Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 130 жилийн ой удахгүй тохиох гэж байна. Энэ удаа бид их жанжны ураг удмын гал голомтыг бадрааж яваа нэгэн эрхэмтэй ярилцлаа. Тэр бол Ганжуурын Энхтайван. Тэрбээр их жанжны ураг удамд үрчлэгдэн өссөн аж.
-Жанжин Сүхбаатарын голомтод өргөгдсөн хүн гэж таныг сонссон. Энэ талаараа сонирхуулаач?
-Миний бие 1952 онд төрсөн. Хайсу овогт Төгөө Ганжуурын өргөмөл ганц хүү нь дээ. Аав маань их жанжны орон нутаг дахь хамгийн ойрын садан буюу төрсөн ах дүүсийнх нь хүүхэд юм. Нутгийн зон олны дунд алдарт уургач, эмнэг сургагч гэж алдаршсан сайхан буурал байсан даа. Ер нь нутгийн зон олны үнэлгээг би их хүндэтгэдэг. Манай монголчууд хүнийг маш голчтой дүгнэдэг гэж би боддог. Ах нь зохих шатны сургууль төгсөөд орон нутагтаа боловсрол, соёл, ХЗЭ-ийн байгууллагад цөөвтөр жил ажиллаад нийслэл хотод Хууль сахиулахын их сургууль, Монгол Улсын Соёлын яам зэрэг газар алба хашсан даа.
-Таныг Сэлэнгэ аймгийн уугуул гэж сонссон.
-Аав маань 1952 онд нутгийн хэдэн уяачтай хурдан морь уяж хотод ирээд, нэг морь нь гуравт хурдалж, жанжны хүү хурандаа С.Галсангийн нэр дээр цоллуулсан гэсэн. Тэгээд хамт ирсэн нөхөд нь буцаж, аав хүүхэд өргөж авах зорилготой үлдэж, энэ талаараа жанжны эхнэр С.Янжмаа гуайд хэлсэн юм билээ. С.Янжмаа эмээ аавыг дагуулаад манайд иржээ. Миний ээжтэй уулзаж, ирсэн зорилгоо хэлсэн юм байгаа биз. Ингээд намайг үрчилж авсан юм билээ. Ингэж л би Сүхбаатар аймгийн хүн болсон түүхтэй. Зарим сонин хэвлэлд “Жанжны голомтод үрчлэгдсэн хүү”, “С.Янжмаагийн өргөмөл хүү” гэсэн гарчигтай ярилцлага удаа дараа гарч байсан. Их жанжны голомтод өргөгдсөн болохоор би өөрийгөө их азтай хүн гэж боддог.
Миний төрсөн ээж Х.Чойжинзав “Би хүүгээ нэг эр хониор зарчихсан юм” гээд инээдэг байж билээ. С.Янжмаа эмээ намайг үрчлэхээр ирэхдээ нэг хонь өгсөн юм билээ.
-Багадаа жанжны үр, ач нартай ойр дотно өссөн үү?
-Би жанжны хүү С.Галсан, түүний охин С.Нарангийнд сууж их сургуулиа дүүргэсэн нөхөр. Тэднээс жанжны тухай бага сага зүйл сонссон хүн. Жанжин орон нутагт очихдоо манай өвөө хар толгой Самдангийнд хонож аав Дамдингийнхаа хэрэглэж байсан тулгыг өгсөн юм билээ. Уг тулга, аавынхаа эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлсийг музейд хадгалуулсан даа. Бас миний бие Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Дамдимаа гуайгаар жанжны гантиг баримал бүтээлгэж Сүхбаатар аймгийн музейд бэлэглэсэн нь манай улсын ямар ч музейд байхгүй ховор үзмэр болсон доо. Д.Дамдимаа гуай жанжны хөшөөг бүтээхэд оролцож, мориных нь нэг хөлийг урласан хүн шүү дээ. Жанжны хөшөөг манай дүү Урлагийн гавьяат зүтгэлтэн А.Очирболд Бээжинд очиж хүрэлдүүлсэн юм. Жанжны хөшөө гэснээс хуучин хөшөөг нь 14 арслангийнх нь хамт Дундговь аймгийн Зава Дамдины хийдийн хашаанд залсан. Уг хөшөөний голлох ажлыг лам нар урлаж, аравнайлсан юм гэсэн. Надад тэр хийдээс урилга ирсэн ч би явж чадаагүй. Энэ зун очих санаа байна.
-Жанжны уг удам, овгийн талаар янз бүрээр бичих болж. Буриад хүн байсан гээд ном хүртэл гаргасан байна лээ?
