны тэмдэглэл, Украин, Иран, Их Британи улстай холбоотой сэдвүүдийг хамарсан товч мэдээлэл багтсан байна. Мехико хотод дээд хэмжээний уулзалтад оролцож байсан Ерөнхийлөгч Байден сэтгүүлчдэд хандан “Нууц баримт бичгийн тухай сонсоод гайхсан. Ямар баримт болохыг мэдэхгүй. Шаардлагатай бол хяналт шалгалттай хамтран ажиллахад бэлэн” хэмээсэн. Уг баримт бичгүүдийг АНУ-ын завсрын сонгууль болохоос өмнө өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 2-нд Байдены судалгааны төв буюу хувийн оффисоос олсон гэж Ерөнхийлөгчийн тусгай зөвлөх Ричард Саубер мэдэгдсэн. Жо Байден 2017-2019 онд Пенсильванийн их сургуулийн профессор байхдаа уг төвийг ашиглаж байжээ.
Бүгд найрамдахчууд Байденыг шалгана
Завсрын сонгуулиар Төлөөлөгчдийн танхимд олонх болж, Байдены засаг захиргааг шалгахаа амласан Бүгд найрамдах намынхан Ерөнхийлөгчийг хоёр нүүр гаргадаг гэж буруутгадаг. Бүгд найрамдах намыг баримталдаг АНУ-ын томоохон хэвлэлүүд үүнийг Дональд Трампын хэрэгтэй адил түвшинд шийдэхийг шаардаж, Хууль зүйн яамны мөрдөн байцаалт эхлүүлэхийг хүссэн байна. Конгрессын хороо Ерөнхийлөгч Жо Байдены хувийн оффисоос олдсон нууц бичиг баримтыг шалгахаар болжээ. Төлөөлөгчдийн танхимын Хяналтын хороо хэвлэлийн бага хурал хийхэд Бүгд найрамдах намын дарга Жеймс Комер “Цагаан ордноос нууц материалтай холбоотой бичиг баримт, харилцаа холбоо, мөн оффис руу нэвтрэх эрхтэй хүмүүсийн жагсаалтыг энэ сарын 24 гэхэд хүлээлгэн өгөхийг хүссэн. Энэ бол хуулийн дагуу зарлан дуудах хуудас биш хүсэлт. Баримтууд Жо Байденыг 2009-2017 онд дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед хамаарна. Дэд Ерөнхийлөгчийн албан тушаалаас буухдаа дээрх файлыг Үндэсний архивт хүлээлгэн өгөөгүй нь эргэлзээ төрүүллээ. Албаны хүмүүс Ерөнхийлөгчтэй холбоотой нууцын зэрэглэлтэй нэмэлт файл байгаа эсэхийг шалгаж байна. Хууль зүйн яам Бүгд найрамдах намын эсрэг ажилладаг хоёр шатлалтай шударга ёсны тогтолцоо болсонд нь санаа зовж байна” гэжээ.
Ямартай ч улс төрийн багуудын үйл явдлын цар хүрээ, хариу үйлдэл одоогийн Ерөнхийлөгчид сорилт болж магадгүй. Бүгд найрамдах намынхан үүгээр шалтаглаж, Ардчилсан намын нэр хүндийг унагаахад ашиглана. Ийнхүү Конгрессын Төлөөлөгчдийн танхимын шинэ спикер Кевин Маккартийг нууц баримтууд түгшээж эхэллээ. Ерөнхийлөгч асан Д.Трампын Флорида дахь Мар-а-Лаго эдлэнгээс өнгөрсөн жил 320 гаруй нууц баримт олдсон. Трамп төрийн тэргүүний алба хаших хугацаандаа Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай захидал харилцаатай байсан бөгөөд зарим холбоотой баримтыг Үндэсний архивт өгөөгүй байжээ. Улмаар Мар-а-Лаго эдлэнд Холбооны мөрдөх товчооны шалгалтыг өнгөрсөн наймдугаар сард эхлүүлсэн. Хэргийг Хууль зүйн яамны тусгай зөвлөх Жек Смит Трампын баг баримт бичгийг сэргээх үйл явцад саад учруулсан, Засгийн газрын материалыг устгаж холбооны хуулийг зөрчсөн эсэхийг шалгаж байна. Мар-а-Лагогийн гэнэтийн шалгалтыг Холбооны мөрдөх товчоо болон Хууль зүйн яам улс төрийн зорилготой зохион байгуулсан гэж Дональд Трамп мэдэгдсэн.
