Б.Бат-Эрдэнэ: Монгол Улс энэ онд нэг сая жуулчин хүлээн авах бүрэн боломжтой

unen
5 цагийн өмнө

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Монгол Улс 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Цар тахлын дараах аялал жуулчлалын сэргэлтийн жил гэдэг утгаараа кампанит ажлыг өрнүүлж байх шиг байна. Энэ хүрээнд салбарын яам бодлогын ямар ажлыг хийж, хэрэгжүүлж байна вэ?
-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх томоохон бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Ингэхдээ Монгол Улсын төсвийг бүрдүүлэх гол багана болсон уул уурхайн салбараас гадна хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарыг оруулах ёстой гэж үзсэн. “Ковид”-оос үүдэлтэйгээр аялал жуулчлалын салбар хоёр жилийн хугацаанд унасан. Тийм ч учраас Монгол Улсын Засгийн газраас шийдвэр гаргаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн оны хоёрдугаар сарын 14-нд Монгол Улс бусад улсад хилээ нээснийг зарласнаар манай улс жуулчдыг хүлээн авч эхэлсэн. 

Хэдийгээр манай улс ингэж хилээ нээсэн ч бусад орон нээгээгүй нь үр дүнд тодорхой хэмжээнд нөлөөлсөн л дөө. Энэ тухайд тоо баримт дурдахад “Ковид”-ын өмнө манай улс 577 мянган жуулчин хүлээн авч байснаас БНХАУ-аас 168 мянга, ОХУ-аас 130 орчим мянган жуулчин ирж байсан. 577 мянгаас 290 орчим мянга нь урд, хойд хөршөөс орж ирсэн гэсэн үг. Цар тахлын дараачаас Засгийн газар маш эрчимтэй ажилласан. Үүний хүрээнд агаарын тээврийн либералчлалыг хэсэгчилсэн байдлаар эхлүүлсэн. 

Эхний ээлжид БНСУ-ын талтай зөвшилцсөнөөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тийз түүхэндээ байгаагүй доод үнээр буюу нэг сая төгрөгөөр гарлаа. БНСУ-аас ирэх жуулчдыг мөн визгүй болгосон. Энэ шийдвэр жуулчдын урсгалыг татахад нөлөөлсөн гэж үзэж байгаа. Монгол Улс хилээ нээсэнтэй холбоотойгоор аялал жуулчлалын бодлогыг тодорхойлж, тавьсан зорилтоо олон нийтэд зарлахдаа 2019 он буюу “Ковид”-ын өмнөх жилийн аялал жуулчлалын 40 хувьд хүргэх ёстой гэж зорьсон. Энэ зорилтоо дүгнээд 2022 оны арванхоёрдугаар сард бүх мэдээллээ нэгтгэж үзэхэд 300 мянган жуулчин хүлээн авсан байна. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын хил хаалттай буюу 2019 онд БНХАУ-аас орж ирсэн 168 мянган жуулчин байхгүй байхад ийм дүн гарсан гэсэн үг. Энэ агуулгаар нь үзвэл бид өнгөрсөн онд тавьсан зорилтоо 100 хувь биелүүлсэн гэж харж байгаа.

-Аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд энэ жил нэг сая, ирэх жилээс 1.5 сая жуулчин хүлээн авахаа зарласан. Энэ хэр бодитой тоо вэ, энэ жил нэг сая жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлж чадсан уу?

-2023 оны төсөв, төлөвлөгөө, стратегийг тодорхойлохдоо бид нэг сая жуулчин хүлээн авна гэж тодорхойлсон. Бидний харж байгаагаар одоогоор 650 орчим мянган жуулчин хүлээн авах тооцоолол бодитоор харагдаж байгаа. Тиймээс 2019 оны хэмжээнд 100 хувь хүрнэ гэсэн үг. Сая жуулчны тухайд бид нэмэлт байдлаар буюу стратегийн хүрээнд нэгдүгээрт, агаарын тээврийн либералчлалыг бүх газарт хийе гэж байгаа юм. Тухайлбал, гурван жилийн хугацаанд Монгол Улс бүх чиглэлийн онгоцыг шууд хүлээн авдаг системд шилжинэ. Энэ бол жуулчдын урсгал нэмэгдэх нэг бололцоо. 

