Сурагчдын амралт дуусах дөхөж байгаа ч хүүхэд, багачууд амралтаараа юу үзэж, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж болох тухай эрэлхийлсээр байгаа. Зөвхөн сурагчдын амралт гэлтгүй долоо хоногийн амралтын өдрүүдийг ч анги хамт олон, найз нөхөд, гэр бүлээрээ цагийг хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрүүлэх газруудыг олон нийтэд сурталчлах нь бидний зорилго юм.
Өмнөх дугаартаа “Мишээл” цэцэрлэгт хүрээлэн дэх гүйлтийн цанын баазаас сурвалжилга бэлтгэсэн. Харин энэ удаад Баянзүрх дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт байрлах Одон орон, геофизикийн хүрээлэнгийн дэргэдэх Сансар, од эрхсийн хүрээлэн буюу Астропаркийг зорилоо. Засгийн газрын санхүүжилтээр барьж, 2014 онд нээлтээ хийж байсан уг ордон нь Монголын цор ганц сансар судлалын төв юм. Одон орон, геофизикийн хүрээлэн, Монгол Улс, ЗХУ-ын баатар сансрын нисэгч Ж.Гүррагчаа нар “Сансар, од эрхсийн ордон” байгуулахаар санаачлан 2009 онд Монгол Улсын Засгийн газраас тус ордныг байгуулах шийдвэр гаргажээ. Улмаар уг паркийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн дэргэд 2014 оны зургадугаар сарын 1-нд албаны ёсны нээлтээ хийсэн түүхтэй юм. Тус ордон нь сансар судлалын танхим, планетарийн болон хурлын танхим бүхий цогцолбор бөгөөд нэг дор 70 орчим хүн хүлээн авах хүчин чадалтай аж.
Эхлэл буюу үүднээс...
Астропаркт саатсан хүн багадаа 60 минутыг тэнд зарцуулдаг ажээ. Үүдээр орж тасалбараа авах, хувцсаа солих, танхим руу орохоос өмнө зөвлөмж тайлбар сонсохоос Сансар, од эрхсийн ордны аялал эхэлнэ. Анги, хамт олноороо үйлчлүүлэх бол заавал цаг авах шаардлагатай. Японы эрдэмтэн Сакай Ёшихито планетарийн “Минолта MS-8” гэх тусгай багаж, тоног төхөөрөмж бэлэглэсэн нь Сансар, од эрхсийн ордны голлох үзвэрүүдийн нэг болжээ. Уг ордон гурван танхимтай. Эхнийх нь “Сансар” танхим юм. Сансар, гараг, оддын үүсэл, монгол хүн сансарт ниссэн тухай түүхэн үзүүлэн, сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн хөлөглөн сансарт хүрсэн “Союз-39” хөлгийн буугч аппарат, сансрын нисэгчийн хувцас хэрэглэл, сансрын хөлгүүдийн загвар гэх мэт үзүүлэнг багтаажээ.
Хоёр дахь нь “Нар, сар, кино” танхим. Од эрхэс сансар судлал, ертөнцийн од гаргуудын үүсэл хөгжил болон бусад чиглэлийн шинжлэх ухааны сонирхолтой цуврал лекц баримтат кино үзүүлдэг байна. Харин гурав дахь нь “Од эрхэс” танхим. Энд “Минолта MS-8” цацруулагч багажны тусламжтайгаар сансрын уудам орон зайгаар аялан нарны аймгийн од, бага гаргууд, нар, сарны хиртэлт, одон орны олон сонирхолтой үзүүлбэрийг хагас бөмбөрцгөн дэлгэц дээр харуулдаг аж. Планетарийн бөмбөрцөг дэлгэцийн диаметр -9.5 метр. Дэлхийн стандартын дагуу дунд ангилалд багтдаг байна.
