Дэлхийн эдийн засгийн чуулган цар тахлын тасалдлын дараах анхны уулзалтаа хийлээ. Давосын чуулган худалдаа, бизнесийн эрх чөлөөг бүрдүүлэх зорилготой даяаршиж буй дэлхийн бэлгэ тэмдэг байсан бол одоо Европ дахь дайны сүүдэр, АНУ, БНХАУ-ын хурцадмал байдлын дор олон улсын хагарал, үндсэрхэг үзэл, өсөн нэмэгдэж буй протекционизмтэй нүүр тулжээ. Швейцарын үзэсгэлэнт байгальтай Давос хотод улстөрчид, бизнесийн удирдагчид, технологийн багш нар, байгаль орчны мэргэжилтнүүд цуглажээ. Энэ жил Давост 100 гаруй улс орон, бүс нутгийг төлөөлж байна.
АНУ-ын 703 хүнтэй баг нийт оролцогчийн 27 хувийг бүрдүүлжээ. Америкийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд худалдааны төлөөлөгч Кэтрин Тай, Ерөнхийлөгч Байдены цаг уурын асуудал хариуцсан тусгай элч Жон Керри, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн администратор Саманта Пауэр нар багтсан. Нийт оролцогчийн гуравны хоёр нь 10 үндэстний төлөөлөл аж. Энэ жил “Их долоо”-гийн нэг л удирдагч оролцсон нь Германы канцлер Олаф Шульц байв. Мөн Бельги, Колумб, Эквадор, Финланд, Грек, Ирак, Солонгос, Мозамбик, Пакистан, Өмнөд Африк, Испани, Зимбабве зэрэг 40 гаруй улсын Төрийн тэргүүн оролцжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлтийн талаар онцолж, бизнесийн удирдагчдад хандан шинжээчдийн бүлгийн гаргасан зарчмуудыг дагаж мөрдөхийг уриалав. Түүнчлэн Хятадын Ерөнхий сайдын орлогч Лю Хэ гадаадын хөрөнгө оруулалтыг сайшааж, гурван жил тахлын тусгаарлалтад орсны эцэст эх орноо дэлхийд нээлттэй гэж зарласныг Олон улсын валютын сангийн дэд захирал Гита Гопинат үүнийг нааштай дохио хэмээн сайшаав.
Чуулганы бас нэг анхаарал татсан асуудал бол Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский төлөөлөгчдөд видео холбоосоор барууны дэмжигчдийг танк, агаарын довтолгооноос хамгаалах ангиудын нийлүүлэлтээ нэмэгдүүлэхийг хүссэн илтгэл. Ингэхдээ Оросын довтолгооноос хурдан хүргэхийг хүсчээ. Зеленский мөн Германы эрх баригчдыг “Ирвэс” байлдааны танкуудаа нийлүүлэхийг хүссэн байна. Ажиглагчид нэг чуулганаар нийлүүлэлтийн сүлжээнд аюул заналхийлж, дэлхийн даяаршлыг бууруулж байгаа дайныг зогсоох эсэхэд эргэлзсэн. Хэрэв Украины мөргөлдөөн 2023 он хүртэл үргэлжилбэл, хөрөнгө оруулалтыг хязгаарласан тодорхойгүй байдал үргэлжилж, үнэ өсөхийн хэрээр дайнаас үүдэлтэй дэлхийн эдийн засгийн хямралаас зайлсхийхэд улам хэцүү болно. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн оролцоог зарим тоймч шүүмжилж байна. Давос олныг нэгтгэх зорилготой байсан бол одоо хагалан бутаргахад шахалт үзүүлж байгааг ч онцолжээ.
Үүний зэрэгцээ геополитикийн өрсөлдөөн, технологийн салалт, протекционизм нь дэлхийн бизнес, улс төрийн дүр төрхийг улам бүр өөрчилж, болзошгүй эрсдэл, үр өгөөжийг бий болгож буйг оролцогчид онцолжээ. Давосын долоо хоногийн онцлох эшлэлээс дурдвал,
“Pfizer”-ийн гүйцэтгэх захирал Альберт Бурла дэлхий дахин эрүүл мэндийн дараагийн хямралд бэлэн биш байна. Цэвэр эрчим хүчний татаас санал болгох АНУ Европын холбооны өрсөлдөөн нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүчин чармайлтыг хурдасгана гэж НҮБ-ын дээд албан тушаалтан хэлэв.