Нөгөө талдаа бид БНСУ, Япон улс руу чиглэсэн бодлого явуулж байна. Япончууд зөвхөн “Japan airlines”-аар нисэж байна, нисэх ч дуртай байдаг. Манай улсаас МИАТ, “Аэро Монголиа” компани Японы чиглэлд нислэг үйлдэж байгаа ч тухайн онгоцонд суудаг япон жуулчны тоо маш цөөн. Тэгэхээр бид энэ тухайд яриа хэлэлцээр хийж, “Japan airlines”-тай эцэслэн тохирсноор ирэх зургадугаар сараас Монгол-Японы хооронд нислэг үйлдэхээр болсон. Эдгээрийн үр дүнд жуулчдын тоо нэмэгдэх учиртай. Үүний зэрэгцээ бид Туркийн Соёл, аялал жуулчлалын сайдыг Монголд урьсан. 

Энэ хүрээнд Туркээс орж ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэхээр ярилцсан. Ингэхдээ Туркийн жуулчдад тусгайлан зориулж, Орхоны хөндийд аялал жуулчлалын маршрутыг гаргаж байна. Өнгөрсөн хугацаанд Туркээс ирэх жуулчны тоо 2800 орчим байсан. Тиймээс МИАТ компани “Turkish airlines” хоёрын хооронд код шэйр хийж, “Turkish airlines”-ын онгоцны суудлын болон нислэгийн тоог хязгааргүй болгосон. Энэ боломжийг бид хамтын ажиллагааны хүрээнд сая бүрдүүллээ. Ингэснээр Туркээс Монгол руу өдөр бүр онгоц нисэх, зарим тохиолдолд өдөрт хэд хэдэн ч удаа нисэх боломж бүрдэж байна гэсэн үг. Энэ бол нэг сая жуулчин хүлээн авах бодлогын хүрээнд хийж буй ажлын нэг хэсэг. 

-Монгол Улсад визгүй зорчих орны тоог дахин нэмсэн. Энэ бодлогын хүрээнд Монголд ирэх жуулчдын урсгал хэр нэмэгдэх тооцоолол байна вэ?

-Засгийн газрын хуралдаанаар цаашдаа Европын холбооны улсаас авахуулаад 32 улсыг Монгол Улсад визгүй зорчих ангилалд орууллаа. Энэ утгаараа аялал жуулчлалын салбарт ажиллаж байгаа жуулчны бааз, тур оператор зэрэг үйлчилгээний байгууллагаас авсан тоо шинжилгээнд үндэслээд өндөр хөгжилтэй орнуудыг визнээс чөлөөлье гэдэг шийдвэрийг гаргаж байгаа юм. 

Ерөөсөө аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд, нөгөө талдаа экспортын орлого, эдийн засгийн тэлэлт, улсын төсөвтэй холбоо бүхий л асуудалд аялал жуулчлалын салбараас ДНБ-д эзлэх хувийг нэмэгдүүлэх ёстой гэдэг зорилгынхоо араас бид явж байгаа гэж ойлгож болно. Европын холбооны 32 улсыг визийн ангиллаас чөлөөлснөөр Монголд ирэх жуулчны урсгалыг Европын холбоо чиглэлээс нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа. 

