Д.Батнасан: Байгалийн зурагт томоохон шинэчлэл болох ажлыг эхлүүлсэн


Дүрслэх урлагийн сор болсон уран бүтээлчдийн талаар нэвтрүүлэг бэлтгэж олон нийтийн оюунд үнэтэй хөрөнгө оруулалт хийсэн уран бүтээлч бол Д.Батнасан юм. Ямар ажил мэргэжил эрхэлдгээс үл хамааран хэн ч ойлгох тайлбартайгаар нэвтрүүлгээ бэлтгэснийг түүний “Сонгодгуудыг сонсохуй”-гоос одоо ч үзэж болно. Д.Батнасан уг нь монгол зургийн хүн ч мэргэжлийн сургуульд байхдаа усан будагт дурлажээ. Дүрслэх урлагийн амаргүй энэ төрөлд авьяас чадвараа сорихдоо өөрийгөө чамладаг нь түүний өнөөдрийг бүтээсэн гэлтэй.  Олон улсын усан будгийн нийгэмлэгийн гишүүн зураач болж дэлхийн шилдэг 50  мастерын нэгээр түүнийг нэрлэснийг нь дурдахад таатай байна. Олон нийтийн урлагийн боловсролд хувь нэмрээ оруулахыг үргэлж хичээж явдаг эрхэм өдгөө “Дөрвөн цагийн хангай” төслийг санаачлан эхлүүлээд байгаа бөгөөд түүний урланд зочилж, энэ талаар ярилцлаа.     

-Уран бүтээлчийн шаналан, зол жаргал хослон оршдог “хоргодох байр” бол урлан. Ийм нандин оршихуйдаа намайг урьсанд баярлалаа. 

-Тавтай морил. Бид чинь өглөөнөөс орой болтол бүх цагийг урландаа өнгөрүүлдэг улс. Өөрөө өөрийнхөө найруулагч,  менежер, чиглүүлэгчээс гадна сэтгэлээр унагаадаг гэмтэн нь. Бас бүхий л цаг үед энэ л оршихуйдаа ганцаараа байж төвлөрдөг. Ингэж гараас гаргасан бүтээл маань ганцхан хүнд  оччихдог л болохоос биш.

 -Ярилцлага эхлэхийн өмнө урланд байгаа зургуудыг үзэж болох уу. Анхаарал татаад байгаа болохоор надад төвлөрөхөд амаргүй байна?

-Тэг дээ. Монгол хүн их мэдрэмжтэй. Үүнийг олон зүйлээс харж болно. Тухайлбал, байгалийн үзэгдлийг ажиж олон зүйлийг шинжиж чаддаг. Таван хошуу малаараа тэнгэр хангайн араншинг тодорхойлчихдог. Ургамлын гарцаар дөрвөн улирлын өнгийг шинжчихдэг өндөр боловсролтой. Энэ нь нэг талаараа стандарт бус. Гэхдээ л эдгээр чанар төрөлхийн  учраас монгол хүн бүр бүтээлч чанартай. Бидний  зурсан зургийг худалдан авдаг хүмүүс ч гэсэн их мэдрэмжтэй байдаг. 

-Таны урлан галерей шиг юм. Болдогсон бол эдгээр бүтээлийг ганц, нэг хүний цуглуулгад бус олон нийтийн хүртээл болгох юмсан?

 -Энэ бол галерейн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүсийн хийх ажил. Тэд одоо бол зураачийн бүтээлийг хэрэглэгчдэд хүргэх ажлыг л хийж байна. Уг нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран томоохон төслүүд хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. Харин тэр төслийг төр, яам,  мэргэжлийн урлагийн байгууллагууд дэмжээд өгвөл олон нийтийн урлагийн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулна. Хөрсийг нь бий болгочих юм бол ургамал аяндаа ургана. Одоо бол уран бүтээлчид хөрсийг нь бэлдэж өгөөгүй байхад бярдаад л яваад байна шүү дээ. Галерейн эздийн бас нэг үүрэг үзэгчдийг бэлтгэх явдал юм. Харамсалтай нь, тэд энэ үүргээ  гүйцэтгэж  чадахгүй байгаа. Үзэсгэлэнгийн мэдээ гаргадаг, түүнийг нь зорьж ирсэн хүмүүс л үздэг. Нээлтийн үеэр нэг вино задлаад “Гоё байна шүү” гэж хэлээд л тарцгаачихдаг. Бүдүүлгээр хэлбэл тохиролцооны дэлгүүрийн маркетингаар явж байна гэсэн үг. Угтаа бол урлагийн байгууллагын маркетингаар явах ёстой байхгүй юу.