Жолоочгүй ачааны машин үйлчилгээнд нэвтэрнэ гэж “Volvo Trucks”-ын технологийн хэлтсийн дарга таамаглаж байна.
Олон улсын банкуудад учирч буй санхүүгийн эрсдэлийг дутуу үнэлж байгааг Олон улсын валютын сангийн захирал дурджээ.
Лондоны “Хитроу” нисэх онгоцны буудлын гүйцэтгэх захирал оны эцэс хүртэл дэлхийн аялал хэвийн байдалдаа орохгүй гэж мэдэгдэв.
Давосын ёс зүйг өөрчилж байна
Барууны либерал ардчилал, чөлөөт зах зээлийн капитализм бүхнийг эзэмшдэг гэсэн үзэл ноёрхож байсан Хүйтэн дайны дараах үе дууслаа. Энэ бол Давосын ёс зүй байсан юм. Харин одоо шинэ бодит байдалд шилжих ёстойг анхааруулж байна. БНХАУ-ын цэрэг, эдийн засгийн өсөлт өсөхийн хэрээр дэлхийн төв АНУ-аас холдож байгаа ч олон улсын өөр тогтолцооны хэлбэр тодорхойгүй байна. Өнгөрсөн жилийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн Бразилын жагсагчид Конгресс руу дайрсан нь АНУ-ын Капитол руу хийсэн дайралтаас үлгэрлэж дэлхий өөрчлөгдсөний нэг хэмжүүр юм. Дижитал аюулгүй байдал, хүртээмжтэй байдал нь энэ жилийн Давосын гол сэдэв байх болно. Барууныхан Хятадаас нүүр буруулсан нэг шалтгаан нь мэдээлэл алдагдахаас болгоомжилж байгаа явдал юм. Технологийн үсрэлт нь нийгмийн ядуу хэсгийг хэрхэн хүчирхэгжүүлж болдгийг Энэтхэг улс харуулж байна. Одоо 1.3 тэрбум орчим хүн амтай тус улс дижитал ертөнцөд хэдийнэ танил болсон бөгөөд банкны бүх үйл ажиллагааг онлайнаар хийдэг нь энгийн үзэгдэл болжээ. “Өнөөгийн дэлхийн дэг журмыг хэн ч хүсэхгүй” гэж энэ онд 20-ийн бүлгийг даргалж буй Амитабх Кант ярьжээ.
Эрх мэдлийн томоохон шилжилтүүд тайван байх нь ховор. Дэлхийн хамгийн хүчирхэг улс болох АНУ болон түүний залгамжлагч БНХАУ хоёрын хоорондох хурцадмал байдал нь гайхмаар зүйл биш. Сөргөлдөөн нь бусад улс орнуудаас тал сонгохыг шаарддаг. Гэвч олонх нь үнэнч байхаа илүүд үзэж, хоёртын хувилбараас татгалзаж байна. Энэтхэг бол ардчилал эрчимтэй төдийгүй Хятадтай хиллэдэг, зохицуулагч улс бөгөөд АНУ-тай улам бүр ойр холбоотой. Хүн төрөлхтний гуравны нэгээс илүү нь тэр хилийн хоёр талд амьдардаг. Энэтхэг бол барууны корпорацууд Хятадыг тойрч гарах нийлүүлэлтийн сүлжээг баталгаажуулахын тулд үйлдвэрүүд барьж байгаа Азийн хэд хэдэн орны нэг юм. Эдгээр компани хэзээ ч хурцдаж болзошгүй АНУ-Хятадын байдалд өртөмтгий байхыг хүсэхгүй байна.
Ерөнхийлөгч Владимир В.Путин Украины түрэмгийллийг зөвтгөхийн тулд үүнтэй ижил санаархлыг ашигласан. Ирэх сарын 24-нд Оросын түрэмгийллийн нэг жилийн ой болно. Ерөнхийлөгч В.Путин бодлогогүй мөрийтэй тоглоом, цэргийн удаа дараа бүтэлгүйтлээ ямар нэгэн хэлбэрийн “ялалт” гэж харуулах ёстой бол В.Зеленский ард түмнийхээ баатарлаг золиослолоор хамгаалсан газар нутгаа өгөхгүй гэж тэмцэнэ. Гол дүрүүд нь ядарсан үед дайн дуусдаг. ОХУ, Украин тэр цэгт хүрээгүй байна. Цэргийн ажиллагааны эхэн үед хүмүүс дэлхийн гуравдугаар дайнаас айж байв. Мөргөлдөөн одоо дэлхийн нэгдүгээр дайн шиг харагдаж байна.