Тээвэрлэгчийн хувьд МИАТ “Turkish airlines” хоёрын хооронд код шэйр хийснээр Европоос Туркээр дамжаад Монгол руу хямд өртгөөр орж ирэх нөхцөлийг бүрдүүлэх буюу онгоцны тийзийн үнэтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх нэг шийдэл нь энэ юм. Түүнчлэн Монгол Улс өмнө нь аялал жуулчлалын нэгдсэн платформгүй байсан бол одоо дэлхийн долоон хэл бүхий платформтой болсон. Ингэснээр гаднын жуулчид өөрсдөө орж үзээд сонголт хийх боломжоор хангалаа. Жишээлбэл, БНСУ-ын жуулчид заавал манай улсад ирснийхээ дараа валют арилжаа хийдэг байсан бол БНСУ-ын тал Монголбанк болон манай БОАЖЯ-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар БНСУ-ын жуулчид Монголд ирээд шууд өөрийн улсын төлбөрийн картаар гүйлгээ хийх боломжийг бүрдүүлж байна. Энэ мэтээр сууриас нь өөрчлөх, дэмжлэг үзүүлэх ёстой бүх боломжийг эрэлхийлэн ажиллаж байна. 

Мөн Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг яаралтай горимоор өргөн барьсан, одоо хэлэлцүүлгийн шатанд явж байна. Дагалдаад Бооцоот морин уралдааны тухай болон Казиногийн хуулийг оруулсан. Манай улсыг морины орон гэдэг ч энэ төрлийн бооцоот аливаа үйл ажиллагаа байдаггүй, эрх зүйн хувьд хаалттай. Тиймээс хуулийг эцэслэн баталснаар шууд энэ ондоо багтаад бооцоот морин уралдааныг явуулж эхлэх боломж, эрх зүйн орчин бүрдэх юм. Энэ хүрээнд морины орон гэгддэг газруудаас болон хонжворт мөрийт тоглоомд дуртай бүлгийг татах зорилготой. Энэ нь мэдээж жуулчдын тоог нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлэх учиртай. Тэгэхээр сая гэдэг бага тоо. Бид энэ тоог нэмэх бүрэн боломжтой. Гэхдээ эхний ээлжид бид сая жуулчнаа хүлээж авъя гэдэг бодлогын үйл ажиллагааг хийж, хэрэгжүүлээд явж байна.

-Салбарын яам жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлд олон талт ажлыг зохион байгуулж байгаа юм байна. Үүний зэрэгцээ хууль, эрх зүйн орчин чухал үүрэгтэй. Аялал жуулчлалын тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. Энэ хуулийн гол концепц юу байх вэ?

-Төр, хувийн хэвшлийн түнш­лэлийг маш сайн илэрхийлж байгаа хууль гэж ойлгох хэрэгтэй. Аялал жуулчлалын салбар бол хараат бус салбар. Тиймээс Аялал жуулчлалын тухай хуулийн гол концепц нь ийм хараат бус суурийг нь бэхжүүлж, төр өөрийн явуулах чиг үүргийг бүхэлд нь болон хэсэгчлэн мэргэжлийн холбоо, аж ахуйн нэгжүүд рүү нь шилжүүлнэ. 

Менежменжийг компани буюу хуулийн этгээд рүү шилжүүлэх заалтуудыг оруулж байгаа юм. Улсын аялал жуулчлалын бүсийг төр гэхээс илүүтэй хувийн хэвшил хариуцах ёстой гэж үзсэн хэрэг. Төр бол хяналтаа л тавина. Тухайн аялал жуулчлалаар байгуулж байгаа отоглох цэг нь байгаль орчин болон зэрлэг амьтанд нөлөөгүй байх ёстой зэрэг хяналтыг төр тавина. Хуулийн этгээдээр эрхлүүлэх асуудлыг Аялал жуулчлалын тухай хуульд цогцоор оруулж өгсөн. Хоёрдугаарт, аялал жуулчлалын тур операторуудтай холбоотой зөвшөөрлийн асуудал хөндөгдөж байгаа.