Хүүхдүүд тус төвтэй танилцахад бэлэн болсны дараа хамгийн эхэнд орох танхим нь “Сансар”. Энд сансар судлал, товч тайлбар бүхий ханан постер, сансрын хөлгийн макет, бодит үзмэр зэргийг харж болно. Тэд зурган постеруудад ганцхан өгүүлбэрээр тайлбар хийсэн нь хүүхдүүдийг залхаахгүй байх оновчтой шийдэл болж чаджээ. Сайн зураг нэг нийтлэлийн дайтай өгүүлэмжийг илэрхийлдэг гэсэн үг бий. Яг үүнийг Астропаркийнхан баримталж, гол зорилгоо болгон ажилладаг гэнэ. Жишээ нь, ханаар дүүрэн орон орны сансрын нисэгчдийн зураг байх юм. Тэндээс Монгол Улс сансарт хүнээ илгээсэн 10 дахь орон болсныг харж болох нь ээ. Монголоос сансарт ниссэн анхдагч бол яах аргагүй Ж.Гүррагчаа баатар бөгөөд түүний зураг, товч тайлбарын хамт 10 дугаартай байлаа. Үзэгчдийн хамгийн их сонирхдог зүйл бол “Союз-39” хөлгийн тухай. Мөн нисэгч Ж.Гүррагчаагийн эх дэлхийд газардахдаа суусан хөлөг өөрийн эрхгүй анхаарал татна. Цаашилбал, сансарт ниссэн хүмүүсийн иддэг хоол бас анхаарал татна.
Астропаркийг анх байгуулж, нээлт хийхэд буугч аппаратаас өөр юу ч байгаагүй гэнэ. Ингээд Монголд ирсэн сансрын нисэгчдийн өгсөн хандивласан үзмэр, тус паркийн ажилчдын хийсэн эскиз, макет, зурган постер зэргээс бүрдсэн 1000 гаруй үзмэртэй болгосон байна. Үндсэндээ найман жилийн хугацаанд үзмэрийнхээ тоог тогтмол нэмсээр ийм тоонд хүрсэн гэсэн үг. Үзмэрийн 50 орчим хувийг Ж.Гүррагчаа баатрын цуглуулгаас бүрдүүлжээ. Хэдийгээр түүний сансарт ниссэнтэй холбоотой түүхэн дурсгалт үзмэрүүд Монголын үндэсний түүхийн музейгээс эхлээд хэд хэдэн музейд байдаг ч өөрт авч үлдсэнээ энд тавьсан байна. Түүнчлэн Монголд ирсэн сансрын нисэгчид болох Леанов, Баз Олдрип тэргүүтэй зочид тус төвд үзмэр болохуйц сансар судлалтай холбоотой бүтээлүүдийг дурсгасан аж.
Музейн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Амаржаргал ярихдаа “Хүүхдүүд надаар тайлбарлуулахаас илүүтэй өөрсдөө хараад шууд ойлгох хэмжээнд энгийнээр товч тайлбар хийсэн. Ингэснээр хүүхдүүд сансар судлалыг илүү ойлгоод гарч байна. Нэг хүн зогсоо зайгүй ярих нь тайлбар биш бөгөөд хүүхдүүд бүрэн ойлгож чадахгүй. Ер нь хүүхэд өөрийн нүдээр үзэж, гараар барьсан зүйлээ илүү хурдан ойлгон хүлээж авдаг
Тэр утгаараа зураг, бодит үзмэрт хүрч үзэхийг зөвшөөрдөг” гэлээ. Үнэхээр ямар ч музейд орсон зураг дарах болон даруулахыг хориглодог. Харин Астропарк энэ тал дээр нээлттэй байдаг аж. Хүүхэд үзсэн, харсан, барьсан зүйлээ зурагжуулж, дурсамждаа үлдээх ёстой. Тэгвэл тэр дурсамжийг гэрэл зураг мөнхөлдөг учраас үзмэрийн хажууд зургаа даруулах, зургийг нь авах зэргийг зөвшөөрдөг ажээ. Энэ бол нэг талын маш том давуу тал юм. Зураг авахуулах нь нээлттэй, бас бодит үзмэрт хүрч болдог, дээрээс нь 60 минутын хугацаанд сансар судлалтай бүрэн танилцах боломжтой, мөн тасалбарын үнэ хямд учраас хүүхдүүд Астропаркт ирэх дуртай байдаг гэнэ. Өдөрт тус төвөөр хамгийн багадаа 200, түүнээс дээш тооны хүүхэд багачууд, насанд хүрэгчид үйлчлүүлдэг юм байна. Жилд дунджаар 10 мянган хүн үйлчлүүлдэг аж. Харин хоёр жил цар тахлын улмаас хаалттай байсан тус төв 2022 онд 20 мянган хүн иржээ.
