Европын сонгодог урлагийн өлгий Италийн Болонья хотод ажиллаж, амьдардаг уран барималч Э.Бэхбаатартай ярилцлаа. Цаг хугацаа алсрахын хэрээр эд зүйл, оршихуй бүр шинэ ач холбогдол, шинэ үүрэг хүлээж анхны утгаа алддаг. Хэдийгээр оршихуй өөрчлөгдөж болох ч обьект, биеийн мөн чанар хэвээрээ байна. Үүнийг л уран баримлаар дүрслэн үзүүүлэхийг Э.Бэхбаатар зорьдог аж.
-Болоньягийн академид суралцсан тухай дурсамжаас ярилцлагаа эхэлье. Ямар тохиолоор энэ сургуульд элсэж суралцав?
-Би 2014 онд 19 настайдаа дүрслэх урлагийн чиглэлээр суралцахаар Итали улсын Болонья хотод ирсэн. Хүссэн мэргэжлээрээ суралцсан учир цаг хугацаа нисээд өнгөрчээ. Таны хэлснээр тохиолоор энэхүү академид элссэн. Шалгалт өгөөд тэнцээд л орсон доо. Урьдчилсан зорилго, төлөвлөгөө байгаагүй. Гэхдээ дүрслэх урлагийн чиглэлээр сурах эрмэлзэлтэй байсан.
-Итали хэлийг хэрхэн сурав?
-Эх орондоо итали хэлний дамжаанд суралцсан. Энд ирээд дахин сурсан. Одоо ч судалж байна.
-Уран баримал таныг юугаараа татсан юм бэ. Дүрслэх урлагийн бусад төрлөөр дагнаж болох байсан шүү дээ?
-Би юу хийж чадах вэ гэж өөрөөсөө асуудаг байсан. Баримал хийж байхдаа сэтгэл ханамж авдаг. Цаашид зөвхөн баримлаар дагнах бодолгүй байгаа. Огцом биш ч бага багаар судалгаа хийж, өөрчлөгдөх боломжтой.
-Европын урлагийн нэгэн төвд боловсрол эзэмшихийн давуу талаас дурдана уу?
-Сурах, судлах мэдээлэлтэйгээ ойр байдаг. Багш нарын ярьсан, хичээл дээр үзсэн уран бүтээлчийнхээ үзэсгэлэн заримдаа очоод үзэх боломжтой. Бусдаар бол заавал мэргэжлийн хичээлүүд хаана ч адилхан ордог байх.
-Таны бүтээлийг ажиглаж байхад морины баримал нэлээд байсан. Гэхдээ европчуудын дүрслэлээс арай ондоо монгол хэв шинжтэй санагдсан?
-Би амьтдын дүрс, дүрслэлийг бүтээлдээ түлхүү ашигладаг. Гэхдээ бодит дүрслэл гэхээсээ илүү бэлгэдлийн чанарыг нь чухалчилдаг. Тэр утгаараа археологийн олдвор болон соёл, түүхийг дэлгэрүүлж судлах дуртай. Монголынхоо төдийгүй дэлхийн соёлыг сонирхон уншдаг.
-Магадгүй анх Болонья хотын урлагийн академийнхан таныг монгол гэдэг утгаар арай “жижгэрүүлж” харж байсан уу. Та тэнд өөрийгөө яаж тунхагласан бэ?
-Тийм хандлага гаргаагүй. Найзалж нөхөрлөөд, сурч боловсроод, уран бүтээлээ туурвиад л явсан.
-Контемпорари урлагтаа үнэнч байх уу. Монголчууд бодит, үндэсний домгоос сэдэвлэсэн сонгодог бүтээлд дуртай. Та реалист чиглэлээр бүтээл туурвиж байна уу?
-Уран бүтээлч хүн бүтээл туурвихаасаа өмнө өөрийгөө олсон байх ёстой. Уран бүтээлчийг ганцхан бүтээлээр нь дүгнэх боломжгүй шүү дээ. Өөрийн гэсэн шинж, төрхөө олох нь чухал. Контемпорари бүтээлүүд туурвиж байгаад реалист руу шилжих нь өнөөдөр рок маргааш сонгодог хөгжим тоглохтой адил.
-Магтаал, шүүмжлэлийг бишгүй л сонсдог байх. Хамгийн сайн тусгаж авсан үгийг хэн хэлсэн бэ?
-Магтаалыг талархаж хүлээж авдаг. Шүүмжлэлийг аль болох ойлгох гэж хичээдэг. Нэг үгээр амьдралыг өөрчлөхөд хэтэрхий төвөгтэй. Хэн нэгнээс үг сонсох хэрэгтэй болбол ээжтэйгээ ярилцдаг.
-Европыг байлдан дагуулах том мөрөөдөл байдаг уу?
-Юуг ч байлдан дагуулах бодолгүй явдаг. Бүтээлдээ анхаараад явж байхад болно доо.
Х.ЭРДЭНЭЗАЯА
Эх сурвалж: Монголын үнэн сонин №003/24534/