 Өмнө нь заавал зөвшөөрөл авч байж үйл ажиллагаа явуулдаг байсан. 2022 оны зургадугаар сард Зөвшөөрлийн тухай хуулийг баталснаар энэ оны нэгдүгээр сараас мөрдөж эхэлсэн. Энэ хуулийн дагуу аялал жуулчлалын компаниуд тур операторын зөвшөөрөлгүй байхаар тусгасан. Тиймээс энэ утга агуулгыг Аялал жуулчлалын тухай хуульдаа шингээж өгөх юм. Аялал жуулчлалын 50 орчим холбооны дийлэнх олонх нь зөвшөөрөлгүй байя, Засгийн газраас явуулж буй бодлого зөв байна гэдэг байр суурьтай байгаа. Энэ утгаараа хуулийг эцэслэн баталснаар ажил хөдөлмөр эрхлэх, улмаар эдийн засгийг тэлэх утгаар нь харвал аливаа зөвшөөрлөөс ангид байх системийг тусгаж өгсөн. 

-Казино, морин бооцоот урал­дааны тухай хуультай болсноор эдийн засагт үзүүлэх үр нөлөөг хэрхэн тооцсон бэ?

-Казиногийн тухай хуулиар эрх зүйн орчныг нь нээж өгч байгаа юм. Хөрөнгө оруулалтын тухайд томоохон хэмжээний хөрөнгө оруулалт орж ирнэ. Бооцоот морин уралдааныг энэ оноос шууд хэрэгжүүлээд эхэлчих боломжтой. Монгол Улс морин тойруулга байгуулаад шууд бооцоот уралдаан явуулаад эхлүүлэхэд том хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагагүйгээр шууд эхлүүлчих боломжтой.

 Казиногийн хувьд барилга байгууламж барих, хөрөнгө оруулалтаас авахуулаад цаг хугацаа шаардсан ажил л даа. Тэгэхээр бид эдийн засгийн либералчлалыг хийхийн тулд аль болох аж ахуйн нэгжүүдээ дэмжих заалтыг тусгаж өгсөн гэж ойлгож болно. Төрийн дэмжлэг нь аялал жуулчлалыг хөгжүүлэх санг бий болгох зохицуулалтыг хуульдаа тусгах өгөх. Энэ санг Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо удирдана. Ингэхдээ олсон орлогоо аялал жуулчлалын салбарт зарцуулах. Тухайлбал, Казиногийн тухай хуулийн дагуу казино ажиллуулж эхэлснээр олсон орлогын таван хувийг аялал жуулчлалд зарцуулна. Бооцоот морин уралдаанаас олсон төсвийн тодорхой хувь нь Аялал жуулчлалыг хөгжүүлэх сангийн эх үүсвэр болж байх жишээтэй. 

Нөгөө талдаа аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хувьд тогтсон стандарттай байх учиртай. Ялангуяа хоол үйлдвэрлэлийн салбар байна. Цаашлаад нүхэн жорлонгоо халж, нэг стандарттай болгох шаардлагатай. Энэ тухайд Аялал жуулчлалын тухай хуульд нүхэн жорлонг халсан, боловсон ариун цэврийн байгууламжтай болсон бол аж ахуйн нэгжийн онцгой албан татвараас тодорхой хувиар чөлөөлөх заалтыг хүртэл тусгасан. Эх үүсвэрийг бий болгож чадсанаараа аялал жуулчлалыг цогц утгаар нь хөгжүүлэх, хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлж байгаа юм. Өмнө нь 1.4 тэрбумын төсөвтэй байхад бид хэдэн нүхэн жорлонг янзлах вэ гэдэг л гэдэг асуудал байлаа. Тэгвэл Аялал жуулчлалыг хөгжүүлэх сантай болж, эх үүсвэрээ тодорхойлж өгснөөр нүхэн жорлонг 100 хувь халах эрх зүйн орчин тогтолцооны хүрээнд бий болж байна гэсэн үг.

-“Монголд зочлох жил”-ийн түлхүүр үг Welcome to Mongolia гэж зарласан. Үүний хүрээнд гаднын жуулчид нэгдсэн мэдээлэл авах цахим платформын хөгжүүлэлт хэр өрнөж байна вэ?