Тухайн үед Ерөнхийлөгч Жо Байден Трампыг хариуцлагагүй гэж буруутгаж байсан. Одоо нууц мэдээлэлтэй холбоотой хэрэгт буруутгагдаж, Трамп, Бүгд найрамдах намын эсрэг довтолгоонд орсон. Дональд Трамп “Холбооны мөрдөх товчоо Жо Байдены олон гэр, магадгүй Цагаан ордонд хэзээ нэгжлэг хийх гэж байна. Хууль зүйн яам эдгээр нууцын зэрэглэлтэй баримт бичгийг завсрын сонгуулийн өмнө яагаад зарлаагүй юм бэ” гэж жиргэжээ.
2024 оны сонгууль
АНУ-ын төрийн тэргүүнүүд Ерөнхийлөгчийн албан тушаалын тухай хуулийг зөрчсөн. Гэхдээ Ерөнхийлөгч Байден болон Трампын хэргүүдийн хооронд ялгаа бий. CBS агентлагийн мэдээлснээр, Трампын асуулгад нууцын зэрэглэлтэй 300 гаруй баримт бичиг, тэдгээрийн 18 нь маш нууцын зэрэглэлтэй байв. Тухайлбал, цөмийн зэвсэг болон АНУ-ын маш нууц ажиллагааны талаарх мэдээллийг агуулсан гэж “Вашингтон пост” сонинд бичжээ. Холбооны прокурорууд Трампын хуулийн баг баримт бичгийг зохих ёсоор буцааж өгөхийн тулд Үндэсний архивын газартай хамтран ажиллаагүй гэж үзсэн.
Харин Байдены өмгөөлөгч шуурхай ажиллаж материалуудыг Үндэсний архивт хүлээлгэн өгчээ. Байдентай холбоотой улс төрийн дуулианыг Трамп овжин ашиглаж, өөрийгөө идэвхтэй сурталчилж байна. Ажиглагчид Трампын улс төрийн карьер дуусаагүй ч уналтын шатандаа орсон гэж үздэг. Түүний түрэмгий үг трэнд байхаа больсон. Америкчууд тогтвортой байдал, энхтайвныг хүсдэг бөгөөд Трамп энэ бэлгэдлийн төлөөлөгч биш юм. Ардчилсан намынхан Трампыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг хориглосон хуулийн төслийг Төлөөлөгчдийн танхимд өргөн барьсан. Баримт бичгийг зохиогчдын нэг Дэвид Чичиллин “Үндсэн хуулийн 14 дэх нэмэлт, өөрчлөлтийн гурав дахь хэсэгт зааснаар Дональд Трампыг Ерөнхийлөгчөөр дахин сонгох боломжгүй.
АНУ-д төрийн болон цэргийн албан тушаал хаших эрх зүйн үндэслэлгүй” гэжээ. АНУ-ын Үндсэн хуулийн 14 дэх нэмэлт, өөрчлөлтийн гурав дахь хэсэгт Ерөнхийлөгч тангараг өргөснийхөө дараа бослого, үймээн самуунд оролцвол албан тушаал хаших үндэслэлгүй гэж заажээ. Байден 2024 оны сонгуульд нэр дэвших эцсийн шийдвэрээ гаргаагүй. “Политико” сонины 2023 оны эхний дугаарт Байден Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших шийдвэрээ ирэх сард зарлаж магадгүй гэж бичжээ. CBS News-ийн мэдээлснээр Ардчилсан намын гишүүдийн гуравны хоёр нь Байденыг дэмждэггүй. Шалтгаан нь нас, дуулиан шуугианд өртөмтгий сул тал. Ялангуяа санхүүгийн луйвар, хар тамхи хэрэглэсэн хэрэгт буруутгагдсан хүү Хантертай нь холбоотой дуулиан намжаагүй. Тиймээс Байден “мэдээллийн бүрэн бүтэн байдал”-ын хувьд том асуудалтай улстөрч. Тиймээс Байдены хоёр дахь бүрэн хугацааны тухай яриа улс төрийн башир арга байх магадлалтай.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №002/24533/