-Дүрслэх урлагт шимтдэг, сонирхон судалдаг хүмүүсийн оюунд нь хөрөнгө оруулалт болсон  цуврал нэвтрүүлгийг та бэлтгэсэн нь одоо ч эрэлттэй хэвээр. Оюутан сурагчдын хувьд “Цагаан толгой” мэт болжээ?

-Дэлхий нийт биднийг мэддэг. Харин бид өөрсдийгөө ч, дэлхийг ч мэддэггүй нүүдэлчид байж болохгүй. Ядаж “Танай тэр зураачийг мэднэ шүү” гэж хэлээд сууж байвал “далайд дусал нэмэр” гэж бодоод “Сонгодгуудыг сонсохуй” нэвтрүүлгүүдээ бэлтгэн гаргасан. Ёстой алтан дунджийг баримталж хэн ч байсан ойлгохоор энгийн тайлбартайгаар хүмүүст хүргэхийг хичээсэн юм.  Яагаад  гэвэл, урлаг судлаачийн мэргэжлийн тайлбарыг энгийн уншигчид тэр бүр ойлгохгүй шүү дээ. Жолооч, тогооч, эмч гээд хэн ч байсан ойлгох ёстой гэж бодолцож нэвтрүүлгээ бэлтгэсэн. Учир нь, тэдний хүүхдүүдээс ирээдүйн уран бүтээлчид төрнө.

 

“Дөрвөн цагийн хангай” төслийг санаачлан хэрэгжүүлж байна


 

-Таны санаачилсан эхний төсөл үр дүнгээ өгч. Дараагийн ажил нь бүтэмжтэй яваа юм шиг байна. Мэдээлэл өгч болох уу?

-“Дөрвөн цагийн хангай” төслийг санаачлан хэрэгжүүлж эхлээд нэг жил болж байна. Монгол орныг байгаль, онцлогийнх нь хувьд Алтай, Хангай, Хэнтий, Дорнод болон говийн бүс хэмээн  таван хэсэгт хуваах боломжтой. “Дөрвөн цагийн хангай” төслийн хүрээнд эхний ээлжид Хангайн нурууны газруудыг сонгон аваад байна. Монгол орны Хангайн бүсэд гурван онцлог бий. Нэгдүгээрт, байгаль орчны хувьд их сонирхолтой. Цаг уур нь харьцангуй зөөлнөөс гадна дөрвөн улирлын онцлогийг харах бүрэн боломжтой. Хоёрдугаарт, Орхоны хөндий буюу хаадын хөндий нутаг. Орхон голын эрэг дээр Монголын эзэнт гүрний бараг 10-аад нийслэл байна. Энэ бол уран бүтээлчдийн хувьд судлууштай, сонирхолтой сэдэв. Гуравдугаарт, монгол ахуй, соёл. Зураач нарын хувьд баялаг сэдэв гаргаж болох өгөгдөл.

-“Дөрвөн цагийн хангай” төсөлд хэчнээн уран бүтээлчийг нэгтгээд байна вэ?

-Голдуу байгалийн сэдэвтэй бүтээл туурвидаг ахмад, залуу, дунд гурван үеийн 30 гаруй зураачийг төсөлдөө хамруулаад байна. Алсдаа байгалийн зурагт томоохон шинэчлэл болох ажлыг эхлүүлээд явж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Уран бүтээлчид ч нэлээд томоохон бүтээл хийх төлөвтэй байна. Уншигчид санаж байгаа байх, 1970-аад онд “Хөх тэнгэрийн орноор” нэртэй ажлыг Засгийн газар, Монголын урчуудын эвлэлийнхэн хамтран зохион байгуулахдаа тухайн үеийн шилдэг зураач нарыг хамруулсан. Тэр үед гарсан зургууд тухайн үедээ дэвшил болж чадсан. Үүнээс нэгдсэн зохион байгуулалттай арга хэмжээ авч чадвал салбар тэр чигээрээ сэргэдэг гэдгийг харж болно. Харин одоо ийм нэгдсэн зохион байгуулалт үгүйлэгдээд байна. Ингэж томоохон ажлыг эхлүүлснээр зураач нар нэг нэгнээсээ суралцана. Уран бүтээлчид дунд цагаахан өрсөлдөөнүүд ч яваг­дана. Тэр хэрээр уран бүтээлчдийн бүтээл нь чанаржина шүү дээ. 

-Таны эхлүүлсэн төсөл ч гэсэн “нэг юм дуулгана” гэж бодож байна?

-“Дөрвөн цагийн хангай” төсөл бол эхлэл. Галыг нь өрдөж, асааж байна гэж ойлгож болно. Таван жилийн дараа томоохон бүтээлүүд гарч эхэлбэл Монголын байгалийн зурагт Шинэ сэргэлтийг авчрах юм болов уу. Төсөөлөл бол их сайхан байна. Ташрамд, манай төслийг дэмжиж байгаа хүмүүст талархлаа илэрхийлье. Унаа тэрэгний мөнгөөр тусалж, хоол ундыг шийдээд өгч байгаа нь бидэнд ямар их тус хүргэж байна гэж санана. 