-Аялал жуулчлалын нэгдсэн платформтой болох ажлыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлүүлсэн. Манай улсын аялал жуулчлалын компани бүр тусдаа өөрийн гэсэн вэб сайттай атлаа Монгол Улсын аялал жуулчлалтай холбоотой нэгдсэн платформ байхгүй байсан. Тиймээс бид аялал жуулчлалын нэгдсэн платформыг хийгээд өнгөрсөн оны долдугаар сарын 5-ны өдөр олон нийтэд зарласан. Одоогоор сайжруулалт хийгээд явж байна. Mongolia travel.guide руу орсноор Монгол Улсын тухай бүх мэдээллийг олж авах боломжтой. Хамгийн сүүлд БОАЖЯ, ГХЯ, Соёлын яамтай хамтраад Засгийн газрын хуралдаанаар аялал жуулчлалын эвентүүдийн жагсаалтыг батлууллаа. 

Ингэснээр Засгийн газраас анхаарч, тодорхой хэмжээний төсөв санхүүгээр дэмжлэг үзүүлнэ гэсэн үг. Ерөөсөө энэ мэтээр бүх зүйлийг нээлттэй болгох, Монгол руу аялах гэсэн хэн боловч нэгдсэн платформоос бүх төрлийн мэдээллийг авдаг болох боломж бүхий нэгдсэн системийг бүрдүүлсэн. 

Одоо энэ платформд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх ажлыг эхлүүлээд явж байна. Жишээлбэл, энэ платформоос Монголд ирээд буудаллах зочид буудлаа захиалах, төлбөрөө шууд төлөх боломжийг бүрдүүлнэ. ЗТХЯ-тай бид ярилцаад нислэгийн тийзийг мөн онлайнаар захиалах боломж бүрдүүлэхээр ажиллаж байна. Монгол руу аялах гэсэн хүмүүс Mongolia travel.guide руу ороод нэгдсэн мэдээлэл авчихна гэдгээ мэдэхгүй учраас гаднын томоохон цахим захиалгын платформтой холбох ажлыг хийхээр олон улсын түвшинд тухайн байгууллагууд руу нь хандаад явж байна. 

-Гаднын жуулчдад чиглэсэн нэгд­­сэн бодлогын чиглэлийн олон ажлыг өрнүүлж байгаа юм байна. Тэг­вэл дотоодын жуулчдад зориул­сан ямар бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэг­жүүлэхээр төлөвлөж байна вэ?

-Аялал жуулчлалын тухай хуулийн хүрээнд бид улсын аялал жуулчлалын бүсийг гаргаж байна. Тухайлбал, Хөвсгөл аймгийн их тайга. Энэ бол хүн байтугай мал хөл тавьж үзээгүй газар. Улсын аялал жуулчлалын бүсийг бий болгосноор Засгийн газраас тодорхой маршрутыг гаргах юм. Ингэснээр тухайн маршрут дээр отоглох цэг байгуулах хэлбэрээр тусгай хамгаалалтад байгаа газар нутгийг эдийн засгийн эргэлтэд оруулна. Отоглох цэгээс бусад газар хоногловол Зөрчлийн хуулиар торгоно гэдэг мэдээлэл гарсан нь ташаа. Их тайга бол отоглох цэгээс өөр газар хоноглох боломжгүй, зэрлэг амьтны эх орон. Баавгай, чоно ихтэй. Тиймээс бид жуулчдынхаа аюулгүй байдлыг хангах учиртай. Тэр утгаараа тусгай хамгаалалттай газар нутгийнхан маань одооноос бэлтгэл ажлаа хангаж байна. 

