“Үндсэн хуулийн Цэц хэний төлөө байв”


Монгол Улсын Үндсэн хуулийн  өдөр шинэ ном  мэндэллээ.  Тодруулбал, хуульч Ү.Амарбат, Б.Ариунтуяа нарын хамтран бичсэн “Үндсэн хуулийн Цэц хэний төлөө байв”  номын нээлт  энэ сарын 13-нд  боллоо.  Зохиогчдын хувьд энэ  ном нь анхных бөгөөд  өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн Цэцээс гаргасан хамгийн дуулиантай гэсэн 16 шийдвэрийг онцлон авч, номдоо багтаажээ. 

Түүнчлэн жирийн иргэдэд хамгийн их хамаарал бүхий байсан шийдвэрүүдийг ч мөн онцлон авсан байна. Ингэхдээ Цэцээс гаргасан дээрх шийдвэрүүдийг энгийн, ойлгомжтой үг хэллэг ашиглан бичсэн төдийгүй жирийн уншигчдад зориулсан гэдгээрээ онцлогтой бүтээл болжээ. Учир нь  аливаа шүүхийн шийдвэр нь хуулийн үг хэллэг ихтэй, уншихад шууд ойлгогддоггүй зэрэг асуудалтай байдаг учраас иргэд хуульчдаар  тайлбарлуулж байж ойлгох тохиолдол ч гардаг. Тийм учраас Цэцийн шийдвэрийг хүссэн бүхэн  уншиж, ойлгох, үр дагаварыг нь тунгаан бодох боломж олгоно гэдгээрээ энэ ном онцлогтой болжээ.  Товчхондоо,  “Цэц хэний төлөө  байв” ном онолынх биш бөгөөд  1992 оны Ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойших хугацаанд Үндсэн хуулийн Цэцээс гаргаж байсан олон нийтийн дунд хамгийн их маргаан дагуулсан шийдвэрүүдийг  сонгож авсан гэдгийг зохиогчид онцолж байлаа. 


Номын зохиогч, хуульч Ү.Амарбатын хувьд хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй, 2012 оноос “Отгонтэнгэр” их сургуулийн Хууль зүйн сургуульд багш, 2014 оноос хуульч, өмгөөлөгчөөр ажиллаж байгаад өдгөө ЗГХЭГ-т ажиллаж байгаа юм.  Харин Б.Ариунтуяагийн хувьд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн,  2020 оноос Монголын хуульчдын холбооны гишүүн, хуульчаар ажиллаж байгаад өнгөрсөн оноос Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгчөөр ажиллаж байгаа ажээ.  “Цэц хэний төлөө байв” номын редактороор  ОТИС-ийн зөвлөх багш,  Үндсэн хуулийн Цэцийн гишүүн асан, доктор, профессор Д.Наранчимэг ажиллажээ.

Түүнчлэн  тус номд онцолсон Цэцийн 16 шийдвэрийн талаар бичих явцад хуульч О.Мөнхсайхан, А.Бямбажаргал нарын хууль зүй болон онолын үүднээс бичсэн дүгнэлт, өгүүлэлд түшиглэн номоо бичсэн гэдгийг зохиогчид тодотгож байв. Номын нээлтэд  ОТИС-ийн үүсгэн байгуулагч доктор, профессор Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Хууль зүйн дэд сайд асан В.Удвал,  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан А.Ариунзаяа нараас гадна хуульч, өмгөөлөгчдийн төлөөлөл хүрэлцэн ирсэн байлаа. Үндсэн хууль батлагдсанаас хойш Цэц өөрийн үнэт зүйлээ хамгаалж чадсан уу, нөлөөллөөс ангид байсан уу, хэний талд ажиллах ёстой вэ, үүргээ гүйцэтгэж чадаж байна уу зэрэг асуултад “Цэц хэний төлөө байв” ном хариулт өгнө гэдгийг зохиогчид нь тодотгож байна.   Номын нээлтийн үеэр зохиогч, хуульч Ү.Амарбатаас зарим асуултад хариулт авлаа.


 -Үндсэн хуулиа баталсан өдөр шинэ номынхоо нээлтийг хийж байгаа нь тохиолдлынх биш болов уу. Ном бүтсэн түүхээс сонсъё?