-Харин тийм. Манай нутагт одоо жанжны удмын 200 гаруй хүн аж төрдөг. Гэтэл сүүлийн үед Дорнод аймгийн харьяат Мөнхдорж гэдэг хүн жанжны байгуулсан гавьяа, түүхийг мушгин гуйвуулж, судлаач эрдэмтэд, төрөл төрөгсдийнх нь зэвүүцлийг төрүүлж байгаад харамсдаг. Тэр хүн бүр Сүхбаатар жанжны удам Сүхбаатар аймагт нь байхгүй гэж хүртэл бичээд байгаа. Жанжин бол хайсу овогтой. Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд Хайлааст нэртэй газар байдаг юм. Жанжны аав цагаан дээлт Төгөөгийн Дамдин ан гөрөө хийж, ядуу гэр бүлээ тэжээдэг байжээ. Тэгэхдээ газрын ам хавцлыг ашиглаж зээр хөөн оруулж, араас нь нум сумаар харвадаг байсан юм билээ. Энэ үйл явдалтай холбогдон жанжны өвөг дээдсийг хайсу овогт гэж нэрлэдэг болжээ. Энэ тухай би түүхийн ухааны доктор, Сүхбаатар судлаач О.Пүрэв гуайгаас сонссон юм. Би ч хайсу овогтой. Аав маань хайсу овогт Төгөөгийн Ганжуур, эмээ маань Төгөөгийн Човдий, жанжны аав Төгөөгийн Дамдин гэж явдаг. Жанжны төрөл төрөгсдийг маш сайн судалсан хүмүүс бол түүхч доктор О.Пүрэв гуай, Монгол Улсын Гавьяат багш, нутгийн буурал С.Лувсанноров гуай хоёр юм. С.Лувсанноров багшийн бичсэн “Хайсу овгийнхон хаа явна” номд 200 гаруй төрөл төрөгсдийнх нь удам угсааг маш нарийн бичсэн байдаг. Орон нутагт жанжны ясан төрлийн буюу эцэг Дамдиных нь талын хамгийн ойрын хамаатан нь манай аав Ганжуур, Улсын аварга тогооч Б.Дуламсүрэн эгч хоёр байсан юм билээ. Мөн Д.Сүхбаатар жанжны дүү Долгорын охин Дэжид эгч их ойрын хамаатан нь болно. Дэжид эгч бол Дарханы чуулгын бүжигчин, Гавьяат жүжигчин С.Соёл-Эрдэнийн ээж нь байгаа юм. Жанжны цусан төрөл буюу ээж Хандынх нь талын ах дүүс их олуулаа. Нутагтаа Но-гийн долоон хүүхэн гэж алдартай байсан юм гэсэн. Долоон эмэгтэй хүнээс олон үр хүүхэд гарна биз дээ.
Сүүлийн үед жанжны овог удмыг янз бүрээр л тайлбарлах юм. Бүхэл бүтэн Намын түүхийн институт олон жил шинжлэх ухааны үндэстэй судалсан судалгааг хэн ч үгүйсгэж чадахгүй шүү дээ. Дээр дурдсан Мөнхдорж гуайтай би маргасан ч ялна. Жишээлэхэд, жанжны 100 жилийн ойгоор Дорнодоос нэг ч хүн арга хэмжээнд нь оролцоогүй л байхгүй юу.
-Энэ жил жанжны мэндэлсний 130 жилийн ой тохиож байна. Таны хувьд жанжны ойг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг вэ?
-Гэр бүл, ах дүүсийн маань хамгийн том баяр юм даа. Миний хувьд жанжны 100 жилийн ойг өргөн тэмдэглэсэн. Би УИХ-ын гишүүн асан Ж.Бадам, Гавьяат жүжигчин Ц.Дашнамжил, доктор О.Пүрэв, Б.Өлзийсүрэн зэрэг нөхөдтэй Сүхбаатар аймагт долоо хоног томилолтоор ажиллаж байсан. Тэр үедээ аймгийн төвд хөдөлмөрчидтэй уулзалт зохион байгуулж, тэр бүү хэл Сүхбаатар нэртэй 50 хүнтэй уулзалт хийж, тэдний дунд тэмцээн зохиож байлаа. Мөн Сүхбаатар аймгийн хэд хэдэн сумаар явж, жанжны хөшөөнд цэцэг өргөж, төрөл төрөгсдийн наадам хийж, Улаанбаатар хотод ойн арга хэмжээнд 25 төлөөлөгч оролцож, Ерөнхийлөгчийн хүлээн авалтад тэднийг оруулсан санагдана. Би тэр үед Соёлын яаманд ажиллаж байсан юм.