Жуулчлалаар очих иргэдийг төөрүүлэхгүй байх тухайд бүх талын боломж, нөхцөлийг бүрдүүлэхээр бэлтгэлээ хангаж байна. Богд ууланд төөрөөд амиа алдчихаж байхад их тайгад төөрвөл юу болох билээ. Тиймээс л бид зөвхөн отоглох цэг дээр буулгана гэж байгаа юм. Монголчууд бид зуны цагийг амралтын байдалтай өнгөрүүлдэг. Тиймээс дотоодын жуулчдыг дэмжих, тэдэнд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр тусгайлан ажиллаж байна. Нөгөө талаар бид үнэтэй аялал жуулчлалыг мөн хөгжүүлэх шаардлагатай. Өнөөдөр Монгол Улсын газар нутаг дээр бүх зүйл үнэ төлбөргүй байна. Тиймээс үнэтэй үйлчилгээ байх ёстой. Бид хэдий болтол Хоргын тогоо, Тайхар чулуугаа дуртай цагтаа, үнэгүй үзэх юм. Энэ тухайд бид хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар тусгайлсан хөтөлбөрүүдийг гаргаж байна. Агаарын тээврийн либералчлалын хувьд дотоод, гадаад гэж ялгалгүйгээр бодлогоо чиглүүлнэ. Өөрөөр хэлбэл, жуулчид гадаадаас ирсэн хойноо 2000 км авто машинаар явахад маш хүндрэлтэй. 

Энэ утгаараа дотооддоо тодорхой маршрут гаргаад Засгийн газраас татаас өгөх асуудлыг хөндөж байна. Тухайлбал, Аялал жуулалчлын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Аялал жуулчлалыг хөгжүүлэх санг бий болгоно. Энэ санд навигацын төлбөрийн тодорхой хувийг төвлөрүүлж, дотоодын агаарын тээврийг хөгжүүлэх чиглэлээр энэ мөнгийг нь зарцуулахаар төлөвлөж байна. Дотоодын авиа компаниа хөгжүүлэх чиглэлээр үе шаттай уулзалтыг хийж байна. Энэ хүрээнд Засгийн газраас нэг нислэгт 10 сая төгрөгийн татаас тавихаар ярилцаж байна. Зуны цагт, ид ачааллын үед өдөртөө 70 нислэг үйлдэе гэдэг саналыг гурван компаниас ирүүлчихээд байна. Энэ бол нийт дүнгээрээ 2.1 орчим тэрбум төгрөг буюу 210 орчим удаагийн нислэгийн асуудал. Энэ тухайд Засгийн газраас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх ёстой. Цаашдаа аялал жуулчлалын маршрутыг бий болгох, эдийн засгийн эргэлт болон тодорхой маршрутын дагуух аяллыг дэмжих шаардлагатай байгаа юм. Энэ бол аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлого л гэсэн үг. Ингэж байж агаарын тээвэр ашигтай ажиллах нөхцөл бүрдэх юм. 

-“Монголд зочлох жил 2023-2025 он” гэж заасан. Гэтэл үүнээс цааш аялал жуулчлалыг хөг­жүү­лэх төрийн бодлого хэрхэх вэ гэ­дэг асуултад та хариулт өгнө үү?

-2023 оноор хязгаарлаж ойлгож болохгүй. Энэ бол эхлэл. Стартап гэдэг шиг гурван жилийн хугацаанд төрөөс тодорхой хэмжээнд дэмжээд өгье л гэж байгаа юм. Тухайлбал, Засгийн газраас аялал жуулчлалын компаниудад зориулаад “Монголд зочлох жил 2023, 2024, 2025 он” гэж зарласантай холбогдуулан 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох тогтоолыг батлан гаргасан. Тэгэхээр зөвхөн эрх зүйн орчин гэхээс илүүтэй эдийн засгаа хүртэл бодлогын хувьд яаж дэмжих вэ. Гадна талын сурталчилгааг хүртэл яаж хийх вэ гэдэгт нэгдсэн цогц бодлогыг БОАЖЯ зангидаад салбар хоорондын уялдаа холбоог хангаад ажиллаж байна.

М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №003/24534/


0
angry
9
care
5
haha
10
liked
0
love
0
sad
4
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22