-Асуумаар санагдаад болдоггүй. Ийм үр дүн гарах ажлынхаа талаар харьяа яам, агентлагтаа танилцуулсан уу?

-Соёлын яам  Монголын урчуудын эвлэлийн хороотой харилцаатай байдаг байх. Гэхдээ би ямархуу түвшинд харилцаатай байдгийг мэдэхгүй юм. Энгийн зураачтай харилцдаг ч юм уу, үгүй ч юм уу сайн мэдэхгүй байна. Одоо юу бодогдож байна вэ гэхээр төсөл төлөвлөгөө хийж чаддаг хүн ийм ажилд их хэрэгтэй. Зураач нар зураг зурах хоорондоо цаас шагайгаад, тоо бодоод суухаар их хугацаа зарцуулна. Эхлүүллээ гэж бодоход үр шимийг нь гүйцэд болох эсэх нь эргэлзээтэй. Ажлын хажуугаар хийж байгаа уран бүтээл нь дутуу явна шүү дээ. Ингэж нэг зураач нь золиосонд явж байж бусдыгаа аврах юм шиг байна. Гэтэл  бусад зураач төсөл дээр ажиллаж байгаа нэгнээ тэжээж дийлэхгүй. Ийм төсөл хэрэгжүүлэх гэхээр  цаг гаргаад суучихаар зав, зориг, чадвартай хүн байдаггүй. Тэгэхээр үүнийг мэргэжлийн куратор, төсөл бичдэг хүнтэй хамтран  зорилго тавиад эхлүүлбэл их үр дүнтэй. Бас нэгдсэн зохион байгуулалттай, нэг сэдвийн дор хийвэл илүү боломж байгааг би ойлголоо.

-Ингэж гаргасан бүтээлийн зарим нь  хүмүүст “уншигдана”. Гэтэл уншигдахгүй явсаар мартдаг тал бас бий?

-Зовлон ч юм шиг, жаргал ч юм шиг хэлж мэдэхгүй юм. Бидний гараасаа гаргасан бүтээлийг ойлгох тохиолдол байна, огт ойлгохгүй явдал ч гардаг. Шаналж, шаналж хийсэн чинь хүн ойлгохгүй. Эсвэл хэлмэгдээд дуусчихдаг тал ч бий шүү дээ, өмнөх үеийн туршлагыг харж байхад. Одоо бол хэлмэгдүүлээд байхгүй ч ойлгохгүй тохиолдол мэр сэр байх юм аа.

-Хүмүүс өнөөдөр тухайн зургийг уншиж мэдэхгүй ч  20  жилийн дараа ойлгож болно шүү дээ?

-Аливаа бүтээлийн хүмүүст үзүүлэх хугацаа нь өөр өөр байдаг. Нэг айлын амбаарт 100 жил болж байгаад гарч ирж магадгүй. Эсвэл нэг айлын унтлагын өрөөний хананд хадаастай байснаа хэдэн арван жилийн дараа тодорч гарч ирэхийг үгүйсгэхгүй. Бас нийтэд хүрэхгүй байж байгаад гарч ирдэг тохиолдол ч бий.

 

Үнэ цэн гэдэг ойлголтыг үлэмж төгс гэвэл илүү дүйнэ

 

-Гэхдээ та уран зургийг ашигтай бизнес гэж хэлж байсан удаатай?

-Хүний оюун санаанаас гарч байдаг болохоор бидний хувьд бүтээл маань эрдэнэс юм. Өндөр гэгээн Занабазарын 21 Дарь-Эхийг тухайн үеийнх нь хүмүүс мөргөж биширдэг байсан нь лавтай. Оюун санааны олон түвшинд ямар нэгэн байдлаар үнэлэгдэж байсан. Харин өнөөдөр хэдэн сая ам.доллароор үнэлэгдээд явж байна шүү дээ. Тэгэхээр өнөөгийн нийгэмд бүтээлийг  үнэлгээ гэдэг талаас нь олж хардаг болчихжээ. Гэтэл нөгөө талдаа тэр үед нь үнэ цэн өөр агуулгаар хэмжигддэг байсан. Одоо үнэ цэн гэдэг үг нь  зах зээлийн ойлголттойгоо нийлээд үнэлгээ гэдэг юмтай холбогдоод байх шиг. Тэр буруу. Түүний оронд үнэ цэнийг үлэмж төгс гэвэл илүү дүйнэ. Занабазарын бүтээлүүд бол үлэмж төгс байхгүй юу. Одоо бол тоолдог юмаар үнэлэх гээд байдаг. Гэтэл тэрнээс өөр үнэ цэн гэж байдаг шүү дээ.