-Өнөөдөр бол Монгол Улс  шинэ Үндсэн хуулиа баталсан өдөр. Бид энэ өдрийг үргэлж санаж, эргэцүүлж явах учиртай түүхэн өдөр юм. Тийм ч учраас энэ өдөр номынхоо нээлтийг хийхээр шийдсэн. Үндсэн хуулийн шүүх болсон Цэцийн шийдвэртэй холбоотой  ном бичсэн учраас Үндсэн хуулиа баталсан өдрөөс өөр ямар өдөр нээх билээ гэж ярилцаад өнөөдөр нээлтээ хийж байна.  Хүн төрөлхтөн 1787 онд АНУ-д анх удаагаа Үндсэн хууль гэдэг баримт бичигтэй танилцсан байдаг. Ингээд Үндсэн хууль батлагдсантай зэрэгцээд нэг том асуудал үүссэн нь энэ хуулиа хэрхэн, яаж хамгаалах вэ. Үндсэн хууль зөрчиж байгаа хүн, институтийг хэрхэн хязгаарлаж, хазаарлах вэ. Үндсэн хууль хэрэг дээрээ хэлбэр төдий биш, бодитоор оршин тогтнодог бичиг баримт  хэрхэн байх вэ гэдэг эрэл хайгуулд хүн төрөлхтөн гарсан байдаг. Ингээд 1803 онд АНУ-ын  Дээд шүүхээс хэрэг маргаан шийдэж байхдаа Үндсэн хуультай зөрчилдсөн хууль бол оршин тогтнох боломжгүй гэдэг шийдвэрийг анх удаа гаргасан. Дараа нь Австрид Үндсэн хуулийн шүүх байгуулагдсан, дараа нь Үндсэн хуулийн зөвлөл байгуулагдсан. Ингээд 1992 оны Үндсэн хуулиа баталсны дараа Монгол Улсад Үндсэн хуулийн Цэц гэдэг байгууллагыг бий болгосон байдаг.  Цэц бол бүхэлдээ Үндсэн хуулиа хамгаалах, хяналтын зорилго бүхий байгууллага. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Үндсэн хуулийн хяналтын байгууллага өөрөө олон сорилтод орж байсан. Шийдвэр нь олон талт байдлаар гардаг, үүнийгээ дагаад аливаа шүүмжлэлд өртдөг.  Улмаар энэ байгууллага хэний төлөө байна вэ гэдэг асуулттай ч тулгардаг болсон. Тийм ч учраас Цэцийн шийдвэрийн тухай тухайлан бичье гэж зорьсон.

-Ном бичихдээ хэнд, юу ойлгуулахыг зорив?

-Үндсэн хуулийн Цэц гэдэг байгууллагын зориулалт юу юм,  тэндээс  шийдвэр гаргадаг механизмын тухай олон нийтэд энгийн байдлаар ойлголт өгөхийг зорьсон. Түүнчлэн  яг энэ цаг үед Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг  хийх эсэх томоохон хэлэлцүүлэгтэй зэрэгцэн  гарч байгаагаараа энэ ном онцлогтой юм. Энэ утгаараа хэрвээ Үндсэн хуулийг өөрчлөхөд хүрвэл  Үндсэн хуулийн Цэцийг илүү хариуцлагатай, мэргэжлийн байхын  зэрэгцээ илүү хүний төлөө ажиллаж чаддаг байгууллага болгохын төлөө өөрчлөлт нь чиглэх учиртай юм шүү гэдэг мессэж өгөхийг зорьсон.  Манай улсын Үндсэн хуулийн Цэцийн хөгжиж байгаа дүр зургийг харахаар  төрийн эрх мэдлийн маргаан шийдвэрлэдэг байгууллага  болчих гээд байх шиг, тэр тал руугаа яваад байгаа нь харагддаг. Энэ бол  тийм ч сайн тал биш. Цэц бол хэн нэгэн дарга нарын маргааныг шийдвэрлэдэг байгууллага биш. Харин Цэц иргэдийнхээ Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхийг хамгаалж байдаг, үндсэн эрхийг нь зөрчсөн аливаа шийдвэрийг цуцалж, хүчингүй болгож байдаг хүний үндсэн эрхийг хамгаалдаг гол байгууллага байх ёстой. Дэлхийн улс орнуудын Үндсэн хуулийн шүүх ч илүү энэ чиглэл рүүгээ ажилладаг.   Хэн нэгэн хэсэг бүлгийн бус нийтийн эрх ашгийн төлөөх байгууллага байх ёстой гэдэг  мессэж, агуулгаар номоо бичсэн.