Барууны орнуудаас гадуур дайны талаар дэлхий нийтийн зөвшилцөлд хүрээгүй байна. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны тэмдэглэснээр, “хүн ам зүйн хувьд” дэлхийн дийлэнх нь дайнд төвийг сахисан буюу эсэргүүцэж байгаа нь барууны дэг журамд дургүйцэл, хардлага сэрдлэгийн тусгал нь ихэвчлэн хоёр нүүртэй эсвэл хувиа хичээсэн гэж үздэг. АНУ-ын нэгэн адил Бразилд босогчид эцэстээ ялагдсан. Ардчилсан шилжилтүүд явагдсан. Байдены засаг захиргааны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан “Бразилын ардчилсан институцийг дэмжих бидний дэмжлэг гуйвшгүй байна. Бразилын ардчилал хүчирхийлэлд ганхахгүй” гэж жиргэжээ
Украины ардчилал, тусгаар тогтнолдоо харгис хэрцгий хандсан нь зөвхөн ОХУ-ын түрэмгийллийн үеэр л бэхэжсэн. Энэ бол Оросын удирдагчийн өнгөрсөн нэг жилийн хугацаанд авах ёстой гашуун сургамжуудын нэг юм. Өөрөөр хэлбэл, В.Путин оршин тогтнолоо үгүйсгэж байсан Украины ард түмнийг хэмжээлшгүй хүчирхэгжүүлсэн.
Тэрбумтнууд дэлхий өөрчлөгдсөнийг харууллаа
Дайн, өвчин эмгэг, инфляцын өсөлтийн улмаас эрх мэдлийн төвүүдийг өөрчилж, зочид, төлөөлөгчдийн жагсаалт ч өөрчлөгджээ. Товчхондоо, дэлхийн шинэ дэг журам бодит болсныг Давос харууллаа. Цар тахал, Украины дайн, автократлалын хандлага, эдийн засгийн тэгш бус байдал Давосын чуулганы ач холбогдлыг сорьж байна. Сонирхуулахад, 116 тэрбумтан оролцохоор бүртгүүлсэн нь 10 жилийн өмнөхөөс 40 хувиар өссөн үзүүлэлт байв.
Энэ жилийн дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад ОХУ-ын магнатууд оролцоогүй. Оросын тэрбумтнууд Давост олноороо цугладаг байсан цаг саяхан. Оросуудаас гадна БНХАУ төлөөлөгчөө илгээсэнгүй. Тус улс хилээ нээсэн ч ковидын тохиолдол нэмэгдсэн. Хятадын хөрөнгийн зах зээл 2022 онд тэрбумтнуудынхаа хөрөнгөөс 224 тэрбум ам.долларыг хороосон хэвээр байна. Давост эзгүйрсэн ОХУ, БНХАУ-ын орон зайг Персийн булангийн орнууд нөхөхөөр хичээж эхэлсэн. Газрын тосны ханшийн өсөлтийн ачаар олз омогтой бүс нутаг болсон Персийн булангийн улсуудын тэрбумтнуудын тоо нэмэгджээ.
Давост тогтмол оролцоотой байдаг Энэтхэгийн 13 тэрбумтан 2023 оны эдийн засгийн чуулганд оролцсон. Тэдний дунд нүүрсний магнат, төрөлжсөн аж үйлдвэрч Гаутам Аданийн хөрөнгө өнгөрсөн онд 44 тэрбум ам.доллароор өссөн байна. Тэрбээр одоогоор тэрбумтнуудын индексээр дэлхийн дөрөв дэх хамгийн баян хүн юм. АНУ-ын “JPMorgan Chase & Co” -ийн Гүйцэтгэх захирал Жэйми Даймон, “BlackRock Inc.”-ийн Ларри Финк, “Blackstone Inc”-ийн Стив Шварцман тэргүүтэй 33 тэрбумтан оролцов. Альпын нурууны цанын баазад болсон ч Европоос ердөө 18 тэрбумтан оролцохоор бүртгүүлжээ. Эдийн засгийн хямралд нэрвэгдсэн Их Британиас ирсэн цорын ганц тэрбумтан нь Лондонд төвтэй, гангийн аварга “ArcelorMittal” компанийн Лакшми Миттал байв.
Х.ЭРДЭНЭЗАЯА
Эх сурвалж: Монголын үнэн сонин №003/24534/