-Яагаад ингэж асууж байна гэхээр  та бүхний эхлүүлсэн төсөл одоохондоо нам жим байгаа ч  хэдэн жилийн дараа хэрхэн үнэлэгдэхийг бид тааварлах боломжгүй?

-Тийм ээ. 1968 оны үед манай зураач нар том зорилго тавьсан гэдэг. Уран зураг хөгжих шинжтэй болчихлоо. Тиймээс одоо гадаадад үнэлэгдэх хэрэгтэй гээд  тэр үед томоохон үзэсгэлэн гаргахаар шийджээ. Нэг хүн нэгээс хоёр бүтээлээр оролцох бөгөөд багадаа хоёр жилийг тухайн бүтээлийг хийхэд зарцуулна гэж тооцоолсон. Тэгээд тэр үед томоохон хэмжээний үзэсгэлэн гаргасан байдаг. Тэр үед л миний ойлголтоор “Талын айл”, “Азарганы ноцолдоон” гээд Монголын зураач нар юу хийх боломжтой түүнийгээ хийсэн байгаа юм. Энэ үед орчин үеийн  чиглэлээр ч  уран бүтээл хийж байсныг дурдахгүй өнгөрч болохгүй. Тэгээд тэр үзэсгэлэнгээ Москвад гаргасан. Энэ үзэсгэлэнгийн талаар яриа, дуулиан байдаг. Хамгийн гол үр дүн нь Монголын уран зургийн хөгжлийг үсрэнгүй түвшинд хүргэж чадсан байгаа юм. Тэдгээр бүтээлээр танилцуулга гаргахын хажуугаар ил захидал, марк хүртэл хэвлэсэн. Үүгээрээ нийт монголчуудын урлагийн боловсролд хөрөнгө оруулалт хийж чадсан. Манай төсөл жижгэвтэр ч гэсэн өөрийнхөө хүрээнд үр дүнгээ үзүүлж байна гэж ойлгож байгаа. Гэхдээ цаашдаа томрох байх аа.

-Цаг хугацаатай уралддагаараа усан будгийн төрөл онцлогтой. Монгол зургийн хүн мөртлөө яагаад усан будгийг сонгох болсныг асуумаар байна?

-Байгалийн судалбар хийх бодол санаанд байнга уяатай явдаг байсан. Биднийг нэгдүгээр курсэд байхад хавар дадлага хийлгэдэг. Тэр үед Б.Пүрэвсүх багшийг дагаад усан будгаар ажилласан. Тэр л сэтгэлд үлдчихсэн. 20, 30 жилийн дараа дотроос хатгаж явсаар усан будагтай нөхөрлөсөн хэрэг. Анхандаа өөртөө жаахан итгэлгүй явсан. Хүмүүс хараад “гайгүй” гэхээр  түүнд нь урамшиж иржээ. Энэ байдлаар явсаар нэлээд хэдэн жилийн дараа эргэж харахад бүтээлээ аятайхан дуусгачихсан юм шиг харагддаг болсон. Усан будаг гарын дор, ийшээ тийшээ явахад ачаа бараа болохгүй. Энэ бас усан будгийг сонгосон шалтгаан. Гэхдээ үр дүн нь хэцүү, элсэнд шингэчихэж байгаа юм шиг. Арван хэдэн жил зүтгэлээ,  Монголд усан будгийн төрөл “явахгүй” болохоор өөр зүйл сонирхож эхэлсэн. 


-Гэхдээ та усан будгандаа үнэнч хэвээр байгаа биз дээ?

 -Ямар тангараг өргөчихсөн биш дээ. Өөр зүйлд ч гэсэн өөрийгөө сориод үзнэ шүү дээ.

-Уг нь та энэ төрлөөр олон шавь бэлтгэсэн дээ?

-Усан будгийн төрөл манай улсад хөгжихгүй, унтрах маягтай болоход нь би хэдэн жил зургийн сургалт зохион байгуулсан. Үр дүнд нь нэлээд олон хүн усан будгаар зурах сонирхолтой болсон, үзэсгэлэнгээ ч гаргасан. Бас олон улсын үзэсгэлэнд залуу уран бүтээлчид маань оролцсон. Бид “Олон улсын уралдаанд тэнцчихлээ” гэж хөөрөөд гүйгээд байсан чинь сүүлд тэргүүн, дэд байр эзэлж, уран бүтээлчдээс шүүгч хийх дайны мэргэжилтнүүд төрсөн. Энэ нь миний хийсэн ажлын бас нэг үр дүн юм даа.

 Б.СЭЛЭНГЭ



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22