-Таны бичсэн номыг уншиж байлаа. Жанжны тухай нэлээд олон ном гаргасан гэсэн?
-Би 10 шахам ном бичсэн хүн. “Жанжнаар овоглосон сум”, Их жанжны бэлгийн сургууль”, “Жанжны нутгийн урлаг, соёлын авьяастнууд”, Жанжны нутгийн “Онцгойхон” гэх мэт. Миний бичсэн номоос санаа авч, бүх сум, сургуулиуд номтой болсон сурагтай байсан. Ном бичнэ гэдэг маш буянтай ажил шүү дээ.
-Энэ жил жанжны гэргий С.Янжмаа гуайн мэндэлсний мөн 130 жилийн ой тохиож байгаа байх аа?
-Ойн бэлтгэл ажил хэдийнэ эхэлчихсэн шүү дээ. МАН-ын Удирдах зөвлөл маш том төлөвлөгөө боловсруулсан гэсэн. Надаас санал авсан. Төрөл төрөгсөд бид ч нэлээд зүйл төлөвлөөд, ажилдаа ороод байна. Чадвал ургийн наадам ч хийчих санаатай. Монголын эмэгтэйчүүдийн холбоо ч бэлтгэл ажилдаа орсон сурагтай.
-Та жанжинтай холбоотой олон үйл явдалд оролцож байсан байх даа?
-Хамгийн анхных нь аавтайгаа Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Гүн булагт жанжны хөшөөний сууринд хадаг, дугуй булантай цай тавихаас эхлээд жанжны хүү С.Галсантай нэрэмжит газрууд, албан байгууллагуудаар явж, олон арга хэмжээнд оролцож байсан даа. Жанжны хөшөөг хүрэлдэх асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилж, хөрөнгө мөнгийг нь шийдвэрлүүлж, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын бунхныг зөөвөрлөх арга хэмжээнд оролцож явлаа. Бунханд байсан хоёр шарилыг чандарлаад Алтан өлгийд залж, төрийн хамгаалалтад авсан. Д.Сүхбаатарын шарилыг дөрвөн удаа зөөсөн юм гэсэн. Бунханд байсан шарилаас нь дөрвөн яс л гарсан. Ах дүүс, нутаг оронд нь жанжны чандрыг өгсөн. Орон нутагт босгосон суварганд нэлээдийг нь хийсэн дээ. Бунхныг зөөвөрлөсөн өдөр том хүлээн авалт болсон юм. Тэнд манайхан, Ж.Самбуу даргынхан их олуулаа, харин Х.Чойбалсангийн ах дүүс их цөөхөн байсан.
-С.Галсан гуайнд амьдарч байсан дурсамжаасаа хуваалцаач?
-Ахынх маань тэр үед “Ямбатны ягаан” гэж нэрлэгдсэн байранд байсан юм. Би аравдугаар анги төгсөөд МУИС-д сурч байсан үе. Манай орцонд нэгдүгээр давхарт МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Алтангэрэл, ШУА-ийн ерөнхийлөгч Б.Ширэндэв, генерал Бавуу нарынх байлаа. Тэдэнтэй айлсаж, сайд нарын дэлгүүр, эмнэлгээр үйлчлүүлж, тэр үеийн нэлээд тооны партизан, улсын баатар, ахмад дайчидтай танилцан, яриа хөөрөө, дурдатгалыг нь сонсож байлаа. Чамд нэг сонирхолтой зүйл ярих уу.
-За тэг?
-Та нар жанжин малгайг мэднэ дээ. Яагаад тэгж нэрлэсэн нь сонин санагддаг юм. Учир нь энэ малгайг жанжин хэзээ ч толгой дээрээ тавьж үзээгүй юм шүү дээ. Тэрээр саравчтай тоорцог, отго жинстэй малгай л өмсөж байсан юм билээ. Ардын зураач Ү.Ядамсүрэн гуайн зурсан уран сайхны зурагт л тийм малгайтай байдаг. Мань хүн жанжнаа гоё харагдуулах гээд л сэтгэж зурсан юм билээ. Гэтэл манайхны бөхчүүд, сур харваачид, эр эмгүй л өмсөх болж дээ. За за, үг олдож үхэр холдлоо. Ярилцлагаа өндөрлөх үү дээ.
-Танд баярлалаа.
Г.Сонинбаяр
Эх сурвалж: Монголын үнэн сонин 003/24534/