Хүүхдүүдэд “Од эрхэс”-ийн танхим хамгийн их таалагддаг
Биднийг очиход цайны цагийн дөнгөж дараа таарсан учраас хүн бага байлаа. АШУҮИС-ийн хоёр оюутан Астропаркаар аялж байхтай таарав. Тэд энд анх удаа ирж байгаа бөгөөд найз нөхдөөсөө сонссон гэнэ. Астропаркт ирэх гэж хоёр жилийн өмнөөс бодсон ч коронавирусийн цар тахал, хичээлийн цаг заваас шалтгаалан өнөөдрийг хүртэл үзэж чадаагүй байжээ. Ингээд ангийнхаа найзад санал тавьснаар хамтдаа ирсэн нь энэ. А.Алтаншагай “Анх хичээл дээрээ ийм төв байдгийг сонссон юм. Тэгээд заавал үзэх зорилго тавьсан. Харин өнөөдөр биелүүлж байна. Үнэхээр сонирхолтой санагдлаа. Хамгийн их таалагдсан зүйл нь “Од эрхэс” танхим. Тэнд маш гоё мэдрэмж авсан. Мөн богино хэмжээний видео бичлэгүүд сонирхолтой байлаа” гэв. Тэгвэл түүний найз Х.Золбаяр “Сансар судлалын тухай кино үзэх дуртай. Кинон дээр үзэж байгаа бүхнээ бодитоор харахыг хүссэн юм. Тэгээд судалж байгаад энэ газрыг олж мэдсэн. Үнэхээр бодит зүйлүүдийг харж байгаадаа баяртай байна” хэмээн ярилаа. Мөн тус төвөөс гарах үед нэгэн цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн багачууд ирж байв. Тэдэнд хөлөг, пуужингийн макетууд сонирхолтой санагдаж байгаа бололтой.
Өмнө нь очоод их л удаан зогсох аж. “Сансар” танхим дахь үзмэрийг хүүхдүүд 20 минутад багтаан үзүүлдэг. Харин гуравдугаар давхарт байрлах “Од эрхэс” танхимд бодит мэт мэдрэмийг авах боломжтой юм байна. Од, эрхсийг бодитоор нь үзэхийг хүсвэл “Хүрэл тогоот”-ыг зорьдог тухай ярилаа. Тэгвэл “Од эрхэс” танхимд юу үзэх вэ. Хүүхдүүд яагаад энэ танхимд орох дуртай вэ гэдэг асуултад ажилтан нь ийн ярьж байна. “Өдрийн цагаар шөнийн одод тэнгэрийг дүрсэлж үзүүлдэг. Ингэхдээ “Коника Минолта” брэндийн MS-8 загварын аналоги төхөөрөмжийн тусламжтайгаар хагас бөмбөрцөг хэлбэртэй дэлгэц дээр нар мандахаас эхлээд жаргах хүртэл, оддын байршил зэрэг процессыг үзүүлдэг” гэв. Танхим 67 суудалтай бөгөөд тухайн сандал хагас налуу байдалтай болдог. Ингэснээр дээш харан хэвтэж зуны шөнө од харж байгаа мэт мэдрэмж авдаг байна. Хүүхдүүд өөрийн сонирхсон зүйлээ анхааралтай үзэж, сонсож чаддагийн тод жишээ нь Астропарк байлаа.
1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр хүн төрөлхтний түүхэнд алтан үсгээр бичигдэх үйл явдал болж анх удаа хүн сансрын уудамд дүүлэн ниссэн билээ. Сансрын өрсөлдөөнд оролцож байсан хоёр талын гол хүмүүс нь ЗХУ-аас С.П.Королёв, АНУ-аас Вернер Браун нар бөгөөд тэдний багийнхны олон жилийн нөр их хөдөлмөр, улс төрийн өрсөлдөөний дүнд хамгийн түрүүнд ЗХУ, бүхээгтээ хүн суулгасан сансрын хөлгийн анхны нислэгийг үйлдэж, хүн төрөлхтөн сансрын уудмыг эзэмших шинэ цагийг эхлүүлсэн билээ. Ю.А.Гагарины хөлөглөсөн “Восток-1” зөөгч пуужин Байконур сансрын хөлгийн буудлаас хөөрөн дэлхий орчмын тойрог замд орж дэлхийг нэг удаа тойрон 108 минут үргэлжилсэн нислэг үйлджээ. Энэ мэтчилэн сансар, огторгуйн түүх, гараг, од эрхсийн тухай олон сонирхолтой мэдээллийг Астропаркаас үзэх боломжтой байна. Хүүхдүүдийг чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх хамгийн сонирхолтой төвүүдийн нэг яах аргагүй энэ аж.
Б. Мөнхзул
Эх сурвалж: Монголын үнэн сонин №003/24534/