“Margad and Anand” хэмээх шинэхэн зурагт цуврал ном хэвлэгдэн гарлаа. Бид гадаад орны хүүхдийн шилдэг зохиолч, зураачдын бүтээлүүдийг эх хэлнээ хөрвүүлэн буулгаж бяцхан уншигчдынхаа хүртээл болгосоор иржээ. Харин сүүлийн жилүүдэд дотоодын уран зохиол, хүүхдийн зурагт номын салбарт түлхүү анхаарах болсон. Үүнд жишиг болохуйц нэгэн бүтээл шинээр хэрэгжиж эхэлсэн нь уг цуврал зурагт номын төсөл юм.
Учир нь “Margad and Anand” цуврал номууд англи хэлээр бичигджээ. Уг номын зохиогч Ү.Мөнхзул гадаад улс оронд англи хэлээр бүхий л хичээл номоо үзэж, эрдэм мэдлэгт шамдахын зэрэгцээ ирээдүйн хүсэл мөрөөдлөө тодорхойлж, цаг ямагт суралцан хөгжиж буй монгол хүүхдүүдийг номынхоо гол дүр болгон сонгож авсан байна. Гол дүрийн хоорондын харилцан яриа, тэдний гэр бүлийн танилцуулга зэрэг нь англи хэл анхлан суралцаж буй бяцхан уншигчдад хамгийн найдвартай багш болох билээ. Түүнчлэн зурагт цувралын зарим хуудаст нуугдан зогсох өхөөрдөм ногоон унага бяцхан уншигчдыг Маргад, Ананд хоёрын гэр бүл, найз нөхөдтэй танилцуулахаар цаг ямагт чиглүүлж байх шиг сэтгэгдэл төрүүлнэ.
Уг ном нь цаашид агуулгаас гадна хэл ярианы хувьд улам баяжиж хорь хүртэлх цуврал хэвлэгдэх агаад эхний гурван дэвтэр нь “The Lovely family” буюу гэр бүлийн танилцуулга, “Where is it?” ба юмсын байршил, “Greetings” буюу мэндчилгээ зэрэг сэдэвт зангидагдаж уншигчдад хүрчээ.
Судалгаанаас үзэхэд хүүхэд бага насандаа номын гол баатрын үйл явдлыг сонирхож эхлэхийн зэрэгцээ сэтгэл хөдлөлд нь өөрчлөлт ажиглагддаг байна. Дөнгөж хэлд орсон хүүхэд “Энэ юу вэ” гэсэн асуултыг тавьж эхлэхээс авхуулан түүнд зурагт ном үзүүлж ажиллахад сайн үр дүн гардаг ажээ.
Тиймээс ч “Margad and Anand” англи цувралын гол дүрүүдтэй хамт аялаж, тэдний гэр бүл, найз нөхөдтэй танилцах нь хэл сурахаас гадна монгол ёс заншлын талаар багагүй мэдлэгийг олж авна.
Энэ нь дан ганц өөрийн орны бус англи хэлт гадаад уншигч хүүхдүүдэд монгол орныхоо ёс уламжлал, аж төрөхүйн хэв маягийг таниулан сурталчлах соёлын элч төлөөлөгчийн үүргийг давхар гүйцэтгэж буй явдал билээ.
Г.Сонин