-Цэцээс гаргасан маш олон шийдвэр бий. Тэдгээрээс 16-г сонгож авсан нь ямар учиртай вэ?

-Цэцээс гаргасан хүний эрхтэй холбоотойгоор гаргасан, хамгийн дуулиант шийдвэрүүдийг сонгож авсан.  Жишээлбэл, сонголт хийх явцад Цэцээс гаргасан шийдвэрийн дийлэнх нь улс төрийн маргаан байгаад байсан. Гэтэл үүний цаана хүний эрхтэй холбоотой олон маргаан, шийдвэр байдаг. Жишээлбэл, хүүхэд жагсаал цуглаанд оролцож болдоггүй хуультай байсан. Тиймээс хүүхдийг жагсаал цуглаанд оролцуулахгүй гэсэн нь Үндсэн хууль  зөрчжээ гэдэг гомдлыг иргэний зүгээс гаргаад Цэц шийдвэрлэж  байсан удаатай. 60 нас хүрсэн хүн хүүхэд үрчилж болохгүй гэсэн утга бүхий хууль нь Үндсэн хууль зөрчсөн байна гэх гомдол гараад  Цэц хянан  хэлэлцсэн байдаг. Мөн ипотекийн зээлтэй хүн  байраа бусдад түрээсэлж, барьцаалах тохиолдолд заавал банкнаасаа зөвшөөрөл авна гэсэн заалтыг Цэц хэлэлцэж байсан удаатай. Энэ мэтээр иргэдийн үндсэн эрх зөрчигдсөн олон маргааныг Үндсэн хуулийн Цэцээс хэлэлцээд шийдвэр гаргадаг. Эдгээрийг судалж, олон нийтэд таниулж мэдүүлэх зорилгоор сонгон авсан. Нөгөө талаас мэдээж улс төрийн томоохон маргаан олон бий. Тухайлбал, Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой Засгийн газрын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн  үү үгүй юү. УИХ-ын даргаар ажиллаж байсан Ц.Нямдорж гуай хууль зассан уу үгүй юү. 1999 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан процессыг мөн сонгож авсан. Түүнчлэн 1992 оноос хойш явуулсан сонгуулийн тогтолцоог 2012 онд анх удаа холимог тогтолцоогоор явуулсан. Тэр үед холимог тогтолцоо нь Үндсэн хууль  зөрчсөн эсэх талаар маш олон иргэн Цэцэд гомдол гаргасан байдаг. Энэ үед Цэцээс Үндсэн хууль зөрчөөгүй гэдэг шийдвэр гаргасан. Гэтэл 2016 онд Цэц “Холимог тогтолцоо Үндсэн хууль зөрчсөн байна” гээд дүгнэчихсэн.  Түгээр ч зогсохгүй яг энэ номоо бичиж байх хугацаанд буюу өнгөрсөн наймдугаар сард  Цэцээс “Холимог тогтолцоо Үндсэн хууль зөрчөөгүй байна”  гээд шийдчихсэн. Нэг асуудлаар, өөр өөр цаг хугацаанд гурван өөр шийдвэр гаргачихаж байгаа юм. Энэ асуудал, агуулгад бид дүн шинжилгээ хийж бичсэн ном гэж ойлгож болно.

-Номын нэр “Цэц хэний төлөө байв”. Та бүхэн Цэцийн 16 шийдвэрийг задлан шинжлэх явцад Цэц хэний төлөө байж вэ, хариултаа хэрхэн олов?

-Эдгээр шийдвэрийг уншихад Цэц зарим тохиолдолд мөн чанартаа буюу Үндсэн хуульд үйлчлэх үүргээ 100 хувь биелүүлж чадсан уу  гэх асуулт тавихад хүргэсэн шийдвэр цөөнгүй байсан. Гэхдээ дийлэнхдээ хүний эрхээ хамгаалсан, хангасан шийдвэрийг гаргадаг. Харин цаашдаа хүний, иргэний эрхийн төлөө, Үндсэн хуулиа хамгаалахын төлөө, Үндсэн хуульт ёсоо хамгаалах чиглэлд явах ёстой гэдэг дүгнэлтийг л хийж байгаа юм.

М.ӨНӨРЖАРГАЛ

Эх сурвалж: Монголын үнэн сонин 003/24534/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22